Үнэлж баршгүй бэлэг
2024 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт
2024 оны 12 дугаар сарын 8, ням гараг
Энэ бас орой Христийн мэндэлсний баярын ариун нандин ач холбогдлын талаар ярих гэж буйдаа баяр хөөр, бишрэл гайхал төрж байна. Дэлхийн түүхэнд тохиосон ямар ч үйл явдал Назарын Есүс хоёр мянга гаруй жилийн тэртээ мэндэлж, үйл хэргээ гүйцэтгэснээс илүү агуу нөлөө үзүүлээгүй билээ. Орчин цагт дэлхий даяар цаг тооллыг энэхүү ер бусын үйл явдлаас эхлэн хэмждэг.
Бидний Их Эзэний мэндэлснийг газар газарт олон янзын арга замаар тэмдэглэдэг хэдий ч Христийн мэндэлсний нэг уламжлал нь бүх нийтийнх юм шиг санагддаг.
Энэхүү уламжлал нь Матайд цэдэглэсэн, Есүсийг шүтэн бишрэхээр Дорно зүгээс ирсэн мэргэдийн тухай түүхээс эхтэй байх магадлалтай. Тэд ирэхдээ үнэ цэнтэй бэлэг сэлт авчирчээ. Өнөө цагт бэлэг сэлт өгөх энэ уламжлал Христийн мэндэлснийг тэмдэглэх баярын томоохон хэсэг болж байна.
Христийн мэндэлсний баярын бэлгийн тухай миний анхны санаж байгаа зүйл бол утастай үйсэн бөглөөгөөр бууддаг гоё тоглоомон буу, механик баадуутай нугас хоёр байв. Дөрвөн настай хүүхдийн хувьд энэ бэлэг хосгүй жаргал байлаа. Нугас шалан дээр тойргоор найган явдаг бөгөөд төө хэртэй зайнаас тоглоомон буугаараа хөөрцөглөн буудах надад хялбархан бай болдог байв. Гэвч удалгүй тоглоом эвдэрч, материаллаг бүх зүйлсийн нэгэн адил өгсөн аз жаргал нь түр зуурынх байсан бөгөөд хурдан мартагдав.
Өнөө орой энэхүү Христийн мэндэлсний баяраар бидний хүн нэг бүрийн өгч чадах гурван бэлгийн талаар ярья. Эдгээр нь түр зуурын аз жаргалыг авчрахгүй, харин амьдралын маань туршид удаан үргэлжлэх жинхэнэ баяр хөөрийг өгөх болно.
Эхнийх нь гэрчлэлийн бэлэг. Энэ бол тун хувийн чанартай бэлэг бөгөөд заль мэхгүйгээр, үнэгүй өгөгдсөн үед бодгалиудын маань хамгийн гүн гүнзгий илэрхийллийг илчилдэг. Алт, гүгэл, мирээс илүү үнэ цэнтэй бэлэг болох бидний хувь хүний Аврагч, Гэтэлгэгч, Есүс Христийн талаарх цэвэр гэрчлэл бол бидний Христийн мэндэлснийг тэмдэглэдэг бүхий л баярын гол цөм юм.
Жаки бид хоёр зургаан хүүхдээ бага байхад нэг орой гэр бүлийн үдшээр хичээл хийхийн оронд ердөө л нэг нэгэндээ гэрчлэлээ хуваалцсан юм. Намайг гэрчлэлээ хуваалцсаны дараа тэр үед 16 настай байсан бидний хонгор охин Чэлси нүдээ том болгож гайхан, “Аав аа, би урьд нь таны гэрчлэлийг сонсож байгаагүй юм байна!” гэж хэлж билээ. Бага зэрэг цочирдсон надад түүний энэ үг гайхалтай байлаа. Би тэр үед гадасны ерөнхийлөгч байсан ба намайг сүм дээр ч, гэртээ ч маш олон удаа гэрчлэлээ хуваалцаж байхыг Чэлсиг сонсож байсан гэдгийг би мэднэ. Гэвч яг тэр мөчид тэрээр миний гэрчлэлийг анх удаагаа мэт сонсож, мэдэрчээ. Гэрчлэлийн бэлэг бол үнэ цэнтэй мөн гэрчлэлээ олон удаа хуваалцах үед хүч байдаг гэдгийг ухааруулж, хэзээ ч мартагдашгүй сургамжийг охин минь заасан юм.
Хоёр дахь нь уучлалын бэлэг. Бид бүгд хэзээ нэгэн цагт бусдын эелдэг бус үг, үйлдлээс болж сэтгэлийн шарх авсан байх нь лавтай. Мөн шулуухан хэлбэл, бид ч бас бусдыг гомдоодог. Есүс Христ “Их Эзэн бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүнийг уучлах нь та нараас шаардагддаг болой” хэмээн заасан. Тэгээд нэг алхам урагшлаад Тэрээр биднийг өөрсдийн маань эсрэг үйлдсэн бусдын нүглийг үл уучилбал илүү агуу нүгэл үйлддэг гэж айлдсан.
Бид бусдыг чин сэтгэлээсээ өөрийн хүсэл зоригоор уучлах үедээ хорсол занал, шүүлт, өс хонзонгийн хороос чөлөөтэй болдог.
Надад Өмнөд Африкийн Сандайл Макаси гэдэг сайн найз бий. Уучлалын тухай тун хувийн чанартай гэрчлэлийг нь түүний зөвшөөрлөөр хуваалцъя. Сандайлыг хоёр нас хүрээгүй байхад дөнгөж 28 настай байсан аавыг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийн үеэр цагдаагийнхан тамлан, амь насыг нь хороожээ. Хожим нь Сандайл аавынхаа цочирдом аллагын тухай нарийн ширийнийг мэдэж авчээ. Түүний үгээс эш татъя:
“Бага байхдаа би тэр хүмүүсийн аавд минь хийсэн зүйлээс болж, хорсож, үзэж ядаж байв. Тэд яаж аавыг минь биднээс авч явж чадав аа? Надаас аав, зөвлөгчийг минь, ээжээс хайр, халамжаар дүүрэн хамтрагчийг нь булаан дээрэмдсэн.
Аавыг минь тарчлаан зовоосон тэдний зэрлэг балмад байдлыг мэдэж авсан минь зүрх сэтгэл, оюуныг минь цагдаагийн офицер, цагаан арьстан хүмүүст уурсах уур хилэн, үзэн ядалт, өшөө авалтаар өрдөв.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг мэдэж автлаа би ийм мэдрэмжийг өвөртөлж байлаа. Сайн мэдээ цагдаагийн офицеруудыг үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө уучлах хэрэгтэй гэдгийг ойлгоход тусалсан бөгөөд үүнээс миний баяр баясгалан, сүнслэг өсөлт хөгжил шалтгаалж байв.
Үүнийг хэлэх нь хийхээс амархан байсан ч би цөхрөлтгүй маш их залбирч байлаа. Цаг хугацааны явцад Их Эзэн надад дайснаа уучлахад тусалсан …. Гомдохын оронд тайвширч, үзэн ядалт, өшөө хорслын оронд хайр мэдэрч, зүрх сэтгэл, оюунд минь нөмрөх харанхуйн оронд надад гэрэл, амар тайван ирсэн.”
Уучлалын бэлэг өгөх тухай үлгэр жишээ үзүүлсэнд баярлалаа Сандайл аа.
Гурав дахь нь Христийнхтэй адил хайрын бэлэг. Бүхий л сүнслэг бэлгээс аль нь ч энэрлээс илүү агуу биш юм. Есүс бусдыг гэх хайраа илтэд илэрхийлж, биднийг бие биеэ хайрла хэмээн заасан.
Бид Аврагчийн жишээг дагахдаа бусдыг гэх хайраа үг, үйлдлээрээ илэрхийлэх үед тэд биднээр дамжуулан Бурханы хайрыг мэдрэх боломжтой.
Хэдэн жилийн өмнө би үүний тод жишээ болсон Вашингтонд амьдардаг 23 настай нэгэн залуутай уулзсан юм. Номлогчид түүнд гурван сарын турш заасан ба тэрээр царай төрх, амьдралын хэв маягт нь гайхалтай өөрчлөлт гарахыг мэдэрчээ. Нэг орой түүнийг номлогчидтой утсаар ярьж дуусахад номлогчид “Хайртай шүү Майкл аа” гэжээ. Тэрээр утсаа таслаад, “Хөөх. Миний дасаагүй зүйл байх чинь. Би үүнийг бусдад хэлж болох юм байна” гэж дотроо боджээ. Тэрээр ээждээ хайртай гэж хэлэх зориг гаргахаар шийдэв. Ээж нь мужийн нөгөө хэсэгт хэдэн цаг явах зайд амьдардаг байжээ. Түүнийг ээж рүүгээ утасдаад, “Ээж ээ, би танд хайртай” гэж хэлэхэд нь ээж нь шууд л “Юу болов оо? Эмчид үзүүлээд, муу мэдээ сонсоо юу? Буцаад шорон луу явах гэж байгаа юм уу?” гэж хариуд нь хэлэв. Тэрээр ээждээ сайн мэдээг олсон, энэ нь түүнийг хэрхэн өөрчилсөн, тамхиа хаясан, хар тамхи хэрэглэхээ больсон, баптисм хүртэх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа ярьжээ.
Энэ бол хүмүүсийг бусдаар дамжуулан Бурханы хайрыг мэдрэх үед юу тохиолддогийн гайхамшигтай дүрслэл шүү. Энэ нь зүрх сэтгэлийг зөөлрүүлж, тэгээд бусадтай хайрын тэрхүү бэлгийг хуваалцах хүслийг бий болгодог.
Өнөө орой бид алт, гүгэл, мирийг дурдаад, үнэ цэнтэй бэлгүүдийн талаар ярьж эхэлсэн. Та нар энэ дурдсан бэлгүүдийг Амазон дээрээс ч худалдаж авах боломжтой. Би шалгаж үзсэн шүү. Гэхдээ бидний яриад буй бусад бэлгийг та ямар ч дэлгүүрээс олохгүй. Тэр бэлгүүд бол үнэгүй. Тэр бэлгүүд бэлэг өгөгч, бэлэг хүлээн авагч хоёрын хэн хэнд нь урт удаан үргэлжлэх жинхэнэ баяр баясгаланг авчирна.
Энэ Христийн мэндэлсний баяраар юу өгөх талаараа бодохдоо та бүхэн:
-
Гэр бүл, хайртай хүмүүстээ гэрчлэлээ хуваалцаарай. Таныг энэхүү үнэ цэнтэй бэлгийг хуваалцах үед өөрийн тань гэрчлэл хүчирхэгжих болно.
-
Таныг доромжилсон, гомдоосон гэж боддог хэн нэгнийг уучлаарай. Энэхүү бэлгийг өгснөөр та мөн амар амгаланг хийгээд эдгэрлийг мэдэрнэ.
-
Бусдад өөрөөр тань дамжуулан Бурханы хайрыг мэдрэхэд туслаарай. Зохимжтой бол тэдэнд хайртайгаа хэл. Та тэднийг Бурханы хардгийн адил харвал тэднийг гэх таны хайр улам асна. Та мөн амьдралдаа Бурханы хайрыг мэдрэх болно.
Та нарын хүн нэг бүрд агуу баяр баясгалангаар дүүрэн Христийн мэндэлсний баярын мэнд дэвшүүлье. Би Есүс Христийг гэрчилж байна. Тэр амьд. Тэр бол бидний Аврагч, бидний Гэтэлгэгч. Тэр бол бидний Өмгөөлөгч, Найз. Би Түүнийг дээдлэн биширдэг. Би Түүнд хайртай. Тэрээр хэмжээлшгүй үнээр худалдан авсан бэлгээ бидний хүн нэг бүрд өгсөн учраас бид бүхнээс хамгийн агуу бэлэг болох бидний хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн оршихуй дахь мөнх амьдралыг хүлээн авахад тэнцэхүйц байх боломжтой.
Есүс Христийн нэрээр, амен.