СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Насан туршийн шавь болгох нь бидний зорилго


15:7

Насан туршийн шавь болгох нь бидний зорилго

Сайн мэдээг сайн заахын ач холбогдол

Шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулганы онцгой цугларалт, 2025 оны 6-р сарын 12

Би архаг библичдийн нутаг буюу Тэннэсси мужийн хүн. Ахлах сургуульд байхдаа Христэд итгэгч тамирчдын нэгдэл гэсэн байгууллагын гишүүн байлаа. Тэр үед чамгүй спортлог, дажгүй бие хаатай байсан гэдэгт маань одоо намайг харж байгаа та нар итгэхгүй л байх. Хэдэн жилийн өмнө манай ээж эхнэр рүү маань миний ахлах сургуулийн үеийн их үстэй, бага зэрэг булчинлаг гарсан зургийг маань явуулсан юм. Тэр зурагтай хамт “Амилуулалтын үеэр чи түүнийг энэ төрхөөр нь харна аа” гэсэн тайтгарал өгсөн зурвасыг ээж эхнэрт маань илгээсэн байв.

Христэд итгэгч тамирчдын нэгдэл бол гайхалтай эрхэм зорилготой байсан, одоо ч тэр зорилгоо хадгалсан байгууллага. Энэ нь Христийн шашны өөр өөр урсгалуудын итгэгч тамирчдаас бүрдсэн нийгэмлэг байсан. 11-р ангиа төгсөх үедээ би дараагийн хичээлийн жилд буюу 12-р ангидаа уг байгууллагын сургууль дээрх бүлгийн ерөнхийлөгч болохоор сонгогдсон юм.

Миний нэрийг сүмийн харьяаллын минь талаарх мэдээллийн хамт бүлгийн шинэ ерөнхийлөгчид тодорхойлон мужийн захиргааны төв байр луу илгээсэн байлаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа манай зөвлөх багшид өөр нэр явуулах шаардлагатай гэсэн мэдээ ирэв. Уг байгууллага Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг Христийн шашинтан гэж хүлээн зөвшөөрдөггүй учраас намайг ерөнхийлөгч болох боломжгүй гэж дуулснаа багш надад хэллээ. Итгэл минь хэзээ ч ингэж соригдож байгаагүй юм.

Шинэ ерөнхийлөгч сонгогдож, хэдэн сарын дараа манай Сүмийн зарим төлөөлөгч Христэд итгэгч тамирчдын нэгдэл байгууллагатай ярилцан асуудлыг шийдвэрлэсэн гэж би дуулсан. Олон сайн хүн уг холбооны гишүүд байсан учраас би тэр холбоондоо идэвхтэй хэвээр байсан.

Хичээлийн жилийн төгсгөл бүрд ахлах сургуулийн салбар болгон оны шилдэг тамирчныг тодруулах санал хураадаг байлаа. Ахлах сургуулиа төгсөх жилдээ би үеийн найзуудынхаа саналаар “Христэд итгэгч тамирчдын нэгдлийн оны шилдэг тамирчин” болж билээ. Үнэндээ одоо бодох нь ээ би үүнийг надад ирсэн сорилтын маань адислал гэж боддог. Тэр үйл явдал болохоос жилийн өмнө намайг Христэд итгэгч гэж хүлээн зөвшөөрөө ч үгүй атал дараа нь би тэдний шагналыг хүртэж байлаа.

Миний нэрийг Сүмийн харьяаллын минь талаарх мэдээллийн хамт ахлах сургуулийн оны шилдэг тамирчин гэж тодорхойлон мужийн захиргааны төв байр луу илгээсэн. Гэвч манай зөвлөх багшид өөр нэр явуулах шаардлагатай гэсэн мэдээ дахиад ирэв. Асуудал шийдэгдээгүй нь тодорхой байлаа.

Миний хөл бөмбөг мөн бөхийн дасгалжуулагч байсан зөвлөх багш маань надад мужийн захиргааны албанаас манай сургууль руу хүн явуулан надтай уулзуулж яагаад татгалзсан шийдвэр гаргасан талаараа тайлбарла гэж хүссэн талаараа хэлэв.

Нэлээн сайхан ааш зантай нэгэн хүн ирж надтай уулзлаа. Манай дасгалжуулагчийг хичээлгүй үеэр өрөөнд нь тэр хүнтэй бид хоёр уулзсан юм. Тэр хүн манай Сүмийн гишүүдийг яагаад Христэд итгэгч гэж үздэггүй болохыг надад ойлгуулахыг хүссэнээ тайлбарлав.

Мөнөөх хүн цүнхнээсээ нэг цаас гаргаж ирлээ. Тухайн цаасан дээрээс Христийн шашны талаарх тэдний тодорхойлолтод нийцэхгүй манай сургаалын 10 үзэл санаа байгааг тэр хэлэв. Та нар тэдгээр үзэл санааг мэдэх байх … Бурхан Тэргүүтэн бол тусдаа бодгалиуд, Библиэс өөр судрууд бий зэрэг олон өөр зүйлд итгэдэг бидний итгэл.

Тэр тэдгээр үзэл санааны талаар ярьж, маш эелдэг байсан. Би бүр түүнийг Христийн итгэгч гэж хэлэхээр байв. Тэр зүгээр л буруу ойлголттой сайн хүн байлаа. Мөнөөх хүн цүнхээ нээн нөгөө цаасаа далд хийснээ надаас асуулт байгаа эсэхийг чин сэтгэлээсээ асуухад нь

би “Тийм ээ, байна. Миний харснаар таны цүнхэнд Библи байсан уу?” гэж асуув.

Тэр “Тийм ээ” гэж хариулахад нь

би “Доторх судруудаас гаргаж харж болох уу?” гэв.

Та нарт би семинарын маш сайн багш нартай байсан гэдгээ хэлэх нь зүйтэй байх. Бид судруудыг хайн олж, зарчмыг нь тайлбарлахдаа үнэхээр сайн байсан. Тэр үед жил бүр бид төгс эзэмших судрын 40 эшлэлийг үздэг байв. Баасан гараг бүр бид цагирган боов идэнгээ судруудыг уралдан хайж олдог байлаа. Би арай дэндүү шартай байж дээ. Төгс эзэмших сургаалын судрын шүлгүүдийг улаанаар тэмдэглэхийн зэрэгцээ би, хэлэхэд ичмээр л дээ, тэднийг илүү амархан олохын тулд тухайн шүлгүүдийн хуудсыг үрчийлгэчихдэг байсан. Тэгээд гадасны судар хайж олох тэмцээний яг өмнөхөн нь би судрын тэр хуудаснууд дээр нярай хүүхдийн нунтаг цацчихдаг байв. Намайг судартаа дөхөж очоод хуруугаа имрэх төдийд л төгс эзэмших сургаалын судрууд өөрсдөө гараад ирдэг байлаа.

Тэр хүн надтай маш эелдэг байж судрын уралдаанд зориулан ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй Библиэ өгсөн юм. Бид Матай 3-р бүлэг, Үйлс 7-р бүлэг, 1 Шастир 29 зэрэг олон судар уншсан. Түүний найрсгаар сонсож байсан нь надад хүндлэл төрүүлж байлаа. Нөгөө шийдвэр өөрчлөгдөөгүй ч би өөрчлөгдсөн юм.

Тухайн судруудыг уншиж байх үеэрээ би тэдгээрийн талаарх үнэнийг өмнөхөөсөө илүү гүн гүнзгий мэдэрсэн. Заримдаа гэрчлэл сорилтын дараа ирдэг.1 Миний гэрчлэл, хөрвөлт тэр явдлаас болж ирээгүй. Ганц удаагийн явдал удаан үргэлжлэх итгэлийг барагтай л бол бий болгодоггүй. Надад цаг хугацааны явцад өсөн нэмэгдсэн гэрчлэлийг өгсөн олон үйл явдлын нэг нь тэр байсан юм.

Надад сууриа барьж босгоход тусалсан өглөөний семинарын багш нартаа би маш их талархаж явдаг. Семинарын багш нар маань тойргоо гадасны судрын тэмцээнд ялуулахыг ихэд хүсдэг байсан ч биднийг насан туршийн Христийн шавь болоход маань туслахад бүр ч илүү санаа тавьдаг байсан. Тэд миний амьдралд өөрчлөлт авчирсан. Зааж буй зүйлсийнхээ талаар чимээгүй тунгаан суухдаа та нар зааж буй хүмүүсийнхээ амьдралд ямар их нөлөө үзүүлж байгаагаа ойлгоно гэдэгт би итгэлтэй байна.

Энэ өсөж буй үеийнхэн бол гайхалтай. Хамгийн сүүлд болсон Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хэлсэн: “Өсөж буй үеийнхэн маань Есүс Христийн эрэлхэг зоригтой дагалдагчид болон өсөж байна.”2 Бас нэг удаа тэр тэдэнд: “Та нар урьд өмнөх бүх үеийнхнээс илүүтэйгээр дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай!” гэж хэлсэн. 3 Энэ чадавхад хүрэхийн тулд тэдэнд өөр зүйлсийн хажуугаар сайн мэдээний сайн багш нар хэрэгтэй.

Тэд итгэлээр дүүрэн байгаа хэдий ч “Итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг”.4 “Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?” 5 Тэд сайн мэдээг өмнөх аль ч үеийнхнээс илүү сайн ойлгодог боловч “хэн нэгэн [багш] [тэдэнд] зааж өгөхгүй бол [тэд] уншиж байгаагаа [ойлгож] хэрхэн чадах билээ.”6

Паул коринтчуудад бичихдээ: “Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамш[гийг] … тавьжээ”7 гэсэн байдаг. Тэгэхээр та нар өөрсдийгөө төлөөлөгчид, бошиглогчид, мөн гайхамшгуудаар хүрээлэгдэн, Их Эзэний ажлыг яаравчлуулах үүрэг хариуцлагыг энэ онцгой цаг үед хүлээсэн гэж ойлгож болно.8

Насан туршийн шавь болгох нь бидний зорилго

Өчигдөр орой ахлагч Д.Тодд Кристоффэрсон захиасаа эхэлж мөн дуусгахдаа Сүмийн шашны боловсролын зорилгыг давтан онцолсон. Түүнийг энэ талаар давтан хэлж, суралцагчдад насан туршийн Есүс Христийн шавь болоход туслах талаар онцлох үед надад гүн мэдрэмж төрсөн. Заахаар дамжуулан бидний хүрэхийг хүсэж буй үр дүнг тэр сануулахыг зорьсон юм шиг санагдсан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдаад дөнгөж зургаан сарын дараа тухайн үед ахлагч байсан Рассэлл М.Нэлсон нэгэн ням гаргийн онцгой цугларалтын үеэр энэ сургууль дээр үг хэлсэн байдаг. Түүний захиас сүнслэг өдөөлт, ухаарлаар дүүрэн байсан ба би түүний хэлсэн үгийн гарчгийг онцлохыг хүсэж байна. Тэр сэдвээ “Би хэлэх үгээ ‘Эцсийн зорилгоо бодож эхэл’ гэж гарчигласан” гэж танилцуулсан юм. “Энэ гарчиг миний мэс засал хийж байсан туршлагаас улбаатай болов уу гэж би бодож байна. Мэс заслын зүсэлтийг буцааж хаана гэсэн төлөвлөгөөгүйгээр хэзээ ч хийдэггүй. Үүнтэй ижил зарчим бүх талбарт үйлчилдэг. Гүйлтийн тамирчид барианы зураас хаана байгааг мэдэхгүйгээр гараанаас хэзээ ч гардаггүй”9 гэж тэр тайлбарласан.

Барианы зураасны байршлыг мэдэх, эцсийн зорилгоо ойлгох гэсэн тодорхой үр дүнг төлөвлөдөг байх нь үргэлж чухал бөгөөд ялангуяа сайн мэдээг заахад нэн ач холбогдолтой. Энэхүү тэнгэрлэг зорилгодоо төвлөрдөг байвал бид үүнд хүрэх нь илүү лавтай болно.

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Сайн мэдээг заах зорилго нь … ангийн гишүүдийн оюун ухаанд ‘мэдээллийг цутгах’ явдал биш юм. … Харин хүмүүсийг сайн мэдээний зарчмуудаар амьдрах тухай бодож, хүсэж, улмаар үйлдэхэд нөлөөлөх нь гол зорилго мөн” гэж онцолсон.10

Ерөнхий гарын авлагад: “Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь хүмүүст туслах зорилгоор сайн мэдээг заадаг. Бид хүмүүст Аврагчтай илүү адил болж, өөрсдийн амьдралд Түүний хүчийг хүлээн авч, эцэст нь мөнх амьдралыг хүртэхэд нь туслахыг эрэлхийлдэг”11 гэж заасан байдаг.

Та нар үүнийг гайхалтай арга замаар хийсээр байгаа. Өсөж буй үеийнхний амьдралд үзүүлж буй та нарын нөлөөг бид хардаг. Илүү олон хүүхэд семинар, институтийн хичээлд хамрагдаж, номлолд гарч, ариун сүмд үйлчилж, насан туршийн Есүс Христийн шавь болж байна.

Өнөөдөр миний өгч буй урилга хэцүү биш ээ. Насан туршийн шавь болгохыг зорилгоо болгон заасаар байгаарай. Хийж буй бүхий л зүйлээ энэ дурангаар харж байгаарай. Үе үе юу зааж, хэрхэн зааж, ямар шалгалт авч байгаагаа эргэн хараарай. Тэдэнд зөвхөн мэдэж авахад нь хэрхэн тусалж байгаагаа бус харин тэднийг юу хийх, хэн болоход нь хэрхэн урамшуулж байгаагаа эргэн хараарай. Тэдэнд Христ доторх “шинэ бүтээл[үүд]”12 болоход нь туслах зорилгоор заагаарай.

Дараах асуултуудыг бодоод үз: Миний зааж буй зүйлс, заах арга барил ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуултуудын талаар бодоход нь суралцагчдад маань хэрхэн нөлөөлөх бол? Миний зааж буй зүйлс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнсэнд итгэх итгэлийг төлөвшүүлж байна уу? Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт, амьд бошиглогч, төлөөлөгчдийн талаарх гэрчлэлийг хүчирхэгжүүлж байна уу? Зарлигуудын дагуу амьдарч, өдөр бүр наманчлах суралцагчдын шийдвэрт эергээр нөлөөлж байна уу?

Хичээнгүйлэн суралцахад урь

Бидний зорилго насан туршийн шавь юм бол бид ахлагч Д.Тодд Кристоффэрсоны урилгын дагуу “Аврагч хэрхэн заадаг байсныг бодох” ёстой. Бидний заах арга барил чухал.

Номлолын ерөнхийлөгч байхдаа бүсийн чуулганууд дээр ерөнхийлөгч Бойд К.Пакэрын заасан “Заахуй” гэдэг хичээлийг та нар санаж байгаа байх. Пакэр эгч олон өнгийн кремээр чимэглэсэн, гурван давхар маш гоёмсог бялуу хийсэн аж. Тэр орой дээр нь “Сайн мэдээ” гэж бичжээ.

Номлогчид цуглах үеэр бялууг баяр тэмдэглэх гэж байгаа мэтээр оруулж ирэв. Ерөнхийлөгч Пакэр тэр бялууг сайн мэдээг төлөөлж байгааг хэлээд, “хэн идмээр байна” гэж асуужээ.

Бялуунд дуртай номлогчийг олоход амархан. Нэг номлогч юу ч бодолгүй сайн дураар урагш гарч зогсов. Ерөнхийлөгч Пакэр гараа бялууны оройд дүрээд нэг том хэсгийг тастан авав. Тэр гараа зангидахад бялууны крем хуруунуудынх нь завсраар гулсан унаж байлаа. Тэгээд тэр тастаж авсан хэсгээ мөнөөх гарч ирэн гайхан зогсох ахлагч руу шидэхэд хувцсан дээр нь унасан крем доош гулсан байв.

Уур амьсгалыг түр ажигласны дараа тэр бусад номлогч руу хараад бялуу идэх хүн байна уу гэж асуув. Тэр “Идэх хүн яагаад ч юм байхгүй бололтой” гэв.

Тэгээд тэр болор таваг, мөнгөн сэрээ, даавуун амны алчуур, гоёмсог мөнгөн хутга аваад, бялууг эргүүлэв. Тэр бялууны нөгөө талаас маш хүндэтгэлтэйгээр нэг зүсмийг болгоомжтой зүсэн авч болор таваг дээр зөөлөн тавиад, “бялуу идэх хүн байна уу?” гэж асуув.

Ерөнхийлөгч Пакэр: “Энэ бол ойлгомжтой хичээл юм. Энэ хоёр тохиолдолд бялууны уг зүсмүүд ижил амт, тэжээллэг чанартай. Харин өгсөн байдал нь урилгын шинжтэй, хорхой хүргэм нөгөө талаар хүчилсэн, дургүй хүрэм байсан. Тэр номлогчдод уг бялуу сайн мэдээг төлөөлж байгааг сануулаад хэрхэн бусдад өгч байгааг нь асуусан юм.13

Бид сайн мэдээг хэрхэн өгөх нь суралцагчдынхаа оюунд мэдээлэл цутгах эсвэл насан туршийн Есүс Христийн шавь болохын тулд зүрх сэтгэл, харах өнцөг, үйлдэл, эгэл чанараа өөрчилдөг хичээнгүй суралцагчид болоход урамшуулах хоёрын хоорондын ялгааг бий болгодог.14

Аврагчийн заасны адил заахын тулд бид суралцагчдаа хайрлаж, Сүнсээр сургаалыг заадаг.15 Бид багш нарын хувьд тийм л байх учиртай.

Харин суралцагчид ямар байх ёстой вэ? Тэд ямар үүрэгтэй вэ? Тэд хичээнгүйлэн суралцаж, суралцах хариуцлагадаа эзэн болж, үйлдэж, сайн мэдээний зарчмуудыг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэх үүрэгтэй.

Өчигдөр орой ахлагч Кристоффэрсон биднээс хичээнгүйлэн суралцахад урихыг хүссэн. Аврагч биднийг хичээнгүйлэн суралцахад хэрхэн урьсан талаар тэр заасан. “Аврагч [шавь нартаа] тунгаан бодох, оролцох, зөвлөлдөх, Түүний сургаалыг хэрэгжүүлэхийг шаардах байдлаар заасан” гэж тэр хэлсэн. Бид ч мөн тийм арга барилаар заах болтугай.

Дүгнэлт

Эцэст нь хэлэхэд зааж буй хүмүүсийнхээ болон Бурханы хаант улсын төлөө хийж буй та нарынхаа бүх зүйлд баярлалаа. Насан туршийн Есүс Христийн шавийг бий болгох нь бидний зааж буйн зорилго юм. “Сайн мэдээг хүртээх” үедээ та бүхэн удирдамж хүлээн авч, хичээнгүйлэн суралцахад урих байдлаар үүнийг үйлддэг байх болтугай.

Бидний гарамгай Багш, бидний Өмгөөлөгч, “бидний итгэлийн эхлүүлэгч ба төгсгөгч,”16 “ирэх сайн зүйлсийн Дээд Санваартан” 17 болох Есүс Христийг би гэрчилж байна.

Есүс Христийн нэрээр, амен.