Ирээд, Намайг дага
Хөрвөлт бол бидний зорилго


“Хөрвөлт бол бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

Хөрвөлт бол бидний зорилго

аав нь хүүхдүүдтэйгээ хамт хурга угжиж байгаа нь

Сайн мэдээг судлах болон заах бүхий л зорилго нь бидний хөрвөлтийг гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адил болоход бидэнд туслах явдал юм. Иймээс бид сайн мэдээнээс судлахдаа шинэ мэдээлэл хайхын зэрэгцээ “шинэ бүтээл” (2 Коринт 5:17) болохыг эрмэлздэг. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зүрх сэтгэл, хандлага, үйлдэл болон мөн чанараа өөрчлөхөд тусална гэдэгт найдна гэсэн үг юм.

Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээг судлах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гадна хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу нэвтэрдэг. Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрахын тулд өдөр бүр байнга хичээл зүтгэл гаргахыг шаарддаг. Жинхэнээсээ хөрвөгдөхөд Ариун Сүнсний нөлөө шаардлагатай.

Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, тэрхүү үнэнийг гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэр бидний оюун санааг гийгүүлж, ойлголтыг маань хурдасган, бүхий л үнэний эх сурвалж болох Бурханаас ирэх илчлэлтээр зүрх сэтгэлийг маань хөнддөг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр үнэний дагуу амьдрах хүслийг маань өдөөдөг бөгөөд үүнийг үйлдэх арга замуудыг шивнэдэг. Үнэнийг хэлэхэд, “Ариун Сүнс [бидэнд] бүх зүйлийг заана” (Иохан 14:26).

Эдгээр шалтгааны улмаас бид сайн мэдээг судалж, зааж, мөн үүний дагуу амьдрахын тулд хамгийн түрүүнд Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлбэл зохино. Энэхүү зорилго бидний сонголтыг тодорхойлж, бодол, мөн үйлдлийг маань удирдаж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлийг эрэлхийлж, холдуулдаг зүйлсийг эсэргүүцэх хэрэгтэй. Учир нь бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгээ мэддэг.