“12-р сарын 1–7: ‘Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл’: Сургаал ба Гэрээ 137–138,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 137–138,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Христ Сүнсний дэлхийд номлож байгаа нь зургийн хэсгээс, Робэрт Т.Баррэтт
12-р сарын 1–7: “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл”
Сургаал ба Гэрээ 137–138
Сургаал ба Гэрээ 137, 138-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг 2400 км-ын зайтай хоёр өөр газарт, хоорондоо 80 гаруй жилийн зайтай хүлээн авчээ. 1836 онд Көртландын ариун сүмд бошиглогч Иосеф Смит 137-р хэсгийг хүлээн авсан бол 138-р хэсгийг Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч Жозеф Ф.Смит 1918 онд Солт Лэйк Ситид хүлээн авчээ. Гэвч энэ хоёр үзэгдэл сургаалын хувьд уялдаа холбоотой. Энэ хоёр хэсэг нь хоёулаа Бурханы бошиглогчид зэрэг олон хүний асуудаг үхлийн дараах амьдралын тухай асуултад хариулдаг. Иосеф баптисм хүртэхээсээ өмнө нас барсан ах Алвиныхаа хувь заяаны талаар бодож байсан. Эцэг эх болон цаг бусаар 13 хүүхдээ алдсан Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн талаар байнга бодож, тэнд сайн мэдээ номлогддог эсэх талаар сонирхож байв.
137-р хэсэг Бурханы хүүхдүүдийн хувь заяаны тухай анхдагч гялбааг тусгадаг бол 138-р хэсэг хөшгийг илүү өргөн нээж өгдөг. Хоёр илчлэлт хамтдаа “Эцэг, Хүү хоёроор илэрхийлэгдсэн тэрхүү агуу хийгээд гайхамшигт хайрын талаар гэрчилдэг” (Сургаал ба Гэрээ 138:3).
Гэр орон болон сүмд суралцахад зориулсан санаа
Сургаал ба Гэрээ 137; 138:30–37, 57–60
Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд мөнх амьдралыг сонгох боломж олдох болно.
Бурхан баптисмын эрх мэдлийг сэргээхээс зургаан жилийн өмнө бошиглогч Иосефын хайрт ах Алвин Смит өөд болжээ. 1836 онд Христийн шашинтнуудын дунд хэрэв хэн нэгэн баптисм хүртэлгүй нас барвал тэнгэр лүү очиж чадахгүй хэмээх ойлголт түгээмэл байв. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 137 дахь илчлэлтийг хүлээж авах хүртлээ Алвины мөнхийн авралын талаар олон жил бодсон аж.
Өнөөдөр олон хүнд үүнтэй ижил асуулт байдаг. Ёслол, гэрээнүүдийг хүлээн авах ямар ч боломжгүй маш олон хүн байхад яагаад Бурхан тэдгээрийг шаарддаг вэ? Үүнийг гайхдаг хүмүүст та юу хэлж болох вэ? Та тэднийг хэрхэн Бурханд итгэдэг болгож, авралд тавигдах Бурханы шаардлагуудыг гүйцэлдүүлэх вэ? 137-р хэсэг болон 138:30–37, 57–60 дээрээс тэдэнтэй хуваалцаж болох үнэнүүдийг хайж ол. Мөн та “The Glorious Gospel Light Has Shone” (Hymns, no. 283) дуулалд мөн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бурханы гэр бүлийг цуглуулах нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19–22) захиасанд өгүүлэх үнэнүүдийг хайж олж болно.
Судалж, тунгаан бодож байхдаа дараах өгүүлбэрүүдийг гүйцээх маягаар санаа бодлоо тэмдэглэж болох юм.
-
Эдгээр илчлэлт байгаа учир би Тэнгэрлэг Эцэг гэдгийг мэднэ.
-
Эдгээр илчлэлт байгаа учир би Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө гэдгийг мэднэ.
-
Эдгээр илчлэлт байгаа учир би хүсэж байна.
Мөн Гэгээнтнүүд номын 1:232–235-ыг үзнэ үү.
Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30
Судруудыг уншиж, тунгаан бодох нь намайг илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг.
Заримдаа илчлэлт биднийг эрэлхийлээгүй үед ч ирдэг. Гэвч ихэнхдээ бид хичээнгүйлэн эрж, бэлтгэсэн учраас ирдэг. Та Сургаал ба Гэрээ 138:1–11, 25–30-ийг уншихдаа ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийг “ойлголтын[х нь] мэлмий нээгдэх” үед юу тунгааж байсныг анзаар. Түүнчлэн та түүний энэхүү туршлагыг 1 Нифай 11:1–6; Иосеф Смит—Түүх 1:12–19-тэй харьцуулж болно. Дараа нь та ерөнхийлөгч Смитийн үлгэр жишээг хэрхэн дагах талаар эргэцүүлэн бод. Жишээ нь: Та хувийн илчлэлтийг илүү олон удаа хүлээн авахын тулд судар судлах өөрийн дадалд ямар өөрчлөлт оруулах сүнслэг өдөөлтийг мэдэрч байна вэ?
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган) хэмээх захиасандаа энэ илчлэлтийг хүлээн авахын тулд ерөнхийлөгч Смитийн бэлтгэсэн бусад арга замыг зөвлөжээ. Та түүний туршлагаас юу сурч мэдэж болох вэ? Их Эзэн таныг одоо туулж буй туршлагад тань хэрхэн бэлтгэсэн мөн ирээдүйн туршлагад хэрхэн бэлдэж байж болох талаар эргэцүүлэн бод.
Мөн Гэгээнтнүүд номын 3:202–205-ыг болон “Ministry of Joseph F. Smith: A Vision of the Redemption of the Dead” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.
Ministry of Joseph F. Smith: A Vision of the Redemption of the Dead
Жозеф Ф.Смит, Албэрт Салзбрэннэр
Сүнсийг урь. “Сайн мэдээнээс суралцах сүнслэг орчныг бий болгоход хувь нэмэр оруулдаг юуг та ажигласан бэ? Үүнд юу саад учруулдаг вэ?” (Аврагчийн арга барилаар заах нь, 18). Та Сургаал ба Гэрээ 138:1–11-ээс ерөнхийлөгч Жозеф Ф.Смитийн туршлагын талаар судлахдаа өөртөө болон хэрэв та багш бол зааж буй хүмүүстээ хэрхэн тунгаан бодож, сүнслэг өдөөлтийг урьж болох талаар эргэцүүлэн бод.
Аврагчийн ажил хөшигний нөгөө талд үргэлжилсээр байгаа.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид бүхний дэлхийнхэнд өгч буй захиас энгийн бөгөөд чин сэтгэлийнх билээ. Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг хүлээн авч, үүрдийн аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авах эрхтэй болоход урих явдал юм” гэж заасан (“Хамтдаа үргэлжлүүлцгээе,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган). Сургаал ба Гэрээ 138:25–60-ыг уншихдаа та энэ мэдэгдлийг тунгаан бод. Та дараах асуултуудын талаар тунгаан бодож болно.
-
Аврагчийн ажил сүнсний дэлхийд хэрхэн гүйцэлдэж байгаа талаар та эдгээр шүлгээс юу олж мэдсэн бэ? Энэ ажил тохиож байгаа гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?
-
Сүнсний дэлхий дэх Их Эзэний элч нарын талаар таныг гайхшируулж буй зүйлс юу байна вэ?
-
Энэ илчлэлт Бурханы гэтэлгэлийн төлөвлөгөөнд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Хэрэв та сүнсний дэлхийн талаар илүү их зүйл мэдэхийг хүсвэл ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Их Эзэнд итгэ” (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган) хэмээх захиасыг үзнэ үү.
Түүнчлэн “Susa Young Gates and the Vision of the Redemption of the Dead” in Revelations in Context-ийг х. 315–322-оос; “A Visit from Father” (видео)-г Gospel Library-аас үзнэ үү.
A Visit from Father
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заахад зориулсан санаа
Сургаал ба Гэрээ 137:5–10; 138:18–35
Бурханы бүх хүүхдэд сайн мэдээг сонсох боломж тохиох болно.
-
Иосеф Смитийн хувьд гэр бүлийнхээ хэд хэдэн гишүүнийг селестиел хаант улсад харах нь ямар утга учиртай байсныг мэдэхийн тулд хүүхдүүд “Ministry of Joseph Smith: Temples” (Gospel Library) видеог үзэж эсвэл та Сургаал ба Гэрээний түүхүүд номын х. 152–153 (эсвэл Gospel Library дахь холбогдох видео)-ыг хуваалцаж болно. Та баптисм хүртэх боломжгүйгээр нас барсан хэн нэгний талаар ярилцаж болно. Сургаал ба Гэрээ 137:5–10 бидэнд тэр хүний талаар юу зааж байна вэ?
2:20Ministry of Joseph Smith: Temples
2:17Chapter 39: The Kirtland Temple Is Dedicated: January–March 1836
-
Тэдэнд Аврагчийн бунхны зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 58 эсвэл Библийн гэрэл зургууд, д. 14) болон Есүсийн бие бунханд байх үед Сүнс нь хаашаа явсныг заахын тулд энэ тоймын төгсгөлд байгаа зургийг ашигла. Дараа нь та Сургаал ба Гэрээ 138:18–19, 23–24, 27–30-ийг хамтдаа уншаад, Есүс тэнд байхдаа юу хийсэн талаар олж мэд. Тэр хэн дээр зочилсон бэ? Тэр тэднээс юу хийхийг хүссэн бэ? Тэр яагаад үүнийг хийсэн бэ?
-
Мөн та энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан хүүхдүүдэд хөшигний энэ талд номлогчид юу заадаг (жишээ болгон Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү) болон сүнсний дэлхийд юу заадаг (Сургаал ба Гэрээ 138:33) талаар харьцуулж үзэхэд тусалж болно. Энэ шүлгүүдэд юу нь адил, юу нь өөр байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн болон Түүний төлөвлөгөөний талаар бидэнд юу зааж байна вэ?
Судруудыг тунгаан бодох нь Ариун Сүнсийг урьдаг.
Судруудыг тунгаан бодох үед Ариун Сүнс надад тэдгээрийг ойлгоход тусалдаг.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 138:1–11-ийг уншихдаа тэднийг өөрсдийгөө ерөнхийлөгч Жозеф Ф.Смит гэж төсөөлөн, 6, 11-р шүлэг дээр гарах үгсийн дагуу үйлдэхэд урь. Та ерөнхийлөгч Смитийн зургийг үзүүлэн (энэ тоймд байгаа), түүнийг Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч байсныг тайлбарлан хэл. Мөн та судрын ямар нэг зүйлийг тунгаан бодох үед Ариун Сүнс ойлгоход тань хэрхэн тусалсан талаар хүүхдүүдэд ярьж өгч болно.
-
Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг судраас судлах тухай дууг хамтдаа дуул. Судруудыг ойлгохын тулд бидний хийх зүйлийн талаар энэ дуунд юу өгүүлсэн байна вэ?
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.