Институт, Семинарийн үйл ажиллагаа, үр нөлөө
СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган, 2024 оны 6-р сар
Өнөөдөр би дэлхий даяарх өсвөр үеийнхэн, залуучуудын эргэн тойронд болж буй зүйлсийн мөн бидний гаргаж буй хичээл зүтгэлийн үр нөлөөг нэмэгдүүлэх семинар, институтийн ажлын талаарх сүүлийн үеийн мэдээ мэдээллээс та нартай хуваалцах болсондоо баяртай байна. Та нарын зарим нь энэ танилцуулгыг хэсэгчлэн өөр өөр нөхцөл байдалд аль хэдийн үзсэн эсвэл сонссон байх. Гэсэн хэдий ч тэрхүү хэсгүүд хэрхэн хамтдаа нэг нэгнээ баяжуулж байгааг олж харан мөн үр дүн нь ямар байгааг эргэцүүлэн бодох нь үнэ цэнийг мэдрүүлнэ гэдэгт би итгэж байна.
С&И-ийн салбарт ажилладаггүй хүмүүсийн хувьд энэ мэдээлэл сонирхолтой бас хэрэгтэй байна гэж би найдаж байна.
Сүмийн боловсролын системд ажилладаг бид бүгд суралцагчдын Аврагчид итгэх итгэлийг хөгжүүлж, сайн мэдээний дагуу амьдрах хичээл зүтгэлийг нь илүү ихээр дэмжих арга замуудын талаар тасралтгүй боддог. Тав, зургаан жил орчмын тэртээ бид хэдхэн жилийн дотор институтэд элсэгчдийн тоо буурсныг хараад санаа ихэд зовсон. Түүнчлэн бид залуучуудыг итгэлийг нь сорьсон маш хүнд сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулж байгааг мэдсэн ба институт тэдний хэрэгтэй дэмжлэгээ хүлээн авах гайхалтай арга зам болохыг мэдэж байсан учир тэдэнд туслахыг хүссэн юм. Бид тэднийг институтэд хамрагдахыг илүү ихээр урамшуулахын сацуу амьдралд нь илүү их нөлөө үзүүлж чадах арга замыг олохын тулд өөр юу хийж болохоо олж мэдэхийг хүссэн. Бид тэднийг анхааралтай сонсож, сорилт бэрхшээлийг нь ойлгож, институт тэдэнд хэрхэн тусалж чадах арга замыг олж мэдэх нь чухал гэж бодсон. Тиймээс бид семинар, институт дотроо Институтийн санаачилгын хороо гэсэн багийг анхлан үүсгэн байгуулсан юм.
Энэ хороо нь эхлээд Сүмийн залуучуудын дунд судалгаа явуулахаар Зохицуулалтын газрын судалгааны хэлтэстэй хамтарч ажилласан. Дараа нь тэд залуучуудын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн тулд институтэд ямар өөрчлөлт оруулах хэрэгтэйг олж мэдэхээр BYU AdLab-тай хамтарч ажилласан.
Эдгээр нь маш хэрэгтэй ажил байсан төдийгүй институтийн үр нөлөөг илүү ихэсгэх боломжуудыг таньж мэдэх санаануудыг цуглуулах өөр олон зүйл хийх хүсэлд биднийг хөтөлсөн юм. Тиймээс бид илүү нарийн судалгаа явуулахаар Bonneville Communications-тай гэрээ байгуулав.
Тэд зорилтот бүлгийг тодорхойлж, 5000 гаруй залууг хамруулсан судалгааг явуулсан ба тэдний дунд институт төдийгүй Сүмд ирдэггүй залуучууд хүртэл багтсан байв. Уг судалгааг таван тивийг хамруулан явуулсан ба маш үнэ цэнтэй мэдээлэл цугларсан байсан.
Тэдний хүсэл, хэрэгцээ дөрвөн зүйл дээр хамгийн их байдаг талаар залуучууд бидэнтэй хуваалцсан.
Тэд институтээс хэрэгцээгээ илүү сайн хангаж, асуултууддаа оновчтой хариулт авдаг байхыг хүссэн байлаа.
Тэд нэг хэсэг нь байх мэдрэмжийг, тэр дундаа сайн мэдээгээр амьдрахад нь тэдэнд тусалдаг хүмүүсийн нэг хэсэг, аливаа үйл хэрэг, чухал зүйлийн нэг хэсэг байх мэдрэмжийг авдаг байхыг хүссэн байлаа.
Мөн тэд институтийг цаг зав, анхаарлаа бүрэн зориулж бүх хөтөлбөрт нь хамрагдахгүйгээр суух боломжтой, илүү хүртээмжтэй байлгаж өгөхийг биднээс хүссэн байлаа.
Хамгийн түгээмэл хариу нь тэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч, Аврагчид илүү ойр байхыг хүссэн явдал байсан юм. Энэ хүсэл нь “Есүс Христэд хөрвөх хөрвөлтийг“ онцолсон хэрэг байв. Ахлагч Гилбэрт бидэнд энэ хариулт нь бусад хариултаас чанарын хувьд өөр болохыг анзаарахад тусалсан юм.
Институтийн зорилго бол Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлэх явдал байдаг. Бусад нь энэ зорилго руу чиглүүлдэг. Тэдгээр нь хөрвөлтийн зорилготой холбогдох ёстой ба эс бөгөөс ганц бие залуучуудад хэрэгтэй удаан үргэлжлэх нөлөөг үзүүлэхгүй гэдэг нь гарцаагүй юм. Бид хөрвөлт рүү хөтлөхгүй эсвэл аль нэг клуб, спортын багийн нэг хэсэг гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй холбоо хамаарлыг бий болгож болно. Гэвч энэ нь бидний зорьж буй зүйл биш. Бид сайн мэдээ бодгалийнх нь асуултад хариулж, өдөр тутмын сорилт бэрхшээлүүдийг даван гарахад нь тусалдаг гэдгийг олж харахад суралцагчдад туслах хэрэгтэй. Мөн бид гэрээнд харьяалагдах боломжийг бий болгох хэрэгтэй. Бидний хийж буй бүхий л зүйл хөрвөлт рүү чиглүүлэх ёстой юм.
Тиймээс бид залуучуудтай дахин холбогдон, институтийг илүү оновчтой, нэгэн хэсэг нь гэсэн мэдрэмжийг төрүүлсэн, хөрвөлтийг гүнзгийрүүлэх арга замыг олгосон хэлбэрээр илүү хүртээмжтэй байлгавал ямар байх тухайд асуулга явуулсан.
Үр дүн нь өнгөрсөн дөрвөн жилийн турш сонгон авсан хөтөлбөрүүдийн хүрээнд авч хэрэгжүүлсэн хэд хэдэн санаачилгыг бий болгосон юм. Энд хэдэн жишээ авч үзье.
Институтийг илүү оновчтой болгохын тулд бид дадлага сургалтуудыг боловсруулсан. Дадлага сургалтууд хоёроос таван долоо хоногийн туршид залуучуудын тодорхойлсон хэрэгцээнд тулгуурлан семинар хэлбэрээр явагддаг. Улирлаар явагдах хичээлүүдийн хажуугаар тэд ирээд, санаж бодсон буй зүйлсдээ илүү богино хугацаанд шийдэл олж авах боломжтой. Эдгээр дадлага сургалт нь одоо ч судруудад болон орчин үеийн бошиглогчид, Сүмийн удирдагчдын үгэнд суурилсан байдаг.
Түүнчлэн бид шинэ хичээлүүд нэмсэн. Жишээ нь: Бид ерөнхийлөгч Андэрсоны Өршөөлийн тэнгэрлэг бэлэг номоос хичээл боловсруулан оруулсан нь бусдад маш сайн хүрсэн.
Мөн бид манай багш нарт зориулсан Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагыг танилцуулсан ахлагч Угдорфт талархаж байна. Энэ нь бидний сургалтын мөн хичээлүүдээ оновчтой болгох үндэс суурь болж өгсөн.
Бид нэгэн хэсэг нь байх мэдрэмжийг нэмэгдүүлэхээр хичээж чармайхдаа, ямар ч үед хэн нэгнийг Есүс Христэд ирж, гэрээнүүд байгуулж сахихад тусалж буй аливаа зүйлийг хийх үедээ та нар Израилыг цуглуулж байдаг гэсэн ерөнхийлөгч Нэлсоны санааг онцолж өгсөн. Урилга өгч, хамрагдах боломжтой суралцагч бүрийг урамшуулан дэмжихийн тулд шаргуу ажиллаж буй та нартаа баярлалаа.
Жишээ нь: Өнгөрсөн жил Төв Америкт л гэхэд манай багш нар 25000 гаруй өсвөр үеийн хүүхэд, залууст семинар, институтэд хамрагдах урилгыг нэг бүрчлэн өгчээ. Мөн бид суралцагчдаасаа найзуудаа урихыг хүссэн. Үр дүнд нь өөр шашны 30000 гаруй найз семинар, институтэд хамрагдаж, 9000 гаруй нь баптисм хүртжээ. Бидний хийсэн бүх өөрчлөлтийн хүрээнд семинар, институтийн элсэлтийн тоо өссөн хамгийн том шалтгаан бол та нарын олон нь өсвөр үеийнхэн, залуучуудыг цуглуулах тухай ерөнхийлөгч Нэлсоны тавьсан алсын харааг ойлгож, дагасан явдал гэж би бодож байна. Цуглуулах үүргээ чин үнэнчээр биелүүлж, илүү олон залуу хүнийг Есүс Христэд авчирч байгаад тань баярлалаа. Бид бошиглолын суу билгийг дагах тусам энэ ажилд илүү их хүчийг хүлээн авах болно.
Бид сургалтын хөтөлбөрт баригдахаас илүүтэй хичээлийн анги танхимуудыг шинэчлэх, суралцагчдын хэрэгцээг хангахад голчлон анхаарах зэрэг ажлуудыг мөн амжуулсан. Бид суралцагчдад манай сургалтын хөтөлбөрийн аль хэсэгт их цаг, аль хэсэгт бага цаг зарцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлэх боломжийг илүү олон удаа гаргаж өгсөн.
Хүртээмжтэй байдлын тухайд гарсан томоохон өөрчлөлт нь онлайн институт юм. Жил тутмын онлайн институтийн элсэлт хоёр жилийн өмнө 9000 байсан бол одоо 25000 болж өссөн байна. Энэ өсөлт үндсэндээ BYU–Pathway Worldwide хөтөлбөртэй хамтарсны үр дүн бөгөөд ирээдүйд гарах бидний тасралтгүй ахиц дэвшлийн томоохон хөшүүрэг байх болно.
Мөн бид хичээлийн цаг, байршлын тухайд илүү уян хатан нөхцөлийг бүрдүүлж өгснөөр суралцагчдад илүү хялбар хамрагдах боломжийг бий болгов.
Бид илүү их эрч хүч, догдлолыг мэдрүүлсэн, залуучуудыг хамрагдахад урин дуудсан үйл ажиллагаанууд, бусад эх сурвалжийг институтийн байрууддаа нэвтрүүлсэн. Мөн бид институтийг зөвшөөрөгдсөн, цуглаж болох шинэлэг газруудад зохион байгуулахаар Сүмийн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.
Илүү олон суралцагчийг хамруулахын тулд ерөнхийлөгч Нэлсон нэгэн видео урилга бүтээсэн юм. Түүнчлэн бид суралцагчдын институтийн туршлагын талаарх сэтгэгдлүүдийг цуглуулсан. Бид уг видеог “Би институтэд хайртай” гэж нэрлэсэн. Эндээс уг хоёр видео бичлэгийн эвлүүлгийг үзнэ үү.
[видео]
Кофи: Институт надад Аврагчаа таньж мэдээд зогсохгүй Түүний талаар суралцах, Түүнтэй адил болохын тулд амьдралынхаа аль тал дээр илүү их ажиллаж болохыг мэдэхэд үнэхээр их тусалсан.
Лили: Би Есүс Христэд хайртай болохоор институтэд маш дуртай. Институт бол Түүний тухай ярилцах газар байсаар ирсэн. Есүс Христийн талаар ярихад хүч мэдрэгддэг. Би тэр хүчийг амьдралдаа мэдэрдэг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хайрт ах, эгч нар аа, би та нартаа хайртай. Би та нарын тухай бодож, та нарын төлөө байнга залбирдаг. Та нар өвөрмөц эрин үед амьдарч байна. Та нар чухал шийдвэрүүд гаргах насан дээрээ байна. Тэр шийдвэрүүд та нарын энэ мөнх бус амьдралын үлдсэн хугацаанд төдийгүй мөнх амьдралд чинь нөлөөлөх болно. Тэр шийдвэрүүдийг гаргах нь зарим тохиолдолд давшгүй даваа мэт, бүр аймаар санагдаж ч болно. Нөгөөтээгүүр энэ нь бас сэтгэл хөдөлгөм зүйл юм. Яагаад гэвэл бид шийдвэрлэх цаг мөчүүдэд амьдарч байна.
Би та нарт юугаар ч орлуулшгүй арга замаар туслах нэг зүйлийг хийхэд урьж болох уу: Институтэд хамрагд. Би хүүхдүүдээ бас ач зээ, ачинцар, зээнцрүүдээ институтэд хамрагдахыг харсан. Институтэд хамрагдах нь тэдний амьдралыг өөрчилсөөр ирсэн. Институт тэдэнд Есүс Христэд илүү гүнзгий хөрвөгдөхөд нь тусалсан, та нарт ч мөн адил туслах болно. Институтэд хамрагдах нь та нарт Тэнгэрлэг Эцэгийн та нарыг гэсэн агуу хайрыг илүү их мэдрэхэд туслах болно.
Институт та нарт сүнслэг удирдамж өгөх зааварлагчид, итгэлтэй найз нөхөд, мөн бүлгийн нэгэн хэсэг гэсэн мэдрэмжийг өгөх болно. Энэ нь сайн мэдээ яагаад хэзээ ч төгсөшгүй аз жаргал өөд хөтөлдгийг олж харахад та нарт тусална. Институтэд хамрагдах нь яг одоо та нарт сайн мэдээний дагуу амьдрахад мөн баяр баяслыг илүү ихээр мэдрэхэд туслах болно.
Хэрэв та нар өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амьдралын зорилго юу болохыг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар гэрээний зам дээр үлдэхийг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амьдралдаа хэрхэн Бурханыг ялуулах талаар суралцахыг хүсэж байвал институтэд хамрагд. Хэрэв та нар амар тайвныг тогтоогчид байхыг хүсэж байвал институтэд хамрагд.
Би та нарт эдгээр адислалыг амлаж, өөрийн хайрыг Есүс Христийн ариун нэрээр илгээж байна, амен.
[Видео төгсөнө]
Эдгээр видео Сүмийн вэбсайт дээр байгаа. Тэдгээрийг олон нийтийн медиа хэрэгсэл болон анги танхимд, түүнчлэн санваарын удирдагчид төдийгүй та нарын олон нь ГБЗ-ын онцгой цугларалтууд дээр ашигласан. Бошиглогчийн урилга, амлалтыг өгөхдөө эдгээр материалыг ашиглаж байгаа та нартаа баярлалаа.
Надад суралцагчдын талаарх видео маш их таалагдсан. Суралцагчид өөрсдийн үгээр, мөн тэдний олон нь Аврагчийг танин мэдэж, Түүнийг дагахад хичээлүүд нь хэрхэн тэдэнд тусалж, нөлөөлж байгаа талаар ярьсан. Та бүхний хийж буй зүйлсэд баярлалаа. Би тэдний гэрчлэлийг сонсох маш их дуртай. Мэдээж, бид залуучуудад ихээр нөлөөлсөн ерөнхийлөгч Нэлсоны захиасанд маш их талархаж байна.
Сан Диэгод намайг ахлагч Стивэнсонтой хамт байх үед нэгэн онцгой цугларалтын дараа нэг залуу эмэгтэй над дээр хүрч ирээд институтээ төгссөн учир институтэд явах шаардлагагүй болсон гэж бодож байгаагаа хэлсэн юм. Гэвч бошиглогчийн өгсөн амлалтуудыг сонсоод тэр даруй институтэд бүртгүүлсэн нь түүнийг үлэмж ихээр адисалсан.
Энэ бүх хичээл зүтгэлийн үр дүнд институт цар хүрээгээ тэлсээр байна.
Таван жилийн турш элсэлтийн тоо буурсны дараах өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид 57,000 суралцагчийг нэмж элсүүлжээ. Энэ бол 20 хувь өссөн үзүүлэлт ба албан ёсоор бүртгүүлээгүй ч институтэд хамрагддаг маш олон тооны суралцагч байгааг бид мэддэг. Энэ бол найман жилийн хугацаанд тохиосон хамгийн том өсөлт бөгөөд хоёр жил дараалсан өсөлтийг харсан маань бидний хувьд тун гайхалтай хэрэг юм.
Элсэлтийн тоо өссөн нь энэ үйл явдлын зөвхөн нэгээхэн хэсэг. Би явсан газар бүрдээ хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн тухай түүхүүдийг сонсдог. Залуу хүмүүс судруудыг хичээнгүйлэн судалж эхлэх үедээ адислал, сүнслэг өдөөлт, найдварыг хүлээн авдаг. Бидний хичээл ийм маягаар өдөр бүр явагддаг.
Жил тутмын эдгээр элсэлтийн хажуугаар, идэвхтэй ганц бие залуучуудын 95 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр институтэд залуучуудын төлөөлөл болон хамрагдаж байгаа ба тэдний дийлэнх нь 18-24 насныхан байна. Гэсэн ч бид үүнд санаа амралгүй, залуучууддаа бүгдэд нь (идэвхтэй мөн идэвх султай) эерэг нөлөө үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Тиймээс институт нь Сүмд явдаг бүх залууст төдийгүй явдаггүй олон залууст хүрч, тэднийг эргэн идэвхтэй болоход тусалж чадах учир одоогийн идэвхтэй залуучуудын хувь 100-аас ч давж гарах болно гэдэгт бид итгэж найдаж байгаа.
Энэ жил бид төлөвлөгөөнийхөө дагуу ахицтай явж байгаа ба хичээлийн улирал бүрийн тоог нэг бүрчлэн эцэслэн гаргаагүй байгаа хэдий ч институтэд дахин 20,000 суралцагч нэмж элсүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хугацаанд бид институтэд 77,000 гаруй суралцагчийг нэмж элсүүлсэн байх ба семинар, институт нийлээд 100,000 гаруй суралцагчтай болно гэсэн үг юм. Би дахиад хэлж болох уу? Та бүхний хичээл зүтгэлийн ачаар гурван жилийн хугацаанд дахин 100,000 гаруй суралцагч шүү дээ!
Энэ бол дахин 100,000 хүнд амьдралдаа сайн мэдээний ач холбогдлыг олж харах, нэгэн хэсэг гэсэн мэдрэмжийг авах, Есүс Христ болон Түүний сайн мэдээнд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэх боломж тохиосон гэсэн үг юм. Баярлалаа!
Институтийн тухайд авах дараагийн арга хэмжээ юу байх вэ?
Бид семинар, институтийн зорилгодоо үргэлж төвлөрч, үүнтэй нийцэн ажиллах ёстой. Бид зөвхөн шинийг санаачлахын тулд л шинийг санаачилдаггүй. Бид хичээл зүтгэлийнхээ үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд шинийг санаачилдаг.
Үүнд дэмжлэг үзүүлэхийн тулд бид ирээдүйд шинээр санаачлах ажлуудыг нэмэлт удирдамж, үйл явцаар хангасаар байна. Энэ үйл явц залуучуудыг сонсож, тэдэнд хайрыг мөн хэлэх үг нь чухал болохыг мэдрэхэд тусалснаар эхэлнэ. Тэдний хэрэгцээг ойлгохыг эрэлхийл. Тэднийг уг үйл явцын нэгэн хэсэг болоход урь.
Дараа нь хамтдаа зөвлөлдөж, бодлого журам болон боломжит эх үүсвэрүүдийн талаар эргэцүүлэх үедээ байж болох шийдлүүдийг хайж ол.
Дараа нь тухайн шийдлүүдийг хэрэгжүүлэх, үр нөлөөг үнэлэх зөвшөөрөл хүсэж, үр дагаврын нөлөөнд үнэлгээ өгч, оролцогчдыг дахин сонс.
Энэхүү тасралтгүй үргэлжлэх, дахин давтагдах үйл явцын туршид бүс хариуцсан захиралтайгаа нягт хамтран ажилла. Тэрээр хэрэгцээт удирдамж, чиглүүлгээр хангах болно.
Ахлагч Нийл Л.Андэрсэн саяхан ийн заасан:
“Бид бүгдээрээ шинийг санаачлагчид. Бид уг хандлагыг оюундаа тээж, энэ Сүм бол шинэлэг байдлын Сүм гэдгийг ухаарах нь чухал. Бид бол Есүс Христийн Сүм бөгөөд зарчмууд маань эрт цагийнхтай адилаар мөнхийнх хэвээр байна. Бид үргэлж дасан зохицож, өсөж хөгжин, аливааг бага багаар сайжруулж байгаа учир шинийг санаачлагчид юм. Үүний хажуугаар би өөрсдийгөө сайн дагалдагчид байгаасай гэж хүсдэг. Хүн бүр шинийг санаачлагч юм.“
Надад ахлагч Андэрсэны үүнийг заасан арга барил ихэд таалагдсан. Сайн мэдээний мөнхийн зарчим зэрэг зарим зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тийм боловч бид Сүмийн хөтөлбөрийг гишүүдийнх нь хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцүүлэхийн тулд тохируулан өөрчилдөг.
Бидний хийдэг зүйлсийн гол цөм бол Ариун Сүнсний нөлөөг агуулсан Бурханы үгийн дагуу Есүс Христийн сайн мэдээг заах явдал юм.
Суралцагчид төвлөрсөн арга барилаар сайн мэдээг заах хичээл зүтгэлийнхээ хүрээнд бид таныг суралцагчдыг анхааран сонсож, тэдэнд хариулах энэ үйл явцад уусан орохыг урамшуулж байна.
Институтийг шинэлэг байдлаар явуулахаар бидний хийж буй бүхий л зүйл зорилготойгоо уялдаж, залуучуудад Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд нь туслах ёстой гэдгийг бүү мартаарай.
Одоо семинарын тухай ярилцах уу? Миний дурдсанчлан, семинарт мөн өсөлт гарсан. Семинар нь институттэй адил анхаарал татахуйц биш ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд таван хувийн өсөлт үзүүлжээ. Энэ нь томоохон ахиц бөгөөд 2018 оноос хойш семинарт хамрагдах боломжтой хүүхдийн тоо 50,000-аар буурсныг үл тооцвол бид өсөлт үзүүлсээр байна. Өнгөрсөн жил манай семинарын боломжит элсэлт 54.4 хувьд хүрэв. Энэ нь бидэнд мэдээлэгдсэн хамгийн өндөр хувь бөгөөд таван жилийн өмнөх 49 хувиас өссөн үзүүлэлт юм. Энэ жил бид энэ өсөлтийг 56 хувьд дахин хүргэхээр зорьж байгаа ба дахин 3000 суралцагч нэмэх болно.
Бидний хувьд энэ тоон үзүүлэлт тун баяртай мэдээ юм. Манай Сүмийн удирдах албанд нэг хэлтсийн дарга байсан бөгөөд баг нь ямар нэг ажлыг амжилттай дуусгах үед тэр, “Бүх хүнд зайрмаг! Би бүх дэлхийд хандан ингэж хэлмээр байна.“ гэж гэнэт чангаар хэлдэг байлаа. Элсэлтийг тоог нэмэгдүүлсэн энэ бүх гайхалтай ажил мөн үзүүлж буй нөлөөнийхөө төлөө та нар бүгд зайрмаг авч идээрэй. Бас тэмдэглээрэй! Энэ өсөлт бол бидэнд тохиолдож буй үнэхээр гайхалтай зүйл юм. Баярлалаа, дахин баярлалаа. Аз жаргалыг мэдэрсэн хэдий ч сэтгэл ханаагүй бид өөрсдөөсөө, “Семинарын залуучуудыг адислахын төлөө бид өөр юу хийж болох вэ?“ гэж асуусаар байгаа юм.
Хэдэн жилийн өмнө би семинарт тасралтгүйгээр шинэлчлэлт хийх хамгийн сайн арга зам бол төгс эзэмших сургаалыг хэрэгжүүлэх гэж хуваалцаж байсан. Биднийг төгс эзэмших сургаалыг зорилгынх нь дагуу ашиглах тусам Сүмийн залуучууд тэр хэмжээгээр адислагдах болно. Төгс эзэмших сургаал нь хөрвөлт, шүтлэг бишрэл, нэгэн хэсэг гэдгээ мэдрэх гүн гүнзгий туршлагыг суралцагчдад маань авчрах болно.
Үүний дараа бид бас нэг томоохон санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон юм. 2025 оноос эхлэн дэлхий даяар бид Амьдралд бэлтгэх хичээлүүдийг суралцагчид, удирдагчдынхаа тодорхойлсон одоогийн хэрэгцээнд зориулж нэвтрүүлж байгаа билээ.
Сүнсээр өдөөгдсөн энэ хичээлүүд нь номлогчийн бэлтгэл болон ариун сүмд орох бэлтгэл, боловсрол, бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд, орчин үеийн бошиглогчдын сургаал зэрэг өөр олон сэдвийг хөндөх юм. Эдгээр хичээл нь судрыг дэс дарааллын дагуу заах болон төгс эзэмших сургаалын одоогийн үйл ажиллагаануудыг баяжуулах болно.
Өсвөр үеийнхэнтэй ярилцах үеэрээ манай албаны төлөөлөгч, ахлагч Кларк Г.Гилбэрт: “Эдгээр Амьдралд бэлтгэх хичээлийг Бурхантай харилцах та нарын харилцааг хүчирхэгжүүлж, Түүний тусламжийг хүлээн авахад туслах зорилгоор боловсруулсан юм!“ гэж хэлсэн юм.
Тэрээр цааш нь “Ерөнхийлөгч Нэлсон ‘Семинарт хамрагдсанаар өөрт тулгарсан хамгийн хэцүү асуултуудынхаа заримд ‘[өсвөр үеийнхнийг] хариулт хүлээн авна гэдгийг амласан. [Тэд] итгэж болох найз нөхдийг олох болно. [Тэд] Их Эзэн Есүс Христийн үнэн шавь нар болох болно.” гэсэн юм.
Хэрэв та нар семинарыг шинэлэг байдлаар явуулах талаар бодож байгаа бол одоохондоо судруудыг дэс дарааллын дагуу хүчирхэг арга барилаар заах, төгс эзэмших сургаалыг бүхэлд нь тохируулан өөрчлөх, амьдралд бэлтгэх хичээлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх дээр төвлөрцгөөе. Яг одоо энэ арга замаар бид Сүмийн өсвөр үеийнхний хэрэгцээг хамгийн үр дүнтэй байдлаар хангах болно гэдэгт би итгэлтэй байна.
Хаа газрын өсвөр үеийнхэн болон залуучуудыг дэмжихийн тулд хийж буй бүх зүйлд тань баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл семинар, институтийн үр нөлөөг нэн чухал арга замаар хүчирхэгжүүлж байна.
Өнгөрсөн цөөн хэдэн жилийн хугацаанд нэмэгдсэн 100,000 гаруй суралцагч мөн Есүс Христэд хөрвөх хөрвөлт рүү удирдан чиглүүлж буй оновчтой байдал, нэгэн хэсэг мэдрэмж, хүртээмжтэй байдлын өсөлтөд би тун ихээр баярлаж байна.
Энэ гайхалтай инерцийг ирэх он жилүүдэд Тэнгэрлэг Эцэгийнхээ илүү олон хүүхдийг адислахын төлөө үргэлжлүүлцгээе.
Их Эзэн ажлаа хурдлуулж байгааг би гэрчилж байна. Үүний нэгэн хэсэг байна гэдэг нь онцгой боломж юм Би Есүс бол Христ, дэлхийн Аврагч, Тэнгэрлэг Эцэгт хүүхдүүддээ зориулсан төгс төлөвлөгөө байгаа, Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг аварч, өргөмжлөх төгс төлөвлөгөөний төвд байдаг гэдгийг гэрчилж байна. Энэ бол газар дэлхий дээрх Түүний хаант улс бөгөөд үүнд аливаа хэлбэрээр гар бие оролцох нь онцгой боломж юм. Есүс Христийн тухай гэрчлэн амьдралаа элээх нь онцгой боломж юм. Би үүний нэг хэсэг байгаадаа баяртай байна. Би Есүс Христ, газар дэлхий дээрх Түүний үнэн Сүм, амьд бошиглогчид, Мормоны Номын тухай мөн газар дэлхий дээрх Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар бидэнд ирсэн адислалуудыг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.