СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Насан туршийн Есүс Христийн шавь


34:34

Насан туршийн Есүс Христийн шавь

Шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулганы онцгой цугларалт, 2025 оны 6-р сарын 12

Оршил: Сүм насан туршийн шавь болохыг чухалчилж байна

Би та нартай хамт байгаадаа баяртай байна. Сайхан нээлтийн залбирал хэлсэн Гэй (Стратэрн), төгөлдөр хуураар үргэлж гоё хөгжим тоглож өгдөг Эллэн Аматанжэло эгч, дуу удирдсан Кэвин Өвиатт ах, энэ гайхалтай найрал дууныханд баярлалаа. Би та бүгдийн оролцоонд талархаж байна.

Энэ чуулганыг олон хэл дээр орчуулж байгаа гэж сонсоод нэг хөгжилтэй түүх ярихгүй өнгөрч чадахгүй нь. Яг одоо орчуулахад хэцүү байж магадгүй учраас дараа нийтлэгдэхээр нь хараарай. Олон жилийн өмнө намайг Аризонагийн Тэмпид явж байхад нэг гадасны чуулганыг испани хэл рүү орчуулж байсан юм. Орчуулагч нь өөр өрөөнд чихэвч зүүгээд орчуулж байсан байх. Тэр индэр дээр нэг бичиг үлдээсэн байсан. Босож очоод хартал: “Удаан ярина уу. Таныг яриаг орчуулж байгаа шүү” гэсэн байсан. [Инээлдэв] Тэгж бичсэн ч нэмэргүй байсан л даа. Тэгэхээр өнөөдөр та нар намайг сонсох хэрэгтэй болох нь дээ.

Юуны өмнө Тэргүүн зөвлөл ба Арван хоёр төлөөлөгчийн чуулга, чухамдаа бүхэл Сүмийн өмнөөс, дэлхий даяарх суралцагчдын төлөө хийж буй ажилд тань талархаж буйг маань хүлээн авна уу. Та нар ирээдүйд зориулж дэлхий дээрх Бурханы хаант улс болох энэхүү Сүмийн суурийг тавьж, хамгаалах ажлын тэргүүн эгнээнд байна. Өөрсдийгөө зориулж байгаад тань баярлалаа. Та нарын зүтгэл сайн сайхны төлөө гайхалтай өөрчлөлт авчирч байгаа гэдэгт би бат итгэлтэй байна.

Сүмийн удирдлага насан туршийн Есүс Христийн шавь нарыг өсгөн хүмүүжүүлэхийн ач холбогдлыг онцолсоор байна. Жишээлбэл: Бид Сүм даяарх номлолын удирдагчид болон нэгжүүдийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдагчдыг сургаж байна. Бид ерөнхий эрх мэдэлтэн, албан тушаалтнуудаар дамжуулан хүргэх захиасандаа үүнийг онцолдог.

Мэдээж хэрэг, Аврагчийн насан туршийн шавь нарыг өсгөн хүмүүжүүлэх нь мөн Сүмийн боловсролд маш чухал зүйл юм. “Шашны боловсролыг бэхжүүлэх нь” гэдэг Сүмийн боловсролын системийн материал бидэнд:

“Шашны боловсролын зорилго бол суралцагчдад дараах зүйлсийг хийхэд нь туслах үүднээс Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг судруудаас болон орчин үеийн бошиглогчдоос заах явдал юм. Үүнд:

  1. Тэнгэрлэг Эцэгт болон Түүний ‘агуу төлөвлөгөөний’ тухай итгэл, гэрчлэлээ хөгжүүлэх, …

  2. Гэрээнүүдийг байгуулж, сахидаг насан туршийн Есүс Христийн шавь болох … [мөн]

  3. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан хариултыг олох, эргэлзээгээ шийдвэрлэх, итгэлээр хариулах, өөртөө итгэл найдварыг тээх чадварыг өсгөх.” 1

Үүнтэй адилаар, Шашны семинар ба институтийн зорилго дээр “Бидний зорилго нь өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм” гэж байдаг.

Насан туршдаа шавь байх нь Христийн сургаалын нэн чухал хэсэг юм. Христийн сургаал биднийг хэрхэн Христэд ирж, Түүний цагаатгагч золиосыг хүлээн авдаг болохыг харуулдаг. Бид Түүнд итгэж, наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авахад сонгох эрхээ ашигладаг. Христийн Цагаатгалын бүрэн дүүрэн, өөрчлөгч үр нөлөөг хүлээн авахын тулд бид уг замаар буюу шавийн замаар мөнх бус амьдралынхаа эцсийг хүртэл замнах хэрэгтэй. Нифайн үгээс эш татъя: “Мөн би Эцэгийн ийн хэлэх дуу хоолойг сонссон: Тийм ээ, миний Хайрт нэгний үгс үнэн мөн зөв бөлгөө. Эцсийг хүртэл тэвчсэн тэр нь, мөнхүү тэр нь аврагдах болно. Мөн эдүгээ, хайрт ах дүү нар минь, хүмүүн амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчихээс бусдаар бол, тэр аврагдаж чадахгүйг би эдгээр үгээс нь мэддэг болой.”2

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг. Тэд мохошгүй, үнэнч, эр зоригтой хүмүүс байдаг”3 хэмээн заасан. Хэрхэн ийм шавь болдог вэ? Энэ нь шашны сурган хүмүүжүүлэгч бидний хувьд ямар утгатай вэ? Өсвөр үеийнхэн болон залуучууд маань насан туршдаа Есүс Христийн шавь болоход нь бид хэрхэн илүү үр дүнтэй зааж чадах вэ?

Энэ үдэш би хувийн сонгох эрхээ ашиглах нь хэрхэн хөрвөлтийг гүнзгийрүүлж, насан туршийн шавь байхад хөтөлдөг талаар ярьж эхэлнэ. Дараа нь Аврагч шавь нартаа хэрхэн зааж байсан дээр анхаарал төвлөрүүлэхийн сацуу эдгээр санаа нь шашны сурган хүмүүжүүлэгч бидний заах арга барилд хэрхэн нөлөөлөх талаар бодож үзэхийг уриална. Эцэст нь би суралцагчдад суралцах явцынхаа төлөө үүрэг хариуцлага хүлээх боломжийг ахиу олгох нь тэдэнд ерөнхийлөгч Нэлсоны гэрчлэлдээ эзэн бол гэсэн гуйлтад хариулахад туслах талаар тайлбарлан төгсгөнө.

Шавь байхад гүйцэтгэх сонгох эрхийн үүрэг

Юуны өмнө шавь байхад гүйцэтгэх сонгох эрхийн үүргийн талаар ярья. Хүүхдүүддээ өгсөн Бурханы хамгийн чухал бэлгүүдийн нэг нь сонгох эрх юм. Өөрсдийнхөө төлөө үйлдэх энэхүү хүч, давуу эрх, үүрэг хариуцлага нь Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн бүрэн чадавхад хүрэхэд нэн чухал юм. Энэ нь гэрээний зам дээрх бидний өсөлт хөгжлийн цөм болдог. Та бүгдийн мэдэж байгаачлан Бурханы төлөвлөгөө бол бидний өмнөөс бүх зүйлийг хийх бус, харин хувьдаа өсөж хөгжих сонголтуудыг хийх боломжийг бидэнд олгох бүтцээр хангах явдал байлаа. Сонгох эрх нь урьд нь сүнснүүдийн хувьд бидний өсөлт хөгжилтийн түлхүүр байсан бол эдүгээ болон үүрд мөнхөд Бурханы аз жаргалын төлөвлөгөөгөөр бид ямар хүмүүс болж чадахын түлхүүр мөн.

Дайсан үүнийг мэддэг бөгөөд бидний сонгох эрхийг булаахаар эрэлхийлдэг. Мосегийн ном дээр:

“Сатан миний эсрэг бослого гарган мөн Их Эзэн, … миний хүмүүнд өгсөн сонгох эрхийг устгахаар эрэлхийлэн мөн тэрчлэн би өөрийн хүчийг түүнд өгөх ёстой гэсний учир би Төрсөн Ганцынхаа хүчээр түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө;

“Мөн тэрээр Сатан, тийм ээ, бүр чөтгөр, бүх худал хуурмагийн эцэг болж, хүмүүсийг мэхлэн мөн харалган болгохоор, мөн тэднийг, бүр миний дуу хоолойг үл анхаарах болгоныг тааллаараа олзлон дагуулах хөтлөгч болсон билээ”4 гэсэн байдаг.

Тэнгэр дэх дайныг үндсэндээ хүмүүний сонгох эрхийг хадгалан үлдээх тулалдаан гэж үзэж болно. Тэрхүү тулаан энэ мөнх бус оршихуйд ч үргэлжилсээр байгаа билээ. Сатан сонгох эрх рүү наад зах нь хоёр замаар дайрдаг. Нэгт, тэрээр хувь хүний үүрэг хариуцлагыг багасгах эсвэл хүч хэрэглэдэг улс төрийн сургаал, хөдөлгөөнүүдийг өдөөдөг. Жишээ нь: Их Эзэн Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хуулийг үүсгэн баталж, хадгалахад хүргэсэн гол шалтгаан нь “бүх маханбодын эрх болон хамгааллын тулд … Шүүлтийн өдөр хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцлага хүлээж болохын тулд, миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон сургаал мөн зарчимд … үйлдэж болохын тулд буюу”5 хэмээсэн. Дараа нь Тэрээр сонгох эрхийг зөрчсөн онцгой аймшигтай жишээг “Тиймийн тул, аливаа хүмүүн бие биедээ боолчлолд байх нь зөв биш юм”6 хэмээн тунхагласан. Люсиферийн төлөвлөгөө үргэлж боолчлолын ямар нэгэн байдлаар илэрсээр ирсэн.

Сонгох эрхийн эсрэг дайсны дайралтын өөр нэг анхаарах ёстой зүйл нь багш бидний хувьд онцгой ач холбогдолтой юм. Сая эш татсан сударт бичсэнээр “худал хуурмагийн эцэг” Сатан, “хүмүүсийг мэхлэн мөн харалган болгохоор”7 үйлдэж байдаг. Бид үнэн худлыг ялгахгүйн улмаас мэдээлэлтэй, ухаалаг сонголт хийж чадахгүй бол сонгох эрх нь утгагүй болно. Хууран мэхлэлтийг давах зүйл бол үнэн юм. Аврагч: “Хэрэв та нар үгэн дотор минь байвал үнэхээр Миний дагалдагчид байна. Тэгээд та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө”8 хэмээн тунхагласан. Нүгэл, алдааны боолчлолоос чөлөөлөгдөх эрх чөлөө төдийгүй өөрсдийн сонгох эрхийг зөв ойлголттойгоор ашиглах буюу ухаалаг сонголтуудыг хийх эрх чөлөө гэсэн утгаар Тэр хэлсэн гэж би боддог. Бурханы үгийн багш нарын хувьд бид энд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хүн “[Их Эзэний] дуу хоолойг анхааран сонсохгүй” тохиолдолд л Сатан хүчтэй байж чаддаг. Бурхан Хүүгээ “зам, үнэн, амь”9 байхаар илгээсэн билээ. Тэрээр бидэнд зааж, үнэн рүү удирдах бошиглогчдыг өгдөг. Бас тэр үнэнийг батлах Ариун Сүнсний бэлгийг өгсөн. Бидний үүрэг бол суралцагчдад үнэнийг сонсож, үүнийг хүлээн авахаар сонгоход туслах явдал юм.

Гэхдээ шашны боловсролын хүрээнд сонгох эрх нь сайн мэдээний үнэнүүдийг дамжуулахаас гадна цаашдын алхмыг шаарддаг. Бид суралцагчдыг суралцах үйл явцдаа сонгох эрхээ ашиглахад урих арга замаар заах нь туйлын чухал юм. Бид тэдэнд суралцах үйл явцынхаа идэвхтэй оролцогчид болж, суралцах үүрэг хариуцлагаа хүлээхэд нь туслахыг хүсдэг. Суралцагчдад сонгох эрхээ ашиглан суралцах үйл явцдаа эзэн болох сэтгэхүйг суулгах нь удаан үргэлжлэх итгэл үнэмшил, гэрчлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр тэд насан туршдаа Есүс Христийн идэвх зүтгэлтэй шавь нар болж чадна. Би энэ талаар дараа ярих боловч гэрээнүүдтэй холбоотой нэг зүйл нэмж хэлье.

Өөрсдийнхөө төлөө сонголт хийх нь ерөнхийлөгч Нэлсон гэрээнүүдэд анхаарлаа хандуулдаг болсон шалтгаануудын нэг юм. Бид гэрээнүүдэд орж, тэдгээрийг сахихыг сонгох үедээ Аврагчийг дагах хувийн сонголтуудыг хийж байгаа хэрэг юм. Ерөнхийлөгч Нэлсон үүнийг ингэж тайлбарласан.

“Энэ амьдралд бид селестиел, террестиел, телестиел хуулиудын аль нэгийг мөн мөнхөд амьдрахыг хүсэж буй алдар суугийн хаант улсаа сонгох ёстой. Та нарын одоо сонгох зөв шударга сонголт бүр мөнх бус амьдралд ихээхэн ашиг тус авчрах болно. Түүнчлэн мөнх бус амьдралдаа хийсэн зөв шударга сонголт бүр чинь төсөөлшгүй мөнхийн ашиг тусыг өгөх болно. Хэрэв та нар Бурхантай гэрээ байгуулахыг сонгож, тэдгээр гэрээндээ итгэлтэй байвал, та нарын ‘[тэргүүнд] алдар суу үүрд мөн үргэлж мөнхөд нэмэгдэх болно.’”10

Тэгэхээр сонголтууддаа эзэн болох нь хувийн итгэл үнэмшлийг улам гүнзгийрүүлдэг. Бид өөрсдийн төлөө үйлддэггүй бол амьдралын асуулт, сорилтуудыг даван туулж, насан туршдаа Есүс Христийн шавь байхад шаардагдах гүн гүнзгий итгэл дутаж байгааг яваандаа олж мэдэх болно. Их Эзэний хэлсэн үгээс эш татъя:

“Учир нь мэргэн бөгөөд үнэнийг хүлээн авсан, мөн Ариун Сүнсийг өөрсдийн хөтөч болгон авсан, мөн мэхлэгдээгүй тэд—үнэнээр би та нарт хэлнэ, тэд тас цавчигдан мөн галд хаягдахгүй, харин тэр өдрийг тэсэн гарах болно.”11

Аврагчийн арга барилаар заах нь

Бидний хувийн өсөлт хөгжилд сонгох эрхийн гүйцэтгэдэг энэхүү үндсэн үүрэг нь шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд бидний заах арга барилд ач холбогдолтой юм. Номлогчийн ажлыг удирдан чиглүүлэх боломжийг номлогчдодоо олгохдоо үүнийг санаж явахыг бид номлолын удирдагчдаас хүсдэг. Бид өсвөр үеийн удирдагчдаас насанд хүрсэн зөвлөхүүдтэйгээ хамт удирдлагын “буулгыг үүрэх” боломжийг өсвөр үеийнхэнд өгөхийг хүсдэг. Мөн бид шашны сурган хүмүүжүүлэгч та нараас хувь хүний идэвхтэй оролцоог дэмжих, суралцах явцдаа эзэн болохыг урих арга замаар заахыг хүсэж байна. Эдгээр нөхцөл байдлын аль алинд нь залуучуудад өөрсөд дээрээ үйлдүүлэх бус харин өөрсдөө үйлдэх боломж олгосон үед жинхэнэ өсөлт хамгийн үр дүнтэй явагддаг.

Би өглөөний семинарын багш байсан үеэ баяртайгаар дурсдаг. Энэ бол хүн заавал хүсэх ёстой дуудлага гэдгийг би туршлагаасаа ойлгосон. Семинарын багшаар үйлчилсэн тэр жилүүдийн хоёр нь намайг хуулийн сургуулийн оюутан байх үе юм. Би суралцагчдадаа итгэлээр амьдрах зоригтой байх нь ямар байдгийг олж хараасай гэж хүссэн учраас нэгэн өглөө ангийнхаа найзыг урьсан. Тэр Сүмийн гишүүн бус ч итгэл бишрэлтэй хүн байсан. Ричард найз маань харааны ноцтой асуудалтай байсан учраас нүдийг нь аяганаас нь гаргах зэрэг зовуурьтай эмчилгээг үе үе хийлгэдэг байлаа. Хуулийн сургуульд маш их зүйл унших шаардлагатай байсан ч түүний хараа нь унших хэмжээнд хүрдэггүй байв. Тиймээс тэр өдөр бүр хичээлээс гадуур өөртөө юм уншуулахын тулд нэг бакалаврын оюутан хөлсөлжээ. Ийм хүнд хэцүү бэрхшээлүүдийг үл харгалзан тэрээр эелдэг зантай нэгэн байсан бөгөөд ангийнхан нь түүнд дуртай байв. Бид бүгд түүний үлгэр жишээнд урамшдаг байсан.

Тэгээд Ричард миний семинарын хичээл дээр өөрийнхөө түүхийг, түүний дотор Бурханд итгэдэг тухайгаа болон Бурхан түүний залбиралд хэрхэн хариулж байгааг мэдэрснээ ярилаа. Суралцагчид түүнийг ойроос харж, сонсож, асуулт асуух боломжтой байв. Энэ нь амьдрал дээрх итгэлийн жинхэнэ хүчийг болон энэ нь тэдний амьдралд ямар утга учиртай болохыг харуулсан юм. Мөн уг туршлага үнэ цэнтэй семинарын суралцагчдын маань сайн сайхныг олж харах Ричардын харааг тэлсэн юм. (Түүнийг гайхшируулсан нэг зүйл нь өсвөр насны хүүхдүүдийг өглөөний 6 цагт ангидаа ирсэн байхыг харах явдал байв.)

Аврагч хэрхэн заадаг байсныг тунгаан бодоцгооё. Есүс шавь нартаа юу хийхийг нь хэлж эсвэл тэдний өмнөөс бүгдийг хийж байгаагүй. Тэр тэдэнд бодож, оролцож, Түүний заасан зүйлсийг хэлэлцэн, амьдралдаа хэрэгжүүлэхийг шаардах арга замаар заадаг байсан. Ингэсэн учраас Аврагч шавь нартайгаа хамт байхгүй болсон үед тэд өөрсдөө Ариун Сүнсийг хүлээн авч, түүгээр удирдагдахад илүү бэлтгэгдсэн.12 Аврагчийн арга барилаар заах нь дээрээс бид ийн уншдаг: “Аврагчийг усан дээгүүр алхаж байхыг харах сэтгэл хөдлөм байсан нь тодорхой. Гэхдээ энэ нь Петрийн хувьд хангалтгүй байв. Тэр Аврагчийн үйлдсэнийг үйлдэж, байсан газарт нь байж, адил туршлага хуримтлуулахыг хүссэн [ба энэ нь шаардлагатай байсан].”13 Мэдээж, ингэснээр Петр алдаа гаргах байсан ч Аврагч Петрт, бас бид бүгдэд, өөрийн хичээл зүтгэл, тэр дундаа алдаа дутагдлаараа дамжуулан үйлдэх, хүчирхэгжих боломжийг ахин дахин олгож байсан.14

Шавь нартаа ийм төрлийн суралцах туршлагуудыг бий болгохын тулд Аврагч тэдэнд суралцах үүрэг хариуцлагаа өөрсдөдөө хүлээн авахад туслах арга замыг олсон. Аврагч шавь нартаа заахдаа хэрэглэсэн (1) сургаалт зүйрлэл ашиглах, (2) сүнслэгээр өдөөгдсөн асуултуудыг асуух, (3) хувийн урилга өгөх гэсэн гурван арга замыг авч үзье.

Сургаалт зүйрлэл ашиглах. Эдгээрийн талаар нэг бүрчлэн ярья. Эхлээд сургаалт зүйрлэл. Христ сургаалт зүйрлэл хэрхэн ашигласныг бодъё. Аврагч шууд тайлбарлах эсвэл шууд айлдахын оронд ихэнхдээ зааж байгаа зүйлийнх нь илүү гүн утга учрыг тунгаан бодоход дагалдагчдаа үргэлж урьдаг байсан. Энэ нь тэдний зүгээс хүчин чармайлт шаарддаг байлаа. Би тариачны сургаалт зүйрлэлийг судалснаар дуулгавартай байдлын талаарх ойлголт маань хэрхэн хүчирхэгжсэн талаар бодож байна.15 Би үрэлгэн хүүг судалснаар өршөөлийг илүү сайн ойлгодог болсон.16 Самари хүний сургаалт зүйрлэлээр дамжуулан бүх хүнийг энэрч хайрлах хүсэл минь нэмэгдсэн.17

Үүнтэй адилаар би талантын сургаалт зүйрлэлд гардаг зарцын талаар эргэцүүлэн бодсоноор илүү сайн шавь бас удирдагч болсон.18 Энэ сургаалт зүйрлэлийг тунгаан бодох үед надад орж ирсэн зүйлсийн нэг бол эхний хоёр зарц буюу нэг нь тав, нөгөөх нь хоёр талант хүлээн авч, хоёул авсан талантаа хоёр дахин өсгөж, тус бүр өөр талант авсан ч адилхан магтаал сайшаал, шагнал авсан явдал юм. Эхнийх нь таван талант аваад хоёр дахин нэмэгдүүлж, арав болгосон бол удаах нь хоёр таланттай эхлээд дөрөв болгосныг та нар санаж байгаа байх. Аль аль нь “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор”19 гэсэн адилхан сайшаалыг эзнээсээ хүртдэг. Би үүнийг Их Эзэний адислалыг болон эцэст нь мөнх амьдралын бэлгийг авахын тулд бүгд нэг түвшинд хүрч, нэг хугацаанд өсөж хөгжих шаардлагагүй гэсэн үг гэж ойлгодог. Бид зүгээр л өөрсдөдөө байгаа авьяас, чадвар, боломжуудаа хичээнгүйлэн ашиглах хэрэгтэй. Бүр нэг таланттай зарц хүртэл талантаа нуухын оронд хоёр болгохоор ажиллаж үйлчилсэн бол нөгөө хоёрт нь өгсөн шагналыг мөн авах байсан биз ээ. Хэрэв тэд чадах бүхнээ л хийх юм бол Их Эзэн хичээл зүтгэлийг нь өсгөн нэмэгдүүлж, шагнах бөгөөд цаг нь болоход тэд Түүний адислалуудын бүрэн байдлыг хүлээн авах болно гэдгийг би удирдагчдад болон бусдад заадаг.

Сүнсээр өдөөгдсөн асуулт асуух. Сүнсээр өдөөгдсөн асуулт асуух тал дээр Аврагч бас л тэр аргаар заасан. Жишээлбэл: Тэр шавь нараасаа “Та нар намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуухдаа асуултын хариуг шавь нараасаа илүү тодорхой, гүн гүнзгий мэдэж байсан ч Петрт эргэцүүлж бодоод, өөрөө хариулах боломжийг олгосон. Петр “Та бол Христ, амьд Бурханы Хүү”20 хэмээн тунхаглахдаа гэрчлэлээ улам гүнзгийрүүлсэн гэж би итгэдэг. Аврагч амилсныхаа дараа Петрээс өөр нэгэн асуултыг гурвантаа асуусан: “Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу?” Удаа бүрд Петр “Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ” гэж хариулсан. Үүнд нь Аврагч “Хоньдыг минь тэжээ”21 гэж хариулснаар асуултыг ашиглан Петрт заах боломжийг олгосон юм.

Урилга өгөх. Эцэст нь урилга өгөх. Аврагч тавьсан асуултдаа Өөрөө хариулсан тохиолдлууд байсан ч энэ нь урилга болсон юм. Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байсан шавь нартайгаа ярьж байхдаа, Аврагч “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” гэж асуусан. Тэгээд тэр даруй “Үнэнээр би та нарт хэлнэ, бүр миний адил буюу”22 хэмээн Тэр хариулсан. Бүгдээрээ Аврагчийн өөр чухал урилгуудыг бодоцгооё. “Ирж, намайг дага” хэмээх урилгынх нь талаар бодож үзээрэй. Заримдаа Түүний урилгууд дагалдах амлалтуудын хамт ирдэг байсан ба одоо ч тийн ирсээр байгаа. Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд дээр Их Эзэн: “Надад ойрт, мөн би та нарт ойртох болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно; гуй, тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно”23 хэмээн урьсан. Аврагч бүх урилгадаа шавь нартаа үйлдэх, бодох, мөн сурч мэдэж өсөж хөгжих явцдаа эзэн болох боломжуудыг өгдөг.

Шашны боловсролд үүнийг хэрхэн ашиглах вэ

Энэ жилийн эхээр ахлагч Кларк Гилбэрт институт, семинарын багш нарыг суралцагсдад үйлдэх болон суралцах үүрэг хариуцлагаа хүлээн авах боломжийг зориуд олгох арга замуудыг олохыг уриалсан юм. Тэрээр Аврагчийн арга барилаар заах нь товхимлын “Хичээнгүйлэн суралцахад урь”24 гарчигтай хэсгээс шууд эш татсан юм. Энэ хэсгийн гарчиг нь заах гэхээсээ илүү суралцах дээр төвлөрсөн нь чухал гэж би боддог. Надад энэ нь үр дүнтэй багш нар суралцагчдыг суралцах явцдаа үүрэг хариуцлага хүлээхийг урьдгийг сануулдаг. Бид зөвхөн сонсохыг урьтал болгож, суралцагчийн идэвхтэй оролцоог үл тоомсорлох арга замаар заавал бид өөрсдийн заахыг тэдний сурахаас илүүд үздэг гэсэн дохиог суралцагчдад өгөх эрсдэлд хүргэдэг.

Аврагчийн арга барилаар заах нь удирдамж бидэнд хичээнгүйлэн суралцахыг урих гэдэг нь суралцагчдад өөрсдийнхөө суралцах үйл явцад эзэн болоход нь туслахыг биднээс шаарддагийг сануулдаг. Үүнийг хийх хэд хэдэн арга зам байдаг ч би уг эх сурвалжаас гурвыг онцлон хэлмээр байна.

  • Нэгдүгээрт, бид “суралцагчдыг суралцахаар бэлтгэхэд урьснаар” суралцах туршлагуудыг бий болгож чадна. Үүнийг хичээлээс өмнө унших даалгаврууд, судлах асуултууд, хувийн урилгаар дамжуулан хийж болно.

  • Хоёрдугаарт, бид “суралцагчдыг суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад урамшуулах” хэрэгтэй. Үүнийг хийх маш олон арга зам байдаг бөгөөд та нар өөртөө болон суралцагчдадаа тохирох хувийн аргуудыг олох болно. Би хуулийн сургуульд сурч байхдаа Сократын арга барилаар сурдаг байсан. Энэ нь багш нар хичээлийн материалыг ойлгуулахын тулд оюутнуудаас тунгааж бэлдсэн асуултуудыг асуух замаар хуулийн хэргийг судлахад нь туслах арга юм. Бид бодол санаагаа илэрхийлж, бусдыг сонсохын тулд хичээлд бэлтгэлтэй ирэх хэрэгтэй байлаа. Ангийн сайн зохион байгуулалттай ярилцлагаар дамжуулан суралцагчдад сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгодог институтийн багш нарыг би харсан. Үүний тулд сайн бэлтгэгдсэн суралцагчдад асуулт асуух, харилцан ярилцах орчинг бүрдүүлж өгдөг сайн бэлтгэгдсэн багш нар шаардлагатай. Танай хичээл байнга тийм байдаг гэдгийг би мэднэ ээ. Бүх суралцагч сайн бэлтгэгдсэн. Бүх багш сайн бэлтгэгдсэн. Гэхдээ энэ бол урилга юм шүү.

  • Гуравдугаарт, бид “суралцагчдыг суралцаж буй зүйлийнхээ дагуу амьдрахад урих25 хэрэгтэй (налуу бичилт нэмэгдсэн). Бид сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдаа урих арга замыг ямагт эрэх хэрэгтэй. Энэ нь хувийн урилга, тунгаан бодох дасгал болон суралцагсдад өөрчлөгдөж, Христ дотор илүү агуу болоход нь туслах төрөл бүрийн оролдлогоор ирдэг.

Бэлтгэх, хуваалцах, хэрэгжүүлэх эдгээр хүчин чармайлт нь тунгаан бодохыг, мөн зарим үед багшаас илүү их хөдөлмөрлөхийг шаарддаг. Ялангуяа нэг нэгэндээ зааж, хуваалцахад нь суралцагчдад туслах хүчин чармайлт үүнийг шаарддаг. Гэхдээ энэ нь бид ялангуяа гол захиасыг онцлох, үндсэн зарчмыг гаргаж ирэх үедээ шууд, хөндлөнгийн оролцоогүйгээр ярихад цаг гаргахгүй гэсэн үг биш. Өнөөдрийн хуралдаан бол суурь захиасыг тогтоохын нэг жишээ юм. Гэхдээ бид бүхэн энэ захиаснаас сурч мэдсэн зүйлээ хуваалцаж, үүнийгээ заах үедээ хэрэгжүүлснээр суралцах үйл явцад оролцох боломжийг илүү тогтмол гаргах хэрэгтэй.

Би та нарыг энэ хуралдаанаас өмнө урьдчилан хуваалцсан судлах асуултууд болон унших материалуудыг хүлээн авч, бэлдсэн байх гэж найдаж байна. Бид маргааш болон ирэх долоо хоногуудад та бүхнээс Аврагчийн арга барилаар заах талаар сурч мэдсэн зүйлээ хамтран ажиллагсад болон зорилго нэгтнүүдтэйгээ хуваалцахыг хүсэх болно. Бид бас та нараас өнөөдрийн захиас болон маргааш хуваалцах бусад заах эх сурвалжууд дээр үндэслэн заах арга барилынхаа хүчирхэгжүүлж болох хэсгүүдийг тодорхойлохыг хүсэх болно.

Би энд түр зогсоод, хэдийгээр энэ нь өөр уншигчдад зориулагдсан ч үнэ цэнтэй өөр нэгэн заах эх сурвалжийг судлахыг санал болгоё. Би Миний сайн мэдээг номло гарын авлагын 10-р бүлгийн талаар ярьж байна. Энэ бүлэг нь “Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэхийн төлөө заа” гэсэн гарчигтай. Номлогчийн хичээл бол сонгох эрхээ ашиглан идэвхийлэн чармайж, амьдралаа өөрчлөхөд нь хүмүүст туслах туйлын зорилготой билээ. Зорилго нь насан туршийн шавь байхад хөтлөх Ариун Сүнсний нөлөө болон Христийн ач ивээлээр дамжин хөрвөгдөх явдал юм. Мэдээж Сүмийн боловсролын системд бид яг л энэ зорилгоор ажилладаг. Тиймээс та нар энэ эх сурвалжаас болон Аврагчийн арга барилаар заах нь номоос нэмэлт ойлголт олж авч болно гэж би хэлмээр байна. Мэдээж, энэ хоёр гарын авлагын хооронд нэлээд төстэй зүйл байдаг ч зарчим эсвэл санааг арай өөрөөр илэрхийлсэн ямар нэг зүйлийг уншсанаар заримдаа өөр өнцгөөс харж, илүү гүнзгий ойлголттой болдог. Миний сайн мэдээг номло гарын авлагын 10-р бүлэгт “Би хэрхэн Сүнсээр заах вэ?” “Би хэрхэн судраас заах вэ?” “Би зааж байхдаа гэрчлэлээ хэрхэн хуваалцах хэрэгтэй вэ?” “Би хичээлээ хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэн төлөвлөж, тохируулан өөрчилж болох вэ?” мөн “Би хэрхэн илүү оновчтой асуулт тавьж, илүү сайн сонсогч байж чадах вэ?” зэрэг асуултуудад хариулдаг. Үүнийг сурталчилсны төлөө надад мөнгө төлөөгүй гэдгийг та нар мэдээсэй гэж би хүсэж байна.

Суралцагчдад гэрчлэлдээ эзэн болоход нь туслах

Эцэст нь суралцагчдад гэрчлэлдээ эзэн болоход нь туслах талаар ярья. Хичээнгүйлэн суралцахад урих нь насан туршдаа Есүс Христийн шавь болж төлөвшихөд нэн чухал юм. Учир нь энэ нь бидний хэлсэнчлэн суралцагчдад суралцах хариуцлагаа үүрэхэд тусалдаг. Хувийн өсөлт хөгжилдөө хариуцлагатай байх тал дээр ерөнхийлөгч Нэлсоны урамшуулан уриалсан нэг арга зам нь залуучуудыг гэрчлэлдээ эзэн болохыг урьсан явдал юм. 2022 онд болсон Дэлхий даяарх залуучуудад зориулсан онцгой цугларалт дээр ерөнхийлөгч Нэлсон:

“Би та нараас гэрчлэлдээ эзэн болохыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа нь гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Өдөр бүр чин сэтгэлээсээ, даруухнаар залбир. Өөрийгөө эртний болон өнөө цагийн бошиглогчдын үгээр тэтгэ. Их Эзэнээс Өөрийг нь хэрхэн илүү сайн сонсохыг зааж өгөхийг гуй. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд илүү их цаг гарга. Гэрчлэлээ эн тэргүүнд тавих үедээ та нар амьдралд тань тохиолдож буй гайхамшгуудыг олж хараарай”26 гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Нэлсон 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр “Ертөнцийг ялж, амралтыг олох нь”27 гарчигтай үгэндээ Сүмийг бүхэлд нь дахин уриалсан юм.

Ерөнхийлөгч Нэлсон залуучуудад хандан ярихдаа дараах хэд хэдэн асуултыг асуусан юм: “Та нар одоо өөрсдийг чинь зовоож буй асуудал, санаа зовоосон зүйлсээсээ ангижирч, амар амгаланг мэдрэхийг хүсэж байна уу? Та нар Есүс Христийг илүү сайн мэдэхийг хүсэж байна уу? Түүний тэнгэрлэг хүч та нарын шархалсан сэтгэл, сул дорой байдлыг хэрхэн эдгээхийг мэдэж авахыг хүсэж байна уу? Та нар Есүс Христийн Цагаатгалын тайвшруулагч, шинэ хүчийг амьдралдаа бодитоор мэдрэхийг хүсэж байна уу? Эдгээр асуултад хариулахыг эрмэлзэх нь хичээл зүтгэл, бүр ихээхэн хүчин чармайлт шаардана.”28 Тэрээр суралцагчдад санаа зовоосон зүйлс байдгийг хүлээн зөвшөөрч ийн хэлсэн: “Хэрэв та нарт асуулт байвал, би та нарт асуулт байгаа гэж найдаж байна—хариултаа итгэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр эрэлхийл. Сайн мэдээний талаар чадах бүхнээ мэдэж авч, үнэнээр дүүрэн эх сурвалж бүхий удирдамжийг ашигла.”

Миний хувьд хичээнгүйлэн суралцахад урих гэдэг нь үүнийг хэлэх ба энэ нь суралцагчдаа гэрчлэлдээ эзэн болохыг урихад биднээс шаардагдах зүйл юм. Суралцагчдад жинхэнэ шавь болон хөгжихөд шаардагдах чанд хичээл зүтгэлээр гүнзгийрүүлэн суралцаж, суралцах явцдаа эзэн болох боломж олгохын тулд бид заах арга барилаа зөв гарган дэмжих хэрэгтэй. “Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ” хэмээсэн бошиглогчийн урилгыг дахин тунгаан бод. Манай анги гэрчлэл ба шавийн замналыг илүү гүнзгийрүүлдэг ийм маягийн хувийн оролцоог дэмждэг үү? Бидэнд суралцагчдад хүрч ажиллаж, хичээнгүйлэн суралцахад урих хүч чармайлтаа сайжруулах арга зам байна уу?

Дүгнэлт

Өнөө орой би хэлэх үгээ Сүм дэх шашны боловсролын зорилгууд, түүний дотор суралцагчдадаа дараах зүйлсийг хийхэд нь туслах хэрэгцээний талаар дүгнэн эхэлсэн. Үүнд:

  1. “Тэнгэрлэг Эцэгт болон Түүний ‘агуу төлөвлөгөөний’ тухай итгэл, гэрчлэлээ хөгжүүлэх …

  2. Гэрээнүүдийг байгуулж, сахидаг насан туршийн Есүс Христийн шавь болох … [мөн]

  3. Ямар ч бэрхшээлтэй тулгарсан хариултыг олох, эргэлзээгээ шийдвэрлэх, итгэлээр хариулах, өөртөө итгэл найдварыг тээх чадварыг өсгөх.” 29

Бид суралцагчдад хувийн сонгох эрхээ ашиглахад нь тусалснаар тэдний хөрвөлт гүнзгийрч, улмаар насан туршийн шавь байхад хөтөлнө. Өнгөрсөн 10-р сард Ерөнхийлөгч Нэлсон ингэж хэлсэн юм. “Яг одоо шавь байхаа нэн тэргүүнд тавих цаг маань болж байна.30 Таны хувьд Есүс Христийн шавь болоход хэт эртэднэ эсвэл хэт оройтно гэсэн ойлголт байхгүй.”31 Оройтоогүй дээрээ хичээнгүйлэн ажиллацгаая. Тэрээр: “Одоо цаг нь ирлээ. Миний ах Паулын Ефесийн ахлагчдад анхааруулсан дараах захиас миний сэтгэлд улам их хүрдэг болсон:

“Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.

“Намайг явсны дараагаар, сүргийг үл өршөөх хэрцгий чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.

“Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.”32

Суралцагчдын хувьд бид Паулын хэлснээр “харгалзагчид” нь бөгөөд тэд Аврагчийн цусаараа худалдаж авсан хязгааргүй үнэ цэнтэй хүмүүс билээ. Бид тэднийг Сүмээс гаднах, заримдаа бүр Сүм доторх “хэрцгий чононуудаас”, бидний дунд буруу ярьж, тэднийг Эзэний шавь байхаас илүү өөрсдийн шавь болгохыг эрэлхийлж буй “өөрсдийн хүмүүсээс” хамгаалахаар итгэлийн үлгэр дуурайл үзүүлж, тэжээн хүчирхэгжүүлэх үүрэгтэй. Бид тэдэнд үнэнийг, сонгох эрхээ ухаалаг ашиглахыг, мөн хамгийн гол нь Эцэг, Хүү хоёрын гүн гүнзгий хийгээд хувиршгүй хайрыг сурч мэдэхэд нь туслах ёстой.

Бидний хайраар дүүрэн, хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар би гэрчилж байна. Хүмүүний үрст нигүүлсэл үзүүлэх эрхээ аван Эцэгийн баруун гар талд заларч буй Түүний Төрсөн Ганц Хүү, амилсан Гэтэлгэгч Есүс амьд бөгөөд бодит болохыг би гэрчилж байна.33 Би Мормоны хамт өөрийгөө Есүс Христийн шавь34 гэж тунхагладаг бөгөөд амьд явах хугацаандаа Христийн шавь байхыг эрэлхийлдэг. Бид бүгд өөрсдийн шавийн замналдаа мөн аль болох олон хүнд насан туршийн Есүс Христийн гуйвшгүй шавь болоход нь туслах хичээл зүтгэлдээ хүчирхэгжих болтугай.

Бурхан та нарыг адислаг. Есүс Христийн нэрээр, амен.