СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Сайн мэдээний амин чухал тэжээл


36:9

Сайн мэдээний амин чухал тэжээл

2024 оны 6-р сарын СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган

Хайрт ах, эгч нар аа, дэлхий даяар дамжуулж буй энэ нэвтрүүлгээр би шашны сурган хүмүүжүүлэгчдэд хандан ярих боломжтой байгаадаа талархаж байна. Их Эзэний ажлыг урагшлуулахад туслахын тулд та нарын хийж буй бүх зүйлд болон цаг заваа зориулж байгаад тань баярлалаа. Та нарын амжилт “үндсэндээ Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн итгэлтэй шавь нар болоход туслахдаа хэрхэн чин сэтгэлээсээ зүтгэж байгаагаар тань хэмжигддэг” гэдгийг санаарай. Таны амжилт хэдэн суралцагч тань Аврагчийн итгэлтэй шавь болсноор тодорхойлогддоггүй. Энэ нь тэд таны хичээл, урилга мөн сэтгэлийнхээ угаас үзүүлсэн үйлчлэлийг хэрхэн хүлээж авснаас шалтгаалахгүй. Таны үүрэг бол тэдэнд өөрсдийг нь адислах мэдээлэл дээр үндэслэсэн сонголт хийхэд нь туслахын тулд тодорхой бөгөөд хүчтэй заах явдал мөн. Хувь хүн бүрд сонгох эрх бий. Иймээс би та нарт бошиглогч Иосеф Смит энэ эрин үеийн Сүмийн анхны номлогчдод хандан хэлсэнтэй адил хэлэх болно: “Хэрэв та нар үүргээ биелүүлбэл бүх хүн сайн мэдээг хүлээн авсан мэт та нарт сайн байх болно”.

1996 онд Ахлагч Дэвид О.Маккэй: “Бурханы хүүхдүүдийн багш байхаас илүү агуу хариуцлага хэнд ч байхгүй билээ” гэж хэлсэн. Өнөө үед ч мөн адил. Итгэлтэй байдлыг заадаг, итгэлтэй багш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ялангуяа өсвөр үеийнхэнд нэн чухал юм.

Хормын дараа би ерөнхийлөгч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг уншихад та нар энэ холбоог ойлгох болно. Би цөөн хэдэн сайн дурынхнаас туслахыг хүссэн. Рийс болон Аштоныхон гарч ирээд хүн тус бүр бялуу авна уу. Та нар Твинки гэдэг дотроо цөцгийтэй, ванилийн амттай бялууг мэднэ. Би одоо энэ хүмүүсийг өөрсдийн Твинкиг задлаад идэхэд урьж байна. Хүн бүрд ам арчих цаас өгөөрэй. Би үүний холбоотой байдлыг тайлбарлахыг хичээнэ ээ.

Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд сайн мэдээний чухал хэсгүүдийг заахад төвлөрөхийн ач холбогдлыг 1998 онд онцлон хэлсэн. Тэрээр ийн заасан: “Бид агуу сургаалыг Сүмд болон гэртээ, индэр дээрээс болон … анги танхимд дахин дахин зааж, өндөр үнэлж байх хэрэгтэй. …

… Амьдралын маань хүнд хэцүү үед … цөөн хэдэн судар, шүлэгтэй сүлжилдсэн хүмүүний мэргэн ухаан тус болохгүй. Бид амьдралд нь дарамт шахалт ирэх үед өөрсдийг нь дэмжин тэтгэх арга замаар [суралцагчдаа] сурган хүмүүжүүлж байна уу? Аль эсвэл сүнслэг байдлын хувьд ямар ч илчлэггүй шашны бялуу өгөөд байна уу?”

Ерөнхийлөгч Рийс, та бялууныхаа талыг идлээ. Идсэн бялуунд тань хэр их хэмжээний эслэг байсан гэж та бодож байна? Үнэндээ байхгүй.

Рийс эгч ээ, таны Твинкид хэдэн миллиграмм кальц байна гэж та бодож байна вэ? Үнэндээ байхгүй.

Аштон эгч, таны бялуунд хэдэн микрограмм А витамин байгаа та бодож байна вэ? Үнэндээ байхгүй.

Аштон ах, таны бялуунд хэдэн миллиграмм Ц витамин байгаа та бодож байна вэ? Мэдээж, хариулт ижил. Бялуунд ямар ч Ц витамин байгаагүй.

Би бага байхдаа энэ бялуунд маш их дуртай байсан. Эцэг эх маань зөвшөөрөх юм бол би өглөө, өдөр, оройн хоолондоо зөвхөн энэ бялууг идэх байсан. Хэрэв тэд надад зөвхөн бялуу идэхийг зөвшөөрсөн бол би ямар харагдах байсныг та нар мэдэх үү? Үнэнийг хэлэхэд би өтгөн хаталт, ясны сийрэгжилттэй, сульдаа сохор эр байх байсан. Тийм ч сайхан харагдахгүй.

Энд гарч ирсэн хүмүүстээ талархлаа илэрхийлье. Би энд хоол тэжээлийн дутагдал бидний бие махбодын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг ярилцахаар ирээгүй. Твинки амттай ч гэлээ ямар ч шим тэжээлгүй. Харин би та нарын суралцагчдадаа өгдөг сүнслэг тэжээлийн талаар ярилцахаар ирсэн.

Бидэнд сурах хүсэлтэй суралцагчид байгаа бол бид сүнслэг тэжээлээр дутмаг сүнслэг бялуугаар бус Бурханы сайн үгээр тэднийг тэжээх ёстой. Сүнслэг бялуугаар тэжээгдсэн тэд Их Эзэнд өсөж, “Ариун Сүнсний бүрэн байдлыг” хүлээн авсан хүмүүс буюу Есүс Христийн насан туршийн шавь болох магадлал бага. Харин ч сүнслэг бялуугаар тэжээгдсэнээр тэд сүнслэг байдлын хувьд зөрүүд, итгэлгүй, төөрөлдсөн болж өсөх магадлал өндөр байдаг.

Сүнслэг шим тэжээлийн дутагдалтай тэмцэхийн тулд суралцагчдад маань хамгийн багадаа үндсэн дөрвөн төрлийн шим тэжээлээр баялаг хүнс хэрэгтэй. Хамгийн эхнийх нь Тэнгэрлэг Эцэг ба Түүний төлөвлөгөө, Есүс Христ ба Түүний Цагаатгал, хожмын үе дэх Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн тухай гэрчлэл юм. Ингэхийн тулд бид сэргээгдсэн үнэнийг зааж, эдгээр үнэний тухай гэрчлэлээ хуваалцаж байх ёстой.

Би үүний нэгэн жишээг хуваалцъя. Хэдэн жилийн өмнө Грэйс хэмээх нэгэн хятад эмч Солт Лэйк Ситид эрүүл мэндийн байгууллагуудаар айлчлан 18 сарын хугацааг өнгөрүүлжээ. Тэр зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний талаар суралцахаар ирсэн байв. Гэр бүл маань түүнтэй найзалж, олон үйл ажиллагаанд түүнийг оролцуулдаг байсан. Христийн мэндэлсний баяр ням гарагт тохиосон өдөр бид түүнийг Сүмийн ариун ёслолын цуглаанд урив. Бид үг хэлэх хүмүүсийн захиас Есүс Христийн тухай зааж, Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг шалтгааныг онцолно гэж найдаж байлаа. Тухайн үед би гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ба цуглааны үеэр урд сууж, эхнэр, охин хоёр маань Грэйстэй хамт цугларагсдын дунд суув.

Ариун ёслолын дараа эхний үг хэлэгч хүмүүсийн сайн мэдэх дөрөв дэх мэргэн хүн гэх зохиомол түүхийг ярив. Түүхийг маш сайхнаар ярьсан бөгөөд хүмүүсийн сэтгэлд хүрсэн. Дараагийн үг хэлэгч гурван хүншүүлсэн модны түүх дээр үндэслэн үгээ хэлэв. Нэг мод үзэсгэлэнтэй авдар болохыг хүссэн ч Бетлехемд нэгэн хүүгийн хэвтсэн мал амьтдыг хооллодог тэжээлийн онгоц болжээ. Хоёр дахь мод бишрэм сайхан дарвуулт хөлөг онгоц болохыг хүссэн. Гэвч тэр Галилын тэнгист загасчилдаг эгэл жирийн загасчдын онц гойд зүйлгүй завь болжээ. Ширүүн шуурга болоход бусад хүний “Рабби” хэмээн дууддаг нэгэн эр “Намд” хэмээхэд шуурга зогсов. Гурав дахь мод алсаас сүрдэм сайхан харагдах зүйл болохыг хүссэн. Оронд нь тэр Калвари хэмээх толгод дээр нэгэн эрийн цовдлогдсон дам нуруу болсон ажээ. Ахиад зохиомол ч сэтгэл хөдлөм Христийн мэндэлсний баярын түүх байлаа.

Би цуглаан дээр яригдаж буй зүйлсэд сэтгэл дундуур байсан ба Грэйсийн төлөө ийм байдлаар дуусгаж чадахгүй байв. Цаг дуусаж байсан хэдий ч би бишоп руу налж, “Та энэ цуглааныг арай дээр болгох уу эсвэл намайг яриасай гэж хүсэж байна уу?” хэмээн асуулаа. Тэр үүнийг өөрөө хийх болно гэв. Тэр индэр лүү очоод таван минутын турш Бетлехемд байсан Бяцхан хүү хэн байсныг мөн Түүний хийсэн зүйлсийг тайлбарлалаа. Бишоп бүх хүн төрөлхтний Аврагч, Есүс Христийн тухай хүчит гэрчлэлийг хуваалцав. Тэр хаалтын дуулал болон залбирлыг зарлаад суулаа.

Хаалтын дууллыг дуулж байхад Грэйс эхнэр лүү маань ойртон “Рут, тэр бишопыг ярих үед цуглаан дахь ямар нэг зүйл өөрчлөгдсөн!” гэж хэлжээ. Үнэхээр өөрчлөгдсөн байв. Үг хэлсэн хүмүүс сайн ярьсан хэдий ч Бурханы үгийн мөн Сүнсний хүчгүй итгэл, гэрчлэлийн дутмаг байдал бүхий сүнслэг шим тэжээлгүй шашны бялууг өгсөн.

Бишопын чин сэтгэлийн гэрчлэл судруудад болон Их Эзэний бошиглогчдын сургаалд заадаг үнэнд суурилсан байсан нь цуглаанд Сүнсийг урьж авчирсан. Зохиомол түүхийн үнэн байдлын тухай гэрчлэх нь Сүнсэнд хэцүү байдаг гэж би дүгнэсэн юм. Бид ямар ч арга барил ашиглаж заасан бай үргэлж Есүс Христ ба Түүний Цагаатгал, Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө болон Түүний сайн мэдээний Сэргээлтэд төвлөрөх ёстой. Мэдээж хэрэг суралцагчдын анхаарлыг татахын тулд түүх, тэр дундаа зохиомол түүх ашиглаж болно. Би та нарын анхаарлыг татахын тулд Твинки ашигласан шүү дээ. Бид суралцагчдынхаа анхаарлыг нь татсан даруй амь амьдралыг өөрчлөх тэжээлийг өгөх хэрэгтэй. Би Твинки бялууны дараа лууван, брокколи, вандуйн дүрлэг өгч болох байсан ч би өгөөгүй.

Төлөөлөгч Паул “Учир нь Эзэний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно” хэмээн тунхагласан. Дараа нь Паул энэ чухал үндсэн хүнсийг заах эрх бүхий багшийн ач холбогдлыг ойлгоход туслах хэд хэдэн асуулт тавьжээ. “Тэгвэл Түүнд итгээгүй тэд яаж Түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчидгүйгээр яаж сонсох вэ?” Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? хэмээн тэр асуусан. Паул дараа нь “Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг” гэсэн дүгнэлтийг хийсэн. Суралцагчид Есүс Христэд болон Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үндсэн үүрэгт итгэх итгэлтэй болоход Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай тэдэнд заах нь хамгаас чухал юм. “Бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийл” хэмээх энэ цуглааны уриа бүгдийг хэлж байна.

Шотландын шашны шинэчлэгч, номлогч Томас Чалмэрс энэ зарчмыг судалсан өөрийн туршлагын талаар бичиж байсан. Чалмэрс 1780-аас 1847 он хүртэл амьдарсан. Амьдралынхаа төгсгөлд Чалмэрс номлолынхоо турш төлөвлөөгүй туршилт хийж байснаа ухаарсан. Олон жилийн турш тэрээр бүхий л төрлийн ёс суртахуунгүй байдал, зан чанарын доголдлын эсрэг номлож байв. Тэрээр итгэгчдийнхээ гадаад зан төлөвт анхаарал хандуулж, голчлон Арван зарлигийг заажээ. Үүнийхээ үр дүнд сэтгэл дундуур байв. Тэрээр үгс нь итгэгчдийн “ёс суртахууны зуршилд өд мэт нөлөөгүй” байсныг олж мэджээ. Тэр хэн нэгнийг хулгай бүү хий гэж ухуулсан ч тэр хүний сүнс өөрчлөгдөхгүй, хэдий тэр хүн муу зан байдлаас татгалзсан ч түүний дотор өөрчлөлт үгүй. Өөрөөр хэлбэл та суралцагчийн зүрх сэтгэлийг өөрчлөхгүйгээр зан байдлыг өөрчлөх боломжтой.

Удалгүй Чалмэрс Бурхантай эвлэрэх мөн Христийн цусаар дамжуулан нүглийнхээ өршөөлийг олох талаар номлож эхэлсэн. Түүнийг ийнхүү зааж эхлэх үед л итгэгчид амьдралдаа өөрчлөлтийг хийсэн. Түүний олж мэдсэн агуу сургамж нь “ёс суртахууныг номлох цорын ганц үр өгөөжтэй арга бол Христийг номлох” явдал юм. Тэр зүрх сэтгэлийг бус зан байдлыг өөрчлөхөөр ажиллаж байсан өмнөх алдаагаа ойлгосон. Тэгээд тэр зүрх сэтгэлийг өөрчлөхөөр ажиллахад зан байдал үүнийг дагаад аяндаа өөрчлөгдсөн.

Есүс бол Христ бөгөөд миний Аврагч, мөн Гэтэлгэгч гэдгийг мэдэх нь миний амьдрал, зүрх сэтгэлийг өөрчилсөн. Энэ мэдлэг өөр юу ч өөрчлөх боломжгүй байдлаар миний зан байдлыг өөрчилсөн. Би Түүний хязгааргүй цагаатгагч золиосыг хүртэгч гэдгээ мэднэ. Тэрхүү мэдлэг нь амьдралыг үнэхээр өөрчилдөг.

Суралцагчдад зориулсан шим тэжээлээр баялаг хоёр дахь үндсэн хүнс бол та нартай харилцах хувийн харилцаа холбоо юм. Учир нь та нартай харилцах хувийн харилцаа холбоо суралцагчдыг Аврагчид ойртоход тус болдог. Тэр үргэлж сүнслэг тэжээлийн жинхэнэ эх сурвалж байсаар байх болно. Гэхдээ суралцагч, багш хоёрын харилцаа нь суралцагчдад Аврагчийн үгийг нээлттэй хүлээн авахад тусалдаг. Суралцагчдад албан ёсоор заах хичээл тань дууссанаас хэдэн жилийн дараа ч таны харилцаа тэдний амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байх болно. Та нарын өөрийгөө гэхээс илүү суралцагчдын сайн сайхны төлөө гэх гүн гүнзгий хайр, санаа зовнилын ачаар та нарын урт удаан үргэлжлэх нөлөө тэднийг Их Эзэнд болон Түүний сургаал руу чиглүүлэх болно.

Үүнийг би өөрөө мэдэрсэн. Хүүхдийн хэсгийн маань багш нарын нэг Бэки надад яг ийм нөлөөг үзүүлсэн юм. Бага байхад маань гаргадаг алдаануудыг хэлж яншихын оронд Бэки намайг сайн зүйл хийхийг хараад хацрыг минь өхөөрдөн чимхэж, толгойг минь илээд “Дэйл, чи үнэхээр сайн хүү шүү” гэж хэлдэг байсан. Энэ нь надад дорд үзэж байгаа мэт санагддаггүй байсан ба харин ч би ийм зүйл болох тохиолдлыг тэсэн ядан хүлээдэг байв. Хожим Хүүхдийн хэсгийн биш өсвөр насны хүүхэд байх үед гэр бүл маань Финланд, Шведэд хэдэн жил амьдарсны дараа тэр тойрогтоо буцаж ирсэн юм. Намайг ариун ёслол түгээсний дараа Бэки над руу ирээд хацрыг минь өхөөрдөн чимхэж, толгойг минь илээд “Дэйл, чи үнэхээр сайн хүү шүү” гэсэн юм. Намайг номлолоосоо буцаж ирээд ариун ёслолын цуглаан дээр номлолынхоо туршлагыг хуваалцсаны дараа Бэки над дээр ирээд хацрыг минь өхөөрдөн чимхэж, толгойг минь илээд “Дэйл, чи үнэхээр сайн хүү шүү” гэв. Дараагийн хэдэн арван жилийн турш би хийх байсан сонголтоосоо илүү сайныг хийж байсан—үүний нэг шалтгаан нь Бэки намайг Аврагч руу чиглүүлсэн ба би түүний урмыг хугалахыг хүсээгүй юм.

Би Арван хоёрт дуудагдсаныхаа дараа, нэгэн ням гарагт төрж өссөн тойрогтоо очив. Бэки тойрогтоо амьдарсаар л байлаа. Би индрийн зах хэсэгт сууж, ариун ёслолын цуглаанд товчхон үг хэлээд эргэн суув. Хаалтын үйл ажиллагааны дараа Бэки тухайн үед 80 гаран настай байсан ба араас гэнэт цочоов. Тэр миний арын найрал дууны суудлаас гарч ирээд хацрыг минь өхөөрдөн чимхэж, толгойг минь илээд “Дэйл, чи үнэхээр сайн хүү шүү” гэлээ.

Суралцагч бүрд амьдралд нь нэг юм уу хэд хэдэн Бэки шиг тэдэнтэй насан туршийн харилцаатай байх, тэднийг Аврагч руу чиглүүлэх, тэдний бодол, зан авирт нөлөөлөх мөн тэд урмыг нь хугалахыг хүсдэггүй багш нар хэрэгтэй. Суралцагчид аливаа хүнд байдалд орох нь дамжиггүй тул та тэднийг хайрлаж, тайтгаруулж болох аюулгүй газрыг өгч чадна. Бодит байдал дээр та нарын тэднийг мэдэх гэсэн оролдлогыг тань няцаах зарим суралцагч байх хэдий ч тэрхүү үйлдэл тэднийг хайрлахад тань саад болох учиргүй. Та зөрүүд суралцагчдад бодож байснаасаа илүү агуу нөлөө үзүүлж болно.

Гурав дахь сүнслэг шим тэжээлтэй үндсэн хүнс бол Сүмийн талаарх асуултаа эсвэл санаа зовж буй зүйлээ хуваалцах чадвар юм. Найман жилийн өмнө ахлагч М.Рассэлл Баллард шашны сурган хүмүүжүүлэгчдэд ийн зөвлөсөн.

“Суралцагчийг чин сэтгэлээсээ асуулт тавихад багш нь ‘Үүнд битгий санаа зов!’ гэж хариулдаг байсан цаг өнгөрчээ. Түүнчлэн суралцагчийг үнэхээр чухал асуудал гаргаж тавихад хариулахын оронд асуудлаас бултахаар гэрчлэлээ хуваалцдаг байсан цаг өнгөрсөн. Сүм рүү дайрагчдаас суралцагчдыг хамгаалдаг байсан цаг өнгөрчээ. …

Үүнтэй адил та [суралцагчдаа] дэлхий рүү илгээхийн өмнө тэднийг сайн мэдээний сургаал, судар, бидний түүх, заримдаа буруу ташаа ойлгогдсон байдаг сэдвүүдийн тухай итгэлтэй, хянуур, зөв ойлголтоор вакцинжуул.”

Багш нар аа, та нар судлах, итгэх хоёрыг нэгтгэн суралцах гэдэг нь юу болохыг зааснаар суралцагчдадаа тусалж чадна. Та нар энэ ур чадвар, арга барилыг ангидаа үлгэрлэн үзүүлэх замаар тэдэнд зааж чадна.

Есүс Христийн сайн мэдээ илчлэлээр дамжин өнөө үед сэргээгдсэн. Түүнчлэн бид тэнгэрлэг гэртээ хэрхэн эргэн очихоо мэддэг хэдий ч хариулт нь байдаг ч болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг асуулт, санаа зовж буй зүйлс бидэнд байсаар байдаг. Суралцагчид тань хүндхэн асуултуудад хэрхэн хариулж байгааг тань анзаарах болно. Чин сэтгэлийн асуултуудаас зайлсхийх юм уу үл ойшоох нь илүү олон асуултыг бий болгоно. Та нар хариултаа олоход нь бусдыг чиглүүлэхээр бэлтгэгдэж, Их Эзэнд болон Түүний үнэний тэнгэрлэг эх сурвалжид итгэх итгэлтэй болоход тэдэнд туслах ёстой. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Асуух нь сул дорой байдал биш. Энэ нь өсөлтийн анхдагч мөн” хэмээн заасан. Үүний тулд Сүм асуултынхаа хариултыг эрэлхийлж буй, мөн тэдэнд туслахыг хичээж буй хүмүүст зориулан гайхалтай, найдвартай эх сурвалжийг эмхэтгэн гаргасан. Бидний зорилго бол Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэхийн сацуу төвөгтэй, зарим үед хэцүү сэдвүүдэд хэрхэн хандах зөвлөмжийг өгөх явдал юм.

Энэ эх сурвалжийг ChurchofJesusChrist.org вэбсайт, Gospel Library аппликэйшн дээрээс олох боломжтой. Хэрэв та нар эдгээр эх сурвалжийг сайн мэдэхгүй бол Gospel Library аппликэйшн доторх байршлыг харуулъя. Gospel Library аппликэйшныг нээнэ үү. Нүүр хуудаснаас Library хэсэг рүү очно уу. “Сэдэв ба асуулт” гэсэн гарчиг дээр дарна уу. Энэ хэсэгт та “Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” болон “Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах” гэсэн хэсгийг харах болно.

“Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” хэсэгт бид итгэл, сургаал эсвэл Сүмийн түүх зэрэг асуултууддаа хичээнгүйлэн хариулт эрэлхийлэх үед суралцах үйл явцыг маань чиглүүлэх зарчмуудыг заадаг. Энэ хэсгийн удиртгалд асуултууд нь сүнслэг өсөлт хөгжлийн чухал хэсэг бөгөөд хариултуудыг эрэлхийлэх нь насан туршийн эрэл хайгуул байж болно гэдгийг тайлбарласан. Бид Есүс Христ дээр итгэлийн сууриа барьж босгох ёстой учраас энэ хэсэг дэх зарчмууд биднийг амьдралаа Түүн дээр төвлөрүүлэхэд урамшуулдаг. Бурханы авралын төлөвлөгөө нь бидний асуултуудыг харах өнцгийг өгдөг гэдгийг бидэнд сануулдаг. Тэрхүү харах өнцөг сайн мэдээний суурь үнэнийг амин чухал биш зүйлээс ялгахад бидэнд тусалдаг. Итгэлийг өсгөн нэмэгдүүлэхийн тулд бид итгэлтэй байхыг сонгох хэрэгтэй. Дараа нь бид итгэлээр үйлдэж, мэддэг зүйлээ тууштай зууран барих ёстой. Ингэснээр бид Есүс Христийн талаарх ойлголт, итгэлээ гүнзгийрүүлнэ.

Энэ хэсэгт хэлэлцсэн нэмэлт зарчмууд нь биднийг өөрсдөдөө, мөн бусдад болон Их Эзэний цаг хугацаанд тэвчээртэй байхыг урамшуулдаг. Илчлэл нь ихэвчлэн асуултаар эхэлж, шат шатаар тогтмол ирдэг, заримдаа асуудал болдог үйл явц гэдгийг бид санах хэрэгтэй. Бид хариултыг хайхдаа Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлж, өнгөрснийг ойлгохын тулд аливааг нөхцөл байдалтай нь холбон авч үзэх ёстой.

“Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах” хэсэгт биднийг асуулттай хүмүүстэй харилцахад чиглүүлэх зарчмуудыг санал болгосон. Ямар ч үед бид хүндэтгэлтэй ярьж, бусдыг ойлгох сэтгэлээр сонсож мөн Христийн адил хайрыг харуулах ёстой. Тиймээс хайраар сонсож, хариул. Бусдын туулсан зүйлсийг ойлгож, хүлээн зөвшөөрөхийг хичээж, үл тоомсорлох эсвэл шүүмжлэхээс зайлсхий. Бид ийн үйлдэхдээ өөрсдийн дутагдлаа олж харах болно. Бидэнд сайн мэдээний бүрэн байдал байгаа хэдий ч бидэнд бүх асуултын хариулт байхгүй гэдгийг санаарай. Зарим хариултыг нэмэлт илчлэл иртэл хүлээх болно. Бид зарим асуултад мөн зарим асуулттай суралцагчдад бүрэн дүүрэн хариулт өгөхдөө Их Эзэний хүсэл, Сүмийн сургаалын бүрэн байдлын талаар хангалттай мэддэггүй. Эдгээр нөхцөл байдалд асуулт тавьж буй суралцагчдад нэмэлт логик эсвэл шалтгаан хэлж ятгах оролдлого тус болохгүй.

Олон багш унадаг нэгэн урхи бол Их Эзэний өгөөгүй шалтгаан эсвэл тайлбарыг өгдөг явдал юм. Ингэсэн тохиолдолд уг шалтгаан эсвэл хариулт нь эцэстээ боломжгүй болох үед суралцагчдын итгэл сулрах магадлалтай. Шалтгаан эсвэл тайлбар зохиож хэлснээс бид мэдэхгүй гэх нь дээр байдаг. Эцсийн эцэст итгэл нь сонголт бөгөөд заримдаа цорын ганц хариулт нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлд болон сайн мэдээний Сэргээлтэд итгэх итгэлд найдаж, Их Эзэн өөрсдөд нь илчлэхээр сонгох хүртэл Түүнээс ирэх хариултыг тэвчээртэйгээр хүлээх явдал юм. Бид Их Эзэнд найдаж, бусдын тусламж эрэн хандах аюулгүй, найдвартай эх сурвалж байхыг хичээдэг.

Бид суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрын талаар мөн тэдний төлөө цагаатгалыг гүйцэтгэсэн Есүс Христийн тухай өөрсдийн гэсэн сүнслэг гэрчлэлтэй болоход урамшуулан дэмжиж чадна. Суралцагчид сайн мэдээг бүхэлд нь хүлээж авахгүй ч тэд Есүс Христийн үгэнд итгэж, үүнд итгэлтэй хэвээр байж болохыг санаарай. Тэд Сүмийн аль нэг хэсэгтэй зөрөлддөг ч Тэнгэрлэг Эцэг өөрсдийг нь хайрлаж мөн тэдэнд хамгийн сайныг хүсдэг бөгөөд Есүс Христ бол тэдний Аврагч хэмээх чанд гэрчлэлтэй байх боломжтой.

Бусдад асуултынхаа хариултыг авахад нь туслах олон зөвлөмжийг ганцаарчлан өгөх нь хамгийн үр дүнтэй гэдгийг та нар анзаарах болно. Энэ нь хамгийн сайн арга зам гэдэгт би итгэдэг. Багшийн хувьд нэг хүний ​​чухал асуултад бүхэл бүтэн ангиа зориулах нь ухаалаг бус байж магадгүй. Суралцагчдын асуулт итгэлийг бий болгоход зориулсан төлөвлөгөөт сургалтын хөтөлбөрийг өөр зүгт хандуулах ёсгүй. Таны зорилго бол ангийг бүхэлд нь итгэлтэй болоход чиглүүлэх гэдгийг үргэлж сана. Танд асуултынхаа хариултыг авахыг хүссэн цөөн хэдэн суралцагч саад болох учиргүй. Бүхий л сургаалтай адил асуултуудыг шийдвэрлэх нь Сүнсний удирдамжийг шаарддаг.

Энэ хэсэг дэх агуулга нь бид бусдад туслах явцдаа өөрсдийн итгэлийг тэжээж байдгийг бидэнд мөн сануулдаг. Тамара В.Рүниа эгч бидэнд “төөрөлдсөн мэдрэмжтэй байгаа хайртай хүмүүсийнхээ араас элдэн хөөх” хэрэггүй хэмээн зөвлөсөн. Үүний оронд, Амьдралын модны үзэгдэл дэх Лихайн адил “та байгаа газартаа байж, тэднийг дууд. Та мод руу очиж, модны дэргэд зогсоод, жимсээ идэж, инээмсэглэн, хайртай хүмүүсээ үргэлжлүүлэн дуудаж, жимсийг идэх нь аз жаргалтай зүйл гэдгийг үлгэр жишээгээрээ харуул!”

“Сэдэв ба асуулт” хэсгийн ялангуяа “Асуултынхаа хариултыг эрэлхийлэх” болон “Асуултынхаа хариултыг авахад нь бусдад туслах” гэсэн хэсгүүдэд заагдсан зарчмууд нь Их Эзэнд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлж, Түүний тухай мөн Түүний ажлын талаарх ойлголтыг минь гүнзгийрүүлэх байдлаар асуултууддаа хариулт эрэлхийлэхэд надад тусалсан. Уг зарчмууд мөн бусдын асуулт, санаа зовж буй зүйлд нь чиглэл өгөхөд надад тусалсан. Тодорхой асуулт болон сэдвийн талаарх нэмэлт мэдээлэл яваандаа орох тул энэ эх сурвалжийг байнга ашиглаж, “би үүнийг уншчихсан” гэж битгий бодоорой. Танд ч мөн адил эдгээр хэсэг, энэ сэдвүүд тус болно гэдэгт итгэлтэй байна. Эдгээр материалыг ашиглах нь таны болон бусад хүний Аврагчид итгэх итгэлийг бэхжүүлээсэй хэмээн залбирч байна.

Дөрөв дэх бөгөөд сүүлийн шим тэжээлээр баялаг хүнс нь миний бүх суралцагчид байгаасай гэж хүсэж буй зүйл болох зөөлөн зүрх сэтгэлийг бий болгож, хадгалж үлдээдэг амин чухал орц юм. Зөөлөн зүрх сэтгэл гэдгээр би Сүнсэнд мэдрэмтгий нэгнийг хэлж байна. Хатуу зүрх сэтгэл нь зөөлөн зүрх сэтгэлийн эсрэг буюу сүнслэг байдлын хувьд үхэлд хүргэхүйц зүйл юм. Судруудад хатуу зүрхтэй хүмүүст ирэх аюулыг байнга дүрсэлдэг. Нифай “харанхуйлах манан [амьдралын модны үзэгдэлд үзэгдсэн] нь чөтгөрийн уруу таталтууд болой, хүмүүсийн үрсийн нүдийг сохолж, зүрх сэтгэлийг хатууруулж, мөн тэднийг өргөн замууд руу оруулан хөтөлдөг билээ, тэгснээр тэд мөхөж мөн алдагдах” болно гэдгийг олж мэдсэн.

Зүрх судасны хатуурлын үед зүрх цус шахахад хүндрэлтэй байдаг. Зүрх цусаар дүүрч, агшихад бэлэн болдог бөгөөд зүрх судасны хатууралтай бол зүрх тэлж цус ороход хүндрэл гардаг. Энэ нь зүрхний агшилтын үеийн доголдлоос үүдэлтэй хүнд хэлбэрийн зүрхний дутагдалд хүргэдэг. Хатуурсан зүрхийг цусаар дүүргэх хэцүү, үүнтэй яг адил сүнслэг байдлын хувьд хатуу зүрх сэтгэлийг Сүнсээр дүүргэхэд ч хэцүү байдаг.

2 Нифай 33-т зүрх сэтгэлээ хатууруулдаг хүмүүс Ариун Сүнс Бурханы үгсийг зүрх сэтгэлд нь дамжуулахад саад болдгийг Нифай тодорхой хэлсэн. “Учир нь хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг” хэмээн тэр хэлсэн. Нифай үргэлжлүүлэн “Гэвч болгоогтун, Ариун Сүнсний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг нь олон буйн учир, энэ нь тэдэнд орших зайгүй болой; иймийн тул, тэд бичигдсэн тэдгээрээс олон зүйлийг хаяж мөн тэдгээрийг хоосон зүйлүүд мэт үнэлдэг болой” хэмээсэн.

Ахлагч Дэвид А.Бэднар ийн онцолсон: “Сүнсний хүч захиасыг зүрх сэтгэл рүү хүргэх биш, харин зүрх сэтгэл дотор хэрхэн оруулдгийг ажиглагтун. … Гэхдээ эцсийн эцэст хүлээн авагч нь захиасны утга учир ба Ариун Сүнсний гэрчлэлийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л энэ нь нэвтрэн ордог.”

Хэрэв суралцагчид маань зөөлөн зүрх сэтгэлгүй аваас, ийн хэлэх тэдэнтэй адил болох болно: “Бид хүлээн авсан, өөр үг бидэнд хэрэггүй, учир нь бидэнд хангалттай буй. Учир нь болгоогтун, Их Эзэн Бурхан ийн хэлдэг болой: Би хүмүүний үрсэд шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өгөх болно; мөн миний зааврыг анхааран сонсох, мөн миний зөвлөгөөнд чих тавих тэд адислагдсан болой, учир нь тэд мэргэн ухаанд суралцах болно; өөрөөр хэлбэл хүлээн авах түүнд би илүүг өгөх болно; мөн бидэнд хангалттай буй хэмээн хэлэх тэднээс, бүр тэдэнд байгаа нь ч авагдах болно.”

Суралцагчид маань хатуу зүрх сэтгэлтэй байснаар Бурханы илүү их үгийг эсвээс залбирлынхаа хариултуудыг хүлээн авах замыг хааж болзошгүй. Тэд бидэнтэй адил Сүнсэнд нээлттэй байх хэрэгтэй ба ингэснээр хийх ёстой бүх зүйлээ заалгах болно. Алма “мөн зүрх сэтгэлээ хатууруулах тэдэнд [Бурханы] нууцуудын талаар юу ч мэдэхгүй болох хүртэл нь үгийн илүү бага хэсэг өгөгддөг; мөн тэгээд тэд чөтгөрийн боолчлолд автагдаж, мөн түүний тааллаар доош устгал уруу удирдагддаг” хэмээн заасан. Зөөлөн зүрх сэтгэл Аврагчийн амласан үр дүнг авчирдаг. “[Бурханы] зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.” Гэсэн хэдий ч хатуу зүрх сэтгэл “ёс бус нэгэн [ирж], … гэрэл ба үнэнийг … холдуулан [аваачих]” боломжийг олгодог.

Хаан Бенжамин энэхүү шим тэжээлээр баялаг сүнслэг тэжээлийн зөөлөн зүрхийг бий болгох, хадгалах бүрэлдэхүүн хэсгийг хураангуйлан ийн дурджээ. Тэрээр “Бурханы агуу ихийг мөн өөрсдийнхөө юу ч биш болохыг, мөн түүний сайн сайхныг мөн … та нарт хандсан тэвчээр тэсвэрийг нь та нар үргэлж санаандаа хадгалж мөн санаасай хэмээнэ би, мөн Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, мөн … ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсон, та нар өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд даруусгаасай хэмээнэ.” Эдгээр бүрэлдэхүүн хэсэгт бид гэтэлгэл нь зөвхөн Есүс Христийн ачаар ирдэг, Түүнгүйгээр бидний нөхцөл байдал найдваргүй гэдгийг үргэлж санах нь ордог. Энэ нь биднийг төлөв байдлын гүнд хүргэн даруусгаж, өдөр бүр залбирах урмыг бидэнд өгч, улмаар бид Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэл итгэлдээ баттай зогсоно. Үүний үр дагаварт бид “үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно … мөн [биднийг] бүтээсэн түүний алдар суугийн мэдлэгт … өсөх болно.

Суралцагчдыг “Христэд итгэхийг, мөн Бурхантай эвлэрсэн байхыг тэдэнд ятгаж, [тэд] чадах бүхнээ хийсний дараа, ач ивээлээр аврагдана гэдгийг [тэд] мэдэхийн” тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөх үедээ Бурханы агуу ихийг үргэлж дурсан санахад нь та нар тэдэнд тусалдаг. Иймээс та бид нар “[суралцагчид] нүглээсээ ангижрахын тулд ямар сурвалжид хандаж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясаж, бид Христийн талаар номлодог.” Тэрхүү мэдлэг тэдэнд даруу байж, Бурханы нэрийг өдөр бүр дуудахад өдөөж, итгэлдээ тууштай зогсоход нь тусалдаг. Энэ нь тэдэнд Ариун Сүнсээр илүү сайн дүүргэгдэхүйц зөөлөн зүрхтэй байхад тусалдаг.

Миний ярьсан дөрвөн төрлийн шим тэжээлтэй үндсэн хүнс бүгд хамтдаа бие биеэ дэмждэг. Өнөөдөр бид зааж буй зүйлдээ дүгнэлт хийхэд тохиромжтой өдөр юм. Дараахыг өөрөөсөө асуугаарай.

  • Миний зааж буй зүйлс Есүс Христэд төвлөрч байна уу?

  • Би гэрчлэл болон хайраар заадаг уу?

  • Би суралцагчидтайгаа насан туршийн харилцаа холбоог бий болгохыг эрмэлздэг үү?

  • Би суралцагчдад өөрсдийн асуултуудад хариулж, илүү олон асуулттай хоцрохгүй байхад нь тусалдаг уу?

  • Би Бурханд талархлаа илэрхийлж, итгэлдээ бат зогсон зөөлөн зүрх сэтгэлтэй байхын үлгэр жишээг үзүүлдэг үү?

  • Суралцагчид маань миний үлгэр жишээ, зааж буй зүйлээс юу сурч мэдэж байгаа вэ?

Ах, эгч нар аа, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг Есүс Христийн итгэлтэй шавь болж, зөөлөн зүрхтэй байж, зүрх сэтгэлдээ Сүнсийг урьж оруулахад туслахаар болон тэднийг дэлхийн Гэтэлгэгч Есүс Христэд тодорхой чиглүүлэхийн тулд хийж буй зүйлсэд тань талархаж байна. Бид бүгд хайрт Бурханаа орхимтгой, холдон явамтгай гэдгийг дуунаас сонссон. Бидэнд Түүний сайн сайхныг сануулснаар тэрхүү сайн сайхан нь бидний холдон явамтгай зүрх сэтгэлийг Бурхантай гинж мэт холбодог. Тийм ч учраас Робэрт Робинсон өөрийн зохиосон дуундаа “Миний зүрх сэтгэлийг авч, лацдан холбооч. Соёрхон, ордонд аваач” гэж бичсэн. Тэрээр гэтэлгэх хайрын дууг дуулмааргүй санагдсан үедээ ч яагаад дуулмаар байдгаа санахыг хүссэн. Бидний үүрэг үүнтэй ижил буюу тэр зам дээрх суралцагчдадаа туслах явдал юм.

Бурхан таныг хийдэг зүйлсэд тань адислах болтугай. Бурхан таны сайн сайхны төлөө таныг адислаг. Бурхан таныг итгэл, итгэлтэй байдал, гэрчлэлийн тань улмаас адислах болтугай. Их Эзэнд үйлчилж байгаад баярлалаа. Түүний найз байгаад тань талархаж байна. Тэр бидний сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэнгэрлэг найз билээ. Энэ бүхэн үнэн гэдгийг би бүрэн төгс мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 4.2.8, Gospel Library.

  2. Миний сайн сайн мэдээ Есүс Христ: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2023), 1-ийг үзнэ үү.

  3. Letter to the Church not after 18 December 1833,” 120, josephsmithpapers.org.

  4. David O. McKay, in Conference Report, Oct. 1916, 57.

  5. Jeffrey R. Holland, “A Teacher Come from God,” Ensign May 1998, 25–26.

  6. Сургаал ба Гэрээ 109:15

  7. J. Reuben Clark, Jr., “The Charted Course of the Church in Education” (Brigham Young University devotional, Aug. 8, 1938), speeches.byu.edu-ээс үзнэ үү.

  8. Ром 10:13.

  9. Ром 10:14–15.

  10. Ром 10:17.

  11. Ифер 12:41.

  12. Thomas Chalmers, Select Sermons (1883), 35.

  13. Thomas Chalmers, in The Great and Good (1855), 167.

  14. M.Рассэлл Баллард, “21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” (Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  15. Dieter F. Uchtdorf, “The Reflection in the Water” (Church Educational System fireside for young adults, Nov. 1, 2009), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  16. Dallin H. Oaks, “Patterns of Personal Apostasy,” general conference leadership meeting, Apr. 2024.

  17. 2 Нифай 33:10-ыг үзнэ үү.

  18. 1 Нифай 8:4–34-ийг үзнэ үү.

  19. Тамара Ю.Рүниа, “Бурханы гэр бүлийг бүхэлд нь тоймлон харах,” Лиахона, 2023, 11-р сар, 67.

  20. 1 Нифай 12:17.

  21. 2 Нифай 33:1–2.

  22. (David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 61) Unto гэдэг нь into гэсэн үг биш хэмээх энэхүү гүн гүнзгий ойлголт нь 2 Нифай 33:1-ийг франц хэл дээр дахин орчуулахад хүргэсэн. Unto гэдгийг dans буюу “дотор” гэхийн оронд (“le pouvoir du Saint-Esprit porte ses paroles dans les cœur des hommes”), уг шүлгийг одоо “le pouvoir du Saint-Esprit porte ses paroles jusqu’au cœur des enfants des hommes” гэж орчуулсан. Угтвар үг jusqu’à нь үнэндээ “-д” гэсэн утгатай.

  23. 2 Нифай 28:27, 29–30.

  24. Алма 12:11.

  25. Сургаал ба Гэрээ 93:28.

  26. Сургаал ба Гэрээ 93:39.

  27. Мозая 4:11.

  28. Мозая 4:12–13.

  29. 2 Нифай 25:23.

  30. 2 Нифай 25:26.