“Санваарын адислал,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Санваарын адислал
Бурханы санваарын хүчийг амьдралдаа урих
Бидний хүн нэг бүрд нас, амьдралын үе шатаас үл хамааран Бурханы хайрыг санаж, бурханлаг удирдамжийг хүлээн авах зайлшгүй шаардлагатай үе байдаг. Тэнгэрлэг Эцэг маань чухал эх сурвалжуудаар дамжуулан хайр, мэргэн ухаан, хүч чадлаа бидэнтэй хуваалцдаг. Судрууд, амьд бошиглогчдын үгс, патриархын адислал, Ариун Сүнсний нөхөрлөл зэрэг нь Бурханаас хувийн удирдамж, тусламж хүлээн авах зарим арга зам юм.
Бидний хэрэгцээнд тохируулан Бурханы тохинуулж байгааг мэдрэх өөр нэг арга зам бол санваарын адислал хүлээн авах явдал юм. Бид тодорхой бус байдал, өвчин эмгэгт өртсөн эсвэл сүнслэг байдлын хувьд нэмэлт тусламж хүссэн үедээ санваарын онцгой адислал авахаар хүсэлт гаргаж болно. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Санваарыг бидэнд өгөх болсон зорилго бол Их Эзэний өмнөөс, Түүний нэрээр хүмүүсийг адислах боломж олгох явдал юм” гэж заасан. Гар тавилтаар адислалуудыг гүйцэтгэх нь бүх түүхийн туршид Мелкизедек санваартнуудын дагаж мөрдөж ирсэн загвар билээ (Эхлэл 48:14–15; Үйлс 8:14-17; Алма 6:1-ийг үзнэ үү).
Санваарын адислал гэж юу вэ?
Санваарын адислал гэдэг нь томилогдсон Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа тавьж, (Тооллого 27:18; Еврей 6:1–2; Мормон 9:24-ийг үзнэ үү) Сүнсний удирдамжийн дагуу зөвлөгөө, тайтгарал, эдгэрэлтийн үгсийг хэлдэг ёслол юм. Эдгээр адислал Бурханы хүсэл, Есүс Христэд итгэх тухайн хүний итгэлийн дагуу ирдэг. Санваарын адислалыг ихэвчлэн гэр бүлийн гишүүн, тохинуулж буй ах эсвэл орон нутгийн Сүмийн удирдагч өгдөг ч ямар ч томилогдсон Мелкизедек санваартан өгч болно. Гар тавилтаар өгөгдсөн санваарын адислал бол Бурхан сүнслэг өдөөлт, тайтгарал, тэр ч байтугай эдгээх хүчээ бидний амьдралд өгдөг чухал арга зам юм.
Сэдвийн тойм: Гар тавилт, Санваарын адислал
Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Мелкизедек санваар, Гэрээнүүд ба ёслолууд, Гайхамшгууд
1-р хэсэг
Санваартнууд бусдыг адислахдаа Есүс Христийн үлгэр жишээг дагадаг
Есүс Христ тусламж хэрэгтэй хүмүүст гайхалтай тэнгэрлэг хүчээр тохинуулсан (жишээлбэл: Maтай 4:23–24; 3 Нифай 17:6–9-ийг үзнэ үү). Шинэ Гэрээний үед Тэрээр бусдыг өршөөлөөр (Лук 7:47–50-ийг үзнэ үү), амар амгалан ба хамгаалалтаар (Maрк 4:38–39-ийг үзнэ үү), эдгээлтээр адисалсан (Иохан 9:1–7-г үзнэ үү). Мөн Тэрээр хүмүүстэй удаан хамт байхгүйгээ мэдэж байсан тул бусдыг адислах эрх мэдлийг арван хоёр шавьдаа өгчээ (Maтай 10:1, 8; Моронай 2:1–3-ыг үзнэ үү).
Өнөө үед зохистой Мелкизедек санваартнууд бусдыг адислахын тулд мөн адил эрх мэдлийг ашигладаг. Гар тавилтаар санваартнууд Сүнснээс хүлээн авсан мэдрэмж, сүнслэг өдөөлтийн дагуу адислал өгдөг (2 Нифай 4:12-ыг үзнэ үү). Санваарын адислалыг ихэвчлэн тусламж хэрэгтэй хүний хүсэлтээр өгдөг. Амар амгалан, тайтгарал, эдгэрэлт, зөвлөгөө өгөхийн тулд адислал өгч болно. Заримдаа санваарын адислал нь хүүхдүүдэд нэр өгч адислах, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах гишүүний баталгаа, санваарын томилгоо зэрэг санваарын ёслолыг дагалддаг.
Гар тавилтаар адислал өгөх Мелкизедек санваартнууд бусдад тохинуулах ажилд Есүс Христийн төлөөлөгчид болдог. Зөв шударга зарчмуудаар амьдарч, наманчлал болон Түүний зарлигуудад дуулгавартай байснаар Бурханд ойртдог хүмүүст санваарын хүч амлагдсан байдаг (Сургаал ба Гэрээнүүд 121:36-г үзнэ үү).
Бодох зүйлс
-
Мелкизедек санваартан хэн нэгэнд адислал өгөхдөө Их Эзэний нэрээр мөн Түүний хүчээр үйлддэг. Сургаал ба Гэрээнүүд 36:2-ыг уншаад, энэ шүлэг дээрх Аврагчийн үгсийн утгад анхаарал хандуул. Дараа нь ерөнхийлөгч Харолд Б.Лийгийн дараах мэдэгдлийг унш.
“Энд [Сургаал ба Гэрээнүүд 36:2 дахь] Их Эзэн эрх мэдэл олгогдсон үйлчлэгчдийнх нь нэг адислал хүлээн авах нэгний толгой дээр гараа тавихад тэр өөрөө уг ёслолыг гүйцэтгэхийн тулд үйлчлэгчидтэйгээ хамт гараа тавьж байгаатай адил гэж хэлж байна. Тиймээс тэрээр эрх мэдлийн түлхүүрүүдийг үйлчлүүлэгчдээрээ дамжуулан хүчээ хэрхэн хүмүүний дунд үзүүлдгийг бид ойлгож эхэлдэг.”
Судрын энэ хэсэг санваарын адислалуудын талаарх таны үзэл бодолд хэрхэн нөлөөлж байна вэ? Та санваарын адислал хүлээн авч, өгч байхдаа Сүнстэй холбоотой ямар туршлагуудыг мэдэрч байсан бэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Бид санваарын адислалуудыг Мелкизедек санваар атгадаг эрэгтэйчүүдтэй холбож үзэх хандлагатай байж болох ч санваарын хүч нь зөвхөн Есүс Христээр дамжин ирдэг гэдгийг санах нь чухал. Сургаал ба Гэрээнүүд 121:36–37, 41–46-г бүлгээрээ унш. Та эдгээр шүлгээс илүү агуу сүнслэг хүч хүлээн авахыг хүсдэг хэн нэгнээс Бурхан юу хүсдэг талаар юу мэдэж авсан бэ? Бид амьдралдаа эдгээр шинж чанарыг хэрхэн илүү сайн хөгжүүлж болох вэ?
-
“Sanctify Yourselves” (4:37) видеог бүлгээрээ үзнэ үү. Видеог үзэж эхлэхийн өмнө, үзэж байхдаа дүрсэлсэн нөхцөл байдалд өөрсдийгөө байгаагаар төсөөлөхийг бүлгийн гишүүдээс хүс. Видеог үзсэний дараа бүлгийн гишүүдийг санал бодлоо хуваалцахад урь. Тэнгэрийн хүч хэрэгтэй байгаа хэн нэгэнд цэвэр байхыг эрэлхийлэх нь яагаад чухал вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Эхлэл 48:14–15; Үйлс 6:5–6; 3 Нифай 17:18–24; Сургаал ба Гэрээнүүд 20:70
-
“Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 18-р бүлэг, Gospel Library
-
Julie B. Beck, “An Outpouring of Blessings,” Liahona, May 2006, 11–13
-
“Sanctify Yourselves” (video), Gospel Library
2-р хэсэг
Өвдсөнийг эдгээх санваарын адислалууд
Есүс Христ дэлхий дээр амьдарч байхдаа Бурханы хүүхдүүдэд олон чухал арга замаар тохинуулсан. Тэрээр өвчтэй хүмүүсийн зовлонг нимгэлж, тэднийг эдгээхдээ зовж шаналснаар төгс хайраа харуулсан юм (Maтай 8:16–17; Мозая 3:5–6-г үзнэ үү). Тэрээр шавь нартаа урагшлан явж, өвчтөнийг эдгээж байхыг зааварласан (Maтай 10:1). Өвчтэй хүмүүсийг эдгээхийн тулд гар тавих энэхүү загварыг эртний Есүс Христийн Сүмд дагаж байсныг Шинэ Гэрээ харуулдаг (Үйлс 3:1–8; 9:12, 17; 28:8; Иаков 5:14–15-ыг үзнэ үү). Өнөө үеийн Мелкизедек санваартнууд өвчтэй хүмүүсийг ариулан адисалж, гар тавилтаар адислахдаа дээрх загварыг дагадаг (Сургаал ба Гэрээнүүд 42:43–44; 66:9-ийг үзнэ үү).
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидэнд ийн сануулсан. “Бид Бурханы санваарын жинхэнэ хүчийг ашиглах үедээ итгэлийн залбирлыг сонсож, хариулдаг гэсэн Түүний амлалтыг санан, санваартны итгэл, эдгээх хүчийг Түүний хүслийн эсрэг хэрэглэж болохгүй гэдгийг үргэлж санах ёстой. Санваар бол Түүнийх юм. Энэ зарчмыг өвчтөн дээр гар тавихад Сүмийн ахлагчдад удирдамж өгсөн илчлэлд заасан байдаг. Надад ‘эдгэрэх итгэлтэй мөн үхэлд оноогдоогүй тэр нь эдгэрэх болно’ (С ба Г 42:48; тодотгол нэмсэн) хэмээн Их Эзэн амласан билээ.”
Бодох зүйлс
-
Та өөртөө болон бусдад эдгээх адислалыг эрэлхийлэхдээ өөрийгөө хэрхэн сүнслэг байдлын хувьд бэлтгэж чадах вэ? Энэ асуултыг бодож үзэхдээ Иаков 5:15; Иаков 3:1; Алма 15:10–11; мөн Ифер 12:12-ыг унш. “Итгэлийн залбирал” гэх хэллэг таны хувьд юу гэсэн үг вэ? Эдгээр судрын хэсэгт өөр ямар ямар чухал зарчим байна вэ?
-
Бурханы таалалд итгэлтэй байх нь аливаа залбирал болон санваарын адислалын чухал хэсэг юм. Moзая 4:9-ийг унш. Хаан Бенжамины энэ судрын хэсэгт заасан зарчим Бурханы тааллыг илүү сайн хүлээн авахаар бэлтгэхэд танд хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Хэн нэгэн өвчтэй болсон үед бид түүний зовлонг нимгэлэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг. Санваарын адислал болон эмнэлгийн тусламж үйлчилгээ аль аль нь чухал юм. Бүлгийнхээ гишүүдийг ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншихад урь.
“Би анагаах ухаанаар, итгэлийн залбирлаар, түүнчлэн санваарын адислалуудаар өвчтөнийг эдгээх талаар үг хэлэхийг хүсэж байна. … Мэдээжийн хэрэг, бид итгэлээр залбирахаасаа эсвэл эдгээх санваарын адислалыг өгөхөөсөө өмнө анагаах ухааны бусад бүх аргыг хэрэглэсэн байх ёстой биш л дээ. Яаралтай үед залбирал, адислалыг эхэнд тавьдаг. Бид бүх талын хүчин чармайлтаа нэгэн зэрэг гаргадаг.”
Итгэлийн залбирал мөн санваарын адислалуудын залбирлаа эрүүл мэндийн тусламжтай хослуулах нь яагаад чухал вэ?
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Хаад 17:8–24; Матай 8:5–13; Марк 5:25–34
-
Даллин Х.Өүкс, “Өвчтөнийг эдгээх нь,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55–59
-
Доналд Л.Холлстром, “Гайхамшгуудын өдөр байхаа больсон гэж үү?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84–86
-
“Why Are People Anointed with Oil When They Receive a Priesthood Blessing?,” Liahona, Mar. 2010, 44–45
-
Church History Topics, “Healing,” Gospel Library
Санваарын адислалын талаарх бусад эх сурвалж
-
Судар
-
Дуулал болон хүүхдийн дуу
-
Хүүхдүүдэд зориулсан эх сурвалж