Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх нь


14:2

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх нь

2024 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2024 оны 12 дугаар сарын 8, ням гараг

Хүндэт ах, эгч нар минь, өнөөдөр бид Руниа эгч, ахлагч Помэр, ахлагч Күк нарын гайхалтай захиасыг сонсохоор адислагдлаа. Тэдний тайлбарласан зарим зүйлийг би заах боломжтой байгаадаа баяртай байна.

Христийн мэндэлсний баяр бол жилийн сайхан цаг үе билээ. Бид Аврагчийнхаа мэндэлснийг тэмдэглэх үед зүрх сэтгэл маань амьдралын хамгийн чухал зүйлс дээр төвлөрдөг. Христийн мэндэлсний баяр бидэнд бидний төлөө хийгдсэн золиоснуудыг илүү их мэдэрч, тэдгээрт илүү их талархалтай байх боломж олгодог.

I.

Христийн мэндэлсний баяр бидэнд нэг нэгнээ бодохыг сануулдаг. Бид гэр бүлдээ илүү их талархдаг. Бид хуучин найзуудтайгаа холбоо барьдаг. Бид жилийн бусад үед биднийг зааглаж байсан хаалтуудыг давж гардаг. Үл таних хүмүүс хоорондоо ичиж зоволгүй мэндчилдэг. Нэгэндээ сайхан хандах, бусдыг бодох сэтгэл эргэн ирдэг. Бид Христийн мэндэлсний баярын амин сүнс бидний доторх хамгийн сайн сайхныг гаргаж ирдэг.

Христийн мэндэлсний баярын дулаан уур амьсгал ба гэрэл нь Христийн гэрэл юм. Орчин цагийн судраас бид Аврагч бол “дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл” хэмээн уншдаг. Христийн мэндэлснийг тэмдэглэдэг хүн бүр, бидний хэлдгээр “Христийн мэндэлсний баярын амин сүнстэй” хүн бүр энэхүү гэрлийн хэсгийг агуулж байдаг.

Тэрбум гаруй хүн Христийн мэндэлсний баяраар Есүс Христийн төрөлтийг тэмдэглэдэг. Дэлхий нийтээрээ ийн тэмдэглэх учиртай билээ. Энгийн нүдээр харахад ч гэсэн Назарын Есүс бол дэлхий дээр амьдарч байсан хамгийн чухал хүн мөн. Тэрээр 6000 гаруй жилийн турш бошиглогч, яруу найрагчдын гол сэдэв байсаар ирсэн. Тэр бол дэлхийн хамгийн агуу дуу хөгжим, уран дүрслэлийн сэдэв бөгөөд дэлхийн түүхэн дэх хамгийн агуу багш юм. Хамгийн чухал нь Тэр бол Бурхан Тэнгэрлэг Эцэгийн Төрсөн Ганц Хүү. Тэр бол Түүний өмнө өвдөг бүхэн сөхөрч, Түүнийг бидний Бүтээгч ба Гэтэлгэгч, энэ дэлхийн Аврагч ба Бурхан гэдгийг хэл бүхэн зөвшөөрөх Бурхан мөн.

Христийн мэндэлсний баярын захиас бол “Хүмүүний дунд орших хайр” билээ. Энэ бол бидэнд Христийн мэндэлсний баярын бахдам сайхан дуу хөгжмийг өгсөн зохиолч, хөгжимчдийн гол сэдэв байдаг. Бид ийм сэдэвт баярын дуунуудад дуртай.

Холын нутаг Иудейн тэр хээр талд

Хоньчид эрт үед баярын дууг сонсжээ.

Бурханыг магтъя, Бурханыг магтъя,

Бурханыг магтъя, Бурханыг магтъя,;

Хүж дэлхийд энх Бурханыг магтъя

Хүмүүний дунд хайр оршиг!

Баярын өдрүүдэд тоо томшгүй дуулагддаг дээрх үгс бидэнд Христийн мэндэлсний баяр ба дуунууд яг л хэвээрээ байгааг сануулдаг. Үүний захиас нь эртнийх бөгөөд бидний мэддэг зүйл юм. Үүнийг Адамд номлосон. Үүнийг Израилын хөвгүүдэд номлосон. Үүнийг эцэг Лихайн үр удамд номлосон. Бошиглогчид дахин дахин Есүс Христийн Цагаатгалын гол үнэнийг тунхагласан. Тэд дахин дахин бидэнд Бурханыг хайрлаж, Түүнд үйлчилж мөн нэг нэгнээ хайрлаж, нэгэндээ үйлчлэх Түүний зарлигийг тунхагласан. Мөн Тэрээр “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” хэмээн хэлсэн. Эрин зууны туршид давтагдсан эдгээр тунхаглал нь үүрд мөнхөд хамгийн чухал захиас юм. Эдгээр нь бидний төлөө, бидний тусын тулд байдаг.

Амьдралын хамгийн чухал зүйлс нь давтагдаж байдаг. Бид Аврагчийнхаа ариун нэрийг сонсохоос хэзээ ч залхдаггүй. Бид хайртай хүмүүстэйгээ хамт байхаас хэзээ ч залхдаггүй. Бид “би чамд хайртай” гэдэг үгсийг сонсохоос хэзээ ч залхдаггүй.

Тиймээс ч Христийн мэндэлсний баярын дахин давтагддаг захиас бол шинэчлэх хэрэгтэй захиас биш, харин амьдралдаа сэргээх захиас юм.

II.

Бид хүүхэд байхаасаа л Христийн мэндэлсний баяр бол гэр бүл ба найз нөхдөдөө бэлэг өгөх цаг гэдгийг мэддэг байсан. Энэ бол бид хайртай хүмүүстээ сэтгэлээ илэрхийлэх онцгой мөч билээ. Гэхдээ Христийн мэндэлсний баярын бэлэг нь гэр бүл ба найз нөхдийн хүрээнээс давах хэрэгтэй. Өнөөдөр манай өсвөр үеийнхэн чуулга болон ангиараа гайхалтай дурсамжийг бүтээлцэж байгаа бөгөөд Сүмийн бусад бүлгийнхэн Христийн мэндэлсний баярын үеэр эмнэлэгт, өндөр настны асрамжийн газарт, гэрээсээ гарах боломжгүй болон бусад санах хэрэгтэй хүмүүс дээр айлчилж мөн бэлэг авч очдог. Христийн мэндэлсний баярын орой олон сайн хүн ядуу зүдүү байгаа эцэг эхчүүдийн нөхцөл байдлыг олж мэдээд хоол хүнс, тоглоом, амттан бэлдэн авчирснаар итгэл найдвар тээсэн хүүхдүүд Христийн мэндэлсний баярын өглөө мэл гайхаж өөрсдийг нь мартаагүйд баярладаг. Христийн мэндэлсний баярын хүмүүнлэгийн ажилд мянга мянган сайхан сэтгэлт хүмүүс нэгдэж өлссөнийг хооллон, ноорхойг хувцаслаж, орон гэргүй хүмүүсийг байраар хангаж, өвчтэй мартагдсан хүмүүс дээр айлчилж, хүүхдүүдийг баярлуулдаг. Эдгээр тусламжийн гарыг Бурхан адислах болтугай! Бид бүгд тэднийг дэмжих учиртай. Хувиа хичээлгүй, хайраар бусдад үйлчилдэг хүмүүс бол Амар Амгалангийн Ханхүүгийн жинхэнэ үйлчлэгчид юм.

III.

“Хүмүүний дунд хайр оршиг” гэдэг нь ямар утгатай вэ? Аврагч “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээн анх заасан. Тэрээр бүр “Дайснуудаа хайрла, [биднийг] зүхэх тэднийг адисал, [биднийг] үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн [биднийг] хүнлэг бусаар ашиглах мөн [биднийг] хавчин гадуурхах тэдний төлөө залбир” хэмээн заасан.

Бид дээрх сургаал дээр дурдсан зорилгын төлөө хичээх явцад Христийн мэндэлсний баяр бол уучлах, хуучин шархыг эдгээх, ан цав суусан харилцаагаа сэргээх цаг юм.

Иймийн тул, та нар бие биенээ уучлах ёстойг та нарт хэлнэ би; учир нь ах дүүгийнхээ зөрчлийг үл уучилдаг тэрээр Их Эзэний өмнө буруушаагдахаар зогсох буюу; учир нь түүнд илүү их нүгэл үлддэг болой.

“Их Эзэн бибээр өршөөх түүнийгээ өршөөх болно, харин бүх хүнийг уучлах нь та нараас шаардагддаг болой.”

Тиймээс Христийн мэндэлсний баяр бол бид хайр, нөхөрлөлийн ердийн хэлхээ холбооноос даван гарч өөрсдийгөө зориулах цаг юм. “Хүмүүний дунд хайр оршиг” гэдэг нь бидний аль хэдийн хайрлаж, энэрдэг хүмүүс болох манай Сүмийн гишүүд, улсын иргэд, бидний өссөн нутаг, ойр орчмын хүмүүс, эсвэл нэг соёл, гаралтай хүмүүст зориулагдаагүй юм. Тэнгэрлэг элч нарын хайрыг бүх хүнд тунхагласан ба үүнд энгийн найз нөхөд, танихгүй хүмүүс, дайснууд маань хүртэл орно. Христийн мэндэлсний баяр бол бид бүгдээрээ биднийг үхлээс гэтэлгэхээр Цорын ганц Хүүгээ өгсөн Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүд гэдгийг санах цаг юм. Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүн төрөлхтөнд ижил нөхцөлөөр аврал ба өргөмжлөлийн адислалуудыг санал болгодог. Энэ нь Их Эзэн, Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байх явдал юм.

IV.

Христийн мэндэлсний баярын амин сүнс нь энэ үеийг ашиглан тусгаарлагч ханыг давж, бусад бүх үндэстэн, шүтлэгтэн, арьс өнгөтэй хүмүүстэй харилцан ойлголцож, хүндлэл хайрын холбоо тогтоохыг уриалдаг. Хожмын үеийн гэгээнтнүүд бид Юта мужид олонх, бусад газарт цөөнх байхаас үл хамааран Бурханы бүх охид хөвгүүдтэй холбоотой байх хэрэгтэй. Бид итгэл нэгт болон өөр бусад шашин шүтлэгтэй хүмүүст ч гэсэн нөхөрлөлийн гараа сунгах хэрэгтэй. Бид бошиглогч Мосегоор дамжуулан Израилын хүүхдүүдэд дамжуулсан Бурханы зарлигийг дагах ёстой.

“Нутагт чинь ирмэл хүн та нартай хамт суурьших аваас түүнийг бүү дарла. Та нартай хамт суурьших ирмэл хүн та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байж, чи түүнийг өөрийн адил хайрла.”

Бид хүүхдүүддээ хүн болгонд эелдэг, халамжтай байхыг заах ёстой. Манай нийгэмд Хожмын үеийн гэгээнтэн хүүхэд, өсвөр үеийнхэн маань бусад хүүхдийг хавчин гадуурхаж байгааг Хожмын үеийн гэгээнтэн бус эцэг эхчүүдээс сонсоод би их гунигладаг. Ийм явдлууд хойшид алга болоосой гэж би найдаж байна. Бид хаана ч байсан бүх хүнээс хамгийн найрсаг, хамгийн халамжтай нь байх ёстой.

Мэдээж хэрэг, бидний ёс журмыг алдагдуулж, итгэл, шүтлэгийг маань сулруулах төрлийн холбоо сүлбээнээс бид зайлсхийх хэрэгтэй. Гэвч ингэхийн тулд бид бусдыг бодохгүй орхино гэсэн үг биш юм. Мөн энэ нь төрөл бүрийн нэгдсэн зорилгоор хүн бүртэй хамтран ажиллаж болох олон янзын хамтын ажиллагаанаас холдуулах ёсгүй.

“Хүмүүний дунд хайр оршиг” хэмээх захиасны амин сүнсийг бид бусдын төлөөх үйлчлэлд өөрсдийгөө зориулах гэсэн утгаар хүлээн авах нь зүйтэй. Христийн мэндэлсний баяр нь бид бүгдийн төлөө Өөрийн амийг өгсөн Түүний төрөлтийг тэмдэглэдэг шиг бидний хүн нэг бүр Христийн мэндэлсний баярыг бусдад өгөх арга замуудаа өргөжүүлэхэд ашиглах хэрэгтэй.

Үүнийг хийвэл Христийн мэндэлсний баярын амин сүнс бидний бодол болон үйлсэд шингэж, “Хүмүүний дунд хайр оршиг” хэмээх мөнхийн зорилгын төлөө бид өөр өөрсдийн хувь нэмрийг оруулцгаах болно. Бид бүгд үүнийг хийх цаг болсон. Учир нь Их Эзэний эргэн ирэх хугацаа өдөр өдрөөр ойртсоор байна. Өнгөрсөн аравдугаар сарын чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа тул хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй! Биднийг зүрх сэтгэл болон амьдралаа Есүс Христэд бүрэн зориулахад хамгийн сайхан зүйлс тохиох нь гарцаагүй ээ.“

Би одоо “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл“-ээс эш татъя:

“Есүс Христийг хоёр мянган жилийн өмнө мэндэлснийг дурсан хүндэтгэхдээ бид Түүний зүйрлэшгүй амьдрал, агуу цагаатгах золиослолын хязгааргүй хүчний бодит үнэнийг гэрчилдэг. Дэлхий дээр амьдарч байсан ба амьдрах бүх хүнд ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй. …

Бүх хүн төрөлхтний түүхийн төв болох Түүний амьдрал Бетлехемд эхлээгүй, Калварид ч төгсөөгүй гэдгийг бид албан ёсоор гэрчилж байна. Тэр бол Эцэгийн Ууган, махбод дахь Төрсөн Ганц Хүү, дэлхийн Гэтэлгэгч юм. …

“Элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож … Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь” болсон Түүний Сүм болон санваар нь дэлхий дээр сэргээгдсэн гэж бид баттай тунхаглаж байна.’ .

Түүнийг хэзээ нэгэн цагт дэлхий дээр эргэж ирнэ гэдгийг бид гэрчилж байна. ‘Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно”’ . Тэрээр Хаадын Хааны хувьд удирдан, Эзэдийн Эзэний хувьд захирах ба өвдөг бүхэн сөгдөж, хэл бүхэн Түүнийг шүтэн ярих болно. …

Бид Түүний албан ёсоор томилсон төлөөлөгчдийнх нь хувьд—Есүс бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь ба найдвар юм. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу, ирэх дэлхийд мөнхийн амьдрал руу хөтлөх жим юм. Зүйрлэшгүй бэлэг болох тэнгэрлэг Хүүгийнх нь төлөө Бурхандаа талархъя” хэмээн тунхагладаг.

Есүс Христийн нэрээр, амен.