“Христийн амилсны баяр: Аврагч болон Түүний Цагаатгалаар дамжин ирэх найдвар ба амар амгалан,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Христийн амилсны баяр: Аврагч болон Түүний Цагаатгалаар дамжин ирэх найдвар ба амар амгалан,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Христийн амилсны баяр
Христийн амилсны баяр
Аврагч болон Түүний Цагаатгалаар дамжин ирэх найдвар ба амар амгалан
Аврагч Есүс Христ бусдын боломжгүй гэж бодож байсан арга замаар итгэл найдвар, амар амгаланг авчирсан юм. Тэрээр сохрыг хараатай, өвдсөнийг эрүүл, доголонг хөлтэй болгон эдгээж байлаа. Тэр үхсэнийг амилуулсан. Эцэст нь Тэрээр зовлон зүдгүүр, үхэл, Амилалтаараа дамжуулан бүх хүн төрөлхтний нүгэл, үхлийг ялсан. Бид Христийн амилсны баяраар Аврагчийг дурсан санаж, Түүнд баярлан талархдаг. Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн өөрсдөд нь өгдөг амар амгалан, найдварын талаар эргэцүүлэн бодоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад хичээлийн төгсгөлд дугаарласан дөрвөн үйл ажиллагааны нэгийг хийх даалгавар өг. Жишээлбэл: “Амьд Христ” материалыг судлахдаа Аврагчийн өгсөн амар амгалан, итгэл найдварыг гэрчилсэн үг хэллэгийг ол. Тэднээс дуртай үг хэллэгээ хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Итгэл найдвар, амар амгаланг алдах эсвэл олж авах
Дараах графикийг самбарт зур.
Та суралцагчдаас өөрсдийгөө Израилд амьдарч, Аврагчийн амьдралыг нүдээр үзсэн гэж төсөөлөхийг хүсэж болно. Дараах асуултыг тавь.
-
Аврагчийн амьдралд болсон ямар үйл явдал танд илүү их итгэл найдвар төрүүлж болох вэ?
Суралцагчдыг хэд хэдэн жишээ хуваалцсаны дараа та “Цовдлолт” гэх зэрэг загалмай дээрх Есүс Христийн зургийг үзүүлээд, энэ цаг үе зарим шавь нарынх нь хувьд итгэл найдвараа алдахад хүрч байсан мөч байж болохыг тайлбарлаж болно. (Аврагч нас барсан бөгөөд өмнө нь хэн ч амилж байгаагүй.)
Дараа нь “Христ, Мариа хоёр булшны дэргэд” гэх зэрэг Аврагчийн Амилалтын зургийг үзүүлээд, энэ үйл явдал тэдний найдварт хэрхэн нөлөөлснийг асуу.
-
Өнөө үед хүмүүс ямар ямар шалтгаанаар итгэл найдвараа алдаж болох вэ?
-
Өнөө үед хүмүүс ямар ямар шалтгаанаар Аврагчаар дамжуулан итгэл найдвар олж авч болох вэ?
Самбарт суралцагчдын хариултыг тохирох сумны хажууд бич. Бид үүний нэгэн адил үйл ажиллагаагаа найдвар гэдэг үгийг амар амгалан болгож өөрчлөн хийж болно гэдгийг тайлбарла.
Аврагч амьдралдаа найдвар, амар амгаланг мэдрэхэд тань хэрхэн тусалдаг талаар хэсэг зуур тунгаан бод. Түүнчлэн найдвар, амар амгалан алдарч байгаа мэт санагдаж болох шалтгаануудын талаар тунгаан бод. Амьдралд тань илүү их найдвар, амар амгалан яагаад хэрэгтэй байж болохыг бодож үз.
Энэ хичээлийн туршид танд болон хүн төрөлхтөнд Есүс Христийн өгдөг амар амгалан, найдварын талаар эргэцүүлэн бодоход туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Бидний амьдралд найдвар, амар амгалан
Христийн амилсны баяраар бид Есүс Христийн Амилалтыг буюу бидний төлөө Өөрийн цагаатгагч золиослолыг гүйцэлдүүлснийг тэмдэглэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихдаа бидний амьдралд авчрах Аврагчийн найдварын талаар хайж ол.
Аврагч бидний нүгэл, сул дорой байдлын төлөө зовж шаналан, загалмай дээр амиа өгч, дахин босохдоо хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн билээ. Түүний ачаар бид өөрсдийн сул дорой байдал, нүгэл, айдсаа ганцаар туулах шаардлагагүй. Түүний ачаар үхэл төгсгөл байхаа больсон. Дэлхий дээр амьдарч байсан бүх хүн амилуулагдана. Түүний ачаар гэр бүлүүд үүрд хамт байж чадна. Есүс Христийн ачаар бид Христийн амилсны баярыг тэмдэглэдэг. Харин Христийн амилсны баяр бол амар амгалан, итгэл найдварын тухай юм. …
… Христийн амилсны баярын энэ өдрүүдэд бүгдээрээ Түүний бидэнд авчирдаг амар амгалан, итгэл найдвар, гэрэл гэгээ, үнэнийх нь төлөө шүтэн биширч, магтан дуулцгаая. (“The Peace and Hope of Easter,” видео, ChurchofJesusChrist.org)
-
Та нар ерөнхийлөгч Нэлсоны заасан зүйлийг хэрхэн дүгнэх вэ?
Суралцагчид янз бүрийн ойлголтоо хуваалцаж магад. Хариулсанд нь таларх. Аврагчийн зовлон зүдгүүр, үхэл, Амилалтаар дамжуулан бид амьдралдаа амар амгалан, итгэл найдвартай байж чадна гэдэг нь бидний сурч мэдэж болох зарчмуудын нэг юм.
-
Ерөнхийлөгч Нэлсоны хуваалцсанчлан Аврагч бидэнд итгэл найдвар, амар амгаланг ямар ямар арга замаар өгч чадах вэ?
-
Аврагчийн зовлон зүдгүүр, үхэл, Амилалтын талаар мэдэх нь яагаад бидэнд Түүгээр дамжуулан итгэл найдвар, амар амгаланг эрэлхийлэхэд тусалдаг гэж та бодож байна вэ?
Аврагчийн талаарх гэрчлэл
Дараах үйл ажиллагаа нь Есүс Христээр дамжуулан хэрхэн амар амгалан, итгэл найдварыг авч болохыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусална. Дараах заавар, судрын эшлэлүүдийг самбарт харуулаарай. Суралцагчдад эдгээрээс хэдийг аль эсвэл Аврагчийн тухай гэрчилсэн өөр шүлгүүдийг судлах даалгавар өг. Эсвэл та судар бүрийг өөр өөр суралцагчид хуваарилж өгч болно. Дараа нь суралцагчид Аврагч бидний амьдралд хэрхэн итгэл найдвар, амар амгаланг авчирдаг талаар олж мэдсэн зүйлээ ангийнхантай хуваалцаж болно.
Хуучин Гэрээн дэх дараах судруудаас заримыг нь уншаад, Аврагч бидний төлөө юу хийж чадахыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг олж мэд. Тэрээр бидний амьдралд хэрхэн итгэл найдвар, амар амгаланг авчирдгийг тунгаан бод.
Иов 19:25–26
Дуулал 16:8–11
Дуулал 30:2–5
Дуулал 33:18–22
Исаиа 1:18
Исаиа 12:2
Исаиа 25:8–9
Исаиа 40:28–31
Иеремиа 17:7–8
Суралцагчдаас өөрсдийнх хувьд утга учиртай гэж бодсон шүлгүүдээ хуваалцахыг хүс. Та тэднээс тэдгээр үг хэллэгээ самбарт “Итгэл найдвар олж авах” гэсэн сумны хажууд бичихийг хүсэж болно. Яагаад тухайн үг хэллэгийг утга учиртай гэж бодож байгааг нь тэднээс асуу. Та мөн бусдын хуваалцсан үг хэллэгийн доогуур зурахыг суралцагчдаас хүсэж болно.
Аврагчийн өгдөг амар амгалан, итгэл найдварын талаар эргэцүүлэн бод
Аврагчаар дамжин ирдэг амар амгалан, итгэл найдварын талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг ангиар нь дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хоёрыг хийлгүүл. Та суралцагчдад хамгийн хэрэгтэй эсвэл тустай гэж бодож байгаа хэдийгээ сонгож болно. Эсвэл та сонголтуудыг товч танилцуулаад, суралцагчдаар ямар үйл ажиллагааг ангиараа хийхийг нь сонгуулж болно. Та мөн суралцагчдаас өөрсдөө санаа гарган, туршиж үзэхийг хүсэж болно.
-
Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын бичсэн “Амьд Христ”-ийг судалж, Аврагчийн өгсөн амар амгалан, итгэл найдварын тухай гэрчилсэн үг хэллэгийг ол. Суралцагчид олж мэдсэн зүйлээ мөн энэ нь яагаад тэдний хувьд утга учиртай болох талаар хуваалцаж болно.
-
Аврагчийн өгсөн амар амгалан, итгэл найдварын тухай заадаг дуулал, өөр бусад дууг сонгоод нэгийг нь дуул. Дараа нь уг дууллаас өөрийн хувьд утга учиртай гэж бодсон үг хэллэгээ хуваалц. Зарим жишээ нь: “Хаана амар тайван байна вэ?,” Дуулал, д.62; “Би гэтэлгэгч амьдыг мэднэ,” Дуулал, д.70, “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг,” Хүүхдийн дууны ном, 42.
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг унш эсвэл “The Peace and Hope of Easter, President Russell M. Nelson Palm Sunday Invitation” видеог цагийн код 3:50-аас 5:11 хүртэл үзнэ үү. Сүмд очих эсвэл ерөнхий чуулганыг сонсох нь хэрхэн бидэнд Аврагчийн өгдөг амар амгалан, итгэл найдварын талаар эргэцүүлэн бодоход тусалдаг талаар хуваалц.
Энэ Христийн амилсны баяраар би та нарыг Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхийг уриалж байна. Хэрэв та бүхэн шүтэн бишрэх газар хайж байгаа бол бидэнтэй нэгдээрэй. Христийн амилсны баярын өдрүүдэд болон ням гарагт Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяар явагддаг ерөнхий чуулган Христэд төвлөрсөн захиас, дуу хөгжмөөр дүүрэх болно. Бид Гэтэлгэгчээ шүтэн бишрэхээр [өөрийн биеэр болон] зайнаас цугларах болно. Бидэнтэй нэгдээрэй. Найзуудаа уриарай!
Есүс Христ амьд! Бидний амилсан, цагаатгагч Аврагч болох Тэрээр бидэнд амьдрал дахь гэнэтийн эмгэнэлт үйл явдлуудад уналгүй өсөж хөгжихөд минь туслахад бэлэн байдаг. Христийн амилсны энэ баяраар бидэнд авчирсан амар амгалан, итгэл найдвар, гэрэл гэгээ, үнэнийх нь төлөө Түүнийг шүтэн биширч, магтан дуулцгаая. (“The Peace and Hope of Easter, President Russell M. Nelson Palm Sunday Invitation,” video, ChurchofJesusChrist.org)
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагч Есүс Христээр дамжуулан итгэл найдвар, амар тайвныг мэдэрч байсан үеийнхээ туршлагаасаа хуваалц.
Суралцагчдыг эдгээр үйл ажиллагаанаас нэг эсвэл хоёрыг хийж дууссаны дараа Аврагчийн өгдөг амар амгалан, итгэл найдварыг мэдрэхэд нь тэдэнд туслах дараах видеонуудын нэгийг хуваалцаж болно.
“The Prince of Peace” (2:32)
“Тэр амьд учраас” (2:28)
Дүгнэлт
Самбар дээрх хүснэгт рүү анхаарал хандуул. Бид бүгд заримдаа итгэл найдвар алдарч болох ч Аврагчаар дамжуулан итгэл найдвар, амар амгаланг эрэлхийлэж чадна гэдгийг тайлбарла.
Яагаад таны амьдралд Аврагчийн итгэл найдвар, амар амгалан хэрэгтэйг судрын тэмдэглэлдээ бич. Дараа нь Аврагчид болон Түүний итгэл найдвар, амар амгаланд төвлөрөхийн тулд хийхийг хүсэж байгаа зарим зүйлээ бич. Тэдгээрт өнөөдөр судалсан судрууд эсвэл “Амьд Христ” дээрх үг хэллэгийг багтааж болно.
Суралцагчдад Аврагчийн тухай бодол санаа, гэрчлэлээ мөн Түүний өгдөг амар амгалан, итгэл найдварын тухай хуваалцах боломж олго.