Doctrine and Covenants 2025
7-р сарын 7–13: “Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”: Сургаал ба Гэрээ 76


“7-р сарын 7–13: ‘Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 76,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

галактикийг дүрсэлсэн зураг

Хоргодох газар, Шелинн Абэл

7-р сарын 7–13: “Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний алдар суу мөнхөд байх болно”

Сургаал ба Гэрээ 76

“Үхлийн дараа надад юу тохиолдох вэ?” Бараг хүн бүр энэ асуултыг ямар нэгэн байдлаар асуудаг. Олон зууны турш Христийн олон ёс заншил библийн сургаал дээр үндэслэн тэнгэр болон там гэж байдаг бөгөөд зөв шударга хүмүүсийг диваажинд оруулж, хилэнцэт хүмүүсийг тамлан тарчлаах болно гэж заадаг байсан. Гэхдээ бүх хүн төрөлхтөн ингэж яг таг хуваагдаж болно гэж үү? 1832 оны 2-р сард Иосеф Смит, Сидней Ригдон хоёр энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсжээ (Сургаал ба Гэрээ 76-р хэсэг-ийн тоймыг үзнэ үү).

Энэ сэдвээр мэдэх шаардлагатай зүйл олон байв. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр эдгээр зүйлийн талаар тунгаан бодож байхад нь Их Эзэн “[тэдний] ойлголтын мэлмийд хүрч мөн тэдгээр нь нээгдсэн болой” (19-р шүлэг). Тэд үнэхээр гайхалтай, нарийн тодорхой, гэгээрүүлж сэнхрүүлсэн үзэгдлийг хүлээн авсан бөгөөд түүнийг нь гэгээнтнүүд энгийнээр “Үзэгдэл” гэж нэрлэсэн юм. Энэ үзэгдэл тэнгэрийн цонхыг нээж, мөнх амьдралын төсөөлөхийн аргагүй дүр зургийг Бурханы хүүхдүүдэд харуулсан. Диваажин гэдэг нь урьд өмнө хүмүүсийн төсөөлж байснаас илүү агуу, өргөн уудам, бүхнийг хамарсан болохыг энэ үзэгдэл илчилжээ. Бурхан бидний бодож байгаагаас ч илүү нигүүлсэнгүй, шударга бөгөөд Бурханы хүүхдүүдэд бидний төсөөлснөөс ч илүү алдар суу бүхий мөнхийн хувь заяа бий.

Гэгээнтнүүд, 1:147–150; “The Vision,” Revelations in Context, 148–154-ийг үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүмд дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 76

семинарын дүрс
Аврал Бурханы Хүү Есүс Христээр дамжин ирдэг.

76-р хэсэг бидний мөнхийн хувь тавилангийн тухай чухал үнэнийг илчилсэн боловч энэхүү илчлэл нь алдар суугийн гурван хаант улсын тухай эсвэл бүр зүгээр л авралын төлөвлөгөөний тухай гэж хэлэх хангалтгүй. Нарийн авч үзвэл 76-р хэсэг бол бидний авралын төлөөх Бурханы төлөвлөгөө, мөнхийн алдар сууг боломжтой болгосон Есүс Христийн тухай юм. Та унших зуураа Есүс Христ ба өөр өөр алдар суугийн хаант улсыг өвлөх хүмүүсийн хоорондын харилцааг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг олж болох юм. Олж мэдсэн зүйлсээ тэмдэглэхэд тань дараах хүснэгт тусалж магадгүй.

Алдар суугийн хаант улс

Есүс Христтэй харилцах харилцаа

Мөнхийн адислалууд

Алдар суугийн хаант улс

Селестиел (50–70, 92–96-р шүлэг)

Есүс Христтэй харилцах харилцаа

  • Есүсийн талаарх гэрчлэл хүлээн авсан

  • Түүнтэй гэрээ байгуулж, сахисан

Мөнхийн адислалууд

  • Нүглээс цэвэршсэн

  • Итгэлээр ялан дийлсэн

Алдар суугийн хаант улс

Террестриел (71–79, 97-р шүлгүүд)

Есүс Христтэй харилцах харилцаа

Мөнхийн адислалууд

Алдар суугийн хаант улс

Телестиел (81–90, 98–106, 109–112-р шүлэг)

Есүс Христтэй харилцах харилцаа

Мөнхийн адислалууд

Та Аврагчтай харилцах харилцаагаа бэхжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэсэн мэдрэмж авсан бэ?

Вилфорд Вүдрафф уг үзэгдлийн тухай уншаад, “Би амьдралдаа хэзээ ч хайрлаж байгаагүйгээрээ Их Эзэнийг хайрлаж байлаа” гэж хэлсэн юм (“Сэргээлтийн дуу хоолой: ‘Үзэгдэл’-ийн гэрчлэл”-ийг үзнэ үү). Та 1–5, 20–24, 39–43, 107–108-р шүлэг-ээс Есүс Христийг илүү их хайрламаар санагдуулсан Түүний талаар юуг сурч мэдсэн бэ?

1 Петр 3:18–19; 4:6; Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.73–76; “Би гайхширна,” Дуулал, д.98-ыг мөн үзнэ үү.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, мөн Тэдний сургаал дээр төвлөр. Судруудаас сурч мэдэж болох бүх зүйлээс хамгийн чухал үнэнүүд бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, Тэдэнтэй гэрээ байгуулж, сахин, Ариун Сүнсийг хүлээн авахад тусалдаг. Өөр өөр алдар суугийн хаант улсыг хүлээн авах хүмүүсийн хандлага, зан авирыг харьцуулж, дүгнэх нь сонирхолтой байж болох ч Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр дээр анхаарлаа төвлөрүүлэх нь илүү чухал юм. Биднийг тэрхүү алдар сууд бэлтгэхээр Тэдний хийдэг бүх зүйл биднийг Тэдний зүг эргүүлэх болно.

Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны гэрийн өрөө

Энэ өрөөнд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 76-д цэдэглэсэн үзэгдлийг харсан билээ.

Сургаал ба Гэрээ 76:5–10, 114–118

Би “Ариун Сүнсний хүчээр” Бурханы тааллыг ойлгож чадна.

76-р хэсэг-т цэдэглэсэн үзэгдэлд бараг бүх хүн аврагдаж, алдар суугийн аль нэг зэргийг хүлээн авна гэж заасан тул Сүмийн бүх гишүүн уг үзэгдлийг амар хүлээн аваагүй юм. Жишээлбэл: Бригам Янг “Үзэгдэл эхлээд надад ирэхэд энэ нь миний урьд мэдэж авсан зүйлсийн эсрэг, өөр байсан тул би жаахан хүлээ гэж хэлсэн. Би үүнийг эсэргүүцээгүй ч ойлгохгүй байсан” гэж хэлжээ. Тэр “үүнийг би өөрөө бүрэн ойлгож мэдэж автлаа бодож, залбирч, уншиж мөн бодох” хэрэгтэй байсан гэж тайлбарласан байдаг (“The Vision,” Revelations in Context, 150). Бурхан одоогийн ойлголтоос тань өөр зүйлсийг илчлэх үед танд туслах юуг та энэ туршлагаас сурч мэдэж болох вэ? Та Сургаал ба Гэрээ 76:5–10, 114–118-аас Бурханы талаар юу ойлгож мэдсэн бэ? Эдгээр шүлэг танд “[Бурханы] тааллыг сайн таашаалыг” ойлгоход туслах юуг зааж байна вэ? (7-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 76:39–44; 50–70

Өргөмжлөл бол авралын хамгийн дээд хэлбэр.

Сургаал ба Гэрээ 76:39–44 дээр авралын тухай ерөнхийд нь тайлбарласан байдаг. Харин 50–70-р шүлэг-т авралын нэгэн тодорхой төрлийг дурддаг. Та аврал, өргөмжлөл хоёрын хоорондох ялгааг хэрхэн тайлбарлах вэ? Эдгээрийн аль алинд Аврагч ямар үүрэгтэй вэ? Эдгээр шүлгийн юу нь танд өргөмжлөлийг эрэлхийлэхэд нөлөөлж байна вэ?

Мөн Иохан 3:16–17; Сургаал ба Гэрээ 132:20–25-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–95

Тэнгэрлэг Эцэг маань намайг селестиел хаант улсад мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсдэг.

Та өөрийгөө Сургаал ба Гэрээ 76:50–70, 92–95 дээр дүрсэлсэн селестиел алдар сууг хүлээн авах төрлийн хүн болж чадах эсэх талаар эргэлзэж эсвэл санаа зовж байсан уу? Бурхан биднээс юу хүлээж байгааг мэдэх нь чухал хэдий ч Түүнтэй адил болоход туслахын тулд Бурхан бидний төлөө юу хийснийг болон юу хийж байгааг эдгээр шүлгээс олж хараарай. Таны хичээл зүтгэл Бурханд яагаад чухал гэж та бодож байна вэ?

Селестиел алдар суугийн тухай энэ үзэгдэл таны амьдрахыг хүсдэг арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?

Мосе 1:39; Ж.Дэвн Корниш “Би хангалттай сайн байна уу? Би хаант улсад орж чадах уу?,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19–22-ыг мөн үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 76:24

Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд.

  • Хүүхдүүддээ бурханлаг чадавхаа ойлгоход нь туслахын тулд эцэг эхтэйгээ авхуулсан хүүхдүүдийн зургийг үзүүлж болно. Дараа нь Сургаал ба Гэрээ 76:24-ийг уншаад бид бүгдээрээ “Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид” гэдгийг мэдээд баяртай байгаагаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.

  • Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, 2–3) дууг хамтдаа дуулж “Би” гэдэг үгийг хэлэх бүрд өөр лүүгээ заа гэж хүүхдүүддээ хэлээрэй. Дараа нь “Би” гэдэг үгийг “Чи” гэдгээр орлуулж өөр хэн нэгэн рүү зааж дуулаарай.

Сургаал ба Гэрээ 76:5, 41–42, 69

Есүс Христ бол миний Аврагч.

  • “Есүс Христ миний төлөө юу хийсэн бэ?” хэмээн хэн нэгэн асууж байна гэж төсөөлөн хүүхдүүдтэйгээ дүрд тоглоод үзээрэй. Та болон таны хүүхэд 76-р хэсэг-ийн 5, 41–42, 69-р шүлэг-ээс тохирох хариултыг олж болно. Мөн “Тэр Хүүгээ илгээсэн,” Хүүхдийн дууны ном, 20–21 дууг дуулж болно. Бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж чадах вэ?

Есүс ба хүүхдүүд

Хүүхдүүдийг ирэхийг зөвшөөр зургийн хэсгээс, Ж.Көрк Ричардс

Сургаал ба Гэрээ 76:62

Тэнгэрлэг Эцэг биднийг дахин Өөртэй нь мөнхөд хамт амьдрахаар буцаж ирэхийг хүсдэг.

  • Та хүүхдүүдтэйгээ “26-р бүлэг: Тэнгэрийн гурван хаант улс” (Сургаал ба Гэрээний түүхүүд, х.97–103 эсвэл Gospel Library дээрх холбогдох видео) хэсгийг бүхэлд нь, эсвэл хэсгээс нь уншиж, эсвэл үзээд Иосеф Смитийн үзсэн үзэгдлийн юу нь таалагдсаныг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Бурхантай хамт селестиел хаант улсад амьдрах нь ямар байх тухай хүүхдүүдийнхээ бодол, мэдрэмжийг асуу.

    4:7

    Chapter 26: The Three Kingdoms of Heaven: 16•February 1832

  • Мөн Сургаал ба Гэрээ 76:62-ыг уншаад, хүүхдүүдээрээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт селестиел хаант улсад байгаагаар зуруулаарай (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 76:12, 15–19, 114–116

Судраас суралцах нь “Бурханы зүйлүүдийг ойлгоход” надад тусална.

  • Хүүхдүүдээрээ 15–19-р шүлэг-ийг уншуулаад, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Сургаал ба Гэрээ 76 дахь үзэгдлийг үзэх үедээ юу хийж байсныг олуул. Судар уншиж байхдаа сүнслэг мэдрэмж хүлээн авсан үеэ хүүхдүүддээ ярьж өгч, тэдэнд үүнтэй адил зүйл тохиолдож байсан эсэхийг асуу.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Алдар суугийн гурван зэрэглэлийн зураглал

Алдар суугийн зэрэглэлүүд, Анний Хэнри Надэр

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас