Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэлсэн


9:55

Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэлсэн

2024 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2024 оны 12 дугаар сарын 8, ням гараг

Ийм гайхалтай хөгжмийг сонсож байгаа бид азтай шүү. Найрал дуучид, хөгжимчид, удирдаачдаа баярлалаа. Та нар харагдахгүй байгаа ч энэ гацууруудын ард байгааг чинь би мэднэ ээ.

Миний дуртай Христийн мэндэлсний баярын дууллуудын нэг бол “Бяцхан ариун Хүү, бяцхан дорд Хүү” хэмээх дуулал юм

Сүрэг хотолж, хоньчид манана.

Өглөө болтол манана;

Алдар сууг нь харж, түүхийг нь сонссон

Сайн мэдээний тухай сайн мэдээ үнэн.

Тийн баясан, зовлонгоос ангид,

Магтан дуулсаар маргаашийг угтана,

Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэллээ.

Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэллээ!

Намайг бага байхад аав ээж маань “Тамми хурга” хэмээн дууддаг байв. Судрууд дээр хоньчин, хургануудын талаар ярих үед үргэлж надад хандан ярьж байгаа мэт санагддаг байж билээ.

Ялангуяа Христийн мэндэлсний баярын тухай түүхийг мөн шөнөөр хонин сүрэг, хургануудаа манаж байсан хоньчид дээр айлчилсан тэнгэр элч нарын тухай ярих үед үнэхээр тэгж санагддаг байсан. Би өөрийгөө тэнд байгаагаар төсөөлж, тэвшин дотор хэвтэх нялх хүүд дөхөж очиход ямархуу байх байсан талаар боддог байлаа. Би одоог хүртэл жил бүр Түүний мэндэлснийг тунгаан бодох үедээ эдгээр дүрслэлийг төсөөлөх маш их дуртай.

Миний дуртай өөр нэгэн дүрслэл нь ахлагч Жон Р.Ласатэрын ярьсан түүх юм.

Олон жилийн өмнө ахлагч Ласатэр засгийн газрын томилолтоор Африкийн нэгэн улсад айлчлан очжээ.

Нэгэн өдөр цөлд тэднийг хар лимузин машины цуваагаар аялж байхад нь осол гарав. Түүний сууж явсан машиныг толгойн оргил руу дөхөх үед тэрээр урдах тэрэг нь замаасаа гарсан байхыг анзаарав. Тэрээр “Бидний өмнө нүдэнд харагдсан тэрхүү дүр зураг миний оюун ухаанд олон жил тодхон үлдсэн юм” хэмээн хэлсэн.

Аврагчийн амьдарч байсан үеийнх шиг урт өмсгөлтэй нэгэн хөгшин хоньчин лимузингийн дэргэд зогсоод, жолоочтой ярилцаж байв. Ойр хавьд нь 15 орчим хоньтой нэг сүрэг байжээ.

Хамгийн урд нь явсан толгой машин нэг хонийг нь шүргээд гэмтээчихлээ гэж ахлагч Ласатэрын жолооч нь тайлбарлаж өгч. Мөн энэ нь хааны тэрэг байсан учраас хоньчин жижиг хургаа нас биед гүйцэх үеийнх нь үнээр бодож 100 дахин их мөнгөөр нэхэмжилж авах боломжтой байв. Гэвч уг хуулиар бэртсэн хонийг нядалж, махыг нь хувааж авах ёстой байлаа.

Жолооч нь түүнд хандан, “Одоо та хараарай, хөгшин хоньчин мөнгийг авахгүй; тэд хэзээ ч авдаггүй юм” гэж хэлжээ. Түүнийг учрыг нь лавлахад жолооч нь “Яагаад гэвэл тэрээр хонь нэг бүрдээ хайртай шүү дээ” хэмээн нэмж хэлэв.

Тэд өвгөн хоньчныг доош бөхийгөөд, бэртсэн хургыг өргөн авч гартаа тэврэн, дээлийнхээ энгэрт хийхийг нь харжээ. Тэрээр хургаа илэнгээ нэг үгийг дахин дахин давтан хэлж байсан ба ахлагч Ласатэрыг үгийн утгыг асуухад нь “Өө, тэр нэрийг нь дуудаж байна. Түүний хонь болгон нь нэртэй. Учир нь тэр бол сүргийнхээ хоньчин нь. Сайн хоньчин хонь бүрээ нэрээр нь мэддэг шүү дээ” гэж хариулав.

Исаиагийн номд “Тэр … мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврэ[х болно]” хэмээн бидэнд амласан байдаг.

Энэхүү Христийн мэндэлсний баярын үеэр бид ямар нэгэн зүйл дурсан санаж, мэдэрдэг бол энэ нь бид Түүнийх гэсэн мэдрэмж байх ёстой. Христийн Петрт “Хургануудыг минь тэжээ … хоньдыг минь хариул” хэмээн хэлснийг санаж байна уу?

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ”

“Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, бидэнд Хүү өгөгдсөн аж.”

Тэрээр бидний хүн нэг бүрийг нэг нэгээр нь тухайлан өргөхөөр мэндэлсэн. Мөн Тэрээр хэнийх ч юм бол Тэр таных байх нь гарцаагүй. Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэлсэн.

Гэхдээ Исаиа “Бүгдээрээ бид хонь мэт төөрч” хэмээн мөн анхааруулсан. Бидний хүн нэг бүр хэрэн тэнүүчлэх хурга мэт эсвэл бүр төөрсөн хонь мэт санагдсан тийм үеүдтэй тулгарч байсан байх. Өнөө орой бид бүгдээрээ хайрын мутраараа тэврэх Сайн Хоньчин хэрэгтэй шархадсан хурганууд гэдгийг хэлмээр байна. Учир нь мөнх бус байна гэдэг нь бидний тухайд эвдэрсэн гэж санагдах засуулах шаардлагатай зүйл бидэнд байдаг гэсэн үг юм.

Түүнчлэн миний хувьд энэ долоо хоногийн туршид Гэтэлгэгч тун их хэрэгтэй байх тэр мөч ням гаргийн ариун ёслолын цагаас өөр үед байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Би харууссан зүрхтэйгээр ирж, энэхүү “сүнсээ шинэчлэх цагаар” хэлэгдэж буй үгс, бэлгэдлүүдийн талаар тунгаан боддог. Гэвч өнгөрсөн долоо хоногийн талаар бодож байхдаа өмнөх ням гарагт бодож байсантай яг адил гэм нүгэл, сул талынхаа талаар бодож буйгаа анзаардаг гунигтай мэдрэмжийг мэдрэх үе заримдаа гардаг. Тэгэхэд би үнэхээр их гэмшиж бас дотроо эмтэрсэн мэт санагддаг.

Ийм үеүд та нарт танил байна уу?

Өнөөдөр би та бүхнийг нэгэн шинэ зүйлийг туршиж үзээсэй гэж уриалж байна. Бүхэл долоо хоногийн хамгийн ариун нандин тэр мөчид та эмтэрсэн мэт мэдрэмжийг авбал Түүнийг таныг нэрээр тань дуудаж байна гэж төсөөлөөд, Түүн рүү очоорой. Аврагчийг дэлгэсэн мутраа тан руу сунган, “Чамайг ийм мэдрэмж авахыг чинь мэдэж байлаа! Үүний л учир би дэлхийд ирж, тийн зовж шаналсан шүү дээ” хэмээн хэлж байна гээд төсөөл дөө. Түүний тусламж, Түүний нигүүлслийг та бүх зүйл тань хамтдаа төгс болсон мэт санагдах замынхаа төгсгөлд биш харин яг одоо хүлээн авах боломжтой. Учир нь өөр ямар хүн энэ зүйлийг мэдрэх вэ? Миний мэдэх хэн ч тэгж чадахгүй.

Бид сүм рүү, Их Эзэний зоог болох ариун ёслол руу эдгээгдэх гэж, мөн цэвэр хэмээн мэдрэхийн тулд очдог гэдгээ санаарай.

Олон жилийн өмнө би Хүүхдийн хэсэгт үйлчилж байхдаа саяхан баптисм хүртсэн нэг хүний түүхийг ярьж байсан. Тэгэхдээ би түүнийг Сүмийн хамгийн цэвэр ариун гишүүн хэмээн онцолж байлаа. Тэр үед эхний эгнээнд сууж байсан арай том нэг хүү гараа өргөөд, “Би яг л түүн шиг цэвэр байгаа, яагаад гэвэл би дөнгөж сая ариун ёслолоос хүртсэн” гэв. Би хариуд нь эв хавгүйхэн “Тийм шүү, би түүний хэлснийг хэлж байгаа санаа нь энэ” гэж билээ.

Найз нар минь ээ, бид хамгаас гайхамшигтай энэхүү сургаалыг үнэхээр дурсан санаж, хүлээн авдаг уу? Хэрэв бид Бурхантай хийсэн гэрээгээ сахих ажлаа хийж, байнга буцан ирж, тайлагнан, наманчилдаг байвал өдөр бүр цэвэршиж чадна. Тийнхүү ариун ёслолоор бид бид баптисм хүртсэн өдрийнх шигээ цэвэр ариун гэсэн мэдрэмжтэй байж чадна.

Миний хувьд ийнхүү Хүндэтгэлийн өдөр амралтын өдөр болдог. Зөвхөн бие махбодын амралт төдий биш, харин гэмшил, айдас, мөн дутуу дулимаг зүйл, сул талаасаа амсхийх амралт. Ядахдаа, ганц өдөр ч болов амардаг!

Судруудын бүх цэдэг дотроос хамгийн нандин нэг хэсэг бидэнд энэ амралтын талаарх ойлголтыг цухасхан өгдөг. Мормоны Номд амилсан Аврагч Америк тивд “өөр хоньд” дээрээ зочлохдоо тэднээс асуулгүй юу хэрэгтэй байгааг нь мэдрээд, бие махбодын хувьд өвдсөн —доголон, сохор, дүлий эсвэл “ямар нэгэн байдлаар зовж зүдэрч буй” хүмүүсийг урагш ирэхийг урьдаг.

Би тэрхүү бие махбодоороо эдгэрэх хэрэгтэй байгаа нь илт харагдах хүмүүсийг ар араасаа ээлжээ хүлээн зогсож байсныг төсөөлж боддог. Гэхдээ би бас бодож байхдаа хүмүүний нүдэнд үл харагдах янз бүрийн байдлаар зовж зүдэрч буй өөр шигээ хүмүүсийг мөн хайртай хүмүүсээ тэрхүү дараалалд хүлээн зогсохыг хардаг. Тэрээр ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн хүмүүсийг урин, “мөн тэрбээр тэднийг нэг бүрчлэн эдгээв.”

Энэ тохиолдолд, Тэрээр тэднийг эмчилсэн гэж хэлээгүйг анзаараарай. Бидний хүсдэг эдгээх, эмчлэх хоёр ялгаатай гэсэн энэ санаа надад маш их таалагддаг. Эмчлэх гэдэг нь ихэнхдээ биднийг эрүүл мэндийн хувьд өмнөх байдалд аваачдаг. Харин эдгээх гэдэг бол өөр. Эдгээх нь тэрхүү хуучин шархыг аниулан, биднийг дотроос нь өөрчилдөг.

Дэлхийн Аврагч амилан, гар, хөл дээрх болон хавирган талынхаа сорвиудыг авч үлдсэн нь Түүнийг биднийг хэзээ ч мартахгүй бөгөөд сорви болгоноор нь бид эдгээгдэж байдгийг нотолдог. Мөн тэднийг эдгээсэн тэр өдөр Аврагч хүн нэг бүрийг хайр бялхсан тэврэлтээр тэвэрсэн нь лавтай.

Энэ үдэш танд эмтэрсэн мэт санагдаж, Түүний эдгээхийг мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй бус байж магадгүй. Гэхдээ тэр явдал үнэхээр үнэн үү? Ням гараг болгонд ариун ёслолын үеэр Тэр таныг тоостой замаас өргөн авч, өмсгөлийнхөө энгэрт хийн, дэлгэсэн мутраараа тэвэрч байдаг.

Христийн мэндэлсэн тэрхүү ариун шөнө нэгэн тэнгэр элч сайн сайхан мэдээ, агуу баяр баяслын мэдээг хуваалцсан. “Хамгийн Агуу Нэгэн атлаа Өөрийгөө хамгийн доогуурт тавьсан Тэнгэрлэг Хоньчин Тэрбээр Хурга болжээ.” Бидний бүхий л зовлон зүдгүүрт найз маань байхаар мэндэлсэн, Хаадын Хаан тийнхүү тэжээлийн тэвшинд хэвтэнэ.” Тэрхүү тэнгэр элч “Та бүхний найз, таны хамгийн сайн найз дөнгөж сая ирлээ. Мөн хэрэв та нар Түүний та нарыг хэр сайн харж хандаж байсан, өмнө нь Түүнтэй хамт амьдарч байхдаа Түүнд хэр их найддаг байснаа мэдсэн бол, хэрэв та нар Түүний та нарын төлөө юуг золиосолж, дараа нь та нарыг гэртээ буцаж очиход тань туслахын тулд юу хийх хүсэлтэй байсныг ойлгосон бол та нар тэвшинд буй Түүнтэй мэндлэхээр яаран гүйх байсан буй за” хэмээн хэлсэн гэдэгт би итгэдэг.

Тэвшинд хэвтэх Бяцхан Хүү, бидний шүтэн биширдэг, магадгүй мутраас нь барихад ямархуу байх бол хэмээн бидний бүр төсөөлж зүрхлэх тэр Нэгэн бидний төлөө гагцхүү үүнийг хийхийн тулд ирсэн гэдгийг би гэрчилж байна.

Тийм ээ, Бяцхан Хүү Христ таны төлөө мэндэлсэн!

Есүс Христийн нэрээр, амен.

Тайлбар

  1. “Infant Holy, Infant Lowly,” Gospel Library

  2. John R. Lasater, “Shepherds of Israel,” Ensign, May 1988, 74-ийг үзнэ үү.

  3. Исаиа 40:11

  4. Иохан 21:15-17; тодотгол нэмсэн.

  5. Лук 2:11; тодотгол нэмсэн.

  6. Исаиа 9:6; тодотгол нэмсэн.

  7. Исаиа 53:6

  8. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 29.2.1.1, Gospel Library; Патрик Кийрон, “Баяр баясгалангийн сүмд тавтай морилно уу,” Ерөнхий чуулган, 2024 оны 10-р сар, 37.

  9. 3 Нифай 15:17; мөн Хиламан 10:16-г үзнэ үү.

  10. 3 Нифай 17:9

  11. 3 Нифай 17:9

  12. Bruce D. Porter, “Come, Let Us Adore Him,” Ensign, Dec. 2013, 22.

  13. “O Holy Night,” Recreational Songs (1949), 143.