Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Аврагчтай уулзах бэлтгэлтэй байх нь


11:46

Аврагчтай уулзах бэлтгэлтэй байх нь

2024 оны Христийн мэндэлсний баярт зориулсан Тэргүүн зөвлөлийн онцгой цугларалт

2024 оны 12 дугаар сарын 8, ням гараг

Христийн мэндэлсний баярын улирал эхэлсэн энэ цаг үед би бодол санаагаа гэрээсээ хол байгаа хүмүүст, ялангуяа яг одоо үйлчилж буй олон тооны номлогчид хандуулж байна.

1960 оны 12-р сард би Англи улсад номлогч байхдаа анх удаа Христийн мэндэлсний баярыг гэрээсээ хол өнгөрүүлж билээ. Би Англи улсын Свиндонд үйлчилж байсан.

Бид Свиндонд 3 сар орчмын өмнө л номлолын ажлыг эхлүүлсэн байв. Ням гаргийн цуглаандаа зориулж бид нэг өрөө хөлсөлдөг байсан. Бид салбарын эхлэлийг тавих цөөн хэдэн хөрвөгчтэй байхаар адислагдсан юм.

Христийн мэндэлсний баярын өмнөх орой ахлагч Нөэл Лүк бид хоёр өөрсдийн үйлчилж байсан хэсгийнхээ хүмүүстэй гэрт нь очиж мэндчилэн, Христийн мэндэлсний баярын товч захиас, адислалыг үлдээхээр шийдлээ. Тэр орой маш сайхан орой байсан. Тэнгэрт саран үүлсийг нэвт гэрэлтүүлэн, тэнгэрлэг мэдрэмж төрүүлж байв. Гэнэт бид хөрш айлуудад бүх хүн зурагтаа асаагаад, бидний хайртай дуучин, хошин шогийн жүжигчин Харри Сэкомбийг үзэж байгаа гэдгийг ухаарсан юм. Тэрээр “Энэ гэрийг адислаач” гэдэг сайхан дууг дуулж байв. Тэрээр ариун үгсийг сэтгэл хөдөлгөм илэрхийлж ийн дуулж байлаа.

Дуу минь сонорт нь хүрэх хүмүүсийг адислаач.

Нүглээс ангид, цэвэр ариун байлгаач.

Бид бүгдийг Тантай амьдрахад

Бэлэн байхаар адислаач, Их Эзэн минь.

Түүний энэ дууг сонсоод бидний нүд нулимсаар дүүрэв. Бараг айл болгоноос сонсогдсон энэ дуу тэнгэр өөд цацагдаж, үүлэн дээр ойгоод, буцаж доошлон ирж байлаа. Ахлагч Лүк бид хоёрт Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд үйлчилж тэднийг адислахыг хичээж байгаа, бидний Их Эзэн Аврагч Есүс Христийнхээ үнэнхүү төлөөлөгчид юм гэсэн бялхам мэдрэмж төрж байв.

Энэ дэлхийд амьдрахдаа бид бүгдээрээ гэрээсээ буюу тэнгэрлэг гэрээсээ хол байдаг юм байна гэдгийг би номлогч байхдаа ойлгож билээ. Тэрхүү гэрийн тав тухтай байдлыг мэдрэх зам бол Аврагчдаа үйлчилснээр олж авах зам юм.

Сүүлийн жилүүдэд Аврагчийн бүх дэлхийд өгдөг гэрлийг онцлохыг, ялангуяа Христийн мэндэлсний баярын үеэр онцлохыг Сүмээс бидэнд урамшуулж байгаа билээ. Сүмийн Дэлхийг гэрэлтүүлцгээе хэмээх гайхалтай хөтөлбөр хүн бүрийн бодол санааг Аврагч руу хандуулдаг. Хэрэгцээтэй хүмүүст нь өгөх, Христийн адил үйлчлэл үзүүлэх зүтгэл үүнийг дагалддаг.

Өнгөрсөн жил Сүм Нью-Йорк хотын Таймс Скүэр талбайн эргэн тойрны асар том дижитал дэлгэцүүдийг ашиглан, Дэлхийг гэрэлтүүлцгээе үйл ажиллагааг эхлүүлсэн.

Асар том дижитал дэлгэцэн дээр Аврагчийн мэндэлж буйг харуулсан сэтгэл хөдөлгөм зураглал гарч ирэх үед Мэри бид хоёр тэнд байсан. Энэ нь үнэхээр сүнслэг үйл явдал байсан шүү. Таймс Скүэрт болсон уг үйл ажиллагаа энэ жил дэлхий даяар олон хотод өрнөж байна.

Дэлхийг гэрэлтүүлцгээе үйл ажиллагааны үеэр Нью-Йорк хотод байх үедээ би их дэлгүүрүүдийн цонхонд том том үзүүлэн бэлтгэн харуулсан байсныг анзаарсан.

Нью-Йорк Таймс сонины нэгэн ням гаргийн дугаарт “Цонхнууд баярын чимэглэлүүдээр гоёж эхэлж байна. Худалдан авагчид ч мөн адил” гэсэн гарчигтай бүтэн нүүр нийтлэл гарсан байсныг санаж байна. Энэ өгүүлэлд Нью-Йорк хотын 5-р өргөн чөлөөнд байдаг их дэлгүүрийн цонхнуудыг баярын тансаг үзүүлэнгээр гоёж чимэглэдэг уламжлалтай байсныг дурдсан байв. Нийтлэлийг болон саяхан тэнд айлчлан очсоноо бодоход, эдгээр цонхны алинд нь ч Христийн мэндэлсний эсвэл Христ Хүүгийн сэдэвтэй үзүүлэн байгаагүй.

Би уг нийтлэлийг уншаад, намайг бага байхад Христийн мэндэлсний баярын үеэр Солт Лэйк Ситигийн их дэлгүүрийн цонхнуудад Христ хүүг харуулсан үзүүлэн байдаг байсныг санав. Бас тэр үед Христийн мэндэлсний баярын мэдрэмжийг төрүүлж худалдан авагчдыг татахын тулд Христийн мэндэлсний баярын сэдвийг онцолдог байсан Мидвэст дэх нэгэн худалдааны төв санаанд орж билээ. Тэд “Хэрэв Христ өнөө орой ирвэл Тэр хэн дээр ирэх бол?” хэмээн бичсэн том лоозон өлгөсөн байлаа. Тэр тэмдгийн доор цонхон дотор хэд хэдэн үзүүлэн тавьсан байдаг байв. Тэдгээр үзүүлэн миний санаж байгаагаар ийм байсан.

  • Эхнийх нь сувилагчаар асруулан орон дээрээ хэвтэж байгаа ахимаг насны өвчтэй эмэгтэй. Тэр маш ядруу, өвчтэй харагдаж байлаа.

  • Хоёр дахь нь шинэ төрсөн хүүхдээ тэвэрсэн залуу ээж. Түүний царайнаас баяр хөөр гэрэлтэж байсан.

  • Гурав дахь нь уйлалдаж байгаа хүүхдүүдтэй гэр бүл. Тэнд хоол хүнс хомсхон, баярын бэлэг байсан бол цөөхөн байгаа нь харваас илт байв.

  • Дөрөв дэх нь маш олон бэлэг задалж буй, харваас баян гэр бүлийнхэн байсан.

  • Тав дахь нь хамтдаа баяр хөөртэй дуулж буй олон хүүхэдтэй, даруухан, сайхан гэр бүл байв.

Тэр таван үзүүлэнг болон “Хэрэв Христ өнөө орой ирвэл хэн дээр ирэх бол?” гэсэн самбарыг бодохуйд толгойд маань хоёр бодол орж ирдэг.

Нэгд, Аврагчийг хоёр дахь удаагаа ирэх үед Түүний ирэх өдөр, цагийг мэдэхгүй гэдгээ бид мэднэ.

Хоёрт, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны саяхны Ерөнхий чуулган дээр заасанчлан, Есүс Христ ирэхдээ “мянган жил захирах Мессиагийн хувиар эргэн ирнэ.” Ерөнхийлөгч Нэлсон бидэнд бэлтгэхийн тулд “амьдралаа Есүс Христэд бүрэн зориулах[ыг]” сануулсан. Үүний дагуу, уг самбар дээр “Хэрэв Христ өнөө орой ирвэл хэн Түүнийг угтахаар бэлтгэгдсэн байна вэ?” гэсэн байсан бол илүү тохиромжтой байх байсан юм.

Би тэдгээр цонхон дахь үзүүлэнгүүдийг бодох үедээ эдгээр нь тэдний бие махбодын болон санхүүгийн нөхцөл байдлыг харуулж байгаа болохоос сүнслэг нөхцөл байдлынх нь талаар юуг ч өгүүлдэггүйг ойлгосон. Цонхны үзүүлэнгүүдэд хөгшин, өвчтэй, эрүүл хүн болон нялх хүүхэд зэрэг хүмүүсийг харуулж байсан. Тэнд бас баян, ядуу хүмүүсийг харуулсан байв. Гэхдээ нас, эрүүл мэнд, санхүүгийн байдал нь үнэхээр чухал зүйлийг буюу тэдний сүнсний нөхцөл байдлыг харуулдаггүй.

Сургаал ба Гэрээнээс бид Христийн Сүмд баптисм хүртэхэд тавигдах шаардлагын талаар уншдаг. Шалгуур нь үндсэндээ өөрсдийгөө даруусгах, “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” байх, наманчлах, “эцсээ хүртэл [Есүс Христэд] үйлчлэх” зэрэгт үндэслэсэн. Зорилго нь “Есүс Христийн шавь” болох мөн Түүний Цагаатгалын адислалуудад биднийг бэлтгэдэг гэрээний зам дээр хөгжин урагшлах явдал юм.

Есүс Христ бүх зүйлд үлгэр жишээ болдог. Тэрээр: “Болгоогтун би бол гэрэл; би та нарт үлгэр жишээ үзүүлсэн билээ” хэмээн тунхагласан. Бид өөрсдийн сүнсний нөхцөл байдлыг хянан үзэхдээ, Түүний төгс жишээг харах нь бидэнд тустай байх болно. Аврагч бидэнд энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд аз жаргал, утга учир, баяр баясгаланг олох замыг харуулсан билээ. Аз жаргал, баяр баясгалан нь Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг тодорхойлдог.

Иохан 19:5 дээрээс бид Пилат Есүсийг цовдлохыг хүссэн хүмүүсийн өмнө Түүнийг авчирсан талаар уншдаг. Есүс “сундуун титэм, нил ягаан нөмрөгтэй гарч ирэв. Пилат тэдэнд, Энэ Хүнийг харагтун гэлээ.”

Христийн мэндэлсний баярын энэхүү улирлаар Христ болох тэрхүү Хүнийг болон Түүний өгсөн бэлгүүдийн тухай товчхон ярьцгаая.

Эхлээд, Түүний гайхамшигтай мэндэлсэн үйл явдлын талаар бодоцгооё.

Христийн мэндэлсний баярын энэхүү улирлаар бидний мэндэлснийг нь тэмдэглэдэг энэ бяцхан хүү бол Эцэгийн цорын ганц төрсөн Хүү гэдгийг бид мэддэг. Тэрээр Эцэгээсээ амьдрах хүчийг буюу мөнх амьдралын хүчийг өвлөн авсан. Тэрээр зуурдын амьтай эхээсээ үхэх хүчийг өвлөн авсан. Тэрбээр ариун нандин үйл хэрэгтээ бүр эхлэлээс сонгогдсон байв.

Матай 1:23-т: “Харагтун, онгон бүсгүй хүүхэд олж, Хүү төрүүлнэ. Түүнийг Иммануел, орчуулбал ‘Бурхан бидэнтэй хамт’ гэж тэд нэрлэнэ” хэмээн өгүүлдэг.

Хоёрдугаарт, Түүний төгс төгөлдөр, гэм нүгэлгүй амьдрал болон Түүний жишээг тунгаан бодоорой. Есүс Христ “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” туулсан хэдий ч Өөрийн зорилгыг амжилттай гүйцэлдүүлсэн юм. Тэр бол бидэнд үлгэр жишээ үзүүлэгч бөгөөд бидний дагах ёстой замыг тавьж өгсөн хүн. Тэр Өөрийн амьдралыг ядуу, гачигдалтай, өвчтэй, зовж зүдэрсэн хүмүүст зориулсан. Гагцхүү Тэрээр Өөрийн тэнцсэн байсан мөнхийн төлөвлөгөөг амжилттай гүйцэлдүүлэхэд амиа зориулсан.

Гуравдугаарт, Түүний үхэл, Амилуулалт, Цагаатгалыг эргэцүүлэн бодоорой.

Миний сайн мэдээг номло гарын авлагад Цагаатгалын талаар энгийнээр, тун сайхан бичсэн байдаг. “Аврагчийн Цагаатгалд Гетсеманийн цэцэрлэг дэх болон загалмай дээрх зовлон шаналал, үхэл, Амилалт багтдаг. Тэрээр төсөөлөхийн аргагүй асар ихээр зовж шаналан, нүх сүв бүрээс нь цус урсаж байсан.”

Сургаал ба Гэрээнүүд 76:41-өөс бид “Тэрбээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийнхний нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн бөлгөө” гэж уншдаг.

Есүс Христийн Цагаатгал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу үйл явдал мөн бэлэг юм. Бид бүгд нүгэл үйлддэг ба зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар л нигүүлслийг хүртэж, Бурхантай хамт амьдарч чадна.

Дөрөвдүгээрт, Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгээрэй.

Хуучин Гэрээнд Иов: “Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно” хэмээн заасан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “[Христ] хуучин Иерусалимаас ч мөн Шинэ Иерусалимаас ч удирдах болно. Энэ хоёр төвөөс Тэрээр Сүмийнхээ ажил хэргийг удирдан явуулна” хэмээн тун ч сайхан заажээ. Энэхүү үйл явдалд бэлтгэх цаг нь одоо юм. Сударт “Их Эзэний агуу их өдөрт өөрсдийгөө бэлтгэцгээ” хэмээн өгүүлдэг.

Эцэст нь би Их Эзэнийг хайрла, Түүнд үйлчил гэсэн зөвлөгөөг өгье. Бид өөрсдийн сүнслэг нөхцөл байдал, Аврагчтай уулзах бэлтгэлийнхээ талаар бодох үедээ юуны түрүүнд “өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла[х] хэрэгтэй. Хоёрт, “Чи хөршөө өөрийн адил хайрла[х]” хэрэгтэй.

Бидний Бурханыг болон хөршөө хайрлах хайр бидний сүнсний нөхцөл байдлын эцсийн шалгуур юм. Хэрэв бид Бурханыг хайрладаг бол зарлигуудыг нь сахих болно. Мөн хэрэв бид хөршөө хайрладаг бол тэдэнд үйлчлэн, үндсэндээ Аврагчийн мутар болж чадна.

Сургаал ба Гэрээнд Аврагч: “Тийм ээ, би хүмүүсийн зүрх сэтгэлийг нээх болно, мөн … бибээр чиний гараар нэг салбар байгуулах болно” гэх үгсийг хэрэглэжээ.

Христийн мэндэлсний баярын энэ улирлаар Аврагчдаа талархаж буйгаа үзүүлэх гол арга зам бол Түүний үйлчлэгч байж, чухамдаа энэ дэлхий дээр Түүний мутар байх явдал юм.

Бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэдэг энэхүү сайхан цаг үед би та нарт Тэр амьд гэдгийг гэрчилж байна. Тэр бидэнд Жишээ үзүүлэгч, Эцэгийн өмнө биднийг өмгөөлөх Өмгөөлөгч бөгөөд Эцэг, Хүүгийн оршихуйд эргэн очиход биднээс шаардагдах бүхнийг Тэр гүйцэлдүүлсэн. Бид Есүс Христийг дагаж, Түүний өгсөн бэлгийг хүлээн авбал энэ нь ухаалаг хэрэг болно.

Та бүхэн Христийн мэндэлсний гайхамшигтай баярыг Есүс Христ дээр төвлөрөн бахдам сайхан өнгөрөөх болтугай.

Есүс Христийн нэрээр, амен.