“7-р сарын 14–20: ‘Би та нарыг удирдах болно’: Сургаал ба Гэрээ 77–80,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 77–80,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
Гэртээ харих нь, Ким Ён Сун
7-р сарын 14–20: “Би та нарыг удирдах болно”
Сургаал ба Гэрээ 77–80
Есүс Христийн Сүм сэргээгдсэнээс хойш хоёр жил орчмын дараа Сүм 2000 гаруй гишүүнтэй болж, хурдацтай өсөж байлаа. 1832 оны 3-р сард Иосеф Смит Сүмийн бусад удирдагчтай уулзаж, илчлэлүүдийг хэвлэх, цугларах газар худалдан авах, ядуусыг халамжлах зэрэг “Сүмийн ажил хэргийг ярилцжээ” (Сургаал ба Гэрээ 78, хэсгийн тойм-ыг үзнэ үү). Эдгээр хэрэгцээг хангахын тулд Их Эзэн Сүмийн цөөн тооны удирдагчийг дуудаж, тухайн газар нутагт Их Эзэний “ажлыг урагшлуулахад” (4-р шүлэг) хичээл зүтгэлээ нэгтгэх бүлгэм болох Нэгдсэн пүүсийг байгуулах болсон юм. Ийм удирдлагын асуудалд ч гэсэн Их Эзэн мөнхийн талаас анхаарлаа хандуулсан. Эцсийн эцэст, хэвлэх машин эсвэл агуулах гээд ер нь Бурханы хаант улс дахь бүх зүйлийн зорилго бол “селестиел дэлхийд газар” болон “үүрд мөнхийн баялгуудыг” (7, 18-р шүлэг) хүлээн авахад Өөрийн хүүхдүүдийг бэлтгэх явдал юм. Өдөр тутмын завгүй амьдрал дунд эдгээр адислалыг ойлгоход одоо хэцүү байвал, Тэрээр бидэнд “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” (18-р шүлэг) хэмээн батлан хэлсэн.
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Бурхан мэдлэгийг эрэлхийлдэг хүмүүст үүнийг нь өгдөг.
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр сүнслэгээр өдөөгдсөн Библийн орчуулга дээр ажиллаж байхдаа олонхын адилаар Илчлэл номын талаар асуултуудтай тулгарав. Мөн Иосеф мэргэн ухаанаар дутсан үедээ Бурханаас асууж болохыг сайн мэдэж байлаа. Түүний хүлээн авсан ойлголт Сургаал ба Гэрээ 77 дээр бий. Та энэ хэсгийг уншиж байхдаа, Илчлэл номын холбогдох бүлгүүдийн талаарх ойлголтоо бичиж тэмдэглэхийг бод. Та судлах явцдаа илчлэл хүлээн авах талаар юу сурч мэдсэн бэ?
Библийн орчуулга, Лиз Лэмон Свиндл
Нэгдсэн пүүс гэж юу байсан бэ?
Нэгдсэн пүүс нь Огайо, Миссури мужууд дахь Сүмийн хэвлэлийн газрыг болон бизнес ажил хэргийг удирдан явуулахаар байгуулагджээ. Тус байгууллагад өсөж хөгжиж буй Сүмийн материаллаг хэрэгцээг хангахын тулд өөрсдийн эд хөрөнгийг нэгтгэн нийлүүлсэн Иосеф Смит, Ньюел К.Витней болон Сүмийн бусад удирдагч орсон байв. Харамсалтай нь, Нэгдсэн пүүс өрөнд орж, өрөө төлж чадахгүй байсаар 1834 онд үйл ажиллагаагаа зогсоожээ.
“Newel K. Whitney and the United Firm,” in Revelations in Context, 142–47; Church History Topics, “United Firm (‘United Order’),” Gospel Library-г мөн үзнэ үү.
Би Христийн мөн Түүний Сүмийн “урагшлах зарчимд” тусалж чадна.
Их Эзэн Иосеф Смитэд болон Сүмийн бусад удирдагчид агуулах болон хэвлэлийн газрыг удирдан ажиллах нь “та нарын өөрсдийгөө даатгасан урагшлах зарчим” (Сургаал ба Гэрээ 78:4)-д туслах болно хэмээн айлджээ. Аврагчийн Сүмийн “зарчим” гэдгийг та юу гэж бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 78:1–7-г уншихдаа энэ талаар тунгаан бод. Та сүмд болон гэр бүлдээ тэрхүү зарчмыг урагшлуулахад ямар ямар арга замаар тусалж болох вэ?
Ерөнхий гарын авлага, 1.2-ыг мөн үзнэ үү.
Их Эзэн намайг удирдах болно.
Их Эзэн яагаад Өөрийн дагагчдыг заримдаа “бяцхан хүүхдүүд” хэмээн нэрлэсэн гэж та бодож байна вэ? (Сургаал ба Гэрээ 78:17). Танд “хараахан ойлгож амжаагүй байгаа” эсвэл “дааж чадахгүй” ямар нэгэн зүйлээс болж бяцхан хүүхэд мэт мэдэрч байсан үе бий юү? (17–18-р шүлэг). Тийм үед танд “зоригтой бай[хад]” (18-р шүлэг) туслах юуг эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Хүүхэд байх үеийнхээ зургийг олоод тэр үеэс хойш хэрхэн сүнслэгээр өссөн талаараа тунгаан бодоорой. Эсвэл таныг бага байхад хэцүү санагддаг байсан ч одоо амархан болсон ямар нэг зүйлийн талаар бод. Тэнгэрлэг Эцэг таныг ямар талаараа хүүхэд шиг хэвээрээ байгаасай хэмээн хүсдэг вэ? (Мозая 3:19-ийг үзнэ үү). Тэрээр хэрхэн “та нарыг [удирддаг]” вэ?
Би бүх зүйлийг талархалтай хүлээн авч чадна.
Та Сургаал ба Гэрээ 78:19-ийг судлахаар бэлтгэхдээ өнөөдөр танд тохиолдсон сайхан зүйлсийг жагсаан бичиж болно. Дараа нь танд адислал мэт санагдахгүй байгаа зүйлсийг жагсаа. Сургаал ба Гэрээ 78:19-ийг уншихдаа эдгээр жагсаалтын талаар тунгаан бод. Зарим нь адислал мэт санагдахгүй байсан ч гэсэн “бүх зүйлийг” талархалтай хүлээн авбал таны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
Бурханд талархалтай байх нь амьдралд яаж нөлөөлж болохыг мэдье гэвэл дараах судруудыг судлаад олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бич. Дуулал 107:8–9; Лук 17:11–19; Филиппой 4:6–7; Мозая 2:19–24; Алма 34:38; 37:37; Сургаал ба Гэрээ 46:32; 59:7, 15–21.
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь” (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90–93) захиаснаас хэрхэн талархалтай байх талаар хайгаад үзээрэй. Та “President Russell M. Nelson on the Healing Power of Gratitude” (Gospel Library) видеоноос ижил төстэй зөвлөмжийг олох боломжтой. Талархалтай байх нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: Дэлхийг анагаах, итгэн найдах, талархах бошиглолын залбирал
Эрж олоод, хуваалц. Хэрэв та багшлахаар томилогдсон бол хүмүүст судар эсвэл бошиглогчдын үгсийг бие даан эсвэл жижиг бүлгээрээ судалж, олж мэдсэн зүйлсээ хуваалцахад нь туслах арга замыг хай. Жишээлбэл: Энэ үйл ажиллагааны үеэр та хувь хүн эсвэл бүлэг бүрд ерөнхийлөгч Угдорфын захиаснаас нэг хэсгийг өгч, түүний заасан зүйлийг нэгтгэн дүгнэж байгаа гэж үзсэн үг хэллэг эсвэл өгүүлбэрийг хуваалцахыг тэднээс хүсэж болно.
Мөн “Адислал бүрээ тоол,” Дуулал, д.125; Topics and Questions, “Gratitude,” Gospel Library-г үзнэ үү.
Бурханд үйлчлэх дуудлага нь хаана үйлчлэхээс маань илүү чухал юм.
Сургаал ба Гэрээ 80-ын талаар ахлагч Дэвид А.Бэднар “Энэ илчлэлээр дамжуулан Аврагчийн бидэнд зааж буй зүйлүүдийн нэг нь ямар нэг тодорхой газарт хөдөлмөрлөх томилгоо нэн чухал хэдий ч үйлчлэх дуудлагаас илүү чухал бус гэсэн санаа байж болох юм” хэмээн заасан (“Ажилд дуудагдсан болой,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.58). Ахлагч Бэднарын үг үнэн болохыг мэдэхэд танд ямар ямар туршлага тусалсан бэ? Саяхан дуудлага авсан хэн нэгэнд туслах ямар ямар нэмэлт сургамжийг та Сургаал ба Гэрээ 79–80 дээрээс олж болох вэ?
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Бурхан дэлхий дээрх бүх амьтныг бүтээсэн.
-
Та Сургаал ба Гэрээ 77:2-ыг хүүхдүүдтэйгээ уншихдаа шавж, шувуу, амьтдын зургийг харж болох юм. Таныг “амьтдын”, “мөлхөгч зүйлүүдийн”, “огторгуй дахь жигүүртнүүдийн” гэх үгсийг унших үед хүүхдүүд зургууд руу зааж болно. Бурханы бүтээлүүд хэрхэн Түүний хайрыг мэдрэхэд тусалдгийг нэг нэгэнтэйгээ хуваалц.
Бурхан дэлхий дээрх бүх амьтныг бүтээсэн.
Би Есүс Христийн “зарчмыг урагшлуулахад” тусалж чадна.
-
Их Эзэний ажил дахь үүргээ ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд Сургаал ба Гэрээ 78:4-ийг хамт уншаад, баптисм хүртэх үедээ өөрсдийгөө “даатгасан” (хүлээн авсан эсвэл дэмжихээр сонгосон) “зарчмыг” олоорой. Дараахын адил судрын хэсгээс хариултаа олоход тусал: Мозая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37; Мосе 1:39. Хүүхдүүд тань Их Эзэний ажилд яаж туслах талаар жүжигчилсэн тоглолт хийвэл дуртай байж магадгүй. Жишээлбэл: “Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх” эсвэл “Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах” нь яаж харагддаг вэ? Энэ нь хэрхэн Христийн “зарчмыг урагшлуулах” вэ?
Би өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж чадна.
-
“Дэлхийн зүйлүүдэд тэгш” (6-р шүлэг) байна гэдэг нь юу гэсэн утгатайг заахын тулд тусламж хэрэгтэй (өлссөн, гэмтсэн эсвэл даарсан) хүмүүсийн зургийг мөн тэдэнд туслах эд зүйлсийг (хоол, шархны боолт, хөнжил гэх мэт) хүүхдүүддээ өгч болно. Дараа нь хүүхдүүд тань зургуудыг эд зүйлстэй холбож болно. Тусламж хэрэгтэй хүмүүст бид юуг хуваалцаж болох вэ?
-
78-р хэсэг-ийн үйл явдлыг ойлгохын тулд “28-р бүлэг: Бошиглогч Иосеф Миссури рүү дахин явав” хэсгийн эхний хоёр зургийн доорх өгүүлбэрүүдийг хүүхдүүдтэйгээ хамт унш (Сургаал ба Гэрээний түүхүүд, х.108 эсвэл Gospel Library дээрх холбогдох видео). Дараа нь хүүхдүүд тань хэн нэгэнд байшин барихад тусалж, хоол хүнсээ хуваалцаж, өөр ямар нэгэн арга замаар үйлчилж байгааг дүрслэн үзүүлж болно.
2:39Chapter 28: The Prophet Joseph Goes to Missouri Again: March–May 1832
Есүс Христ намайг удирдах болно.
-
Удирдагч байх гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилцаад дараах үйл ажиллагааг удирдуулбал хүүхдүүдэд хөгжилтэй байж болно. Сургаал ба Гэрээ 78:18-ыг хамтдаа уншаад, Есүсээр удирдуулах хэрэгтэй байсан үеийнхээ талаар ярилцаарай. “I Will Walk with Jesus” (Gospel Library) гэх зэрэг дууг дуулах талаар бодож үзээрэй.
Би “бүх зүйлийг талархалтайгаар” хүлээн авч чадна.
-
Сургаал ба Гэрээ 78:19-ийг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, талархдаг хүмүүст Их Эзэн юу амласныг олж мэд. Хүүхдүүддээ эхлээд нэг жижиг зүйлийг, дараа нь уг зүйлийг 100 ширхгийг үзүүлэх замаар “зуу дахин” гэж юу болохыг ойлгоход тусал. Тэд Бурханаас “талархалтайгаар” хүлээн авсан зүйлсээ зурах боломжтой.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.