“4-р сарын 28-аас 5-р сарын 4: ‘Миний Сүмийг эрхлэх хууль’: Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 41–44,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
4-р сарын 28-аас 5-р сарын 4: “Миний Сүмийг эрхлэх хууль”
Сургаал ба Гэрээ 41–44
1830 болон 1831 онд Охайогийн Көртландад нэгэн зэрэг олон шинэ гишүүн орсноор Сүм хурдацтай өсөж хөгжив. Энэхүү өсөлт гэгээнтнүүдэд сэтгэл хөдөлгөм, урам өгөхүйц байсан хэдий ч зарим сорилт бэрхшээлийг мөн дагуулсан. Та хурдацтай тэлж буй бүлэг итгэгчийг хэрхэн нэгтгэх вэ? Ялангуяа тэднийг өмнөх итгэл үнэмшлийнхээ сургаал, зан үйлийг авчрах үед та юу хийх вэ? Жишээ нь: Иосеф Смит 1831 оны 2-р сарын эхээр Көртландад ирээд, шинэ гишүүдийг Шинэ Гэрээний үеийн Христэд итгэгчдийг жинхэнэ утгаар нь дуурайхыг оролдон, нийтийн өмч хөрөнгөө хамт хэрэглэж байгааг харав (Үйлс 4:32–37-г үзнэ үү). Их Эзэн энэ болон бусад сэдвээр зарим чухал залруулга, тодруулга хийсэн. Үүний ихэнх нь Түүний “миний сүмийг эрхлэх хууль” (59-р шүлэг) хэмээх Сургаал ба Гэрээ 42-т цэдэглэгдсэн илчлэлтээр дамжин ирсэн юм. Энэ илчлэлтээс бид хожмын үед Их Эзэний Сүмийг байгуулах суурь үнэнүүдийн талаар сурдаг. Мөн бидэнд суралцах илүү олон зүйл байгааг бид дараахаас олж мэддэг. Их Эзэн: “Хэрэв чи асуух аваас, … илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 42:61) хэмээн амласан.
Түүнчлэн Гэгээнтнүүд номын 1:114–119-ийг үзнэ үү.
Гэр орон болон сүмд суралцах санаа
“Миний хуулийг хүлээн авч мөн үүнийг үйлддэг тэр нь миний шавь болой.”
1831 оны эхээр гэгээнтнүүд Охайод цугларч эхэлсэн байв. Тэд Бурханы тэнд илчилнэ хэмээн амласан хуулийг хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байв (Сургаал ба Гэрээ 38:32-ыг үзнэ үү). Гэвч эхлээд Тэр Өөрийнх нь хуулийг хүлээн авахын тулд шавь нар нь хэрхэн бэлтгэх ёстойг заасан. Та Сургаал ба Гэрээ 41:1–6-р шүлгээс Бурханы хуулийг хүлээн авахад гэгээнтнүүдэд туслах ямар зарчмуудыг олж мэдсэн бэ? Эдгээр зарчим Түүнээс заавар хүлээн авахад танд хэрхэн тусалж болох вэ?
Их Эзэн намайг хайрладаг учраас надад зарлигуудыг өгсөн.
Гэгээнтнүүд Сургаал ба Гэрээ 42:1–72 дээрх илчлэлтийг бошиглогчийн хүлээн авч байсан хамгийн чухал илчлэлтүүдийн нэг гэж үзэж байв. Энэ нь нийтлэгдсэн анхны илчлэлтүүдийн нэг байсан. Олон жилийн турш гэгээнтнүүд үүнийг зүгээр л “хууль” хэмээн нэрлэж байв. Уг хэсэгт Их Эзэний бүх зарлиг, хууль ороогүй ч эдгээр зарчим шинээр сэргээгдсэн Сүмд яагаад чухал байсныг бодох нь зүйтэй. Эдгээр нь яагаад өнөө үед бидэнд чухал вэ?
42-р хэсэг нь харьцангуй урт тул та дараахтай адил байдлаар хэсэгчлэн судлах талаар бодож үз. Заасан зарчим нэг бүрийг тодорхойлж, эдгээр хууль нь хэрхэн Их Эзэний хүмүүсээ гэх Түүний хайрын тэмдэг болж байгааг бодож үз.
Яагаад Бурхан бидэнд хууль, зарлигуудыг өгдөг вэ? Та уг зарлигуудыг мэдсэнээрээ ямар ямар арга замаар адислагдаж байсан бэ?
“Ядуусыг сана.”
Уг хуулийн нэг хэсэг болгон Их Эзэн гэгээнтнүүдэд Христийн эртний дагалдагчдын адил хэрхэн “бүх зүйлийг нийтээр эзэмшин” (Үйлс 2:44; 4 Нифай 1:3), “тэдний дунд ядуус байхгүй” (Мосе 7:18) байсныг заасан. Сургаал ба Гэрээ 42:30–42 дээрээс та гэгээнтнүүд бүхнээ зориулах хуулийн дагуу хэрхэн амьдарч байсан талаар юу мэдэж авах вэ? (Бүхнээ зориулах гэдэг нь ариун зорилгын тулд аливааг хойш тавих гэсэн утгатай.)
Хэдийгээр өнөө үед бидний “бүх юм нь нийтийнх” биш хэдий ч ариун сүмд хожмын үеийн гэгээнтнүүд бүхнээ зориулах хуулиар амьдрахаар гэрээ байгуулдаг. Та санхүүгийн хувьд тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын тулд Бурханы танд өгсөн зүйлээр хэрхэн бүхнээ зориулж болох вэ?
Мөн Шэрон Юбанкийн “Тэрээр биднийг ашиглаасай хэмээн би залбирч байна” захиасыг 2021 оны 11-р сарын Лиахонагийн 53–56-р хуудаснаас үзнэ үү.
Христ, залуу баян захирагч хоёр, Хайнрих Хофманн
Сургаал ба Гэрээ 42:61, 65–68; 43:1–16
Бурхан Өөрийн Сүмийг мөн намайг удирдах илчлэлтийг өгдөг.
Та өөрийгөө Сүм илчлэлтээр удирдуулдгийг мэдсэндээ догдолж байгаа Сүмийн шинэ гишүүнтэй ярилцаж байгаагаар төсөөл. Та Сургаал ба Гэрээ 43:1–16-г ашиглан, түүнд Их Эзэн Өөрийн Сүмийг Өөрийн бошиглогчоор дамжуулан удирддаг загварын талаар олж мэдэхэд нь хэрхэн туслах вэ? Та Сургаал ба Гэрээ 42:61, 65–68-ыг ашиглан, хувийн илчлэлт авах талаар хэрхэн зааж болох вэ?
Та Их Эзэнээс Түүний Сүнсээр дамжуулан ямар “амар амгалангийн зүйлүүд” болон баяр хөөртэй зүйлүүдийг хүлээн авсан бэ?
Их Эзэн тантай ямар зарим арга замаар холбогддог талаар тайлбарласан видео бүтээх талаар бодож үз.
Мөн Рассэлл М.Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” захиасыг 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлийн 115–120-р хуудаснаас үзнэ үү.
Үзүүлэнт хичээлийг ашигла. Үзүүлэнт хичээл, үзүүлэн таниулах материал нь сайн мэдээний үнэнүүдийг илүү сайн ойлгож, илүү удаан санаж явахад хүмүүст туслах болно. Жишээлбэл: Та “илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг” (Сургаал ба Гэрээ 42:61) хүлээн авах талаар заахдаа хэсэг хэсгээр угсарсан эвлүүлдэг тоглоомыг ашиглаж болох юм.
Хүүхдүүдэд заах санаа
Шавь нь Бурханы хуулийг хүлээн авч, дуулгавартай дагадаг хүн юм.
-
Есүс Христийн шавь байх гэдэг нь ямар утгатай болохыг мэдэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд Сургаал ба Гэрээ 41:5-ыг шавь гэдэг үг байх газарт нь хоосон зай үлдээж цаасан дээр бичиж болно. Дараа нь тэд 5-р шүлгээс дутуу үгийг харж болно. Энэ шүлэгт өгүүлснээр Есүс Христийн шавь байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид Христийн илүү сайн шавь байхын тулд хэрхэн хичээж байгаа вэ?
Би Их Эзэнийг дуулгавартай дагахдаа аз жаргалтай байдаг.
-
Хүүхдүүдэд тань анхааралтай сонсож, зааварчилгааг дагахыг шаарддаг тоглоом тоглох нь зугаатай байж болох юм. Та энэ тоглоомыг ашиглан Их Эзэнийг “анхаарагтун мөн сонс мөн дуулгавартай дагагтун” гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилцаж болно (Сургаал ба Гэрээ 42:2). Тэр бидэнд ямар ямар зааварчилгаа өгсөн бэ? Бид Түүний хууль, зарлигуудыг дуулгавартай дагаснаар хэрхэн адислагддаг вэ?
-
Та хүүхдүүдтэйгээ хамтран энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж дуусгаж болно. Та мөн “Би сургаалын дагуу амьдармаар байна” (Хүүхдийн дууны ном, 72) гэх мэт Бурханы хуулиудыг дуулгавартай дагах тухай дууг дуулж болно. Бурханы хуулиудыг дагах нь танд хэрхэн аз жаргал авчирсныг бие биетэйгээ хуваалцахыг бод.
Би бусдад үйлчлэх үедээ Есүс Христэд үйлчилж байдаг.
-
Сургаал ба Гэрээ 42:38-ыг хамтдаа уншсаны дараа, бусдад үйлчлэхдээ Есүст үйлчилдэг арга замуудыг бодож олоход хүүхдүүддээ тусал. Тэд “Pass It On” (ChurchofJesusChrist.org) видеоноос зарим санааг авч болно. Тэд өвчтэй хүнийг эдгээж байгаа, хүүхдүүдэд энэрэнгүй хандаж байгаа зэрэг Аврагчийн бусдад тусалж буй зургуудыг харж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 42, 47-г үзнэ үү).
2:18Pass It On
-
Та хүүхдүүддээ Аравны нэг ба бусад өргөлийн хуудсыг үзүүлээд, үүнийг ашиглан бид байгаа зүйлээрээ бусдыг хэрхэн адисалдаг талаар ярилцаж болно.
Зөвхөн бошиглогч Сүмд зориулсан илчлэлтийг хүлээн авдаг.
-
Гэрчлэлийн цуглаан дээр нэг хүн босож зогсоод, Сүмд зориулан илчлэлт хүлээн авснаа тойргийнхонд хэлж байна гэж төсөөлөхөд хүүхдүүдийг урь (жишээ нь, бид цаашдаа лууван идэж болохгүй, эсвэл усаар биш сүүгээр гараа угаах ёстой зэрэг илчлэлт). Бид бошиглогчийн оронд түүний хэлэх зүйлсийг сонсох ёстой гэж тэр хэлэв. Үүнд буруу зүйл байна уу? Дараа нь та хамтдаа Сургаал ба Гэрээ 43:1–7-г судалж, Их Эзэн Өөрийн Сүмд зарлигуудыг хэрхэн өгдөг болохыг олж мэд.
-
Мөн та амьд бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний саяхан заасан ямар нэг зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол сүүлийн үеийн Ерөнхий чуулганы захиаснаас бичлэгээр үзүүлэх юм уу уншиж өг. Өнөө үед амьд бошиглогчтой байх нь яагаад адислал болдог вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.