Өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход нь суралцагчдад туслах
2024 оны 6-р сарын СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулган
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн шашны сурган хүмүүжүүлэгчдэд зориулсан энэхүү түүхэн цугларалтад тавтай морилно уу. Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш хэмээн нэрлэдэг байсан онцгой цугларалтаар бид СБС-ийн шашны сурган хүмүүжүүлэгчдийг жил бүр цуглуулсаар олон он жилийг ардаа үджээ. Энэ үдэш бид уламжлал ёсоор ахлагч Дэйл Г.Рэнландын үгийг уг арга хэмжээний төгсгөлд сонсох болно. Мөн бид СБС-ийн чуулганыг танхимаар Бригам Янгийн Их Сургууль дээр зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Харин энэ жилийн арга хэмжээнд бид Шашны семинар, институт, БЯИС, Айдахо болон Хавай дахь БЯИС, BYU-Pathway, Энзайн коллежийн шашны сурган хүмүүжүүлэгчдийг хамруулан нэг нэгнээсээ суралцах, санаа бодлоо хуваалцах, илүү үр дүнтэй заах хүчин чармайлтынхаа талаар хэлэлцэхээр Сүмийн бүх боловсролын системийн төлөөллийг анх удаа хуран цуглуулаад байна. Шашны эдгээр сурган хүмүүжүүлэгч Сүм даяарх хагас сая орчим залуучуудад, түүнчлэн семинарын суралцагчдад заадаг билээ.
Бидний ийм хүчин чармайлт гаргадаг шалтгаан нь СБС-ийн шашны боловсролын үндсэн зорилготой холбоотой. Би уг систем дэх СБС-ийн сургууль бүрийн үүргийн талаар тогтмол ярьсаар ирсэн. Жишээлбэл: БЯИС энэ систем болон Сүмийг хурал даргалагч, зохион байгуулагч, мэргэжилтний зүгээс төлөөлөх үүрэг гүйцэтгэдэг учир би Элч төлөөлөгч хэмээн нэрийддэг. Дараагийнх нь, би зааж сургах гол зорилгынх нь улмаас Айдахо дахь БЯИС-ийг Сурган хүмүүжүүлэгч; Сүмийн зорилтот бүсэд онцгойлон зориулагдсан болохоор Хавай дахь БЯИС-ийг Ази/Номхон далайн оройн чулуу; ажилд ороход шаардлагатай ур чадваруудад төвлөрдөг тул Энзайн Коллежийг Хэрэглээний сургалтын хөтөлбөр олгогч гэж авч үздэг. Харин BYU–Pathway-г боломжийн үнээр өндөр чанартай онлайн сургалтыг манай аль ч сургуулиас илүүтэй олон суралцагчид хүргэдэг учраас Нэвтрэх эрх олгогч гэдэг. Мэдээж Семинар, институтийн хөтөлбөрүүд Сүмийн их сургуулиудад сурдаггүй суралцагчдад хүрч, хаана боловсрол эзэмшихээс нь үл хамааран залуучуудад сүнслэг зангуу болдог.
Эдгээр байгууллага харилцан адилгүй үүрэгтэй ч тэднийг нэгтгэдэг дор хаяж хоёр зүйл бий. Эхнийх нь Сүмийн боловсролын системийн өөрийнх нь зорилго буюу гэр орон, Сүм, нийгэмдээ удирдагч байж чадах Есүс Христийн шавь нарыг бэлтгэх явдал юм. Тус тусын онцлогтой ч гэсэн СБС-ийн байгууллага бүр удирдагч шавь байх эрхэм зорилгын хүрээнд ижил үүрэгтэй. Та бүхэнд хандан хэлэхэд, СБС-ийн хувьд бид шашны сурган хүмүүжүүлэгчид гэсэн өөр нэгэн хамтын үүрэг хариуцлагатай. 2019 оны 6-р сард Сүмийн боловсролын удирдах зөвлөл “Шашны боловсролыг бэхжүүлэх” баримт бичиг хэмээх Сүмийн боловсролын систем дэх шашны боловсролын үүргийг тоймлосон удирдлагын баримт бичгийг баталсан. Энэхүү үүрэг нь Сүмийн боловсролын удирдах зөвлөлийн тодорхой, шууд удирдамжийн хамт ирсэн. Энэхүү баримт бичгийн эхний догол мөрд: “Шашны боловсрол нь боловсролын байгууллага бүрийн эрхэм зорилгод онцгой, чухал байр суурь эзэлдэг. Энэ нь боловсролын байгууллага бүрийн зорилгын төвд байдаг” хэмээсэн байдаг. ШББ удирдамжид шашны боловсролын гол зорилтыг дараах байдлаар тодорхойлжээ. “Шашны боловсролын зорилго нь суралцагч бүрд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, сэргээгдсэн сайн мэдээ, [амьд бошиглогчдод] итгэж, гэрчлэл олж аван, насан туршийн шавь болж; [мөн] хариултаа олж, эргэлзээгээ тайлж, итгэлээр үйлдэх чадвараа хүчирхэгжүүлэхэд нь [оюутнууддаа] туслах замаар судруудаас болон орчин үеийн бошиглогчдоос Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах явдал юм.” Сүмийн боловсролын систем дэх шашны боловсролын энэхүү үндсэн зорилго нь бидний өнөөдөр энд байгаа шалтгаан юм. Бид үүнд зориуд анхаарал хандуулахгүй бол Сүм эдгээр боловсролын байгууллагад томоохон хөрөнгө оруулалт хийж байгааг батлан харуулахад хэцүү байх болно.
Тиймээс гэрчлэлээ хөгжүүлэх, шавь болох, асуултдаа хариулт олж авах, итгэлээ бэхжүүлэх зэрэгт нь суралцагчдад туслах СБС-ийн нийтлэг эрхэм зорилго, хамтын үүрэг хариуцлага шашны сурган хүмүүжүүлэгчид биднийг өнөөдөр энд цуглуулсан юм. Түүнчлэн би Чаад Вэбб ахын манлайлалд талархаж байна. Вэбб ах Сүмийн семинар, институтыг хариуцдаг. Үүний хажуугаар сүүлийн хоёр жил тэрээр Сүмийн боловсролын системийг төлөөлж Шашны боловсролын хороог тэргүүлэн ажилласан. Өнөөдөр бидний СБС-ийн сурган хүмүүжүүлэгчдийн хувьд цугласан явдал нь уг хорооны ажлын томоохон үр дүн юм. Түүнчлэн СБС-ийн ерөнхийлөгчид болох ерөнхийлөгч Рийс, Мэрэдит, Каувэ, Кушэ, Аштон нарын болон Вэбб ахын дэмжлэгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Тэд бол өөрсдийн хариуцдаг боловсролын байгууллагын “ёс суртахууны болон сүнслэг байдлын манлайлагчид” байх үүргийг хүлээсэн удирдагчид юм. Энэхүү үүргийг анх ерөнхийлөгч Каувэгийн тангараг өргөх ёслолд танилцуулсан бөгөөд үүнээс хойших СБС-ийн бүхий л тангараг өргөх ёслолд давтан хэлсээр байгаа. Тэдгээр тангараг өргөх ёслолын зургуудыг харуулъя. Энэ бол ерөнхийлөгч Каувэгийнх. Уг үүргийг ерөнхийлөгч Холланд анх өгч; дараа нь ерөнхийлөгч Аштон, түүний дараа ерөнхийлөгч Рийс, мөн дараа нь ерөнхийлөгч Мэрэдит давтан хэлжээ. Өнөөдөр эдгээр ерөнхийлөгч бидэнтэй хамт байгаа нь тохиолдлын хэрэг биш. Тэд бол гайхалтай удирдагчид. Би энэхүү Шашны сурган хүмүүжүүлэгчдийн чуулганыг ёслол төгөлдөр эхлүүлэхэд тусалсан тэдний манлайлал, үүрэг амлалтад талархлаа илэрхийлж байна.
Одоо харин би өнөөдрийн хуваалцах захиасаа танилцуулъя. Шашны сурган хүмүүжүүлэгчдэд хандсан нээлтийн захиасын үеэр, мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жил бүр шашны сурган хүмүүжүүлэгчдэд хандаж үг хэлэхдээ би та бүгдээс залуучуудад зориулсан бошиглолын захиас хэмээн тодорхойлсон зүйлсэд анхаарлаа хандуулахыг хүсэж байсан. Бид түүнчлэн энэ сэдвүүд өөрчлөгдөх нь гарцаагүй гэдгийг онцлохыг хичээлээ. Энэ таван сэдэвт ид шидийн гэхээр зүйл байхгүй ч бошиглогч, төлөөлөгчдөөс залуучуудад маань удирдамж тасралтгүй ирж буй үед тэдгээр сэдвийг шинэчилж байх нь зүйтэй юм. Бид бүхэн эдгээр тодорхой захиасыг цээжлэхээс илүүтэй амьд бошиглогчдын үгийг сонсож, суралцагчдадаа тэдний захиасыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусалж сурна гэж найдаж байна.
Тиймээс би зүрх сэтгэлдээ тээсэн эдгээр шинэхэн бошиглолын захиасын нэгд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон залуучуудыг гэрчлэлээ хамгаалахад урьсан. Хэрэв та нар бошиглогчийг дагахыг хүсвэл хоёр зүйлд анхаарлаа хандуулаарай. Юун түрүүнд түүнийг захиасаа давтаж байгаа эсэхийг анзаар. Дараа нь түүнийг биднээс гуйж байгаа эсэхэд илүүтэй анхаарал хандуул. Гэрчлэлээ хамгаал гэсэн ерөнхийлөгч Нэлсоны захиаснаас энэ хоёр зүйлийг хоёуланг харж болно. Тэрээр үүнийг анх 2022 оны 5-р сард залуучуудад зориулсан онцгой цугларалтад хэлсэн. Тэрээр: “Би та нараас гэрчлэлээ хамгаалахыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Гэрчлэлээ эн тэргүүнд тавих үедээ та нар амьдралд тань тохиолдож буй гайхамшгийг олж хараарай” гэж хэлсэн.
Дараа нь яг тухайн жилдээ буюу 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Нэлсон Сүм даяар хэлсэн үгэндээ яг ижил үүргийг өгсөн юм. Тэрээр: “Эцэст нь би өнгөрсөн тавдугаар сард залуучуудад өгсөнтэй ижил үүргийг Сүмийн бүх гишүүнд өгч байна. Би тэр үед Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаалахыг тэдэнд уриалсан бол одоо та нараас гуйя. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Итгэлгүй хүмүүний худал хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа амьдралдаа тохиолдож буй гайхамшгийг олж хараарай” гэсэн билээ.
Ерөнхийлөгч Нэлсон биднээс гэрчлэлээ хамгаал гэж дахин дахин гуйсантай холбогдуулан би гэрчлэлээ хэрхэн олж авсан тухайгаа хуваалцмаар байна. Энэ миний хувийн илэрхийлэл ба урьдчилан бичсэн ч гэсэн та бүхэн үүнийг надтай хамт суугаад энгийн нөхцөл байдалд сонсож байгаа мэтээр хүлээн авах байх гэж би найдаж байна. Хүн бүрд итгэлээ олж авсан хувийн туршлага бий. Суралцагчдад маань ч гэсэн. Өнөөдөр би өөрийнхийгөө хуваалцъя. Миний гэрчлэлээ олж авсан аялал ер бусын нөхцөл байдалд эхэлсэн. Би Аризона мужийн Скоттсдэйлд хожмын үеийн гэгээнтнүүд бараг байдаггүй газар өссөн. Сургуулийн гүйлтийн тэмцээн дээр би гүйхэд бэлдэн замаа ажиж байхдаа, Залуу эрэгтэйчүүдийн удирдагч Батлэр ахыг олж харж билээ. Тэр тэнд байсан нь ихэд сонин явдал байв. Бидэнд ижил төстэй гэх зүйл бараг байгаагүй. Түүнийг гүйлтийн тэмцээнд ирэхээр хүн биш гэдгийг би мэдэж байлаа. Яг тэр үед Сүнс надад “Кларк, энэ Сүм үнэн гэдгээс өөрөөр тэр энд байх учиргүй. Тэр чамайг ирж дэмжихэд нөлөөлсөн ямар нэгэн гүн гүнзгий зүйлд итгэдэг нь гарцаагүй” гэж хэлсэн. Ердөө л энэ байлаа. Судраас тогтмол судалж байхад, эсвэл гэрчлэлийн цуглааны үеэр энэ туршлага надад ирээгүй. Энэ нь зүгээр л хэн нэгний үнэнч үйлчлэлийн үр дүнд ирсэн. Би тэр мэдрэмжийг өнөөдөр ч тодхон санаж байна.
Нэг, хоёр жилийн дараа би Японы Кобэ номлолд дуудагдлаа. Би НБТ дэх анхны өдрөө мартдаггүй. Хамтрагчидтайгаа уулзаж, багш нартайгаа танилцан, дэлхийн өнцөг булан бүрийн хүч чадлыг мэдрэх нь үнэхээр сэтгэл догдлуулам байсан. Гэвч маргааш өглөө нь сэрүүлэг 6 цагт дуугарахад сэрмээргүй санагдан, бачимдаж билээ. “Би ийм байдалтай яах болж байна аа? Хоёр жил ингэж эрт босох нь байтугай япон гэдэг хэцүү хэлийг сурч чадах эсэхээ ч мэдэхгүй нь” гэж бодлоо. Залуу эрэгтэйчүүдийн удирдагч гүйлтийн тэмцээн дээр минь ирсэн нь ч хоёр жил намайг дэмжих хангалттай хүч болохгүй мэт санагдав. Юмсыг илүү гүн гүнзгий мэдэж авахаас гадна тэрхүү гэрчлэл маань сайн мэдээнд тулгуурлагдах хэрэгтэй байлаа. Өглөө бүр би Мормоны Номыг үнэн хүсэлтэйгээр уншиж эхлэв. Сэрүүлэг өглөө 6 цагт дуугарахад би НБТ-ийн өдрийн гэрэлтэй, дугуйтай сандалтай ширээндээ шалавхан сууж Мормоны Номыг уншиж судалдаг байсан. Уншиж дуусахын алдад би Моронай 10:3–5 дээрх Мормоны Номын амлалтыг уншив. Би уг судрыг семинарын суралцагч байх үеэсээ л мэддэг байсан. Би өвдөг сөгдөн, итгэлээ баталгаажуулахаар залбирч асуув. Гэвч Их Эзэнээс асуухад, эхлээд юу ч болсонгүй. Миний урам хугарав. Би сандалдаа буцаж суугаад Мормоны Номыг дуусгахад хоёрхон хуудас дутуу байгааг анзаарав. Ядаж дуусгая даа гэж бодлоо. Моронай 10-ыг дуусахаас гурван шүлгийн өмнө би Моронай 10:32-ыг уншсан. “Тийм ээ, Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх чадавх, оюун ухаан болон хүч чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл—.” Би цааш уншиж чадахгүй нь. Нулимс минь урсаад байна. Уучлаарай. “Тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттай, тиймээс түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно.” Би энэ шүлгийг уншаад, гэрэл хийгээд тодорхой байдлыг мэдэрсэн. Үүнийг үгүйсгэх боломжгүй байлаа. Энэхүү урам хайрласан, халуун дулаан мэдрэмж намайг бүхэлд нь дүүргэсэн. Яг тэр мөчид би Мормоны Ном үнэн гэдгийг, үүний зорилго бол Есүс бол Христ хэмээн гэрчлэх гэдгийг ойлгосон.
Ийн би хүчирхэг гэрчлэлтэйгээр Японыг зорьж билээ. Надад үргэлжлүүлэн гэрчлэлийг маань нэмсэн тохиолдлууд байсан ч, НБТ-д тэр өглөө мэдэрснийг гүйцэхгүй. Дараа нь нэгэн бороотой шөнө, биднийг орондоо орохоор бэлдэж байх үед хаалга тогшив. Бид бие бие рүүгээ харлаа. Манай орон сууц номлолын гэрийн ард байдаг байсан. Хэн ийм орой ирдэг байна аа гэж гайхсан ч гарч хаалгаа онгойлгоход манай номлолын ерөнхийлөгч үүдний довжоон дээр маань бороонд шүхэр барин зогсож байхыг би харав. Тэр: “Гилбэрт Чоро, ахлагч Гилбэрт, хувцсаа өмсчих. Ахлагч Мацуо дээр очицгооё” гэв. Ахлагч Мацуогийн аав хорт хавдрын улмаас хорвоог орхих гэж байсан юм. Би юу болсныг тэр даруй таамаглав. Гэсэн ч намайг номлолын машинд суухад ерөнхийлөгч Мацумори над руу хараад, уг номлогчийн ээж өнөөдөр машины ослоор нас барсан байна гэж хэллээ. Тэгээд тэр: “Бид энэ номлогчийг ойлгож, түүнийг юу тайвшруулж болохыг мэдэхийн төлөө залбираарай” гэв. Би балмагдан, өөрийн чадах эсэхэд эргэлзэв. Биднийг машиндаа суугаад, чимээгүйхэн явах үед цонхны шил арчигч нааш цааш хэрхэн хөдөлж байсныг би одоо ч санадаг. Гэнэт Сүнс надад Алма 7:12-ыг сануулав. “Мөн түүний сэтгэл маханбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.” Би Есүс Христийн Цагаатгал бидэнд нүглийг ялан дийлэхэд тусалдгийг мэдэж байсан. Христ бидэнд амилж дахин амьдрахад тусална гэдгийг би мэдэж байсан. Харин тэр шөнө Осакагийн хурдны зам дээр би амьдрал шударга бус санагдах үед, биднийг зовж, шаналах үед Есүс Христ тайтгаруулж чадна гэдгийг мөн ойлгосон юм. Тэрхүү залуу номлогч юу туулж байсныг би мэдэхгүй ч Цагаатгалын гайхамшгаар дамжуулан үүнийг ойлгож мэдэх Нэгэн байсан. Номлолдоо гараад нэг жил болсны дараах тэр шөнө Сүнс надад Мормоны Ном үнэн гэдгийг, үүний зорилго бол Есүс бол Христ гэдгийг гэрчлэх явдал юм хэмээн дахин нэг удаа хүчтэй гэрчилсэн билээ.
Би номлолоосоо буцаж ирээд, Кристинтэй Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн. Бид эхлээд Калифорни руу, дараа нь Бостон руу нүүсэн. Гэрчлэл маань чимээгүйхнээр, дахин дахин батжиж байсан ч НБТ-д тэр өглөө мэдэрснийг, мөн Осакагийн хурдны зам дээр мэдэрснийг гүйцэхгүй. Хожим нь нэгэн ням гарагт би Сүнсний гэрчлэлийг гэнэт хүчтэй мэдэрсэн юм. Би хүмүүс гэрчлэлээ бэхжүүлэхийн тулд төдийлөн уншдаггүй судрын нэг хэсгийг уншиж байлаа. Энэ бол Христийг үгүйсгэж, хүмүүсийг сонголтынхоо төлөө хариуцлага хүлээх байдлаас холдуулж, бид зөвхөн өөрсдийн суу ухаанаар л аврагдана гэж номлосон Корихорын сургаал гардаг Алма 30-ийн тухай сүмийн хичээл байсан юм. Өнөөдөр бидний ёс суртахууны харьцангуйн онол гэдэг зүйлд Корихор бат итгэсэн байсан. Тэр бусдын итгэл үнэмшлийг эцэг өвгөдийнх нь мунхаг уламжлал хэмээн түрэмгийгээр дорд үзэж байв. Ням гаргийн ангийн багшийг хичээлээ зааж байх зуур би хэрвээ Иосеф Смит Мормоны Номыг өөрөө зохиосон бол Корихорын дүрийг оруулах нь хачирхалтай сонголт байх байжээ гэж бодов. Хүмүүс Есүс Христэд итгэдэг байсан шашны сэргэн мандалтын үед Иосеф амьдарч байсан. Тэрээр Мормоны Ном дахь Корихор, Нихор, эсвэл Шерим зэрэг Христийн эсрэг сургаалыг түрэмгийгээр хамгаалан сурталчилсан хүнтэй огт уулзаж байгаагүй байх. Бид Мормоны Номыг өнөө үед зориулагдан бичигдсэнийг мэднэ. Би иймэрхүү маргааныг ихэнхдээ Кэмбриж, Массачусэттс зэрэг академик соёлын хүрээнд өөрийн тогтмол уулздаг байсан хүмүүсээс анзаардаг. Ням гаргийн ангийн дундуур энэхүү сонин зүйрлэлийг тунгаах зуур Мормоны Номын талаар аль хэдийн гүнзгий гэрчлэлтэй болсон надад Сүнс: “Кларк, Мормоны Ном бол үнэн, үүний зорилго бол Есүс бол Христ гэдгийг гэрчлэх юм” хэмээн хэлсэн.
Эдгээртэй адил туршлага амьдралын минь туршид тасралтгүй тохиолдсон. Би нэг удаа ариун сүмд Бостон хотынхоо өсвөр үеийнхний төлөө залбирч байв. Мозая 3:17-г уншиж байхдаа би тэдгээр өсвөр үеийнхнийг гагцхүү Есүс Христээр дамжуулж хэцүү нөхцөл байдлаас гарахад нь тусалж чадах юм байна гэдгийг Сүнсээр заалгасан. Нэг удаа би Алма 36-г судалж байхдаа, энэ бүлгийн турш гарч байгаа залуу Алмагийн гэтэлгэлийн чухал үйл явдлын үр дагавруудыг дурдсан зэрэгцүүллийн талаар суралцсан юм. Гайхалтай нь, надад Мормоны Номын гэрчлэл ирэх бүрд Есүс Христийн талаарх гэрчлэл мөн хамт ирдэг юм шиг санагдсан. Энэ явдал 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн хуралдааны үеэр давтагдав. Ерөнхийлөгч Нэлсон уг чуулганы үеэр Сүмийн эгч нарт хандан оны эцэс гэхэд Мормоны Номыг уншиж дуусгах урилга илгээж, Мормоны Ном дахь Аврагчийн тухай эшлэл, Аврагчтай холбоотой шүлэг бүрийг тодруулан тэмдэглэхийг хүссэн юм. Эхнэрээ болон зургаан охиноо дэмжихийн тулд би ч мөн уг урилгыг хүлээн авсан. Би яг энэ Мормоны Номыг хүлээн авсан байв. Энэ нь цоо шинэ Мормоны Ном байсан. Би Аврагчийн талаар дурдсан бүхнийг тодруулан тэмдэглэсэн. Хуудас бүрд Есүс Христийн тухай улаан харандаагаар тэмдэглэсэн хэсгүүд байгаа. 48 настай, Мормоны Номын тухай болон Аврагчийн тухай аль хэдийн гүн гүнзгий гэрчлэлтэй болсон надад, тэр намар, мөн энэ номын хуудсыг унших өглөө бүр Сүнс: “Кларк, энэ ном үнэн, үүний зорилго бол Есүс бол Христ гэдгийг гэрчлэх явдал юм” хэмээн дахин гэрчилсэн юм.
Ерөнхийлөгч Нэлсоны захиасыг болон өөрийнхөө өмнө нь эш татсан үгийг би дахин дурдъя. “Би та нараас гэрчлэлээ хамгаалахыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Гэрчлэлээ эн тэргүүнд тавих үедээ та нар амьдралд тань тохиолдож буй гайхамшгуудыг олж хараарай.” Би тэдгээр гайхамшгийг гэрчилж байна. Би амьдралдаа гэрчлэлийг эн тэргүүнд тавьснаараа маш олон арга замаар адислагдсан.
Ах, эгч нар аа, шашны сурган хүмүүжүүлэгчдийн хувьд бид суралцагчдадаа гэрчлэлээ хамгаалахад нь туслах ёстой. Суралцагчдаа гэрчлэлээ хамгаалахад сургах таван арга замд анхаарлаа хандуулцгаая. Нэгдүгээрт, сонгох эрхээ ашиглаж сурахад нь тэдэнд тусал. Хоёрдугаарт, бусдад, тэр тусмаа зовж, зүдэрч буй хүмүүст гэрэл болохыг тэдэнд заа. Гуравдугаарт, итгэлтэйгээр асуу. Дөрөвдүгээрт, үнэнээр дүүрэн эх сурвалжуудыг эрэлхийл. Тавдугаарт, Сүнсэнд найд.
Нэгдүгээрт, бид гэрчлэлээ бэхжүүлэх нь сонгох эрхээ ашиглан зориуд хийх үйлдэл гэдгийг суралцагчдадаа заах ёстой. К.С.Льюис: “Удаан бодсоноор уужим сэтгэдэг” гэж олонтоо хэлсэн байдаг. Итгэлээ гүнзгийрүүлж, шавь байхад хүчин чармайлт хэрэгтэй. Энэ бол зориуд хийх үйлдэл юм. Гэрчлэлтэй болоход бүрэн дүүрэн анхаарах хэрэгтэй хэмээн Алма заасан. “Гэвч болгоогтун, хэрэв та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн хэрэгжүүлэх аваас, тийм ээ, бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсдөдөө, бүр та нар миний үгсийн нэгэн хэсгийг өөртөө байрлуулж чадахаар итгэх хүртлээ хөгжүүл.”
Гэрчлэлээ хамгаалахад нь суралцагчдадаа туслахын тулд заах хоёр дахь зарчим бол бусдад, тэр тусмаа зовж, зүдэрч буй хүмүүст гэрэл болох тухай юм. Энэ үеийнхэн бие биедээ болон амьдралын сорилт бэрхшээлтэй нүүр тулж яваа хүмүүст гүн гүнзгий анхаарал халамж тавьдаг. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд зовж буй хүмүүсийг бүү шүү гэж заадаг.
“Найз нөхөд, гэр бүлийн гишүүд чинь Сүмээс холдсон хэдий ч тэднийг үргэлжлүүлэн хайрла. Та итгэлтэй үлдсэнээрээ бусдын сонголтыг шүүх эрхтэй гэсэн үг биш юм.
Одоо миний хэлэхийг сонсоод аваарай. Та нарын харахгүй байгаа зүйлээр эргэлзээг чинь өдөөж буй хүмүүсээс болж зөв замаасаа бүү гар.”
Эргэлзээ, санаа зовнил бусдад нөлөөлөх хүчтэйн адил, итгэл найдвар ч мөн бусдад нөлөөлөх хүчтэй. Ерөнхийлөгч Нэлсон цааш нь ингэж заасан.
“Үл итгэгч найздаа Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд өөрийнхөө хэр их хайртайг харуул. Тэдний эргэлзээтэй зүрх сэтгэлийг өөрийн итгэгч зүрх сэтгэлээр гайхшируул.
“Та нар гэрчлэлээ хамгаалж, хүчирхэгжүүлснээр Их Эзэний мутарт илүү хүчирхэг зэмсэг болох болно.”
Энэ сүүлийн хэсэгт хэлсэнчлэн, суралцагчдадаа Их Эзэний зэмсэг, мөн эх сурвалж болохыг зааснаар бид залуучуудад гэрчлэлтэй болоход нь туслах боломжтой гэж би бодож байна. Тэдэнд гэрэл байхыг заа. Тэдэнд найз байхыг заа. Тэдэнд бусдад туслах эх сурвалж байхыг заа. Түүнчлэн итгэлээ хараахан олоогүй хүмүүст бусдад үйлчлэхийг заа. Бусдад үйлчлэхэд олон олон гэрчлэл ирдэг. Бостоны Массачусэттс ариун сүмд, Христ бол өсвөр үеийнхний маань хариулт хэмээх гэрчлэлийг хүлээн авсан маань, би тэдэнд туслахын тулд бүхнийг хийж байсны учир юм. Суралцагчдадаа гэрэл байхыг зааснаар тэдний гэрчлэл өсөх болно.
Мэдээж бид асуух нь хэвийн зүйл гэж заадаг. Ахлагч Рэнланд энэ үдэш энэ талаар бага зэрэг ярих болно. Ерөнхийлөгч Нэлсон: “Хэрэв та нарт асуулт байвал, би бол байгаа гэж найдаж байна—хариултаа итгэх чин хүсэл эрмэлзэлтэйгээр эрэлхийл” гэж тайлбарласан. Харин ерөнхийлөгч Жэффри Р.Холланд: “Заримдаа бид итгэлээ үнэнээр нь тунхаглахын оронд эргэлзэж байгаагаа үнэнээр нь тунхаглаж буйгаа илүү их зориг гаргаж байгаагийн илэрхийлэл мэт үзэн, тийнхүү үйлддэг. Энэ нь тийм биш юм шүү!” гэж онцгойлон дурджээ. Зовж шаналсан хүүхдийн эцэг Аврагчаас “Эзэн минь, би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” гэж хэлэхдээ итгэл үнэмшлийн байр сууринаас эхэлсэн байдаг. Тэр өсвөр насандаа сурсан бол би ч өсвөр насандаа сурсан. Би аавдаа итгэлийн талаар нэг хэцүү асуудлыг ярихдаа өөрийгөө маш ухаантай гэж бодон, түүний хэзээ ч бодож байгаагүй зүйлийг бодож олсон гэж бодож байлаа. 15 настайдаа би маргаан бүрд ялдаг байсан ааваасаа илүү ухаан суусан байв. Нэг удаа намайг хариулахад төвөгтэй асуултыг түүнд тавихад, тэр асуултад минь хариулахын оронд зүгээр л “Кларк, надад ч гэсэн наад асуулт чинь байсан. Амьдралд минь хоёр төрлийн асуулт байсан. Нэг нь миний мэддэг зүйлс, нөгөө нь ойлгоход хэцүү зүйлс. Цаг хугацаа өнгөрөхөд миний мэддэг зүйлсийн төрөл нэмэгдэж, харин мэддэггүй зүйлсийн төрөл маань багассаар байсан” гэж билээ.
Хэрэв та нар итгэлтэйгээр урагшилбал, та нарт ийм зүйл тохиолдоно гэдгийг би амлаж байна. Энэ нь бид хүмүүсийн асуулт, санаа зовнилыг тоохгүй өнгөрөөнө гэсэн үг биш, харин итгэлтэйгээр урагшлахад нь тусална гэсэн үг юм. Ахлагч Ларри Корбриж БЯИС-ийн онцгой цугларалт дээр оюутнуудад хандан үндсэн асуултууддаа анхаарлаа хандуул, удаах асуултууд цаг хугацааны явцад шийдвэрлэгдэх болно гэж хэлэхдээ энэ тухай ярьж байсан гэж би бодож байна. Ерөнхийлөгч Нэлсон бидэнд гэрчлэлээ нэмэгдүүлэхдээ үнэнээр дүүрэн эх сурвалжийг эрэлхийл хэмээн дахин дахин сануулсан. “[Гэрчлэлээ] үнэнээр хоолло. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул.” Залуучуудын зарим нь Сүмийн дайснууд ба шүүмжлэгчидтэй нүүр тулах нь хүчирхэг итгэлтэй болох цорын ганц арга зам гэж боддог. Ингэх нь гэрчлэлийг хүчирхэгжүүлж болох юм. Ийм нөхцөлд бид суралцагчдадаа дайснууд болон шүүмжлэгчдийн зорилгыг ойлгоход нь туслах ёстой. Корихор, Нихор, Шерим нар дагалдагчдаа сэнхрүүлэх гэж оролдоогүй, харин зүгээр л өөрсдийн буруу сонголтыг үндэслэлтэй гэдгийг харуулах, үзэл бодлоо хамгаалан сурталчлахыг хичээж байсан. “Зарим эх сурвалж санаатайгаар үл итгүүлэхээр, мөн айдас, эргэлзээ төрүүлэхээр тооцсон ч байж болно” гэдгийг суралцагчдадаа заа. Тэдэнд амьд бошиглогчид, судрууд, Сүмийн итгэл даах удирдагчид руу хандахад нь тусал.
Бидний хандаж болох үнэнээр дүүрэн, хамгийн чухал эх сурвалжуудын нэг бол Ариун Сүнс. Ариун Сүнстэй байгаа үед ямар мэдрэмж төрдгийг ойлгож, үнэнийг буруугаар илэрхийлсэн үед түүний холдож буйг хэрхэн таних талаар суралцагчдад заа. Саяхан Хавай дахь БЯИС-д ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ерөнхийлөгч Киони Каувэ хоёртой ярилцсан асуулт хариултын хуралдааны үеэр би энэ сэдвийн талаар нэгэн чухал туршлага олж авсан юм. Нэг оюутан биднээс Ариун Сүнс бидний амьдралын аль хэсэгт хэрэгтэй болохыг асуув. Ерөнхийлөгч Айринг: “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” гэсэн ерөнхийлөгч Нэлсоны үгийг хэлээд, намайг уг оюутны асуултад хариулахыг хүсэв. Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгч байх үедээ би энэ асуултад зуу зуун удаа хариулж байсан. Юу сурах, хэнтэй болзох, хаана амьдрах, ямар ажил хийх зэрэг залуучуудад тулгарч буй амьдралын олон шийдвэрийг гаргахад Сүнс хэрэгтэй болно гэж би хариулсан. Ерөнхийлөгч Айринг уг оюутнаас ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг дахин уншихыг хүслээ. Энэ удаа тэр тэсэж үлдэх гэдэг үг дээр түр азнав. Ерөнхийлөгч Айринг бошиглогчийг тэсэж үлдэх гэсэн үгийг зориуд ашигласныг онцлов. Дайсан үнэнийг гажуудуулахдаа маш үр дүнтэй байгаа цаг үед оюутнууд амьдарч байгаа бөгөөд хэрэв тэдэнд Ариун Сүнс байхгүй бол сайн мэдээний хамгийн чухал суурь үнэний тухайд тэд хууртагдаж болно гэдгийг тэр тайлбарласан. Ерөнхийлөгч Нэлсон “Селестиел ухаанаар бодогтун!” гэх үгэндээ “Дайсны хууран мэхлэлтэд төгсгөл үгүй. Бэлтгэлтэй байгаарай. Ямар ч тохиолдолд итгэлгүй нэгнээс зөвлөгөө бүү ав. Бошиглогч, үзмэрч, илчлэгч гэх зэрэг итгэж болохуйц тэдний дуу хоолойноос мөн Ариун Сүнсний шивнээнээс удирдамж эрэлхийл” гэсэн билээ.
Ах, эгч нар аа, суралцагчдадаа гэрчлэлээ хамгаалахад нь тусалцгаая. Тэдэнд үүний төлөө хөдөлмөрлөх, хариуцлага хүлээх, арчилж тордох, өсгөн нэмэгдүүлэхийг заа. Ингэхийн тулд тэдэнд сонгох эрхээ ашиглан бусдад гэрэл болох, итгэлтэйгээр асуух, үнэнээр дүүрэн эх сурвалжуудыг эрэлхийлэх, Ариун Сүнсэнд найдаж сурахыг заацгаая. Шашны боловсролыг бэхжүүлэх удирдамж бидэнд үүнийг итгэл үнэмшилтэйгээр гүйцэтгэх үүргийг өгсөн. Та бүхний хичээл зүтгэл үр дүнгээ өгч байгаа. Гадуур хүмүүс юу ярьж байгаад бүү үнэмш. Залуучууд хэзээ ч байгаагүй олноороо институтэд ирж байна. Залуучууд хэзээ ч байгаагүй олноороо Сүмийн сургуулиудад хамрагдаж байна. Энэхүү хэцүү цаг үед ч гэсэн Сүм даяарх итгэлийн давлагаа хүчтэй байна. Суралцагчид маань гэрчлэлээ хамгаалж сурч байгаа төдийгүй Есүс Христэд улам ойртсоор байна. Надад Аврагчийн маань талаар гэрчлэл бий. Би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. Энэ ном Есүс бол Христ гэдгийг гэрчлэх зорилготой гэдгийг би гэрчилж байна. Суралцагчдаа энэ үнэнийг олоход урьцгаая. Есүс Христийн нэрээр, амен.