Doctrine and Covenants 2025
6-р сарын 2–8: “Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”: Сургаал ба Гэрээ 58–59


“6-р сарын 2–8: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул’: Сургаал ба Гэрээ 58–59,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 58–59,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2025

1830-аад оны Миссурийн Индепенденс

Миссурийн Индепенденс, 1831 он, Аль Раундс

6-р сарын 2–8: “Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”

Сургаал ба Гэрээ 58–59

Сүмийн ахлагчид Сион хотын газар буюу Миссурийн Индепенденсийг анх харахад төсөөлснөөс нь огт өөр байв. Зарим нь хүчирхэг гэгээнтнүүдээс бүрдсэн цэцэглэн хөгжиж буй, хөл хөдөлгөөнтэй газар байгаа байх гэж бодож байлаа. Харин үүний оронд, дасаж дадсан соёл иргэншил ч үгүй, гэгээнтнүүдийн оронд зах хязгаарын бүдүүлэг хүмүүс амьдардаг, хүн ам цөөтэй бөглүү тосгон тэднийг угтан авчээ. Их Эзэн тэднийг зүгээр нэг Сион руу ир гээгүй, харин Сионыг барьж байгуулахыг хүссэн байлаа.

Хүсэн хүлээсэн зүйлс маань бодит байдалтай нийцэхгүй байх үед “… Бурханыхаа төлөвлөгөөг, мөн их гай зовлонгийн дараа дагалдах алдар сууг энэ үед та нар эгэл нүдээрээ болгоож чадах нь үгүй” (Сургаал ба Гэрээ 58:3) хэмээн 1831 онд Их Эзэний гэгээнтнүүдэд хэлсэн үгсийг санууштай. Тийм ээ, амьдрал гай зовлон, бүр ёс бус явдлаар дүүрэн боловч бид “зөв шударга байдлыг тохиолгохоор авч[ирч]” чадна. “Учир нь хүч [бидэнд] буй” (27–28-р шүлэг).

Гэгээнтнүүд, 1:127–133-ыг мөн үзнэ үү.

судлах дүрс

Гэр орондоо болон сүм дээр суралцах санаанууд

Сургаал ба Гэрээ 58:1–5; 59:23

“Их гай зовлонгийн дараа адислалууд ирдэг болой.”

Гэгээнтнүүд өөрсдийнх нь амьд ахуйд Жаксон гүнлэг бүх гэгээнтний цуглах газар болон хөгжин цэцэглэнэ хэмээн найдаж байлаа. Гэвч тэдний Жаксон гүнлэгт байх цаг хугацаа гай зовлонгоор дүүрэн байв. Хэдхэн жилийн дараа гэгээнтнүүд тэндээс хөөгдөн, “Сионы гэтэлгэлийг багахан хугацаагаар хүлээх” болсон (Сургаал ба Гэрээ 105:9).

Сургаал ба Гэрээ 58:1–5 дээр Их Эзэний дурдсан үгсээс та гай зовлон, сорилт бэрхшээлийн талаар юу сурч мэдсэн бэ? Яагаад зарим адислал зөвхөн гай зовлонгийн дараа ирдэг гэж та бодож байна вэ? Та гай зовлонгийн дараа ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

Та Сургаал ба Гэрээ 59:23-аас итгэл найдвар өгөх юу сурч болох вэ?

Сургаал ба Гэрээ 58:26–29

Би өөрийн “чөлөөт хүсэл зоригоороо” “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авч[ирч]” чадна.

Эдгээр шүлгийг судлахдаа та “санаа сэтгэлээ бүрэн зориулж” хийх зүйлийн жагсаалтаа гаргаж болно. Тэдгээр нь бүгд “сайн зарчим” мөн үү? “Туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрахын” тулд юу хийж чадахаа тунгаан бодоод үүнийг хийх төлөвлөгөөг гаргаж үз.

Их Эзэн яагаад танаас “чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг” хийхийг хүсдэг гэж та бодож байна вэ? Та “бүх зүйлд албадуулдаг” байсан бол ямар байх байсан бэ? Энэхүү зарчмын талаарх таны ойлголтыг 2 Нифай 2:27 хэрхэн гүнзгийрүүлж байна вэ?

Дэйл Г.Рэнланд, “Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.106–109-ийг мөн үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 58:42–43

семинарын дүрс
Намайг наманчлах үед Их Эзэн уучлан өршөөдөг.

Сургаал ба Гэрээ 58:42-т, наманчилсан нэгний нүглийг ор мөргүй мартах болно хэмээсэн Их Эзэний амлалт бидэнд урам зориг өгдөг хэдий ч зарим асуулт гарч ирдэг. Жишээлбэл: Наманчлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Би наманчилсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? Аз болоход Их Эзэн “та нар үүгээр нь мэдэж болно …” хэмээн үргэлжлүүлдэг (43-р шүлэг).

Наманчлалын талаар хүмүүст байдаг зарим асуултыг доор дурдав. Энд санал болгосон эх сурвалжуудыг судлах үед Сүнс танд юу зааж байна вэ?

Нүглээ хүлээх нь надад наманчлахад яаж тусалдаг вэ? Дуулал 32:1–5; Сургаалт үгс 28:13; Мозая 27:34–37; Алма 39:12–13-ыг үзнэ үү.

Би нүглээ орхихыг хичээдэг ч алдаа гаргасаар л байх юм. Наманчлал маань хүчинтэй хэвээрээ юү? Брадли Р.Вилкокс, “Зохистой байна гэдэг нь ямар ч дутагдалгүй гэсэн үг биш,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.71–75; Gospel Library дээр “Daily Restoration” видеог үзнэ үү.

5:27

Daily Restoration

Аврагч намайг өршөөсөн эсэхийг би хэрхэн мэдэх вэ? Тэд Р.Каллистэр, “Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.103–106, ялангуяа “2-ыг үзнэ үү. Нүгэл” гэсэн хэсгийг уншина уу.

Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын наманчлалын талаарх Асуулт, хариулт хэсгээс илүү ихийг ойлгож болно (8–9-р хуудас).

Мөн Gospel Library-аас Topics and Questions, “Repentance,”-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 59

Полли Найт гэж хэн байсан бэ?

Полли Найт болон түүний нөхөр Ахмад Иосеф Найт хоёр Иосеф Смитийн бошиглолын дуудлагад итгэсэн анхны хүмүүс байсан. Полли, Иосеф хоёр бошиглогчийн Мормоны Номыг орчуулах ажилд маш чухал дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Найтын гэр бүл Огайод гэгээнтнүүдтэй хамт цугларахаар Нью-Йоркийн Колесвиллээс явсан ба хожим нь Миссурийн Жаксон гүнлэг рүү нүү хэмээх зарлигийг хүлээн авчээ. Аялан явж байхдаа Поллигийн эрүүл мэнд муудсан ч тэр нас барахаасаа өмнө Сионыг үзэхээр шийдвэр төгс байв. Тэрээр Миссурид ирээд хэдхэн хоногийн дараа нас барсан юм (Гэгээнтнүүд, 1:127–128, 132–133-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 59-ийг түүнийг нас барсан өдөр хүлээн авсан бөгөөд 1 ба 2-р шүлэг-ийг түүнд онцгойлон зориулсан байж магадгүй.

Сургаал ба Гэрээ 59:4–19

Зарлиг тушаалууд бол адислал юм.

“Адислалуудаар … титэм өмсгөгдөх болно” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ? (4-р шүлэг). 5–19-р шүлэг дээрх зарлиг бүрийг дуулгавартай дагахыг хичээх үед Их Эзэн таныг хэрхэн адисалдгийг бодож үз.

Сурч байгаа зүйлсээ хуваалц. Ихэнх тохиолдолд, судруудаас суралцах явцдаа хүлээн авч буй сүнслэг ойлголтууд тань гэр бүл, найз нөхөд, тойргийн гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэх боломжтой. Тэдэнтэй туршлагаа, мэдрэмжээ, мөн Есүс Христийн талаарх гэрчлэлээ хуваалц.

Сургаал ба Гэрээ 59:9–19

Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний өдөр юм.

Сионы гэгээнтнүүдийг “цөөн бус зарлигуудаар” адислахаа амласныхаа дараа Их Эзэн нэгэн зарлигийг онцгойлон өгсөн ба энэ нь Өөрийнх нь “ариун өдрийг” хүндэтгэх зарлиг байсан юм (Сургаал ба Гэрээ 59:4, 9). Та Сургаал ба Гэрээ 59:9–19-ийг судлахдаа, Хүндэтгэлийн өдрийг сахих нь эдгээр гэгээнтнийг Сионыг байгуулахыг хичээх үед яагаад чухал байсныг тунгаан бод. Энэ нь танд яагаад чухал вэ?

Та хүндэтгэлийн өдрийг Их Эзэний хүссэний дагуу өнгөрөөдөг эсэхээ тунгаан бодож болно. Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих нь “дэлхийгээс толбогүй” байхад тань хэрхэн тусалдаг вэ? (9-р шүлэг). Та “Бүхний Дээдэд бүхнээ зориулах[ын]” тулд юу хийж болох вэ? (10-р шүлэг).

ариун ёслол

Их Эзэн хүндэтгэлийн өдрийн талаар заахдаа “баяр баясгалан,” “баяр хөөр,” “хөгжил хөөр” зэрэг үгсийг ашигласныг та анзаарсан байх. Таны хувьд хүндэтгэлийн өдрийг юу баяр хөөртэй болгодог вэ? Та яагаад Их Эзэний өдрийг хүндэтгэдэг гэдгээ хэн нэгэнд яаж тайлбарлах байсан бэ?

Та “Ариун дуугаа аялан дуулцгаа” (Дуулал, д.78) дууллаас хүндэтгэлийн өдрийн зорилго, адислалын талаар юу сурч мэдсэн бэ?

Эхлэл 2:2–3; Исаиа 58:13–14; Рассэлл М.Нэлсон, “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х.122–125-ыг мөн үзнэ үү.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 02

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 58:26–28

Тэнгэрлэг Эцэг надад сонгох хүчийг өгсөн.

  • Сургаал ба Гэрээ 58:26–28-ыг хамтдаа уншсанаар та хүүхдүүдтэйгээ Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн сайныг хийхийг сонгох хүчний талаар ярилцах боломжтой болно. Та нар бие биедээ хийсэн сонголтуудаа, мөн үүний үр дүн нь ямар байсан талаар хэлж болно. Хүүхдүүд тань өөрсдийн туршлагыг зургаар илэрхийлэхийг хүсэж магадгүй юм.

  • Та цаасны нэг талд сонголт, нөгөө талд нь үр дагавар гэж бичээд, бидний сонголтууд, тэдгээрийн үр дагавар салшгүй гэдгийг үүгээр тайлбарлаж болно. Хүүхдүүд тань магадгүй хийсэн зарим сонголтоо жагсаагаад тэдгээрээс гарсан үр дагаврын талаар ярьж болно. Дараа нь хамтдаа Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг уншаад, сайн үр дагавар буюу “туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах” сонголтуудын талаар ярилц. Бид сайныг үйлдэхээр хичээх үед Тэнгэрлэг Эцэг биднийг хэрхэн “шагнах” буюу адисалдаг вэ? (28-р шүлэг).

Сургаал ба Гэрээ 59:7, 18–21

“Их Эзэн Бурхандаа бүх зүйлд таларх.”

  • Та хүүхдүүдтэйгээ гадуур алхахдаа эсвэл байгалийн зургуудыг үзэхдээ “нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах” зүйлсийг анзаарвал эдгээр шүлгийг уншаад үзээрэй (18-р шүлэг). Түүнчлэн та “Тэнгэрлэг Эцэг минь надад хайртай” (Хүүхдийн дууны ном, д.16) гэх мэт дуунаас ижил зүйлсийг анзаарах боломжтой. Эсвэл та хүүхдүүдээрээ талархалтай байдаг зүйлсийг нь зуруулж, юу зурсныг нь тайлбарлуулж болно. Бид эдгээр зүйлд талархдаг гэдгээ хэрхэн илэрхийлж болох вэ?

соно бялзуухай ба цэцэгс

Бидэнд баяр хөөр авчрахын тулд Их Эзэн олон үзэсгэлэнтэй сайхан зүйлийг бүтээсэн.

Сургаал ба Гэрээ 59:9–12

Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний өдөр болой.

  • Бид Их Эзэнийг бишрэн шүтэж, баяр хөөртэй байхын тулд ням гарагт юу хийж болох вэ? Сургаал ба Гэрээ 59:9–12-оос болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас-аас санаанууд олоход нь хүүхдүүддээ тусал. Тэд магадгүй хүндэтгэлийн өдөр хийдэг зүйлсийг илэрхийлсэн юмс эсвэл зургуудыг олж болно (энэхүү тойм дахь ариун ёслолын зураг гэх мэт). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход эдгээр зүйл бидэнд хэрхэн тусалдаг вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

ариун ёслолоос хүртэхэд бэлдэж буй нь

Зураг чимэглэлийг Марти Мэйжор

хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас