Ирээд, Намайг дага
Гэр орондоо болон Сүм дээр суралцахыг сайжруулах санаа


“Гэр орондоо болон Сүм дээр суралцахыг сайжруулах санаа,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

Хамт судалж буй гэр бүл

Гэр орондоо болон Сүм дээр суралцахыг сайжруулах санаа

Та гэртээ болон Сүм дээр Аврагчийн сайн мэдээг судлах явцдаа дараах асуултуудыг бодож үз.

  • Та судлах явцдаа Сүнсийг хэрхэн урьж болох вэ?

  • Та судлах явцдаа Аврагчид хэрхэн төвлөрч болох вэ?

  • Та өдөр тутмын суралцах хором мөчүүдээ хэрхэн ашиглаж болох вэ?

  • Та гэр бүл болон ангийнхаа гишүүдийг хувиараа судраас судалж, сурч байгаа зүйлээ хуваалцахад хэрхэн урамшуулж болох вэ?

Бурханы үгсийг илүү үр дүнтэй судлах зарим энгийн арга замыг доор өгөв.

Сүнслэг удирдамжийн төлөө залбир

Судрууд Бурханы үг учир тэдгээрийг ойлгохын тулд Түүнээс тусламж хүс.

Есүс Христийн тухай үнэнийг эрж хай

Бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас Аврагчийг гэрчилдэг, Түүнийг хайрлах хайрыг тань гүнзгийрүүлдэг, Түүнийг хэрхэн дагахыг заадаг шүлгүүдийг тэмдэглэж, бичиж авч болно. Заримдаа Аврагчийг болон Түүний сайн мэдээний үнэнүүдийг шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээ, түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу. Эдгээр үнэн Аврагчийн талаар надад юу зааж байна вэ?

Сүнсийг сонс

Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр нөлөө нь Тэнгэрлэг Эцэгийн танаас сураасай хэмээн хүссэн зүйл ч байж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Суралцаж байхдаа төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл: Судруудад танд сэтгэгдэл төрүүлсэн тодорхой үг, хэллэг байж болох ба та тэдгээрийг тэмдэглэж, төрсөн бодол санаагаа судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, төрсөн мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэлдээ бичиж болно.

Суралцаж буй залуу эмэгтэй

Сурсан зүйлээ бусадтай хуваалц

Хувиараа судалж мэдсэн зүйлсийнхээ талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаар илүү сайн ойлгож авахад тусалдаг. Сурч мэдсэн зүйлээ гэр бүлийн гишүүд, найз нөхөдтэйгөө хуваалцаад (биечлэн эсвэл цахимаар), ийнхүү хуваалцахад тэднийг урь.

Судруудыг амьдралтайгаа холбо

Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ эргэцүүлэн бод. Жишээлбэл: Та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдож байсан бэ?” гэж асууж болно.

Судлах явцдаа асуулт тавь

Судраас судалж байхад оюун санаанд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судраас судалж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай.

Суралцаж буй залуу эрэгтэй

Судраас судлахад туслах материалуудыг ашигла

Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт авахын тулд зүүлт тайлбар, Судруудын удирдамж болон бусад судлах тусламжийн материалыг ашигла.

Судрын түүхэн нөхцөл байдлыг бодож үз

Та тухайн судрын нөхцөл байдал буюу орчныг бодож үзэхдээ уг судрын хэсгийн талаар гүн гүнзгий ойлгох боломжтой. Жишээлбэл: Бурханы хандан ярьсан хүмүүсийн нөхцөл байдал, итгэл үнэмшлийн талаар мэдэж авах нь Түүний үгийн зорилгыг ойлгоход танд тусална.

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал

Таны судраас олдог зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу гэж заасныг унш.

Ээж, хүү хоёр хамт судалж байгаа нь

Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдар

Судраас судлах нь биднийг сүнслэгээр өдөөхөөс гадна амьдрах арга замаа өөрчлөхөд хүргэдэг. Уншиж байхад Сүнс таныг юу хийхэд өдөөж байгааг сонсоод, тэдгээр өдөөлтийн дагуу үйлд.

Дуу хөгжим ашигла

Ирээд, Намайг дага гарын авлагаас санал болгож буй дуулал болон хүүхдийн дуунуудыг олж болно. Ариун нандин дуу хөгжим Сүнсийг урьж, сайн мэдээний үнэнүүдийн тухай гэрчлэл, итгэлийг тань гүнзгийрүүлдэг.

Хамтдаа дуулж буй гэр бүл

Судруудыг цээжил

Өөртөө, гэр бүлдээ эсвэл ангийнхандаа утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, өдөр бүр давтан уншсанаар эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжил.

Үзүүлэнт хичээл заа

Та уншиж буй бүлгүүд эсвэл шүлгүүдтэй холбоотой үзүүлэн ол. Судрууд дахь сургаал нь үзүүлэн бүртэй хэрхэн холбогдож байгаа талаар бодож үз.

Зурах, олох юм уу зургийг нь дар

Хэдэн шүлэг уншсаны дараа уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зур. Эсвэл та Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл Gospel Library аппликэйшнаас зураг хайж болно. Та мөн сурч мэдсэн зүйлээ илэрхийлэх зураг дарж болно.

Түүхийг жүжигчлэн харуул

Түүхийг уншсаныхаа дараа гэр бүлийнхнээ эсвэл ангийн гишүүдийг уг түүхийг жүжигчлэн тоглоход урь. Дараа нь тухайн түүх танд тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгааг ярилц.

Гэртээ уян хатан бай

Хэрвээ гэр бүлийн гишүүд тань гэр бүлээрээ судар судлахад оролцохыг хүсэхгүй байгаа бол тэдэнтэй холбоотой байх өөр арга замуудыг хайж ол. Жишээлбэл: Та яриандаа мөнхийн үнэнийг эсвэл утга учир бүхий судрыг хэт номлосон эсвэл хэтрүүлсэн мэт санагдахгүй байдлаар хуваалцаж чадах уу? Судраас судлах нь гэр бүл бүрд адилхан байх шаардлагагүй. Зарим хүүхэд ганцаараа судраас судлах илүү дуртай байдаг байж болно. Залбиран байж, Сүнсний өдөөлтүүдийг дага.

Эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал. Хэрэв та хүүхдүүддээ заах хичээл зүтгэлд тань нэмэлт тусламж авахыг хүсвэл тойрог тань эцэг эхчүүдэд зориулсан багш нарын зөвлөлийн хурал зохион байгуулж байгаа эсэхийг олж мэд (Ерөнхий гарын авлагын 17.5-ыг үзнэ үү). Эдгээр хурал нь эцэг эхчүүдэд зориулсан тэдний заах арга барилаа хэрхэн сайжруулах талаар хамтдаа суралцаж, зөвлөлдөх боломж юм. Тэд Аврагчийн арга барилаар заах нь эх сурвалж дээрх зарчмууд, гэр бүлээрээ судраас суралцах байдлыг сайжруулахад зориулсан хуудас дээрх санаанууд болон Ирээд, Намайг дага гарын авлагаас суралцах, заах зөвлөмжийн талаар ярилцаж болно.