Ирээд, Намайг дага
6-р сарын 15–21. “Энэ тулалдаан Эзэнийх”: 1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7


“6-р сарын 15–21. ‘Энэ тулалдаан Эзэнийх’: 1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“6-р сарын 15–21. ‘Энэ тулалдаан Эзэнийх,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Давид дүүгүүр барьж байгаа нь

Давид ба Голиат, Стийв Нэтэркотт

6-р сарын 15–21: “Энэ тулалдаан Эзэнийх”

1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7

Израилын овгийнхныг амлагдсан нутагт суурьшиж эхэлсэн цагаас хойш филистчууд тэдний амар амгалан байдалд тасралтгүй заналхийлсээр байв. Их Эзэн тэднийг өмнө нь олон удаа чөлөөлж байсан ч Израилын ахлагчид яг одоо “Бидний дээр хаан бай[ж] …, бидний тэргүүнд явж дайн тулаанд маань тулалдах болтугай” (1 Самуел 8:19–20) хэмээн шаардах болжээ. Тиймээс Саул хаан байхаар тослогдов. Ийм байтал аварга том сүрдмээр Голиат Израилын их цэргийг тулаанд дуудахад Саул болон цэргүүд нь бүгд “ихэд айв” (1 Самуел 17:11). Тэр өдөр Израилыг хаан Саул биш, харин ямар ч хуяг дуулга өмсөөгүй ч Их Эзэнд итгэх бат бөх итгэлээр хуягласан Давид нэртэй жирийн нэгэн хоньчин хүү аварсан юм. Энэ тулаан нь Израил руу болон сүнслэг тулаанд орох гэж байгаа хүн бүрд “Эзэн илд, жад хэрэглэлгүй авар[даг]” бөгөөд “Энэ тулалдаан Эзэнийх” (1 Самуел 17:47) гэдгийг баталсан юм.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

1 Самуел 17

семинарын дүрс зураг
Би Их Эзэний тусламжтайгаар ямар ч саад бэрхшээлийг даван гарч чадна.

Давид, Голиат хоёрын түүх бол судруудын хамгийн алдартай түүхүүдийн нэг юм. Бид мэдээж Давид дээр л голлон анхаардаг. Гэвч энэ удаа та 1 Самуел 17-г судлахдаа энэ бүлэг дээрх бусад хүний хэлсэн үгийг тунгаан бодоорой (доорх жагсаалтыг үзнэ үү). Та тэдний болон тэдний сэдлүүдийн талаар юу мэдэж авсан вэ? Давидын талаар та нар юу сурч мэдсэн бэ? Юугаараа ялгаатай байна вэ?

  • Голиат: 8–10, 43–44-р шүлэг

  • Елиаб: 28-р шүлэг

  • Саул: 33-р шүлэг

  • Давид: 26, 32, 34–37, 39, 45–47-р шүлэг

Таны түүх Давидынх шиг алдартай биш ч Голиатын дайтай даван туулах сорилтуудыг, мөн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх боломжуудыг багтаасан л байгаа. Өөрийн түүхэн дэх сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулах талаар Давидын жишээ танд юу зааж байна вэ? Та бас ерөнхийлөгч Камилл Н.Жонсоны “Түүхээ бичихдээ Христийг урь” (Лиахона, 2021 оны 11-р сар) захиасыг уншингаа нэг сорилт бэрхшээлээ бодож болно. Дараахтай адил асуултуудад хариул: Их Эзэн намайг сорилт бэрхшээлүүдээ хэрхэн хараасай гэж хүсдэг вэ? Тэр өмнө нь надад хэрхэн тусалсан бэ? Би түүхээ бичихдээ Түүнд итгэдгээ хэрхэн харуулж чадах вэ?

Та нар Давидын түүхийн төгсгөлд хэдэн эмгэнэлт бүлэг байдгийг аль хэдийн мэдэх байх (жишээ болгож, 2 Самуел 11-ийг үзнэ үү). Давидыг Голиаттай тулалдсаны дараа түүнд зөвлөгөө өгөх боломж гарсан бол та юу гэж хэлэх байсан бэ? Энэ зөвлөгөө таны амьдралд ямар хамаатай вэ?

Мөн Gospel Library дахь “The Lord Will Deliver Me” видеог үзнэ үү.

3:24

The Lord Will Deliver Me

1 Самуел 17:26–50

Христэд итгэдэг ганц хүн ч өөрчлөлт гаргаж чадна.

Бид хувийн сорилт бэрхшээлээс гадна бүх дэлхийд нөлөөлөх томоохон, адармаатай асуудлуудтай тулгардаг. Хилэнцийн хүч сайны хүчний эсрэг байлдахаар “хамтдаа цуглахад” (1 Самуел 17:1) бидний хичээл зүтгэл ямар өөрчлөлт гаргаж болох бол гэж бид гайхаж болох юм. Та Давидын түүхээс танд найдвар төрүүлсэн юуг олж мэдсэн бэ?

Мөн “Тэмүүлж урагшилцгаая” дууллыг Дуулал номын х.127-оос үзнэ үү.

Ионатан, Давид хоёр

Жинхэнэ нөхөрлөл ба өөрийгөө хүндлэх хүндлэл, Вилсон Онг (дэлгэрэнгүй)

1 Самуел 18

“Давидыг Ионатан амь шигээ хайрлалаа.”

Та 1 Самуел 18-ыг уншихдаа Саул, түүний хүү Ионатан (хэрэв Давид болоогүй байсан бол дараагийн хаан болж магадгүй байсан) хоёрыг харьцуулж үзээрэй. Саул, Ионатан хоёр Давидын амжилтад яаж хандсан бэ? Та энэ туршлагаас юу ойлгож авч болох вэ?

Та Ионатаны хандлага болон үйлдлүүдээс Есүс Христийг санагдуулсан юуг олж харсан бэ?

“Судруудыг адилтга” (1 Нифай 19:23). Судрууд нь Давид, Ионатан, Саул зэрэг хүмүүсийн сэдэл болон үйлдлүүдээс суралцах гайхалтай боломжуудыг олгодог. Судруудаас та хэн ч өө сэвгүй байдаггүйг олж мэдэх болно. Жишээлбэл: Давидын итгэлтэй сонголтуудын талаар уншихдаа түүний алдаануудаас ч мөн сургамж авцгаая. Энэ нь бидэнд өөрсдийнхөө сул талуудыг олж мэдэхэд мөн “[бусдын] байснаас илүү ухаалаг байхад суралцахад” (Мормон 9:31) тусалж чадна.

1 Самуел 24–26

Уучлал бол амар амгалан, эдгэрлийн баттай зам мөн.

1 Самуел 24–26-аас бардамнал, уучлал, биеэ хянах талаар сургамжуудыг хайж ол. Та мөн суралцахдаа ахлагч Марк А.Браггийн “Христтэй адил буурь суурьтай байх” (Лиахона, 2023 оны 5-р сар) захиасыг унших талаар бодож болно. Эдгээр бүлэгт Давид, Абигаил болон бусад хүн Христтэй адил буурь суурийг хэрхэн харуулсан эсвэл харуулж чадаагүй вэ? Христтэй адил буурь суурийг харуулах ямар боломжууд байдаг вэ?

Кристин М.Еийгийн “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам” (Лиахона, 2022 оны 11-р сар, 36–39) захиас 1 Самуел 25-ыг судлахад тань тусална. Абигаил хэрхэн Есүс Христтэй адилхан байна бэ?

2 Самуел 5:17–25

Их Эзэн надад удирдамж заавар өгч чадна.

Давид Голиатыг ялсны дараа ч филистчүүдийн асуудлууд дуусаагүй. 2 Самуел 5:17–25-ыг уншиж байхдаа Давидын үлгэр жишээ тулгарч буй сорилт бэрхшээлд тань хэрхэн тусалж болох талаар эргэцүүлэн бодно уу (мөн 1 Самуел 23:2, 10–11; 30:8; 2 Самуел 2:1-ийг үзнэ үү). Та хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр хэрхэн адислагдсан бэ?

2 Самуел 7

Их Эзэний Давидад амласан тэр “өргөө” юу байсан бэ?

Давидыг Их Эзэнд зориулан өргөө буюу ариун сүм барихыг санал болгоход (2 Самуел 7:1–3-ыг үзнэ үү) Их Эзэн Давидын үр барина хэмээн хариулжээ (12–15-р шүлгийг мөн 1 Шастир 17:1–15-ыг үзнэ үү). Их Эзэн мөн үүний хариуд Давидад “өргөө” барьж өгөх буюу үр удмыг нь үлдээнэ мөн хаан ширээ нь мөнхөд үргэлжлэх болно хэмээн хэлсэн (2 Самуел 7:11, 16, 25–29; Дуулал 89:3–4, 35–37-г үзнэ үү). Энэхүү амлалт Давидын удам байсан бидний Мөнхийн Хаан Есүс Христээр дамжин гүйцэлдсэн юм (Матай 1:1; Лук 1:32–33; Иохан 18:33–37-г үзнэ үү).

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

1 Самуел 17:20–54

Есүс Христэд итгэх итгэл намайг зоригтой байхад тусалж чадна.

  • Хүүхдүүддээ 1 Самуел 17:20–54 дээр юу тохиолдсоныг ойлгоход нь туслахын тулд Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Давид, Голиат хоёр” (112–116)-ыг ашиглаж болно. Дараа нь та тэдэнд энэ тоймын зургуудыг эсвэл зураасан зургуудыг ашиглаад түүхийг дахин ярьж өгөх боломжийг олгож болно. Их Эзэн тэднийг энэ түүхээс юу сураасай гэж хүсэж байгааг тэднээс асуу.

    2:36

    David and Goliath

  • Та болон танай хүүхдүүд бас амьдралдаа тулгарч болох зарим хэцүү сорилтыг жагсааж бичиж болно. Давид эдгээр сорилтыг даван туулахад тэдэнд юу тусалж чадна гэснийг олж мэдэхэд нь тусал (1 Самуел 17:26, 32, 34–37, 45–47-г үзнэ үү). Есүс Христ сорилт бэрхшээлтэй үед тань хэрхэн тусалж байсныг хуваалц.

  • Танай хүүхдүүд “Би зоригтой байна” (Хүүхдийн дууны ном, х.85) зэрэг зоригтой байх тухай дууг дуулахдаа Голиаттай тулалдахаар явж буй Давид шиг алхаж болно.

1 Самуел 18:1–4

Сайн найзууд Бурханы адислал болж чадна.

  • Та хүүхдүүддээ Ионатан, Давид хоёрын нөхөрлөлөөс сурч мэдэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Нэг арга бол хүүхэд бүрд нэг нь Давидыг, нөгөө нь Ионатаныг төлөөлөх хоёр цаасан зүрх өгч болох юм. Дараа нь 1 Самуел 18:1–4-өөс энэ хоёр найзын бие биенээ хайрладаг байсан хайрыг харуулсан хэдэн хэллэгийг хамтдаа унш. Дараа нь хүүхдүүд тань найздаа хэрхэн хайраа үзүүлж болохоо цаасан дээрээ бичиж эсвэл зурж болно.

2 Самуел 5:19, 23

Хэрэв надад удирдамж хэрэгтэй бол би Тэнгэрлэг Эцэгээс асууж чадна.

  • Энэ хэдэн бүлэгт Давид Израилын хаан болсон. Хүүхдүүдэд хаан юм уу хатны дүр эсгэх нь хөгжилтэй байж болох юм. Тэд ямар хууль гаргаж болох вэ? Тэд хаанаас тусламж хүсэж болох вэ? Давид тусламж хэрэгтэй үедээ хариулт авахын тулд “лавлан асуусан” эсвэл залбирсан гэдгийг олж мэдэхэд нь хүүхдүүдэд тусал. Жишээлбэл: Та 2 Самуел 5:19, 23-ыг уншихдаа, хүүхдүүдийг “лавлан асуух” гэдэг үгийг олж сонсохыг, энэ үгийг сонсохдоо гараа энгэртээ авахыг урь. Давид шинэ үүрэгтээ яагаад Их Эзэний тусламжийг авах хэрэгтэй байсан бэ?

  • Та тусламж гуйн Тэнгэрлэг Эцэгт залбирсан үеийнхээ талаар нэг нэгэндээ ярьж өг. Түүний тусламж ямар өөрчлөлт гаргасан бэ?

залбирч буй охин

2 Самуел 7:16–17

Есүс Христ бол миний Мөнхийн Хаан.

  • Бидний Хуучин Гэрээн дээрээс уншдаг хаад бүгдээрээ сул талтай бөгөөд тэдний хаант улс бүгд сөнөсөн. Харин Есүс Христ бол төгс Хаан бөгөөд мөнхөд хаанчлах болно. Та нар 2 Самуел 7:16–17-д эш үзүүлэгч Натан Давид хаанд юу гэж хэлснийг хамтдаа уншсанаар үүнийг олж мэдэхэд нь хүүхдүүддээ тусалж чадна. Давидын хаанчлал хэрхэн төгсөхгүй байж болох вэ? Давидын удам Есүс Христ бол бидний Хаан гэдгийг заадаг судрын хэсгийг Лук 1:32–33; Иохан 18:33–37; Илчлэл 19:16 зэрэг судруудаас олж уншихад хүүхдүүддээ тусал. Есүс дэлхийн хаадаас юугаараа ялгаатай вэ? Бид Есүс Христийг хэрхэн Мөнхийн Хаанаар хүндэтгэн үздэг вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Давид, Голиат хоёр

Давидын зураг, Диллин Марш

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Есүс Христэд итгэх нь надад зоригтой байхад тусалж чадна