“Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашиглах,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлагыг ашиглах
Энэ эх сурвалжийг хэнд зориулсан бэ?
Ирээд, Намайг дага гарын авлагыг хувиараа, гэр бүлээрээ, мөн Сүмийн ангиудад судраас судлахыг хүсэж буй хүн бүрд зориулсан. Хэрэв та урьд нь судраас тогтмол судалдаггүй байсан бол энэ эх сурвалж танд судалж эхлэхэд тусална. Хэрэв та аль хэдийн судраас судлах сайн дадал хэвшилтэй болж чадсан бол энэ нь танд илүү ач холбогдол бүхий туршлага олж авахад туслах болно.
Хувь хүн, гэр бүлүүд гэр орондоо
Сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар бол гэр орон юм. Сүмийн багш нар таныг дэмжиж, та тойргийн бусад гишүүнээс урам зориг авч болно. Гэхдээ сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэхийн тулд та болон танай гэр бүл өдөр бүр “Бурханы сайн үгээр” тэжээгддэг байх шаардлагатай (Моронай 6:4-ийг мөн Рассэлл М.Нэлсоны “Нээлтийн үг” захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3-аас үзнэ үү).
Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Тойм нь Хуучин Гэрээн дэх зарим мөнхийн үнэнийг онцолдог. Мөн тэдгээрт судрыг хувиараа, гэр бүлээрээ эсвэл найзуудтайгаа хамт судлахад туслах санаа, үйл ажиллагаануудыг тусгасан байдаг. Судлах явцдаа та өөрт тань ач холбогдолтой мөнхийн үнэнүүдийг олохын тулд Сүнсний удирдамжийг дагаарай. Бурханы танд зориулсан захиасыг олж, хүлээн авсан сүнслэг өдөөлтөө дага.
Багш, суралцагчид Сүм дээр
Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлага нь Хүүхдийн хэсэг, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдийн Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүдийн анги, Аароны санваарын чуулга зэрэгт зориулсан сургалтын хөтөлбөр юм. Хэрэв та эдгээр ангийн аль нэгэнд нь заадаг бол таныг бие даан судлахдаа болон заахаар бэлтгэхдээ энэ эх сурвалжийн тоймуудыг ашиглахыг уриалж байна. Судраас өөрийн гэсэн туршлага олж авах замаар эхэл. Хамгийн чухал бэлтгэлийг судруудыг судлан, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж хийнэ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход туслах мөнхийн үнэнүүдийг хайж ол. Ирээд, Намайг дага гарын авлага нь эдгээр үнэнээс заримыг нь тодорхойлоход мөн судруудын хам сэдвийг ойлгоход тань тусалж чадна.
Гэр оронд төвлөрсөн, Сүмээс дэмжсэн үед л сайн мэдээг хамгийн сайнаар судална гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, таны гол үүрэг бол зааж буй хүмүүсийнхээ гэртээ сайн мэдээнээс суралцаж, дагаж амьдрах хичээл зүтгэлийг дэмжих явдал юм. Хичээл дээр тэдэнд зориулан онцгой агуулга бүхий зүйл заах талаар санаа зовох хэрэггүй. Харин тэдэнд гэртээ уншсан судрын хэсгүүдтэй холбоотой бодол, туршлага, асуултуудаа хуваалцах боломжийг олго. Тэднийг олж мэдсэн мөнхийн үнэнүүдээ хуваалцахыг урь. Энэ нь тодорхой материалуудыг хамруулснаас ч илүү чухал юм.
Өсвөр үеийнхэнд болон насанд хүрэгчдэд зориулсан Ням гаргийн хичээл
Бидний Ням гаргийн ангид цуглардаг нэг шалтгаан бол Есүс Христийг дагахыг хичээхдээ бие биеэ дэмжих, урамшуулах явдал юм. Ийн үйлдэх энгийн арга бол “Энэ долоо хоногт судруудыг судлах үед Ариун Сүнс танд юу заасан бэ?” гэсэн асуултыг тавих юм. Энэ асуултын хариулт Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг хөгжүүлэх утга учиртай ярилцлага руу хөтөлж болно.
Дараа нь та Ирээд, Намайг дага дээрх судлахыг санал болгосон зүйлсэд тулгуурлан ярилцах ярилцлагад урьж болно. Жишээлбэл: Судлах санаа нь Аврагчийн зорилгыг дүрслэн харуулсан үгсийг хайж, Исаиа 53-ыг судлахыг санал болгож болох юм. Та ангийн гишүүдээс эдгээр үг тэдэнд ямар бодол, мэдрэмж төрүүлснийг хуваалцахыг хүсэж болно. Эсвэл ангиараа эдгээр үгийг харахад хэсэг хугацааг зарцуулж болно.
Аароны санваарын чуулгууд ба Залуу эмэгтэйчүүдийн ангиуд
Ням гарагт Аароны санваарын чуулгууд, мөн Залуу эмэгтэйчүүдийн ангиуд Ням гаргийн ангиас арай өөр зорилготой уулздаг. Эдгээр бүлэг Есүс Христийн сайн мэдээнээс суралцахад нь нэг нэгэндээ туслахаас гадна аврал, өргөмжлөлийн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар хамтдаа зөвлөлдөхөөр уулздаг (Ерөнхий гарын авлага, 1.2-ыг үзнэ үү). Тэд үүнийг анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлүүдийн удирдлага доор гүйцэтгэнэ.
Ийм шалтгаанаар чуулгын эсвэл ангийн бүх цуглааныг сайн мэдээний дагуу амьдрах, гачигдалтай хүмүүст тохинуулах, сайн мэдээг хуваалцах эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох зэрэг хичээл зүтгэлийн талаарх ярилцлагыг удирдах чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн аль нэг гишүүн эхлүүлэх ёстой.
Хамтдаа зөвлөлдсөний дараа зааварлагч анги эсвэл чуулгыг сайн мэдээнээс суралцахад чиглүүлнэ. Насанд хүрсэн хүнийг эсвэл анги, чуулгын гишүүдийн аль нэгийг хичээл заалгуулахаар томилно. Ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл насанд хүрсэн удирдагчидтай зөвлөлдөн, эдгээр томилгоог хийнэ.
Заахаар томилогдсон хүмүүс Ирээд, Намайг дага гарын авлагын долоо хоногийн тойм дээрх суралцах санаануудыг ашиглан хичээлдээ бэлтгэнэ. Тойм болгон дээрх дүрс нь ялангуяа өсвөр үеийнхэнд хамаатай үйл ажиллагаа гэдгийг илтгэнэ. Гэсэн хэдий ч эдгээр санал болгосон зүйлийн алийг нь ч өсвөр үеийнхэнд заах үйл ажиллагаа болгон ашиглаж болно.
Чуулга болон ангийн цуглааны энгийн хөтөлбөрийг харах бол Хавсралт Г-г үзнэ үү.
Хүүхдийн хэсэг
Хүүхдийн хэсэгт заах бэлтгэл тань судруудыг хувиараа болон гэр бүлээрээ судалснаар эхэлдэг. Та ийн бэлтгэж байхдаа, Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн талаарх Ариун Сүнснээс ирэх өдөөлт, сүнслэг санаа бодолд нээлттэй хандана уу. Залбирдаг бай, тэгвэл Сүнс Есүс Христийн сайн мэдээг судлахад нь тэдэнд туслах санаануудыг танд өгөх болно.
Та заахаар бэлтгэхдээ Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав гарын авлага дахь заах санаануудыг судалснаар нэмэлт сүнслэг өдөөлт хүлээн авч болох юм. Энэ эх сурвалжийн тойм бүрд “Хүүхдүүдэд заах санаа” гэсэн хэсэг бий. Эдгээр санааг өөрт тань сүнслэг удирдамж өгөх санал гэж авч үзээрэй. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдээ мэддэг ч гэсэн ангидаа тэдэнтэй харилцсанаар улам сайн таньж мэдэх болно. Бурхан ч гэсэн тэднийг мэддэг бөгөөд тэдэнд заах, тэднийг адислах хамгийн сайн арга замыг танд өгөх болно.
Ангийн тань хүүхдүүд Ирээд, Намайг дага дээрх зарим үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ аль хэдийн гүйцэтгэсэн байж болох юм. Хэрэв тэгсэн бол асуудалгүй. Давтах нь сайн зүйл юм. Тэднийг гэртээ сурч мэдсэн зүйлсээ бие биетэйгээ хуваалцахыг урьж болно. Хүүхдүүд гэр орондоо суралцаагүй байсан ч та тэднийг оролцуулах арга замыг төлөвлөх хэрэгтэй. Сайн мэдээний үнэнийг олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан давтан заавал хүүхдүүд тэдгээр үнэнийг илүү үр дүнтэй сурч мэднэ. Хэрэв та ямар нэгэн суралцах үйл ажиллагаа хүүхдүүдэд үр дүнтэй байгааг олж харвал, ялангуяа бага насны хүүхдүүдэд зааж байгаа бол дахин давтахыг бодоорой. Түүнчлэн та өмнөх хичээлийн үйл ажиллагааг давтаж болно.
Таван ням гарагтай саруудад Хүүхдийн хэсгийн багш нар тав дахь ням гаргийн хуваарь дээрх Ирээд, Намайг дага тоймыг “Хавсралт Б: Хүүхдийн хэсэгт зориулав—Хүүхдүүдийг Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа туршид зогсоход бэлтгэх нь” гэсэн хэсгийн нэг эсвэл түүнээс дээш суралцах үйл ажиллагаагаар сольж болно.