Семинар
Семинарын сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх


“Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

Суралцаж буй эмэгтэй

Семинарын сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх

Есүс Христийн сайн мэдээг заахад үр дүнтэй бэлдэх олон арга зам бий. Энэхүү бэлтгэлд Бурханы үгийг залбирч судлах, зааж буй хүмүүстээ Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд нь хэрхэн хамгийн сайнаараа туслахаа мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг нь ямагт багтдаг.

Семинарын хөтөлбөр нь хичээлээ бэлдэхэд тань таныг удирдан чиглүүлж, үнэн сургаалыг заахад туслах итгэж болох эх сурвалж юм. Та энэ эх сурвалжийг ашиглахдаа эхлээд сургалтын хөтөлбөрт орсон зүйлсийг өөрийн болгохыг эрэлхийлж, дараа нь сургалтын хөтөлбөрийн санаануудыг хаана нь өөрчлөх хэрэгтэйг ойлгохын тулд суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг болон Ариун Сүнсний удирдамжийг тооцож үзээрэй.

Семинарын хичээлд бэлдэхийн тулд сургалтын хөтөлбөрийг ашиглах талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг бодож үз.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид эхлээд өөрийн болгоод, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, тохируулан өөрчилж чадна. Гэвч биднийг энэхүү уян хатан байдлын тухай ярих үед өөрийн болгохын оронд шууд тохируулан өөрчлөх уруу таталт гарч ирдэг. Үүнийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал юм. Тиймээс эхлээд өөрсдийн болгоод, дараа нь тохируулан өөрчлөх нь зөв арга юм. (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Яагаад хичээлийг тохируулан өөрчлөхөөсөө өмнө сургалтын хөтөлбөр дэх зүйлсийг өөрийн болгох нь чухал гэж та бодож байна вэ?

Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох

Шашны институт, семинарын зорилго бол “өсвөр үеийнхэнд болон залуучуудад Есүс Христэд мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд нь туслах явдал” юм. Энэхүү зорилго нь суралцагчдын хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд туслах талаар ийн тусгасан байдаг. Үүнд:

Бид Есүс Христ, Түүний үлгэр жишээ, зан чанар, гэтэлгэх хүч зэрэг дээр төвлөрүүлэн суралцах туршлага бүрийг явуулдаг. Бид суралцагчдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг судрууд, бошиглогчдын үгс дээр байгаагаар нь суралцахад тусалдаг. Бид суралцагчдад суралцах үүргээ гүйцэтгэхэд тусалдаг. Бид сургалт бүрдээ Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхийг урьдаг.

Ийм суралцах туршлагыг өгөхөд тань туслах зорилгоор семинарын хөтөлбөрийг нарийн нямбай боловсруулан гаргасан. Хичээл бүр суралцах туршлагыг Есүс Христ дээр төвлөрүүлж, суралцагчдыг судруудаас, бошиглогчдын үгсээс сайн мэдээг суралцахад нь туслан дэмжиж, суралцах туршлагад өөрсдийн гүйцэтгэх үүргээ биелүүлэх боломжийг тэдэнд олгоход төвлөрдөг. Бид зорилгын энэ гурван чухал хэсгийг зааж буй хүмүүсээ хайрлах хайртай нэгтгэснээр Ариун Сүнсийг суралцах үйл явцад үүргээ биелүүлэхийг урьдаг. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага нь “Сүнс бол жинхэнэ багш бөгөөд хөрвөлтийн үнэн эх сурвалж” болохыг онцолдог. Бид зөвхөн Сүнсээр заах үед Аврагчид гүн гүнзгий хөрвөх явц бодитоор тохиодог.

Сүнсээр удирдуулсан суралцах үйл явцын график

Танд дараах байдлаар дэмжлэг үзүүлэхийн тулд семинарын хөтөлбөрийг нарийн няхуур хянаж, илүү уялдуулан холбосон болно. Үүнд:

  • Сургаалын үнэн зөв байлгах

  • Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн зорилгыг тусгах

  • Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь Христийн адил заах зарчмуудыг хэрэгжүүлэхдээ аль алийг нь орхигдуулахгүй байх

  • Суралцах үйл явцад сурч байгаа зүйлээ хуваалцах мөн харуулах боломжийг суралцагчдад олгох гэх мэт.

  • Олон төрлийн заах арга барил ашигла.

Хичээл бэлдэж байхдаа олон чухал зүйлийг авч үзвэл зохино. Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох нь юуг хэрхэн заах чиглэлийг танд өгнө. Энэ нь мөн сургаалын бат бөх суурь дээр үлдэхэд тусална.

Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох зарим арга замыг доор өгөв. Үүнд:

  • Хичээлийн зорилгыг анхааралтай унш. Энэ нь тойм материалд мөн хичээл бүрийн удиртгал хэсгийн сүүлийн өгүүлбэрт бий. Бүх агуулга, үйл ажиллагаа зэрэг нь энэхүү зорилго, сургалтын зорилтот үр дүнтэй нийцдэг.

  • Хичээлийг бүрэн унш. Суралцагчдын унших сонгосон судар, тодруулсан үнэн, эшлэл, үйл ажиллагаа нь хичээлийн зорилготой хэрхэн нийцэж байгааг мөн эдгээр нь Есүс Христэд хэрхэн төвлөрч, сургаалыг зааж, хичээнгүй суралцахад хэрхэн урьж байгааг тунгаан бодоорой. Хичээлийн төгсгөлд хийх, суралцагчдад хичээлийн зорилгыг тайлбарлан үзүүлэх боломж олгох суралцах үйл ажиллагаанд сайн анхаарал хандуул.

  • Та өөрийгөө суралцагчийн оронд тавьж, асуултад хариулж, үйл ажиллагааг хийж үз. Энэ нь танд Сүнсээр суралцах боломж олгож, ангидаа сэнхэрсэн буюу урам зориг дүүрэн орж, суралцагчдадаа мөн адил туршлага өгөхөд илүү сайн бэлтгэгдсэн байхад тусална.

  • Хичээлийн хөтөлбөр дэх бүх төрлийн хичээлийг таны хувьд шинэ байсан ч ойлгон, заахыг эрэлхийл. (Хичээлийн төрлүүдэд Судар судлах хичээл, Төгс эзэмших сургаалыг давтах хичээл, Суралцахуйгаа үнэлэх хичээл, Амьдралд бэлтгэх хичээл зэрэг багтана.) Эдгээр суралцах туршлага бүр нь суралцагчдын Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөх хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд өвөрмөц арга замаар хувь нэмэр оруулдаг.

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөх

Семинарын багшийн хувьд та суралцагчдадаа Есүс Христэд ирэхэд нь туслах онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Та суралцагчидтайгаа тогтмол харилцаатай байснаараа тэднийг илүү сайн таньж мэдэн, хайрлах болно. Суралцагчдаа таньж мэдэн, хайрлах нь сургалтын хөтөлбөртөө хэзээ хэрхэн өөрчлөлт оруулах, Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авах зэрэг таны чадварыг нэмэгдүүлнэ. Хичээлийн хөтөлбөрийг ашиглан хичээлээ бэлдэхдээ залбирлаар эхэл. Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан суралцагчдын тань хэрэгцээ, чадварт илүү сайн тохирсон өөрчлөлтийг хичээлийн агуулгадаа оруулахыг мэдүүлнэ.

Дараах шалтгаанаар хичээлийг тохируулан өөрчилнө. Үүнд:

  • Суралцагчдын одоо байгаа асуудал, асуултад нь туслах (Жөүнс ах-ын жишээг үзнэ үү.)

  • Хичээлийн аль нэг хэсгийг суралцагчдынхаа хэрэгцээ, чадвар, соёл, боломжит эх сурвалж зэрэгт тулгуурлан тааруулах (Дүбэй эгч, Рэйэс ах, Родригэз эгч нарын жишээг үзнэ үү.)

  • Сүмийн удирдагчдын сүүлд хийсэн мэдэгдэл, өгсөн удирдамж заавар, эх сурвалжийг ашиглах (Шмит эгч-ийн жишээг үзнэ үү.)

  • Тухайн хичээлийн хэсгийг илүү үр дүнтэй заах арга замыг хайж олох Жишээлбэл: Суралцагчдын бодол санаа, зүрх сэтгэлийг суралцахад бэлтгэх эсвэл судрын түүхийг харуулсан видеог үзүүлэхийн оронд уг түүхийг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих байдлаар үзүүлэн хичээлийг өөрчлөх гэх зэрэг байж болно. (Ли ахын жишээг үзнэ үү.)

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөхийн өмнө дараахтай ижил асуултуудыг өөрөөсөө асуу. Үүнд:

  • Миний оруулсан өөрчлөлт нь Есүс Христ дээр төвлөрсөн, сургаалыг заасан мөн хичээнгүй суралцахад урьсан суралцах туршлагыг олгосон хэвээр байна уу?

  • Миний оруулсан өөрчлөлт Ариун Сүнсний удирдамж мөн Аврагчийн арга барилаар заах нь гарын авлага дахь Христийн адил заах зарчмуудтай нийцэж байна уу?

  • Өөрчлөлт нь зохиогчийн сүнслэгээр өдөөгдсөн зорилгыг тусгаж байна уу?

  • Өөрчлөлт нь хөрвүүлэх зарчмууд дээр төвлөрч байна уу?

  • Миний оруулсан өөрчлөлт суралцагчдад заах дараагийн хичээл, үнэлгээний туршлагад нь хэрхэн нөлөөлж болохыг би ойлгож байгаа юу?

Сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчилсөн жишээнүүд

Жөүнс ах—Хойшлуулшгүй, цаг алдахгүй шийдвэл зохих асуудал дээр үндэслэн хичээлдээ өөрчлөлт оруулах.

Жөүнс ах ирэх даваа гарагт орох Судар судлах хичээлдээ ерөнхий чуулган болох амралтын өдрүүдээс өмнө баасан гарагт хичээнгүйлэн бэлджээ. Өөрийнх нь заадаг бүсэд шинэ ариун сүм баригдана хэмээн бошиглогчийн зарлахыг сонсох нь түүнд гайхалтай байв. Суралцагчид нь ангидаа ирэхдээ ариун сүмийн тухай сэтгэл нь хөдлөн ярина мөн олон хүн энэ талаар асууна гэдгийг тэр мэдэж байв.

Жөүнс ах даваа гарагт Судар судлах хичээлийн оронд сургалтын хөтөлбөр дэх Амьдралд бэлтгэх хэсгийн Ариун сүмийн бэлтгэл гэсэн хичээлийг заа гэсэн Ариун Сүнсний өдөөлтийг мэдрээд, хичээл хуваарилах удирдамждаа өөрчлөлт оруулав.

Рэйэс ах—Суралцагчдынхаа чадварт үндэслэн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах

Судалж байх үедээ Рэйэс ах хичээл нь ихэвчлэн суралцагчид хоорондоо ярилцах ярилцлага хэлбэрээр явагддаг болохыг анзаарчээ. Рэйэс ах суралцагчид нь ихэнхдээ чимээгүй суудаг бөгөөд ярилцлагад идэвхтэй оролцдоггүйг олж мэдсэн байв. Гэхдээ тэд тэмдэглэл дээрээ бичих үнэхээр дуртай байлаа. Тэрээр ярилцлага хийхийн оронд хөтөлбөрийн хоёр асуултыг самбар дээр бичээд, суралцагчдыг хариултаа бичихэд урихаар шийдэв. Тэрээр бичсэн зүйлээ хуваалцахыг хүссэн суралцагчдад боломж олгохоор төлөвлөжээ.

Родригэз эгч—Нутгийн соёлд тулгуурлан хичээлдээ өөрчлөлт оруулах

Родригэз эгч Есүсийн ээж Мариагийн тухай дурдсан судрын эшлэлүүд орсон хичээлийг заахаар бэлдэж байгаа аж. Түүний амьдардаг газрынхан Мариаг ихэд хүндэлдэг ба энэ талаарх итгэл үнэмшил нь биднийхээс өөр байв. Тэр тусмаа Есүс Христийн эх учраас Мариаг олон хүн бишрэн шүтдэг аж. Родригэз эгч сургалтын хөтөлбөрөөс хичээлийг судалж байхдаа судрууд мөн Сүмийн удирдагчид Мариагийн талаар юу заасныг ойлгоход нь суралцагчдад туслах тохиромжтой хэсгийг хайв. Тиймээс тэрээр сургалтын хөтөлбөрт багтсан хичээлээс гадна дараах хоёр асуултыг нэмж, хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийджээ.

Алма 7:10 нь Мариагийн тухай юуг ойлгоход бидэнд тусалдаг вэ? Бид Мариаг болон судрууд дахь бусад итгэлтэй шавь нарыг хүндэлж, хайрладаг ч яагаад зөвхөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн биширдгийг ойлгоход Алма 7:11–13 хэрхэн тусалж байна вэ?

Дүбэй эгч—Байгаа эх сурвалжууд дээр тулгуурлан хичээлээ тохируулан өөрчлөх

Дүбэй эгч хичээлээ бэлдэж байхдаа урилгуудын нэг нь өвөг дээдсээ FamilySearch.org дээрээс эрж хайхад суралцагчдыг урьсан байхыг анзаарчээ. Ихэнх суралцагч нь интернэт ашиглах боломжгүй гэдгийг тэр мэдэж байв. Тэр уг урилгыг суралцагчид гэр бүлийн хүснэгтээ бөглөж эхлэн, гэр бүлийнхээ бусад гишүүний нэрсийг хэрхэн судалж олж болох талаар тойргийнхоо ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхтэй ярилцах урилга болгон ухаалгаар өөрчилжээ.

Шмит эгч—Сүмийн удирдагчдын сүүлийн үеийн мэдэгдлийг ашиглахаар болгон хичээлээ өөрчлөх

Хичээлээ бэлдэх үеэр тэрээр дараагийн өдөр нь заах хичээлээ уншиж байлаа. Тэрээр хичээлд орсон Сүмийн нэг удирдагчийн мэдэгдлийг уншиж байхдаа ижил утгатай өөрийн саяхан уншсан нэгэн мэдэгдлийг санав. Тэр хувиараа суралцахдаа уг захиасыг судалсан байсан тул тод санаж байжээ. Тиймээс тэр хөтөлбөр дэх мэдэгдлийн оронд сүүлийн үеийн мэдэгдлийг хичээлдээ ашиглахаар шийдэв.

Ли ах—Зорилгод илүү үр дүнтэй хүрэхийн тулд суралцах үйл ажиллагааг тохируулан өөрчлөх

Ли ах хөтөлбөрөөс хичээл заахаар бэлдэж байхдаа ангид хөл бөмбөгийн бөмбөг авчрах зөвлөмжийг уншжээ. Уг үзүүлэн хичээлийн зорилго нь суралцагчид хөл бөмбөгийн түүхийг илүү сайн мэдэх нь үүний үнэ цэнийг олж харахад өөрсдөд нь тусална гэдгийг ойлгов.

Тэрээр суралцагчдаа энэ зорилгоо хамгийн үр дүнтэй биелүүлээсэй гэж хүссэн учраас тэдэнд хамгийн сайн тохирох, ангидаа авчирч болох зүйлийн талаар нэг хормын турш тунгаан боджээ. Ингээд тэрээр энгийн нэг хүзүүний зүүлт авч ирээд, хичээлийг тохируулан өөрчлөхөөр шийдэв. Суралцагчдыг хүзүүний зүүлтийг хэр үнэ цэнтэй гэж бодож байгаагаа хуваалцсаны дараа тэрээр зүүлтийг хэн хийсэн талаар болон зүүлтийн түүхийг мэдэх нь яагаад үүнийг бусдаас хавьгүй үнэ цэнтэй болгодгийг хуваалцахаар болов.

Өөрийн болгох, тохируулан өөрчлөх зөвлөмж

Сургалтын хөтөлбөр дэх аль ч материалыг тохируулан өөрчилж болох хэдий ч дараах бүдүүвч зураг хичээлийн зарим хэсгийг бусад хэсэгтэй харьцуулахад хэрхэн тохируулан өөрчлөхөд илүү тохиромжтой болохыг харуулсан болно.

Жишээлбэл: Хичээлийн зорилго, бүлэг судрын хам сэдэв, тодруулсан үнэн зэргийг өөрчлөхийн оронд хичээл хэрхэн эхлэх, тодруулсан үнэний талаарх ямар жишээг багш хуваалцаж болохыг өөрчлөх нь илүү тохиромжтой. Ихэнх тохиолдолд зүүн гар талд байрлах зүйлсийг өөрийн болгож, баруун гар талд байрлах зүйлсийг тохируулан өөрчлөх боломжтой. Эдгээр нь зөвхөн зөвлөмж гэдгийг санаарай. Багш баруун гар талд байгаа бүх зүйлийг тохируулан өөрчлөх шаардлагагүйн адил зүүн гар талд байгаа бүх зүйлийг өөрийн болгох шаардлагагүй юм.

Багш сургалтын хөтөлбөрийн графикийг хэрхэн өөрчилж болох вэ?

Дүгнэлт

Тэнгэрлэг Эцэг үгсийг нь залбиран судалж, Өөрийнх нь хөвгүүд охидыг адислахаар хичээлээ бэлдэх явцад тань Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлэх болно. Тэрээр танд суралцагчдадаа илүү сайн туслахын тулд сургалтын хөтөлбөрт тусгасан зүйлсийг хэрхэн өөрийн болгож, хэзээ тохируулан өөрчлөхийг мэдэхэд тусалж чадна.