Doctrine and Covenants 2025
6-р сарын 16–22: “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”: Сургаал ба Гэрээ 64–66


“6-р сарын 16–22: ‘Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг’: Сургаал ба Гэрээ 64–66,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 64–66,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

Миссурийн Давиесс гүнлэг

Миссурийн Давиесс гүнлэг

6-р сарын 16–22: “Их Эзэн зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг шаарддаг”

Сургаал ба Гэрээ 64–66

1831 оны 8-р сарын аагим халуунд хэдэн ахлагч Миссури дэх Сионы нутгаас Көртланд руу буцаж байлаа. Аялагчид халууцаж, ядарсан байсан бөгөөд удалгүй тэдний хоорондын хурцадмал байдал хэрүүл маргаан болж хувирав. Сионыг буюу хайр, эв нэгдэл, амар амгалангийн хотыг тийм ч хурдан байгуулчихгүй мэт санагдаж байсан байж болох юм.

Аз болоход, Сионыг 1831 онд Миссурид эсвэл өнөө үед зүрх сэтгэлдээ, мөн гэр бүлдээ болон тойргууддаа барьж байгуулахад биднээс төгс байхыг шаардаагүй. Харин “бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” хэмээн Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 64:10). Тэрээр “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” шаарддаг (34-р шүлэг). Мөн Тэрээр тэсвэр тэвчээртэй, үнэнч байхыг шаарддаг бөгөөд “сайныг үйлдэхэд шантардаггүй” хүмүүсийн хийсэн “жижиг зүйлүүдээс” бүрдсэн суурин дээр Сионыг байгуулах юм (33-р шүлэг).

Мөн Гэгээнтнүүд, 1:133–134, 136–137-г үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 64:1–11

семинарын дүрс
“Бие биеэ уучил.”

Сургаал ба Гэрээ 64:1–11-ээс суралцаж байхдаа дараах зүйлсийг бодож үзээрэй.

  • Их Эзэн таныг уучилж байсан үеийг бод. Танд ямар санагдсан бэ?

  • Танд уучлах хэрэгтэй байгаа хэн нэгэн байна уу? Яагаад бусдыг уучлахад их хэцүү байдаг вэ? Тэдгээр саад бэрхшээлийг даван туулахад танд юу тусалдаг вэ?

  • Сургаал ба Гэрээ 64:1–11 дээрх ямар ямар үнэн танд чухал гэж санагдсан бэ? Их Эзэн яагаад “бүх хүмүүнийг уучлахыг” бидэнд зарлигласан гэж та бодож байна вэ? (10-р шүлэг).

Хэрэв танд хэн нэгнийг уучлахад хэцүү байвал ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн “Эвлэрлийн тохинуулал” үгийг (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.71–74) эсвэл Кристин М.Еийгийн “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам” (Лиахона, 2022 оны 11-р сар, 36–38) захиасыг судлаад үзээрэй. Бусдыг уучлахад танд Христ хэрхэн тусалж чадах талаар та юу сурч мэдсэн бэ?

Гэр бүлийн харилцаанаас уучлах олон боломж гарч ирдэг. Гэр бүлийн гишүүдээ бод. Та хэнийг уучлах хэрэгтэй байна вэ? Бид бие биеэ уучлахгүй байснаар хэрхэн “зовлонд унадаг” (8-р шүлэг) вэ? Уучлал таны гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

8:26

Forgiveness: My Burden Was Made Light

тэврэлдэж буй эцэг хүү хоёр

“Та нар бие биенээ уучлах ёстой” (Сургаал ба Гэрээ 64:9).

Сургаал ба Гэрээ 64:31–34

Их Эзэн надаас “зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуныг” шаарддаг.

Та хийхийг хичээж байгаа бүх “сайн үйлдээ” “шантарч” байсан уу? Сургаал ба Гэрээ 64:31–34 дээрх Их Эзэний танд зориулсан захиасыг олж мэд. Их Эзэн танаас Өөрийнх нь “агуу ажлыг” гүйцэлдүүлэхийн тулд юу хийгээсэй гэж хүсдэг вэ?

33-р шүлэг-ийг дүрслэн үзүүлэх бодит жишээ буюу шигтгэмэл зураг, тоосгон барилга гэх мэт жижиг зүйлсээс бүрдсэн том зүйлийн талаар бод. Их Эзэний агуу ажлын “суурийг тав[ихын]” тулд бид өдөр бүр ямар “жижиг зүйлүүд” хийж чадах вэ? Их Эзэний танд өгсөн “агуу ажлын” зарим жишээ юу вэ?

Сургаал ба Гэрээ 64:31–34

“Зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун”

Ахлагч Доналд Л.Холлстром “зүрх сэтгэл ба эрмэлзэгч оюун” гэдэг үгсийн байж болох дараах утгыг санал болгосон.

“Зүрх сэтгэл нь хайр болон амлалтын бэлгэдэл юм. Бид өөр ямар ч шалтгаанаар биш, харин хайртай хүмүүсийнхээ төлөө золиос гаргаж, ачаа дарамт үүрдэг. Хэрвээ хайр үгүй бол бидний амлалт багасдаг. …

“Эрмэлзэгч оюунтай байх” гэдэг нь чадахаараа хичээж, сайн бодож мөн Бурханы мэргэн ухааныг эрэлхийлэхийг хэлдэг. Энэ нь амьдралын турш суралцах зүйл маань мөнхийн шинж чанартай зүйлс байх ёстойг илэрхийлдэг. Энэ нь Бурханы үгийг сонсох болон үүнийг дагах байдлын хооронд салшгүй холбоо харилцаа байх ёстой гэсэн үг юм” (“The Heart and a Willing Mind,” Ensign, June 2011, 31–32).

Сургаал ба Гэрээ 64:41–43

Сион нь “хүмүүст туг” байх болно.

Туг гэдэг нь “зорилго буюу үзэл санаанд хүмүүс нэгдэн цугларч хүрээлдэг туг буюу далбаа” юм (Судруудын удирдамж, “Туг,” Gospel Library). Сион эсвэл Их Эзэний Сүм таны хувьд хэрхэн туг мэт байдаг вэ? Хүмүүсийг адислахаар туг гэх мэт дээш өргөдөг бусад зүйлийн жишээг Тооллого 21:6–9; Матай 5:14–16; Алма 46:11–20-оос эргэцүүлэн бод. Их Эзэний Сионыг дүрсэлсэн бусад тайлбарыг Сургаал ба Гэрээ 64:41–43 дээрээс олж мэд.

Мөн “Гоо үзэсгэлэнт Сион сэр”, Дуулал, д.27-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 65

Дэлхий дээрх Бурханы хаант улс нь дэлхийг Аврагчийн ирэлтэд бэлтгэдэг.

Сургаал ба Гэрээ 65 нь хожмын өдрүүд дэх Их Эзэний Сүмийн зорилгыг сүнслэгээр тайлбарладаг. Энэ хэсгийг судлахдаа дараахын адил асуултуудын хариултыг олоорой. Их Эзэн Өөрийн хаант улсыг энэ дэлхий дээр юуг хийж гүйцээгээсэй хэмээн хүсдэг вэ? Тэр надаас юу хийж туслахыг хүсдэг вэ?

Мөн “Prepare Today for the Second Coming” видеог ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

1:7

Prepare Today for the Second Coming

Сургаал ба Гэрээ 66

Их Эзэн миний зүрх сэтгэлийн бодлыг мэддэг.

Сүмд нэгдээд удаагүй байхдаа Виллям Э.Маклелин өөрт нь зориулсан Бурханы тааллыг илчлэхийг Иосеф Смитээс хүссэн. Их Эзэн Өөрийн бошиглогчоор дамжуулан таван асуултад нь хариулна гэж Виллям найдаж байсныг Иосеф мэдээгүй байв. Бид Виллямд яг ямар ямар асуулт байсныг мэдэхгүй ч Сургаал ба Гэрээ 66 дээрх илчлэл түүнд зориулагдсан байсан бөгөөд Виллямын асуулт бүрд “хангалттай бүрэн дүүрэн” хариулсан (“William McLellin’s Five Questions,” Revelations in Context, 138).

Та 66-р хэсэг-ийг уншихдаа, Их Эзэн хэрхэн Виллям Маклелиныг болон түүний зүрх сэтгэл дэх асуудал, мөн зорилгын талаар мэдэж байсан тухай бод. Их Эзэн таныг хэн гэдгийг мэддэгээ хэрхэн харуулсан бэ? Танд патриархын адислал байдаг бол түүнийгээ судал. Судалж байхад тань Бурханы таныг гэсэн тааллыг ойлгоход Ариун Сүнс хэрхэн тусалсан бэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 64:7–10

Есүс Христ намайг хүн бүрийг уучлаасай гэж хүсдэг.

Тайлбар: Та хүүхдүүддээ Их Эзэний “бүгдийг уучлах” зарлигийн талаар заахдаа уучилна гэдэг нь хүмүүст биднийг гомдоохыг зөвшөөрнө гэсэн үг биш гэдгийг тодруулж болох юм. Хэрэв хэн нэгэн тэднийг гомдоосон эсвэл тэдэнд зохисгүйгээр хүрсэн бол итгэж болох насанд хүрсэн хүнд хэлэхийг урамшуулан дэмж.

  • Сургаал ба Гэрээ 64:10-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, хэн нэгнийг уучилна гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилц. Та хэдэн энгийн жишээ хуваалцаж болно. Магадгүй тэд эдгээр жишээг жүжигчлэн үзүүлж, хэн нэгнийг уучлах дадлага хийж болох юм.

  • Та хүүхдүүдээсээ хэн нэгэнд, тухайлбал, дүүдээ бусдыг уучлах талаар хэрхэн заахаа төлөвлөхийг хүсэж болно. Заах үедээ ашиглаж болох үг хэллэгийг Сургаал ба Гэрээ 64:7–10 дээрээс олоход нь тусал.

  • Эцэг минь гуйя, надад туслаач” (Хүүхдийн дууны ном, д.52) гэх мэт уучлал, өршөөлийн тухай дуу дуул. Энэ дуу бусдыг уучлах талаар бидэнд юу зааж байна вэ?

Сургаал ба Гэрээ 64:33

Бурханы “агуу ажил” “жижиг зүйлүүд” дээр тогтдог.

  • Та эвлүүлдэг тоглоом, хивс гэх мэт олон жижиг хэсгээс бүрддэг зүйлсийг хүүхдүүддээ үзүүлж болно. Дараа нь Сургаал ба Гэрээ 64:33-ыг хамтдаа унш. Бурханы “агуу ажил” гэж юу вэ? Бид туслахын тулд ямар “жижиг зүйлүүд” хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 64:34

Би зүрх сэтгэл, оюун ухаанаараа Есүсийг дагаж чадна.

  • Та Сургаал ба Гэрээ 64:34-өөс хүүхдүүддээ уншиж өгөхдөө “зүрх сэтгэл”, “оюун” гэх үгсийг уншихдаа зүрх, мөн толгой руугаа зааж, хүүхдүүдээрээ мөн адил хийлгэ. Бид хэрхэн зүрх сэтгэл (хүсэл), оюун ухаанаа (бодлоо) Аврагчид зориулж болох вэ?

Есүс Христийн үлгэр жишээг онцол. Та суралцах эсвэл заах үедээ хэрхэн Аврагчийн үлгэр жишээг онцолж болох талаар бодоорой. Жишээлбэл: Та Сургаал ба Гэрээ 64:34-ийг зааж байхдаа Аврагч хэрхэн Өөрийн зүрх сэтгэл (хүсэл), оюун ухаанаа (бодлоо) Тэнгэр дэх Эцэгт зориулсан тухай хүүхдүүдтэйгээ ярилцаж болох юм. (Аврагчийн арга барилаар заах нь, 6-г үзнэ үү.)

Сургаал ба Гэрээ 66

Их Эзэн намайг хэн болохыг мэддэг бөгөөд намайг хайрладаг.

  • Виллям Э.Маклелинд Их Эзэнд хандсан тодорхой таван асуулт байсан гэдгийг хүүхдүүддээ тайлбарла. Иосеф Смит Виллямд ямар асуулт байсныг мэдээгүй ч тэдгээр асуултын хариултыг хүлээн авсан юм. Их Эзэн танаас юу хийхийг хүсэж байгаагаа харуулсан тэр үеийн тухай мөн Түүний удирдамжийг дагаснаар ирсэн адислалуудын талаар хүүхдүүддээ ярь. Дараа нь Сургаал ба Гэрээ 66:4-ийг хамтдаа уншаад Их Эзэн тэднээс юу хийхийг хүсдэгийг ойлгох боломжийг эрэлхийлэхийг хүүхдүүдээсээ хүс.

    Аврагчийн Хоёр дахь ирэлт

    Хоёр дахь ирэлт зургийн хэсгээс, Кэвин Кийл

Сургаал ба Гэрээ 65

Би дэлхийг Есүс Христийг хүлээн авахад бэлдэхэд тусалж чадна.

  • Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг хүүхдүүддээ үзүүлээд, юу харж байгаагаа мөн энэ үйл явдлын талаар юу мэдэхээ хэлэхийг хүүхдүүдээс хүс. Та мөн Сургаал ба Гэрээ 65 дээрээс Хоёр дахь ирэлтийн талаарх үг хэллэгийг хүүхдүүддээ хэлж олуулж болно. Эдгээр үг, хэллэг бидэнд юу зааж байна вэ? Бид Аврагчийн ирэлтэд хэрхэн бэлтгэж болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Аврагч нэгэн эмэгтэйг өршөөж байгаа нь

Өршөөгдсөн нь, Грэг Олсэн

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас