Номын сан
Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт


“Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2025)

судар судалж буй залуу эмэгтэйчүүд

Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт

Тойм

“A Teacher’s Guide to Life Preparation Lessons” видеог үзээд, Далын ахлагч Кларк Г.Гилбэрт, Чад Х.Вэбб ах нар эдгээр хичээлийг зарласны дараахан багш нарыг үүний талаар юуг мэдээсэй гэж хүссэнийг олж мэдээрэй.

9:22

Амьдралд бэлтгэх хичээлүүд нь суралцагчдад дараах байдлаар тусалдаг. Үүнд:

  • Асуултууд, амьдралын нөхцөл байдлуудад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх,

  • Тусламж, урам зориг авахын тулд судруудыг ашиглах чадвараа харуулах,

  • Сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг хийх хүч чадлыг Их Эзэнээс хүлээн авах,

  • Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх,

  • Бие махбод, сэтгэл санааны хувьд илүү эрүүл байх зарчим, ур чадваруудыг хэрэгжүүлэх,

  • Насан туршдаа материаллаг болон сүнслэг байдлын хувьд сурч боловсрохын ач холбогдлыг ойлгож, ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргах,

  • Сургуульдаа амжилттай суралцахад туслах ур чадвараа ашиглах,

  • Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх,

  • Ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх,

  • Сүмийн удирдагчдын сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх.

Хичээлүүд нь багш нарт Есүс Христ дээр төвлөрөх, сургаалыг заах, Сүнсээр удирдуулсан байдлаар хичээнгүй суралцахыг урихад туслах арга замаар өсвөр үеийнхэнд тулгардаг сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд дөхөм болно. Амьдралд бэлтгэх хичээл нь Судар судлах хичээлийн хамтаар Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдөхөд суралцагчдад тусалж чадна.

Амьдралд бэлтгэх хичээлийн сургалт, сэдэв

Энэ сургалтаар Амьдралд бэлтгэх хичээлийг Судар судлах хичээлийн адил ИС-ын зорилгыг биелүүлэхэд зориулан хэрхэн боловсруулсан болохыг судлах боломжтой. Амьдралд бэлтгэх хичээл бүрийг ИС-ын зорилгын “Заах” догол мөр дэх дараах жишгүүдийн дагуу боловсруулсан. Үүнд:

Бид суралцах туршлага бүрийг Есүс Христ, Түүний үлгэр жишээ, зан чанар, гэтэлгэх хүч зэрэг дээр төвлөрүүлэн явуулдаг. Бид суралцагчдад Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг судрууд, бошиглогчдын үгс дээр байгаагаар нь суралцахад тусалдаг. Бид суралцагчдад суралцах үүргээ гүйцэтгэхэд нь тусалдаг. Бид суралцах болгондоо үүргийг нь гүйцэтгүүлэхээр Ариун Сүнсийг урихыг эрмэлздэг.

Амьдралд бэлтгэх хичээл нь ИС-ын зорилгыг биелүүлэхэд тусалдаг

Тодорхойлох

Та хичээлээ, үүн дотор Амьдралд бэлтгэх хичээлийг бэлдэж байхдаа тухайн хичээл ИС-ын зорилгын “Заах” догол мөрийн өгүүлбэр тус бүрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг олж харах нь зүйтэй.

Загвар

Дараах нь 2025 оны Амьдралд бэлтгэх хичээлээс сонгон авсан хоёр хэсэг болно. Эхнийх нь “Эрүүлээр сэтгэж бодох хандлагыг хөгжүүлэх нь” гэсэн гарчигтай Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийн хичээл юм. Удаах нь “Давуу тал, ур чадвараа олж нээх нь” гэсэн гарчигтай Сургуульдаа амжилт гаргахад зориулсан хичээл юм. Өөр өөр сэдэв дээр төвлөрөх эдгээр суралцах үйл ажиллагааг хэрхэн ИС-ын зорилгод хүрэхэд зориулан боловсруулсан болохыг олж харна уу.

186-р хичээл: Эрүүлээр сэтгэж бодох хандлагыг хөгжүүлэх нь

Есүс Христ дээр төвлөр: Суралцах үйл явцыг Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслах энэхүү хичээлийн жишээнүүдээс авч үзье. Уг жишээнүүдэд суралцагчид хэрхэн Аврагчийн тусламжийг эрэлхийлэн, Түүний үлгэр жишээ, сургаалаас суралцахыг хүсэж байгааг анзаарна уу.

  • Та суралцагчдадаа буруу эсвэл эрүүл бус бодлыг засахдаа Аврагчаас тусламж хүсэх дадлага хийнэ гэдгийг хэлж болох юм.

  • Санаа бодолдоо Аврагч руу харна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Зарим жишээнд дараах зүйлс орж болно. Үүнд: Бидэнд тулгарсан нөхцөл байдалд Аврагч хэрхэх байсныг тунгаан бодох, Түүний сургаал тухайн нөхцөл байдалд хэрхэн тусгалаа олох байсныг олж мэдэх мөн Түүний хайрыг дурсан санах.)

Сургаалыг заа: Суралцагчдад сургаалыг судруудаас болон бошиглогчдын үгсээс суралцахад туслах энэхүү хичээлийн жишээнүүдээс авч үзье. Суралцагчдад судруудыг судлах боломжийг олгосон бөгөөд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны үг тэдэнд тухайн судрыг ойлгоход тусална гэдгийг анзаарна уу.

  • Сургаал ба Гэрээнүүд 6:36-г уншаад, Их Эзэн биднийг юу хийхэд урьж байгааг олж мэд.

  • Энэ судрын талаар ярьж байхдаа ерөнхийлөгч Нэлсон: “Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм” хэмээн заасан (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25).

Хичээнгүй суралцахыг урь: Суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд нь туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Суралцах үйл явцад идэвхтэй оролцоход урамшуулахын тулд суралцагчдыг хэрэгцээгээ олж харахад нь урьж байгааг анзаарна уу. Мөн суралцагчдыг өөрсдийн өвөрмөц бодол, санааг хуваалцахыг урьсан байгаа.

  • Суралцагчдыг өөрсдийн бодох хандлагадаа хэр их анхаарал хандуулдгаа мөн тэдгээр хандлага нь тус болдог эсвэл зөв байдаг талаар тунгаан бодоход урь.

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс танд юу нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Сүнсээр заа: Суралцах үйл явц дахь Ариун Сүнсний үүрэг, оролцоог хангахын тулд багш нарт Түүнийг урихад энэхүү хичээл хэрхэн тусалж болох талаарх зарим жишээг авч үзье. Багш нарыг зорилготойгоор Ариун Сүнснээс удирдамж эрэлхийлэхэд суралцагчдыг урихыг урамшуулдаг. Энэ төрлийн урилга нь суралцагчдад суралцах үйл явцдаа Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авахад тусалдаг.

  • Ялангуяа хүнд хэцүү нөхцөл байдалд ороход ямар бодол төрдөг хандлагаа илүү сайн ойлгохын тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж заавар хүлээн авахыг эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Хичээл 193: Давуу тал, чадвараа олж нээх

Есүс Христэд төвлөр: Суралцах үйл явцыг Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Энэ хичээл дэх тодруулсан үнэнүүд хэрхэн Аврагчтай холбогдож, Түүнд хандан тусламж хүсэхэд суралцагчдыг урьж байгааг анзаарна уу. Түүнчлэн суралцагчдад бурханлаг мөн чанарыг нь болон тэдэнд байгаа давуу тал, ур чадвар нь Бурханы хайр, нигүүлслийн илрэл гэдгийг сануулдаг.

  • Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг онцолж болох юм: Их Эзэн хүний гаднах төрхийг хардаггүй, зүрхийг нь хардаг (1 Самуел 16:7-г үзнэ үү). Биднийг хүчирхэгжүүлж чадах Есүс Христээр бид бүгдийг хийж чадна (Филиппой 4:13; Алма 26:12-ыг үзнэ үү). Бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу (Сургаал ба Гэрээнүүд 18:10-ыг үзнэ үү).

  • Өөрийнх нь дүр төрхөөр бүтээгдсэн Бурханы хүүхдүүдийн хувьд бидний хүн нэг бүр өөр өөрийн гэсэн давуу тал, ур чадвараар адислагдсан гэдгийг суралцагчдад сануулна уу. Бурханы адисалсан давуу тал, чадавхыг ойлгож, таньж мэдэхэд бэрхшээлтэй байгаа суралцагчид байж болно.

Сургаалыг заа: Суралцагчдад судруудаас болон бошиглогчдын үгсээс суралцахад туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Суралцагчдын судлах судрууд нь тусламж хүсэн Есүс Христэд хандахад тэднийг чиглүүлэх зорилгоор зориуд сонгож авсан байгааг анзаарна уу. Ингэснээр суралцагчдад Бурханы өгсөн зарим бэлгээ хэрхэн олж нээх талаар өгсөн нэгэн төлөөлөгчийн зөвлөгөөнөөс суралцах боломж олдоно.

  • Дараах хэд хэдэн судрын хэсгийг судлаад, Есүс Христээр дамжуулан өөрсдийн чадвар чадамжийг олж нээх ур чадвараа таньж мэдэхэд бидэнд туслах мөнхийн үнэнийг хайж ол. 1 Самуел 16:7; Филиппой 4:13; Иаков 4:7; Алма 26:12; Сургаал ба Гэрээнүүд 18:10.

  • Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд Тэнгэрлэг Эцэгийн маань биднийг адислан өгсөн авьяас, давуу тал, ур чадваруудаа олж харж болох зарим арга замыг ийн хуваалцсан. “Эхлээд бидний сонирхдог зүйлсээс Бурханы бидэнд өгсөн авьяас чадвар илэрдэг. Хэрэв та би ямар авьяас чадвартай юм бэ гэж бодож байвал хийх дуртай зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Үүндээ сүнслэг, хөгжмийн, тайзны урлагийн, эрдэм шинжилгээний, спортын гэх мэт амьдралын олон талаас нь тунгааж хийх дуртай бүх зүйлийг багтаа. Ойлголт, сүнслэг өдөөлт авахын тулд патриархын адислалаа судалж, тунгаан бод. Гэр бүлийн гишүүд, итгэдэг найз нөхөд, багш нар, удирдагчидтайгаа зөвлөлд. Бидний өөрсдөөсөө олж хардаггүй зүйлсийг хүмүүс ихэнхдээ олоод харчихсан байдаг” (Роналд А.Расбанд, “Parables of Jesus: The Parable of the Talents,” Ensign, Aug. 2003, 34).

Хичээнгүй суралцахыг урь: Суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд нь туслах энэхүү хичээлийн зарим жишээг авч үзье. Эдгээр үйл ажиллагаа нь хэрхэн суралцагчдад өөрсдийн туршлага, нөхцөл байдлын талаар бодоход тусалдгийг анзаарна уу. Эдгээр нь одоогийн хэрэгцээгээ шийдвэрлэхэд чиглэсэн суралцах үйл явцад зүрх сэтгэл, оюун бодлоо хандуулах сэдлийг суралцагчдад төрүүлэхэд туслах зорилготой. Суралцагчид бас тулгарч буй бодит саад бэрхшээлийн талаар мөн судар дахь үнэнүүд хэрхэн тэдэнд тусалж болох талаар бодох боломжтой.

  • Ирээдүйд хүлээх үүрэг хариуцлага, сонирхож буй ажил мэргэжлийнхээ тухай бод. Түүнчлэн ирээдүйд илүү сайн бэлтгэгдэхэд танд туслах, хөгжүүлэх хэрэгтэй ур чадвараа олж тодорхойлохыг хичээ.

  • Биднийг ур чадвартаа сэтгэл дундуур байх үед эдгээр үнэн бидэнд хэрхэн туслах вэ?

Сүнсээр заа: Энэхүү хичээл нь багш нарт суралцах үйл явцын үеэр Ариун Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд нь урихад тусалж болох арга замын талаарх зарим жишээг авч үзье. Одоогийн хэрэгцээгээ болон амьдралд илүү сайн бэлтгэгдэхэд шаардагдах дараагийн алхмуудаа илүү сайн олж харахын тулд Ариун Сүнснээс сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд суралцагчдыг урьж байгааг анзаарна уу.

  • Өнөөдөр судалж байхдаа тэдгээр үүрэг хариуцлагад тань таныг бэлтгэж болох аль хэдийн байгаа давуу тал, ур чадвараа тодорхойлоход туслах Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл.

Дадлага

Орон нутгийнхаа хичээл хуваарилах удирдамж дээр үндэслэн удахгүй заах Амьдралд бэлтгэх хичээлээ тодорхойл. Тухайн хичээлтэй танилцаад, дараах асуултуудын хариултыг ол. Тухайлбал:

  • Суралцах үйл явц нь хэрхэн Есүс Христэд төвлөрсөн байна вэ?

  • Уг хичээл хэрхэн суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг судрууд, бошиглогчдын үгс дээр байгаагаар нь суралцахад тусалж байна вэ?

  • Уг хичээл хэрхэн суралцагчдад суралцах үүргээ биелүүлэхэд тусалж байна вэ?

  • Уг хичээл хэрхэн суралцах үйл явцад Ариун Сүнсийг урьж авчран үүргээ гүйцэтгэхэд нь тусалж байна вэ?

Санамж

Амьдралд бэлтгэх хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн өөрсдөд нь мөнх бус амьдралын саад бэрхшээлийг даван гарахад туслах талаар суралцах боломжийг семинарын суралцагчдад олгодог. Та эдгээр хичээлийг заахдаа дараах зүйлсэд анхаарна уу. Үүнд:

Суралцах үйл явц бүр Есүс Христ дээр төвлөрч, сургаалыг зааж, хичээнгүй суралцахыг урих ёстой

Семинарт суралцах үйл явц бүр Шашны институт, семинарын зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалж байх ёстой. Хэрэв бид болгоомжтой хандахгүй бол Амьдралд бэлтгэх хичээлүүд тун амархан тэнцвэргүй болж, энэ зорилгодоо хүрч чадахгүй. Жишээлбэл, багш аль нэг сэдвээр арвин туршлагатай байж болох бөгөөд суралцагчдад тулгарч буй хэрэгцээг шийдвэрлэх олон ур чадвар, стратеги дээр түлхүү анхаарлаа хандуулахаар шийдэж болно. Гэвч ийн заах явцдаа багш суралцагчдыг Христтэй холбох, тэдэнд сургаалыг судрууд, бошиглогчдын үгсээс заах хэрэгтэй гэдгээ амархан орхигдуулж болох юм.

Судлахад туслах жишээ: Жөүнс эгч санхүү төлөвлөлтийн өргөн мэдлэг туршлагатай хүн юм. Тэрээр суралцагч төвтэй арга барилаар санхүү төлөвлөлтийн олон ур чадварыг суралцагчдадаа заахаар шийдсэн байв.

Жөүнс эгчийн хичээлд хандах энэхүү хандлага нь ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?

Сургалтын хөтөлбөрт дурдсаны дагуу Амьдралд бэлтгэх хичээлийн тоог тэнцвэртэй байлга

Багш нарт хичээлийн үеэр илүү их эсвэл арай бага цаг зарцуулмаар байгаа хичээлийн төрөл эсвэл сэдэв байж болох юм. Сүмийн бусад хэлтсийн гээд олон хүн ангилал бүр дэх хичээлийн тоог хамтдаа зөвлөлдөн тогтоосон гэдгийг санах нь зүйтэй. Багшид сонирхолгүй мэт санагдаж болох сэдэв нь зарим суралцагчийн хувьд маш үнэ цэнтэй байж магад. Зарим хичээлд сургалтын хөтөлбөрт тусгаснаас илүү их цаг зарцуулах нь бусад чухал сургалтын зорилтот үр дүнд ач холбогдол бага өгөхөд хүргэж мэднэ. “Хичээл хуваарилах удирдамж боловсруулах сургалт” нь ерөнхийдөө таны хичээл хуваарилах удирдамжид Судар судлах хичээл нь Амьдралд бэлтгэх хичээлээс олон байхыг зөвлөдөг. Амьдралд бэлтгэх ангилал бүрийн хичээлийн тоо нь мөн зөвлөсөн хязгаарыг илтгэдэг. Маш цөөн тохиолдлыг эс тооцвол дараах удирдамжийг мөрд. Үүнд:

Судлахад туслах жишээ: Хэндрикс ах сүүлийн үед өсвөр үеийнхнийг номлолд бэлтгэх тал дээр бодит ажил семинарын хүрээнд хийгдэж байгаад баяртай байв. Номлолын бэлтгэлийн талаар тавхан хичээлийг заахын оронд тэр хоёр долоо хоногийг эдгээр хичээлийг заахад зарцуулахын зэрэгцээ өөрийнхөө боловсруулсан хичээлээ заах болжээ.

Номлогчийн бэлтгэлийн хичээлд хандах Хэндрикс ахын энэхүү хандлага ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?

Өөрийн туршлагаас үл хамаарч сургалтын хөтөлбөрийг ашигла

Хичээлийн тоог заасны адил хичээл бүрийн зорилгыг мөн л Сүмийн бусад хэлтсийн гээд олон хүн хамтран тодорхойлсон. Эдгээр хэлтсийн өгсөн санал ихэнхдээ Сүмийн Харилцаа хамаарал судалгааны хэлтсээс явуулсан судалгаанд дээр тулгуурласан байдаг. ИС-ын сургалтын хөтөлбөрийн бүх хичээлд ханддагийн адил Сүмийн Харилцаа хамаарал судалгааны хэлтсийн зүгээс Амьдралд бэлтгэх хичээлүүд нь сургаалын хувьд үнэн зөв, тохиромжтой эсэхийг нарийн няхуур хянан шалгасан болно. Уг хичээлийг тухайн сэдвийг цогцсоор нь бус, энгийн түвшинд заах зорилгоор боловсруулсан. Хэрэв та тухайн сэдвээр зааж байсан туршлагатай бол чухал чухал санааг дурдаагүй өнгөрсөн байхыг анзаарч болох юм. Хичээлд ороогүй зүйл нэмэхээс болгоомжил. Өгөгдсөн сэдвээр зааж байсан туршлага тань их бага байхаас үл хамааран өөрийн заах хичээлд сургалтын хөтөлбөрийг үндсэн хэрэглэгдэхүүнээ болгон ашигла. Юуг тохируулан өөрчлөхөө шийдэхээсээ өмнө хичээлийг өөрийн болго. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Семинарын хөтөлбөрийн сургалт дахь Сургалтын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт хэсгийг үзнэ үү.

Судлахад туслах жишээ: Бэнсон эгч бол тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн нийгмийн ажилтан юм. Одоогоор түүний донтолттой үйлчлүүлэгчдэд туслах нэгэн шинэ арга барил нь ихээхэн амжилттай яваа аж. Тэрээр бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийн хичээлийн оронд тэрхүү шинэ арга барилтай нь холбоотой ур чадваруудаа суралцагчдадаа заахаар шийджээ.

Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийн хичээлд хандаж буй Бэнсон эгчийн хандлага ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?

Багшийн хувьд хүлээсэн үүргээ бүү март

Амьдралд бэлтгэх хичээлийг заахдаа та семинарын багшийн хувьд хүлээсэн үүргээ сана. Суралцагчид тулгарч буй хүнд хэцүү нөхцөл байдлаа тантай хуваалцаж болох юм. Таны үүрэг бол хэрэгтэй тусламжаа авахад нь туслах эцэг эх, санваарын удирдагч руу нь тэднийг чиглүүлэх явдал юм. Хүчирхийлэлтэй холбоотой байж болох нөхцөл байдалд үзүүлэх тусламжийн талаар Институт, семинарын онцгой нөхцөл байдлын үед авах хариу арга хэмжээний удирдамж дахь “Хүчирхийлэл” хэсгийг үзнэ үү.

Судлахад туслах жишээ: Хичээлийн дараа олон суралцагч үлдэж байгааг Бэнсон эгч анзаарчээ. Тэд амьдралынхаа маш хувийн шинж чанартай зүйлсээ түүнтэй хуваалцахыг хүсэв. Тэрээр хичээлийн дараа ангиа тарсны дараа тэдэнтэй нэг бүрчлэн ажлынхаа өрөөнд уулздаг.

Бэнсон эгчийн суралцагчидтайгаа харилцах энэхүү харилцаа нь ямар ямар үр дагаварт хүргэж болох вэ?

Дүгнэлт

Семинарын дөрвөн жилийн турш Аврагчийн сургаалыг өөр өөр орчин, нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцах олон боломжийг суралцагчдад олгоно. Суралцах үйл явцад Судар судлах хичээл дээр Амьдралд бэлтгэх хичээлийг нэмж оруулах нь Аврагчийн хүч чадал, сургаал, сайн мэдээнд тулгуурлан амьдралын саад бэрхшээлтэй нүүр тулахад бүхэл бүтэн нэг үеийг сайтар бэлтгэх юм. Тэд өөрсдийгөө, гэр бүлээ мөн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт амьдрах мөнх амьдралд илүү сайн бэлдэхэд бэлтгэгдсэн байх болно.