“6-р сарын 9–15: ‘Бибээр итгэлтнүүдтэй ямагт хамт байна’: Сургаал ба Гэрээ 60–63,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 60–63,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025
Миссури мөрний эрэг дэх түүдэг гал, Брайн Марк Тэйлор
6-р сарын 9–15: “Бибээр итгэлтнүүдтэй ямагт хамт байна”
Сургаал ба Гэрээ 60–63
1831 оны 8-р сарын эхээр Иосеф Смит ба сүмийн хэсэг ахлагч “Сионы нутагт” богино хугацаагаар айлчилсныхаа дараа Көртланд руу буцахаар бэлтгэж байв (Сургаал ба Гэрээ 59:3). Их Эзэн тэднийг аялах үедээ сайн мэдээг номлохыг хүссэн (Сургаал ба Гэрээ 52:10-ыг үзнэ үү) ба тэдний зарим нь үүнийг хичээнгүйлэн гүйцэтгэжээ. Гэвч зарим нь тээнэгэлзэж байв. “Тэд хүнээс эмээхийн улмаас тэдэнд миний өгсөн авьяас билгийг тэд нуух ажээ” хэмээн Их Эзэн хэлсэн (Сургаал ба Гэрээ 60:2). Эдгээр ахлагч юу мэдэрснийг бидний олонх нь мэднэ. Хэдийгээр бид сайн мэдээнд хайртай ч үүнийг хуваалцахад айдас эргэлзээ бидэнд саад болж магадгүй юм. Гэсэн ч Их Эзэн нигүүлсэнгүй билээ. Тэр “хүмүүний сул талыг хийгээд [бидэнд] хэрхэн туслахыг мэддэг” (Сургаал ба Гэрээ 62:1). Эхэн үеийн номлогчдод зориулсан эдгээр илчлэлд айдсаа мөн дутагдлаа ялан дийлэхэд туслах урмын үгс олон байдаг. Тухайлбал: “Бибээр та нарыг ариун болгох чадвартай бөлгөө.” “Бүх махбодь миний гарт буй.” “Бибээр итгэлтнүүдтэй ямагт хамт байна.” Мөн “Итгэлтэй хийгээд тэсвэрлэдэг тэрээр дэлхийг дийлэх болно.” (Сургаал ба Гэрээ 60:7; 61:6; 62:9; 63:47.)
Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд
Би Есүс Христийн талаарх хайр болон гэрчлэлээ хуваалцаж чадна.
Сайн мэдээний тухай таны гэрчлэл “авьяас билиг” эсвэл Бурханы үнэт баялагтай юугаараа адилхан бэ? Бид заримдаа ямар байдлаар “[өөрсдийн] авьяас билгийг нуудаг” вэ? (Сургаал ба Гэрээ 60:2; мөн Матай 25:14–30-ийг үзнэ үү).
Их Эзэний урам өгсөн ямар ямар захиасыг та 60 болон 62-р хэсэг-ээс олж мэдсэн бэ? Сайн мэдээг хуваалцах итгэлийг тань эдгээр захиас хэрхэн хөгжүүлэх вэ? Эдгээр асуултыг тунгаан бодох үедээ “Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, д.90) дууг дуулж эсвэл үгийг нь уншаад үзээрэй. Та энэхүү хүүхдийн дуунаас сайн мэдээг хуваалцах талаар юу сурч мэдсэн бэ?
Gospel Library дээрээс “Сайн мэдээг хуваалцах нь” цуглуулгыг мөн үзнэ үү.
Би Христэд итгэдэг гэдгээ илэн далангүй хуваалцаж чадна.
Сургаал ба Гэрээ 60:2–4; 61:1–2, 20, 36–38; 62:1, 6
Судрууд Есүс Христийн тухай заадаг.
Их Эзэн номлогчдодоо заахдаа Өөрийнхөө тухай олон чухал үнэнийг илчилсэн. Эдгээр үнэнийг Сургаал ба Гэрээ 60:2–4; 61:1–2, 20, 36–38; 62:1, 6-аас хайж ол. Таны олж мэдсэн Аврагчийн үүрэг, мөн зан чанарыг судрын аль аль хэсэг харуулдаг вэ? (Жишээлбэл: Иохан 8:1–11; Ифер 2:14–15).
Миний шийдвэрүүд “шийдвэр хийгээд Сүнсний чиглүүллүүдийн дагуу” тэнцвэртэй байх ёстой.
Их Эзэн мөнхийн үнэн ба зарчмуудын талаар чиглүүлэг өгдөг ч эдгээр зарчмын дагуу хэрхэн үйлдэх талаар нарийн ширийнийг өөрсдөө шийдвэрлэ хэмээн бидэнд даатгадаг. Та Сургаал ба Гэрээ 62-т харуулсан энэ зарчмыг юу гэж ойлгодог вэ? (мөн Сургаал ба Гэрээ 60:5; 61:22-ыг үзнэ үү). Та амьдралдаа энэ зарчмыг харж байсан уу? Яг юу хийхийг Бурхан хэлнэ гэж хүлээлгүйгээр зарим шийдвэрийг гаргах нь бидэнд яагаад хэрэгтэй вэ?
Мөн Ифер 2:18–25; Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг үзнэ үү.
Тэмдгүүд итгэлээр мөн Бурханы тааллаар ирдэг.
Энэ тоймын төгсгөлд, Эзра Бүүтийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн гайхамшиг буюу Элса Жонсоны гарыг гайхалтайгаар эдгээснийг дүрсэлсэн зураг бий. Эзра энэ гайхамшгийг харсныхаа дараа сэтгэл догдлон баптисм хүртсэн юм. Гэвч хэдхэн сарын дотор Эзра итгэлээ алдаж, бошиглогчийг шүүмжилж эхлэв. Гайхамшгийг өөрийн нүдээр харсан түүнд яагаад ийм зүйл тохиолдсон бэ?
Сургаал ба Гэрээ 63:7–12-ыг уншихдаа энэ асуултыг тунгаан бодоорой. Та тэмдэг болон итгэлийн талаар ямар ямар үнэнийг мэдэж авсан бэ?
Матай 16:1–4; Иохан 12:37; Мормон 9:10–21; Ифер 12:12, 18-ыг мөн үзнэ үү.
Би бодол, мөн үйлдэлдээ ариун явдлыг сахиж чадна.
Сургаал ба Гэрээ 63:16-д Аврагч ариун явдлын хууль бидний үйлдлээс гадна бодлыг маань ч хянах ёстой хэмээн Шинэ Гэрээнд заасныгаа дахин баталсан (Матай 5:27–28-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 63:16-г уншаад, тачаангуй бодлын тухай Аврагч ямар анхааруулгыг өгснийг бичиж ав. Түүнчлэн анхааруулга бүрийн эсрэг зүйлийг тунгаан бодож болно. Жишээлбэл: Айдсын эсрэг утгатай ямар үг хэллэг байна вэ? Бодол болон үйлдэлдээ ариун явдалтай байснаар ямар ямар адислал ирдэг вэ?
Олон хүн Их Эзэний бодол болон үйлдэлдээ ариун явдалтай байх жишгийг хуучинсаг буюу хатуу харгис гэж боддог. Бурханы бүх хүүхэд энэхүү хуулийн дагуу амьдрахыг хичээвэл ямар өөрчлөлт гарах вэ? Та энэхүү асуултын хариултыг ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн “Бид ариун явдалд итгэдэг” үгээс (2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.50–53) эсвэл “Таны бие махбод бол ариун нандин юм” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч х.23–26) сэдвээс олох боломжтой. Та итгэл найдвар өгөх ямар захиасыг олж мэдсэн бэ?
Бид бодол ба үйлдэлдээ ариун явдлыг сахих үед ямар адислал ирэхийг мэддэг ч энэ нь амархан гэсэн үг биш юм. Та Аврагчийн ариун явдлын жишгийг сахихыг юу хэцүү болгодог мөн юу амархан болгодог талаар хэсэг хугацаанд тунгаан бодож болох юм. Та хэн нэгэнд зохисгүй зүйл бодохоор уруу татагдах үед юу хийх талаар ямар зөвлөмж хуваалцах вэ?
Бие биеэ дэмж. Сүмийн цуглаан болон хичээлд бие биетэйгээ уулзахын нэг гайхалтай адислал бол Аврагчийг дагахыг хичээх явцдаа гэгээнтнүүд нэг нэгээсээ тусламж дэмжлэг авах боломж юм. Бидний олонх нь ижил төстэй сорилт бэрхшээлтэй тулгардаг ба бидний хамтын туршлага гайхалтай хүч чадал болох боломжтой. Сорилт бэрхшээлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс бүү эмээ. Бурханы хуулиудын дагуу амьдарч, уруу таталтыг давахад юу танд тусалдгийг нэг нэгэнтэйгээ хуваалц.
Сургаал ба Гэрээ 121:45; Topics and Questions, “Virtue,” Gospel Library; “Standards: Sexual Purity and Modesty—True Confidence” (видео), Gospel Library;AddressingPornography.ChurchofJesusChrist.org-ыг мөн үзнэ үү.
Standards: Sexual Purity and Modesty - True Confidence
Ариун нандин зүйлсэд бишрэл хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Сургаал ба Гэрээ 63:58–64 дээрх зарчмууд нь Их Эзэний нэрийг дэмий хоосон хэлэхээс илүү утга учиртай. “Дээрээс” буюу Бурханаас ирдэг ариун нандин зүйлс өөр юу юу байдаг вэ? Эдгээр зүйлийн талаар “болгоомжтойгоор” ярина гэдэг нь юу гэсэн үг вэ?
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Сургаал ба Гэрээ 60:4; 61:1–2; 36; 62:1
Судрууд Есүс Христийн тухай заадаг.
-
Та жижиг цааснууд дээр Сургаал ба Гэрээ 60–62-т Аврагчийн талаар дурдагдсан зүйлсээс заримыг нь бичиж болох юм. Дараа нь хүүхдүүд тань эдгээр шинж чанарыг харуулсан Есүсийн энэ дэлхийд тохинуулж буй зургуудтай (Сайн мэдээний зургийн цуглуулга, д.34–61-ийг үзнэ үү) таны бичсэн зүйлсийг холбож болно. Өнөөдөр Тэр Өөрийгөө хэрхэн бидэнд мэдүүлдэг вэ?
Ийм нэг зорилгоор зургийн хэсэг, Ёнсанг Ким
Сургаал ба Гэрээ 60:7; 61:1–2; 62:1
Хэрвээ би наманчилбал Их Эзэн намайг уучилна.
-
Сургаал ба Гэрээ 60:77; 61:2-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, эдгээр шүлэгт орсон ижил төстэй үгсийг олоход нь тэдэнд тусал. Эдгээр илчлэлийг Иосеф Смитэд болон Сүмийн бусад удирдагчид өгсөн гэдгийг тэдэнд сануул. Их Эзэн тэднийг юуг мэдээсэй хэмээн хүссэн бэ? Биднийг алдаа гаргахад Аврагчид ямар санагддагийг мөн наманчлах гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилцаж болно. Сургаал ба Гэрээ 62:1-д цэдэглэснээр, биднийг уруу татагдах үед Есүс хэрхэн тусалж чадах вэ?
Есүс Христ намайг сайн мэдээг нь хуваалцаасай хэмээн хүсдэг.
-
Есүс Христийн мөн Түүний Сүмийн юунд нь дуртай болохыг хэн нэгэн асуух юм бол юу гэж хариулахыг нь хүүхдүүдээсээ асууж болно. “Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, д.90) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг хамтдаа дуулбал тэдэнд санаа орж ирж магадгүй. Дараа нь Сургаал ба Гэрээ 62:3-ыг уншаад бид гэрчлэлээ хуваалцвал юу болох талаар сонсохыг хүүхдүүдээсээ хүс. Хэрвээ бид сандарвал 9-р шүлэг дээрх амлалт бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Би хүндэтгэлтэй байж чадна.
-
Сургаал ба Гэрээ 63:64-ийг заахын тулд “Хүндэтгэл бол хайр” (Хүүхдийн дууны ном, 12) гэх зэрэг хүндэтгэл бишрэлийн тухай дууг хүүхдүүдтэйгээ хамт дуулж болно. Тэгээд та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт бишрэл хүндэтгэлтэй байдлаар хандах өөр өөр арга замын талаар ярьж болох юм.
-
Та хүүхдүүдийнхээ дуртай тоглоом, ном, хөнжил зэрэг өөрт нь онцгой чухал нэг зүйлийн талаар тэдэнтэй ярих байдлаар бишрэл хүндэтгэл гэж юу болохыг ойлгоход нь туслах боломжтой. Тэд онцгой чухал зүйлсээ хэрхэн хамгаалж, анхаарал тавьдгийг нь асуу. Дараа нь Сургаал ба Гэрээ 63:64-ийг хамтдаа уншиж болно. Тэнгэрлэг Эцэгт ямар ямар зүйл онцгой эсвэл ариун нандин байдаг вэ? (61-р шүлэг-ээс болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас-аас жишээ харна уу). Бид эдгээр зүйлд үг, үйлдлээрээ хэрхэн зөв хандах хэрэгтэй вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.