“8-р сарын 18–24: ‘Амлалт бүхий зарчим’: Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 89–92,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: 2025
8-р сарын 18–24: “Aмлалт бүхий зарчим”
Сургаал ба Гэрээ 89–92
Бошиглогчдын сургуульд бошиглогч Иосеф Смит Бурханы хаант улсыг дэлхий дээр байгуулах талаар Израилын ахлагчдад заадаг байжээ. Тэд сүнслэг үнэнүүдийг ярилцан, хамтдаа залбирч, мацаг барьж, сайн мэдээг номлоход бэлтгэгддэг байв. Гэхдээ тэдний суралцаж байсан орчин өнөөдрийн бидэнд хачин жигтэй санагдаж болох бөгөөд тухайн үед Эммад ч буруу мэт санагдсан байна. Цугларалтын үеэр эрчүүд тамхи татаж, зажилдаг байсан нь тухайн үед ердийн зүйл байсан ч энэ нь модон шалан дээр хар толбо үлдээж, агаарт муухай үнэр үлдээдэг байлаа. Эмма энэ талаарх сэтгэл зовнилоо Иосефтой хуваалцаж, Иосеф Бурханаас асуув. Түүний хариулт тамхины утаа, толбоноос ч чухал зүйлсийн тухай илчилжээ. Энэ нь гэгээнтнүүдэд, дараа дараагийн хойч үеийнхэнд “амлалт бүхий зарчим” буюу бие махбодын эрүүл мэнд, “мэргэн ухаан” болон “мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийн” амлалтыг өгсөн юм (Сургаал ба Гэрээ 89:3, 19).
Мөн Гэгээнтнүүд, 1:166–168-ыг үзнэ үү.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Их Эзэн надад бие махбод ба сүнсний хувьд эрүүл байхад тусалж Мэргэн ухааны үгийг өгсөн.
Бошиглогчдын сургуулийн ахлагчид Иосеф Смит Мэргэн ухааны үгийг уншихыг анх удаа сонсоод, тэр даруй “гаансаа хаяж, зажилдаг шахмал тамхиа гал руу хийсэн” (Гэгээнтнүүд, 1:168). Тэд Их Эзэнд дуулгавартай байдлаа харуулахыг хүсэв. Та Мэргэн ухааны үгийн сэрэмжлүүлсэн зүйлсийг амьдралаасаа “хаясан” байж болох юм. Та энэ илчлэлээс өөр юу сурч мэдэж болох бэ? Дараах санааг авч үзнэ үү.
-
Уг илчлэлийг “амлалт бүхий зарчим” (3-р шүлэг) буюу шийдвэр гаргахад чиглүүлэн удирддаг мөнхийн үнэн талаас нь бод. Та шийдвэрийг тань удирдан чиглүүлэх ямар зарчмуудыг олж мэдсэн бэ? Их Эзэн ямар ямар адислалыг амласан бэ? (18–21-р шүлэг-ийг үзнэ үү). Тэр таны амьдралд эдгээр амлалтыг хэрхэн биелүүлсэн бэ?
-
Та Мэргэн ухааны үгтэй холбоотой “хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа … хилэнц хийгээд бодлуудын” (4-р шүлэг) ямар ямар жишээг харж байсан бэ? Уг илчлэлээс гадна Их Эзэн танд эдгээр хилэнцээс зайлсхийж, ялан дийлэхэд туслах юу өгсөн бэ?
-
Энэ илчлэл нь Их Эзэний тухай танд юу заасан бэ? Мэргэн ухааны үг Сургаал ба Гэрээ 29:34–35-тай хэрхэн холбогдож байна вэ?
-
Та бие махбодоо илүү сайн анхаарахын тулд юу хиймээр санагдсан бэ?
Та яагаад Мэргэн ухааны үгийн дагуу амьдардгаа бусдад тайлбарлаж байсан байх. Ирээдүйд ч мөн тайлбарлах боломж олон гарах байх. Та тэдгээр боломжийг ашиглан хэрхэн Аврагчийн тухай, мөн бидний бие махбодын ариун нандин байдал болон бусад сүнслэг үнэнийг гэрчилж болохоо бодоорой. “Таны бие махбод бол ариун нандин юм,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч х.22–29-өөс санаа аваарай.
1 Коринт 6:19–20; Томас С.Монсон, “Зарчим ба амлалт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–68; Topics and Questions, “Word of Wisdom,” Gospel Library; “The Word of Wisdom,” in Revelations in Context, 183–91; “Addiction,” “Physical Health,” Life Help, Gospel Library-г мөн үзнэ үү.
Зарчим ба амлалт
Зарчмуудын дагуу суралцаж мөн заа. Бид хийх болон хийхгүй зүйлсийн жагсаалт гаргахаас илүүтэйгээр Христэд итгэх итгэлийн мөн өөрсдийн сонгох эрхийг ашиглах зарчмуудын дагуу амьдарч чадна. Жишээлбэл: Мэргэн ухааны үгтэй холбоотой зарчимд суурилсан дараахтай төстэй асуултуудыг бодоод үзээрэй. Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагахаар тэмцэж буй хүнд аль аль зарчим урам зориг өгөх вэ? Мэргэн ухааны үгийн дагуу амьдарч байгаа ч эрүүл мэндийн асуудалтай тулгарвал аль зарчмууд намайг тайтгаруулж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг өөрсдийнхөө биед анхаарал тавьж байхыг хүсдэг.
Тэргүүн Зөвлөл “хаант улсын түлхүүрүүдийг” атгадаг.
90-р хэсэгт Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллиамс нарт буюу одоо бидний нэрлэдгээр Тэргүүн зөвлөлийн гишүүдэд “тохинуулал хийгээд ерөнхийлөгчийн зөвлөлийн” (12-р шүлэг) талаар зааварчилгаа өгсөн. Та 1–17-р шүлэг-ээс Тэргүүн зөвлөлийн талаар юу мэдэж авсан бэ? Тэргүүн Зөвлөлийн гишүүдийн сүүлд өгсөн захиасыг уншаад үзээрэй. Тэд “энэ сүмийн хийгээд хаант улсын бүх ажил хэргийг цэгцлэх” юу хийдэг вэ? (16-р шүлэг). Таны хувьд тэдгээр нь “хөнгөмсөг зүйл” биш гэдгийг та хэрхэн харуулах вэ? (5-р шүлэг).
“Ирж бошиглогчийн үгийг сонс” (Дуулал, д.14) эсвэл эдгээр шүлэг дэх сургаалтай холбоотой бошиглогчийн тухай дуу дуулах эсвэл үгийг нь унших талаар бодож үз. Тэргүүн зөвлөлийн үйлчлэл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхэд хэрхэн тусалсан бэ?
“[Миний] сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно.”
Сургаал ба Гэрээ 90:24 дэх Их Эзэний амлалтыг гэрчлэх ямар нэгэн туршлагаа тунгаан бод. Туршлагаа бичиж тэмдэглэн, гэр бүлийн гишүүн эсвэл хайртай хүндээ эсвэл баталгаа юм уу урам зоригийн үг сонсох хэрэгтэй хэн нэгэнтэй хуваалц. Хэрэв та тодорхой адислалуудыг хүлээсээр байгаа бол “та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах[ыг]” харахаар хүлээн, итгэлтэй хэвээр байхын тулд юу хийж чадахаа тунгаан бод.
Виенна Жак гэж хэн бэ?
Виенна Жак 1787 оны 6-р сарын 10-нд Массачусеттс мужид төрсөн. Нэлээн хөрөнгө чинээтэй, итгэлтэй эмэгтэй болох Виенна нь анх 1831 онд номлогчидтой уулзжээ. Тэдний захиас үнэн гэсэн сүнслэг гэрчлэлийг олж авсныхаа дараа тэрээр бошиглогчтой уулзахаар Огайогийн Көртланд руу явж, тэнд баптисм хүртсэн юм.
Виенна Сургаал ба Гэрээ 90:28–31 дээрх Их Эзэний өөрт нь өгсөн зөвлөгөөг дагасан байна. Их Эзэнд түүний өргөсөн өргөл, тэр дундаа Көртландад өмнө нь өгсөн хандив нь Сүмийн хувьд чухал цаг үед буюу удирдагчид Көртландын ариун сүм баригдах газрыг худалдан авах гэж байхад ирсэн. Виенна амьдралынхаа туршид “итгэлтэй байж, … залхуу” байгаагүй бөгөөд яваандаа Солт Лэйкийн хөндийд “амар амгаланд суурьшиж” (31-р шүлэг), тэндээ 96 насандаа өөд болжээ.
“Сүнс үнэнийг илэрхийлдэг.”
Бид бүхэн “олон зөв зүйл” болон “олон буруу зүйлийг” (Сургаал ба Гэрээ 91:1–2) агуулсан мэдээ мэдээлэлтэй таардаг. Та тэдгээр мэдээ мэдээллээс үнэнийг ялган танихад туслах ямар зөвлөгөөг 91-р хэсэг-ээс олж мэдсэн бэ? Сүнс хэрхэн танд үнэнийг эндүүрлээс ялган танихад тусалж байсан бэ?
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Мэргэн ухааны үг надад бие махбод ба сүнсний хувьд эрүүл байхад тусалдаг.
-
89-р хэсэг-ийг танилцуулж, бие махбод маань бидний сүнсний хувьд ариун сүмтэй ижил гэдгийг заахын тулд та хүүхдүүдийнхээ хамтаар ариун сүмийн зураг үзэх эсвэл “Их Эзэн надад ариун сүм өгсөн” (Хүүхдийн дууны ном, 73) гэх мэт биеийн эрүүл мэндтэй холбоотой дуу дуулж болно. Хүүхдүүддээ бие махбодоо анхаарч халамжлахын тулд юу хийж болохыг дүрслэн үзүүлэхэд тусал.
-
Та Сургаал ба Гэрээ 89:10–17 дахь Их Эзэний зарлигуудыг ойлгоход нь туслахаар, бие махбодоо эрүүл байлгахын тулд идэх эсвэл хийж болох сайн зүйлсийн зургийг хүүхдүүдтэйгээ хамт харж, зурж болох юм (энэхүү тоймын төгсгөлд буй зураг эсвэл үйл ажиллагааны хуудас-ыг харна уу). Их Эзэн бидэнд юуг хэрэглэхгүй байхыг сануулсан бэ? Тэр яагаад биднийг бие махбодоо анхаарч халамжлаасай гэж хүсдэг вэ?
-
Ахлагч Гари Э.Стивэнсон залуу хүмүүст хандан согтууруулах ундаа, мансууруулах бодисоор уруу татагдах үед юу хийхээ эртнээс төлөвлөсөн байхыг зөвлөсөн. Тэрээр ийн заав: “Уруу таталт таны дээр хүч султай байгааг олж мэдэх болно. Та хэрхэн хариу үйлдэж, юу хийх талаар шийдвэрээ аль хэдийн гаргачихсан байх болно. Уруу таталттай тулгарах бүрдээ шийдвэр гаргаад байх шаардлагагүй” (“Таны санваарын тоглолтын схем,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.56). Сургаал ба Гэрээ 89:4-ийг болон ахлагч Стивэнсоны хэлснийг хамтдаа уншсаныхаа дараа үлдсэн амьдралынхаа туршид Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах шийдвэрийг одоо хэрхэн гаргах тухай хүүхдүүдтэйгээ зөвлөлд. Та нар хэн нэгэн, бүр нэг найз нь мэргэн ухааны үгийн эсрэг ямар нэгэн зүйл өгвөл хэрхэн хариулахаа жүжигчлэн үзүүлж болно. Мэргэн ухааны үгийг дагах үед Их Эзэн биднийг хэрхэн адисалдаг вэ? (18–21-р шүлэг-ийг үзнэ үү).
Бидний бие махбод Бурханы өгсөн бэлэг юм.
Намайг удирдан чиглүүлж, хамгаалахын тулд Бурхан надад бошиглогчдыг өгдөг.
-
Та эртний бошиглогчдын зургийг харж эсвэл “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 58) гэх мэт дуу дуулж болно. Бурхан бошиглогчдоороо дамжуулан Өөрийн хүүхдүүдийг хэрхэн адисалж байсан бэ? Яагаад бид Бурханы бошиглогчдыг сонсох ёстой вэ? (Сургаал ба Гэрээ 90:5-ыг үзнэ үү). Дараа нь та хүүхдүүдтэйгээ хамт одоогийн бошиглогчийн зургийг харж, түүгээр дамжуулан Их Эзэний заасан эсвэл сэрэмжлүүлсэн зүйлсийг хуваалцаж болох юм. Бид бошиглогчийг хэрхэн дагаж чадах вэ?
Юу үнэн болохыг мэдэхэд Сүнс надад тусална.
-
Та хүүхдүүддээ Сургаал ба Гэрээ 91 дэх илчлэлийг яагаад өгснийг ойлгоход туслан уг хэсгийн тоймыг дүгнэн хэлж өгч болно. Дараа нь тэд мэдээллийн хэрэгсэл гэх мэт “олон зөв зүйл” мөн “олон буруу зүйл” (1–2-р шүлэг) байдаг газруудын талаар бодож болох юм. 4–6-р шүлэг бидэнд Ариун Сүнсний талаар юу зааж байна вэ? Ариун Сүнс бидэнд үнэнийг мэдэхэд хэрхэн тусалдаг вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.