“18. Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр (2023).
“18. Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх,” Ерөнхий гарын авлагын түүвэр.
18.
Санваарын ёслол, адислалуудыг гүйцэтгэх
18.0
Оршил
Ёслол, адислалууд бол санваарын эрх мэдлээр, Есүс Христийн нэрийн өмнөөс гүйцэтгэдэг ариун нандин зан үйл юм. Санваарын ёслол, адислалууд нь Бурханы хүчийг хүлээн авах боломж олгодог (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү).
Ёслол, адислалуудыг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлтэйгээр мөн Ариун Сүнсний удирдамжийн дагуу гүйцэтгэх ёстой. Удирдагчид нь тэдгээрийг зохих зөвшөөрөл (шаардлагатай бол), санваарын шаардагдах эрх мэдэл, тохирох арга замаар мөн зохистой оролцогчдоор гүйцэтгүүлж байгаа эсэхийг бататгана (18.3-ыг үзнэ үү).
18.1
Аврал, өргөмжлөлийн ёслолууд
Аврал, өргөмжлөлд зайлшгүй шаардлагатай сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл санваарт хамаардаг. Хүмүүс эдгээр ёслолыг хүлээн авахдаа Бурхантай ариун нандин гэрээ байгуулдаг. Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг жагсаавал:
-
Баптисм
-
Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг
-
Мелкизедек санваар хүртээх, санваарын албанд томилох (эрэгтэйчүүдэд)
-
Ариун сүмийн хишиг
-
Ариун сүмийн лацдан холболт
Гэрээнд төрсөн хүүхэд 8 нас хүрэхээсээ өмнө нас барсан бол ямар ч ёслолыг гүйцэтгэх шаардлагагүй. Хэрвээ уг хүүхэд гэрээнд төрөөгүй бол тэрээр эцэг, эхтэйгээ лацдан холбуулахад л хангалттай. 8 нас хүрэхээсээ өмнө нас барсан бүх хүүхэд Аврагчийн Цагаатгалын ачаар “тэнгэрийн селестиел хаант улсад аврагддаг” (Сургаал ба Гэрээ 137:10, мөн Моронай 8:8–12-ыг үзнэ үү).
18.3
Ёслол эсвэл адислалд оролцох
Ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл үүнд оролцох хүмүүс зохих санваарын эрх мэдэлтэй бөгөөд зохистой байх ёстой. Ерөнхийдөө, зохистой байдлын жишгийг ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхтай холбон ойлгодог. Гэхдээ бишоп, гадасны ерөнхийлөгч Сүнсний удирдамж болон энэ бүлэгт өгсөн зааврын дагуу, ариун сүмд орох бүрэн зохистой биш байсан ч шаардлагатай санваарыг атгадаг бол эцгүүдэд болон нөхрүүдэд нь зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл тэдгээрт оролцох зөвшөөрлийг олгож болно. Шийдвэрлэгдээгүй ноцтой нүгэлтэй санваартан оролцож болохгүй.
Зарим ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл хүлээн авахын тулд шаардлагатай санваарын түлхүүрийг атгадаг удирдагчаас зөвшөөрөл авах шаардлагатай (3.4.1-ийг үзнэ үү). Шаардлагатай үед зөвшөөрлийг удирдагчийн эрх мэдэл олгосон зөвлөх өгч болно. Дараах хүснэгтийг үзнэ үү. Гадасны ерөнхийлөгчид хамаарах зүйлс номлолын ерөнхийлөгчид мөн адил хамаарна. Бишопт хамаарах зүйлс салбарын ерөнхийлөгчид мөн адил хамаарна.
Аврал, өргөмжлөлийн ёслолуудыг гүйцэтгэх эсвэл хүлээн авах зөвшөөрөл өгөх түлхүүрүүдийг аль аль удирдагч атгадаг вэ?
|
Ёслол |
Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? |
|---|---|
Ёслол Баптисм | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп (8 настай хүүхдүүд, оюуны хөгжлийн бэрхшээлийн улмаас баптисм нь хойшлогдсон 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүдэд) Номлолын ерөнхийлөгч (хөрвөгчдөд) |
Ёслол Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп (8 настай хүүхдүүд, оюуны хөгжлийн бэрхшээлийн улмаас баптисм нь хойшлогдсон 9 ба түүнээс дээш насны бүртгэлтэй гишүүдэд) Номлолын ерөнхийлөгч (хөрвөгчдөд) |
Ёслол Мелкизедек санваар хүртээх, санваарын албанд томилох (эрэгтэйчүүдэд) | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Гадасны ерөнхийлөгч |
Ёслол Ариун сүмийн хишиг | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп ба гадасны ерөнхийлөгч |
Ёслол Ариун сүмийн лацдан холболт | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп ба гадасны ерөнхийлөгч |
Бусад ёслол, адислалыг гүйцэтгэх эсвэл хүлээн авах зөвшөөрөл өгөх түлхүүрүүдийг аль аль удирдагч атгадаг вэ?
|
Ёслол эсвэл адислал |
Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? |
|---|---|
Ёслол эсвэл адислал Хүүхдэд нэр өгч, адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп |
Ёслол эсвэл адислал Ариун ёслол | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп |
Ёслол эсвэл адислал Аароны санваар хүртээх, санваарын албанд томилох (залуу эрэгтэйчүүд ба насанд хүрсэн эрэгтэйчүүдэд) | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп |
Ёслол эсвэл адислал Дуудлагад үйлчлэх гишүүдийг онцгойлон адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? 30.8-ыг үзнэ үү. |
Ёслол эсвэл адислал Тосыг ариулан адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Зөвшөөрөл авах шаардлагагүй |
Ёслол эсвэл адислал Өвчтөнийг адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Зөвшөөрөл авах шаардлагагүй |
Ёслол эсвэл адислал Эцгийн адислал ба тайтгарал, зөвлөгөө өгөх адислал | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Зөвшөөрөл авах шаардлагагүй |
Ёслол эсвэл адислал Гэр орныг онцгойлон адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Зөвшөөрөл авах шаардлагагүй |
Ёслол эсвэл адислал Булшийг онцгойлон адислах | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Ёслолыг тэргүүлж буй санваарын удирдагч |
Ёслол эсвэл адислал Патриархын адислал | Хэн түлхүүрүүдийг атгадаг вэ? Бишоп |
18.4
Бага насны хүүхдүүдэд зориулсан ёслолууд
Бага насны хүүхэд зөвхөн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид зөвшөөрөл өгсөн үед ёслол, адислалуудыг хүлээн авч болно. Уг үйлдлийг эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.
18.6
Хүүхдэд нэр өгч, адислах
Ерөнхийдөө эцэг эх нь амьдардаг тойргийн мацгийн буюу гэрчлэлийн цуглааны үеэр хүүхдэд нэр өгч, адисалдаг.
18.6.1
Хэн адислал өгөх
Хүүхдийг нэрлэж, адислах ёслолыг Мелкизедек санваартнууд Сургаал ба Гэрээ 20:70-д зааварласны дагуу гүйцэтгэнэ.
Хүүхдэд нэр өгч, адислах хүсэлтэй хувь хүн, гэр бүл ёслолыг бишоптой хамтран зохицуулна. Тэрээр тойргийн хүүхдүүдийг нэрлэх, адислах санваарын түлхүүрийг атгадаг.
Бишоп Мелкизедек санваартай эцэг нь ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч хүүхдэдээ нэр өгч, адислах зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп эцгүүдийг өөрсдийн хүүхдийг адислахаар бэлдэхэд урамшуулан дэмждэг.
18.6.2
Заавар
Бишопын зөвлөлийн удирдлага доор Мелкизедек санваартнууд хүүхдийг нэрлэж, адислахаар тойрон зогсоно. Нялх хүүхдийг тэд гар дээрээ авч, харин арай том хүүхдийн хувьд гараа толгой дээр нь зөөлөн тавина. Үүний дараа адисалж буй хүн дараах зааврыг дагах ёстой.
-
Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.
-
Адислалыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгааг хэлнэ.
-
Хүүхдэд нэр өгнө.
-
Хүүхдэд хандан ярина.
-
Сүнсний удирдамжийн дагуу хүүхдэд адислалын үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.6.3
Хүүхдийн бүртгэлийн маягт ба адислалын гэрчилгээ
Хүүхдийг адислахын өмнө бичиг хэргийн ажилтан Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (УБХАМС)-г ашиглан Хүүхдийн бүртгэлийн маягт-ыг бэлдэнэ. Адислалын дараа тэр уг системд гишүүнчлэлийн бүртгэл нээж, Адислалын гэрчилгээ бэлдэнэ. Энэхүү гэрчилгээн дээр бишоп гарын үсгээ зураад, хүүхдийн эцэг эх эсвэл асран хамгаалагчид өгнө.
Гишүүнчлэлийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл дээрх эсвэл одоогийн хууль ёсны нэртэй нь тохирч байх ёстой.
18.7
Баптисм
Хувь хүн Сүмийн гишүүн болж, Ариун Сүнс хүлээн авахын тулд эрх бүхий хүнээр усанд умбуулах баптисм хүртээлгэсэн байх шаардлагатай. Өргөмжлөл авахаар эрэлхийлж буй бүх хүн эдгээр ёслолыг хүлээн авснаар Аврагчийн жишээг дагах ёстой.
18.7.1
Хувь хүнд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах зөвшөөрөл олгох
18.7.1.1
Сүмд бүртгэлтэй хүүхдүүд
Бишоп нь Сүмд бүртгэлтэй тойргийн баптисм хүртэх 8 настай гишүүдийг гишүүнээр батлах санваарын түлхүүрийг атгадаг. Эдгээр хүүхэд 8 нас хүрснийхээ дараахан аль болох цаг алдалгүй баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан байх ёстой (Сургаал ба Гэрээ 68:27-г үзнэ үү). Эдгээр хүүхэд аль хэдийн Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлтэй хүүхдүүд юм (13.6.2-ыг үзнэ үү). Тэднийг 8 нас хүрэхэд сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэн, гишүүнээр батлуулах бүх боломж бололцоог бүрдүүлэхэд бишоп анхаарна.
Бишоп эсвэл томилогдсон зөвлөх бүртгэлтэй хүүхдийн баптисм ба гишүүний баталгааны ярилцлагыг явуулдаг. Зааврыг 31.2.3.1-д өгсөн.
Баптисм ба гишүүний баталгааны бүртгэлийг бөглөх тухай мэдээллийг 18.8.3-аас үзнэ үү.
18.7.1.2
Хөрвөгчид
Номлол дахь хөрвөгчдөд баптисм хүртээх санваарын түлхүүрийг номлолын ерөнхийлөгч атгадаг. Энэ шалтгаанаар, бүрэн цагийн номлогчид хөрвөгчидтэй баптисм ба гишүүний баталгааны ярилцлагыг явуулдаг.
18.7.2
Баптисмын үйл ажиллагаа
Баптисмын үйл ажиллагаа энгийн, богино, сүнслэг байх ёстой. Үүнд дараах зүйлc орж болно.
-
Оршил хөгжим
-
Үйл ажиллагааг хөтлөн явуулж буй ах нээлтийн товч үг хэлэх
-
Нээлтийн дуулал ба залбирал
-
Баптисм, Ариун Сүнсний бэлэг зэрэг сайн мэдээний сэдвээр нэгээс хоёр товчхон захиас хэлэх
-
Дуу хөгжмийн хөтөлбөр
-
Баптисм
-
Баптисмд оролцсон хүмүүс хуурай хувцас сольж өмсөж байх хоорондох хүндэтгэлийн цаг (энэ үеэр сүмийн дуулал, Хүүхдийн хэсгийн дууг тоглож эсвэл дуулж болно)
-
Сүмд бүртгэлтэй 8 настай гишүүдийг гишүүнээр батална; мөн хэрэв бишоп шийдсэн тохиолдолд хөрвөгчдийг гишүүнээр батална (18.8-ыг үзнэ үү)
-
Хүсвэл шинэ хөрвөгч гэрчлэлээ хуваалцана
-
Хаалтын дуулал ба залбирал
-
Төгсгөлийн хөгжим
Бүртгэлтэй хүүхэд баптисм хүртэхээр бэлдэж байвал бишопын болон Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн баптисмын үйл ажиллагааг төлөвлөж, цаг товлохоор гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөнө. Бишопын зөвлөлийн гишүүн үйл ажиллагааг хөтлөн явуулна. Хэрэв сард нэгээс олон хүүхэд баптисм хүртэх бол баптисмын үйл ажиллагааг хамтатган явуулж болно.
Бүртгэлтэй олон хүүхэдтэй гадасны хувьд хэд хэдэн тойргийн хүүхдүүд нийлж нэг баптисмын үйл ажиллагаа явуулж болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн эсвэл томилогдсон дээд зөвлөлийн гишүүн үйл ажиллагааг хөтлөн явуулна.
Гэр бүлийн гишүүдийн баптисмыг эцэг нь санваар хүлээн авч, баптисмыг өөрөө гүйцэтгэх хүртэл хойшлуулах ёсгүй.
Бишопын зөвлөлийн удирдамжийн дагуу тойргийн номлолын удирдагч (дуудагдсан бол) эсвэл тойргийн номлогчийн ажлыг удирддаг ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн нь хөрвөгчдийн баптисмын үйл ажиллагааг төлөвлөж, хөтлөн явуулна. Тэд бүрэн цагийн номлогчидтой хамт зохицуулна.
18.7.3
Хэн ёслолыг гүйцэтгэх
Баптисмын ёслолыг прист эсвэл Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Баптисм хүртээх хүнд бишоп (бүрэн цагийн номлогч баптисм хүртээж байгаа бол номлолын ерөнхийлөгч) зөвшөөрөл олгосон байх ёстой.
Бишоп нь мөн прист эсвэл Мелкизедек санваартай эцэг хүн ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч түүнд хүүхдэдээ баптисм хүртээх зөвшөөрөл олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп эцгүүдийг өөрийн хүүхдэд баптисм хүртээлгэхээр бэлдэхэд нь урамшуулан дэмждэг.
18.7.4
Хаана ёслолыг гүйцэтгэх
Баптисмын сан байдаг бол тэнд баптисм хүртээх ёстой. Баптисмын сан байдаггүй бол аюулгүй гол, нуур, цөөрөм ашиглаж болно.
Аюулгүй байдлыг хангах үүднээс насанд хүрсэн хариуцлагатай хүн усан санг дүүргэх явцад байлцаж, усыг юүлж, цэвэрлэж, аюулгүй болтол тэнд үлдэх ёстой. Баптисмын үйл ажиллагаа бүрийн дараа усан сангаас усыг тэр даруй юүлнэ. Усан санг ашиглаагүй үедээ хаалгыг нь түгжсэн байх ёстой.
18.7.5
Хувцас
Баптисм хүртээж байгаа болон хүртэж байгаа хоёр хүн нороход нэвт гэрэлтэхээргүй цагаан хувцас өмссөн байна. Ариун сүмийн хишиг хүртсэн хүн баптисм хүртээх үедээ хувцасныхаа дотуур ариун сүмийн гарментаа өмсөнө. Орон нутгийн нэгжүүд төсвийн мөнгөөрөө баптисмын хувцас худалдан авдаг бөгөөд хэрэглүүлсний хураамж авах ёсгүй.
18.7.6
Гэрчүүд
Тэргүүлж буй удирдагчийн зөвшөөрлөөр хоёр гэрч баптисм бүрийг ажиглаж, зохих ёсоор гүйцэтгэж буй эсэхийг ажиглана. Хүүхэд, өсвөр үеийнхэн гэх зэрэг баптисм хүртсэн Сүмийн гишүүд гэрчээр үйлчилж болно.
Хэрэв үгийг яг Сургаал ба Гэрээ 20:73-т дурдсанаар хэлээгүй бол баптисмыг дахин хүртээх ёстой. Түүнчлэн хүний биеийн хэсэг, үс эсвэл хувцас усан дотор бүрэн ороогүй бол дахин хүртээх ёстой.
18.7.7
Заавар
Баптисмын ёслолыг гүйцэтгэхийн тулд прист эсвэл Мелкизедек санваартан дараах зааврыг дагах ёстой. Үүнд:
-
Баптисм хүртэж буй хүнтэй хамт усан дотор зогсоно.
-
Уг хүний баруун бугуйг зүүн гараараа барина (эвтэйхэн мөн аюулгүй байдлыг хангах зорилгоор). Баптисм хүртэж буй хүн санваартны зүүн бугуйг зүүн гараараа барина.
-
Баруун гараа тэгш өнцөг гарган өргөнө.
-
Уг хүний бүтэн нэрийг хэлээд, “Есүс Христийн итгэмжилснээр би танд Эцэг, мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээж байна. Амен” (Сургаал ба Гэрээ 20:73-ыг үзнэ үү) гэж хэлнэ.
-
Тухайн хүнийг хамраа баруун гараараа чимхсэний (эвтэйхэн байлгах зорилгоор) дараа санваартан баруун гараа нуруун дээр нь байрлуулж, биеийг нь мөн хувцсыг нь ч усанд бүрэн умбуулна.
-
Дараа нь уснаас гарч ирэхэд нь уг хүнд тусална.
18.8
Гишүүний баталгаа ба Ариун Сүнсний бэлэг
Хувь хүнд баптисм хүртээсний дараа уг хүний толгой дээр нь гараа тавьж, Сүмийн гишүүнээр баталж, Ариун Сүнсний бэлэг өгдөг (Сургаал ба Гэрээ 20:41; Үйлс 19:1–6-г үзнэ үү). Энэ хоёр ёслол хоёул хийгдэж, зохих ёсоор бүртгэгдсэний дараа тухайн хүн Сүмийн гишүүн болдог (Иохан 3:5, Сургаал ба Гэрээ 33:11; 3 Нифай 27:20-ийг үзнэ үү).
Бишоп бүх гишүүний баталгааны гүйцэтгэлд хяналт тавина. Ихэвчлэн найман настай хүүхдүүдийг баптисм хүртсэн өдөр нь гишүүнээр баталдаг. Хөрвөгчдийг ихэвчлэн амьдардаг тойргийнх нь аль нэгэн ариун ёслолын цуглаан дээр, боломжтой бол баптисмын дараах ням гарагт гишүүнээр батална.
Бишопын зөвлөлийн гишүүн шинэ гишүүдийг танилцуулахдаа 29.2.1.1 дэх зааврыг дагаж мөрдөх ёстой.
18.8.1
Хэн ёслолыг гүйцэтгэх
Зөвхөн ариун сүмд орохуйц зохистой Мелкизедек санваартан гишүүнээр батлахад дуу хоолой болж болно. Гэхдээ бишоп нь Мелкизедек санваартай эцэг хүн ариун сүмд орохуйц бүрэн зохистой биш байсан ч хүүхдийг нь гишүүнээр батлах үеэр тойрогт зогсох зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү).
Хамгийн багадаа бишопын зөвлөлийн нэг гишүүн энэ ёслолд заавал оролцоно. Номлогч ахлагчид тухайн хөрвөгчид хичээл заасан бол бишоп тэднийг оролцоход урина.
18.8.2
Заавар
Бишопын зөвлөлийн удирдлага доор нэг эсвэл түүнээс дээш Мелкизедек санваартан гишүүнээр батлах ёслолд оролцож болно. Тэд гараа уг хүний толгой дээр зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж буй хүн дараах зааврыг дагах ёстой. Үүнд:
-
Уг хүнийг овог нэрээр нь дуудна.
-
Уг ёслолыг Мелкизедек санваарын эрх мэдлээр гүйцэтгэж байгааг хэлнэ.
-
Уг хүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батална.
-
“Ариун Сүнсийг хүлээн авна уу” гэж хэлнэ (“Ариун Сүнсний бэлгийг хүлээн авна уу” гэхгүй).
-
Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.8.3
Баптисм ба гишүүний баталгааны бүртгэл, гэрчилгээ
Сүмд бүртгэлтэй хүүхэдтэй ярилцах баптисмын ярилцлагын өмнө бичиг хэргийн ажилтан УБХАМС-г ашиглан Баптисмын болон гишүүний баталгааны маягт-ыг бэлдэнэ. Бишоп эсвэл томилогдсон зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулж, маягтад гарын үсгээ зурна. Баптисм хүртээж, гишүүнээр баталсны дараа бичиг хэргийн ажилтан энэ маягтыг ашиглан хүүхдийн гишүүнчлэлийн бүртгэлийг УБХАМС дээр шинэчилнэ.
Бүрэн цагийн номлогч хөрвөгчийн баптисмын ярилцлагыг явуулахдаа Баптисмын болон гишүүний баталгааны маягтыг Area Book Planner (ABP) аппликэйшныг ашиглан бөглөнө. Баптисм ба гишүүний баталгааны дараа номлогчид мэдээллийг ABP-д бүртгэж, тойргийн бичиг хэргийн ажилтан руу цахимаар илгээнэ. Тойргийн бичиг хэргийн ажилтан УБХАМС дээрх мэдээллийг хянаж, гишүүнчлэлийн бүртгэл үүсгэнэ.
Гишүүнчлэлийн бүртгэлийг нээсний дараа бичиг хэргийн ажилтан Баптисм ба гишүүний баталгааны гэрчилгээг бэлтгэнэ. Энэ гэрчилгээн дээр бишоп гарын үсгээ зуран, тухайн хүнд өгнө.
Гишүүнчлэлийн бүртгэл, гэрчилгээн дээрх нэр нь төрсний гэрчилгээ, иргэний бүртгэл дээрх эсвэл одоогийн хууль ёсны нэртэй тохирч байх ёстой.
18.9
Ариун ёслол
Сүмийн гишүүд Бурханыг шүтэн биширч, ариун ёслолоос хүртэхийн тулд Хүндэтгэлийн өдөр цуглардаг (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9; Моронай 6:5–6-г үзнэ үү). Энэ ёслолын үеэр тэд Аврагчийн бие, цусаараа үйлдсэн золиосыг санахаар мөн баптисмын ариун нандин гэрээнүүдээ шинэчлэхийн тулд талх, уснаас хүртдэг (Матай 26:26–28, Иосеф Смитийн Орчуулга, Марк 14:20–25, Лук 22:15–20, 3 Нифай 18, Моронай 6:6-г үзнэ үү).
18.9.1
Ариун ёслолыг явуулах зөвшөөрөл
Бишоп тойрогтоо ариун ёслолыг удирдан явуулах санваарын түлхүүрийг атгадаг. Ариун ёслолыг бэлдэж, адислан, түгээхэд оролцох бүх хүн бишопоос юм уу бишопын удирдлага доорх хэн нэгнээс зөвшөөрөл авсан байх ёстой.
18.9.2
Хэн ёслолыг гүйцэтгэх
-
Багш нар, пристүүд, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг бэлтгэж болно.
-
Прист, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг адисалж болно.
-
Дикон, багш, прист, Мелкизедек санваартнууд ариун ёслолыг түгээж болно.
18.9.3
Ариун ёслолд зориулсан заавар
Ариун ёслол нь ариун нандин шинж чанартай тул санваарын удирдагчид үүнийг эмх цэгцтэй, хүндэтгэлтэй удирдан явуулахын тулд хянамгай бэлдэх ёстой.
Ариун ёслолыг удирдан явуулж буй хүмүүс үүнийг хүндэтгэлтэй байдлаар, Их Эзэнийг төлөөлж байгаа гэдгээ ухааран үйлдэх ёстой.
Ариун ёслолыг түгээх нь хэт албархуу биш энгийн байх ёстой.
Хэдийгээр ариун ёслол нь Сүмийн гишүүдэд зориулагдсан ч бусдыг үүнээс хүртэхийг хориглох ямар нэгэн зүйл хийх ёсгүй.
18.9.4
Заавар
-
Ариун ёслолыг бэлдэж, адисалж, түгээх хүмүүс эхлээд гараа савангаар эсвэл өөр ямар нэгэн цэвэрлэгчээр угаана.
-
Багш, прист эсвэл Мелкизедек санваартнууд цуглаан эхлэхээс өмнө талхны тавиур хуваагаагүй бүтэн талхтай, усны тавиур цэвэр устай аягатай, ширээний цэвэрхэн бүтээлгүүд байрандаа байхад анхаарна.
-
Тойргийн гишүүд ариун ёслолын дууллыг дуулж байх үеэр ариун ёслолыг адислах хүмүүс хүндэтгэлтэйгээр зогсон, талхны тавиуруудын бүтээлгийг сөхөж, талхыг жижиглэн хуваана.
-
Дууллын дараа талх адислах хүн өвдөг сөгдөж, талханд зориулан ариун ёслолын залбирлыг хэлнэ (Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү).
-
Ариун ёслолын залбирлыг тод, зөв, хүндэтгэлтэй хэлсэн байхад бишоп анхаарна. Хэрэв адисалж буй хүн үгийн алдаа гаргаж, өөрөө алдаагаа залруулах юм бол нэмж залруулах шаардлагагүй. Хэрэв алдаагаа залруулахгүй бол залбирлыг давтаж хэлэхийг бишоп эелдгээр хүснэ.
-
Залбирлын дараа санваартнууд талхыг хүндэтгэлтэйгээр гишүүдэд түгээнэ. Эхлээд тэргүүлж буй удирдагч хүртсэний дараа, цааш хэнд түгээх талаар тогтоосон дараалал байдаггүй. Тавиурыг гишүүдэд гардаж өгсний дараа тэд нэг нэгэндээ дамжуулж болно.
-
Гишүүд болж өгвөл баруун гараараа хүртэх ёстой.
-
Талхыг бүх гишүүнд түгээсний дараа ариун ёслолыг түгээсэн хүмүүс тавиурыг ариун ёслолын ширээн дээр буцааж авчирна. Ариун ёслолыг адисалж буй хүмүүс талхны тавиурыг бүтээлгээр бүтээгээд, усны тавиурын бүтээлгийг сөхнө.
-
Усыг адислах хүн өвдөг сөгдөн, усанд зориулан ариун ёслолын залбирлыг хэлнэ (Сургаал ба Гэрээ 20:79-ийг үзнэ үү). Тэрээр дарсыг гэх үгийн оронд усыг гэж хэлнэ.
-
Залбирлын дараа санваартнууд усыг гишүүдэд хүндэтгэлтэйгээр түгээнэ. Эхлээд тэргүүлж буй удирдагч хүртсэний дараа, цааш нь хэнд түгээх талаар тогтоосон дараалал байдаггүй.
-
Усыг бүх гишүүнд түгээсний дараа ариун ёслолыг түгээсэн хүмүүс тавиурыг ариун ёслолын ширээн дээр буцааж тавина. Ариун ёслолыг адисалсан хүмүүс тавиурыг бүтээлгээр бүтээн, ариун ёслолыг адисалж, түгээсэн хүмүүс хүндэтгэлтэйгээр суудлаа эзэлнэ.
-
Цуглааны дараа ариун ёслолыг бэлдсэн хүмүүс уг газраа цэвэрлэж, бүтээлгийг эвхэн хурааж, хэрэглээгүй талхыг авна.
18.10
Санваар хүртээж, санваарын албанд томилох
Санваар нь Аароны болон Мелкизедек гэж хоёр хэсэгт хуваагддаг (3.3; Сургаал ба Гэрээ 107:1, 6-г үзнэ үү). Хэн нэгэнд санваар хүртээхдээ уг санваарын албанд бас томилдог. Дээрх хоёр санваарын аль нэгийг хүртээсний дараа уг эрэгтэйг зөвхөн тухайн санваарын өөр бусад албанд томилно.
18.10.1
Мелкизедек санваар
Гадасны ерөнхийлөгч Мелкизедек санваар хүртээх, ахлагч, дээд пристийн албанд томилох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Гэхдээ бишоп ихэвчлэн эдгээрт томилох хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг.
18.10.1.1
Ахлагчид
Зохистой ах нар 18 ба түүнээс дээш нас хүрсэн үед Мелкизедек санваар хүртэж, ахлагчаар томилогдож болно. Тухайн хүний нөхцөл байдалд тулгуурлан, залуу эрэгтэйг 18 нас хүрмэгц ахлагчаар томилохоор дэмжүүлэх эсвэл пристийн чуулгадаа арай удаан хугацаагаар үлдэх эсэхийг бишоп шийднэ.
Бишоп энэ шийдвэрийг гаргахдаа юуны өмнө залуу эрэгтэйтэй мөн эцэг эх эсвэл асран хамгаалагчидтай нь зөвлөлдөнө. Зохистой эрэгтэйчүүдийг 19 нас хүрэхээс өмнө эсвэл их сургуульд сурах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, цэрэгт явах эсвэл бүрэн цагийн ажлаар гэрээсээ явахаас өмнө ахлагчаар томилсон байх хэрэгтэй.
Саяхан баптисм хүртсэн 18 ба түүнээс дээш насны ах нарыг дараах зүйлсийг хийсний дараа ахлагчаар томилно. Үүнд:
-
Аароны санваар хүртэж, пристээр үйлчилсэн
-
Сайн мэдээний тухай хангалттай сайн ойлголттой болсон
-
Зохистой байдлаа харуулсан
Сүмийн гишүүн байх тодорхой хугацаа шаардлагагүй.
18.10.1.2
Дээд прист
Эрэгтэйчүүд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл, дээд зөвлөл, бишопын зөвлөлд дуудагдсан үед дээд пристээр томилогддог.
18.10.1.3
Ярилцах ба дэмжүүлэх
Бишоп гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвшөөрлөөр Мелкизедек санваарын томилгооны маягтан дээрх зааврын дагуу уг ахтай ярилцана. Дараа нь гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн түүнтэй мөн ярилцана. Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч ахлагчаар томилогдох ахтай ярилцаж болно (6.3-ыг үзнэ үү).
18.10.2
Аароны санваар
Бишоп нь Аароны санваар хүртээх мөн дикон, багш, пристийн албанд томилох санваарын түлхүүрүүдийг атгадаг. Ихэвчлэн зохистой ах нарыг зохих насанд хүрснийх нь дараа, дараах албанд томилно. Үүнд:
-
12 нас хүрэх жилийнх нь эхэнд диконоор
-
14 нас хүрэх жилийнх нь эхэнд багшаар
-
16 нас хүрэх жилийнх нь эхэнд пристээр
Бишоп эсвэл томилогдсон зөвлөх дикон, багшаар томилогдох ах нартай сүнслэгээр бэлтгэгдсэн эсэхийг нь тодорхойлохоор ярилцана. Пристээр томилогдох ах нартай бишоп ярилцлага хийнэ.
Бишоп залуу эрэгтэйтэй санваарын томилгооны ярилцлагад орохын өмнө эцэг, эх, асран хамгаалагчаас амаар зөвшөөрөл авна. Уг үйлдлийг эсэргүүцэх хууль эрх зүйн үндэслэлгүй эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.
18.10.3
Гишүүнийг томилохоосоо өмнө дэмжүүлэхээр танилцуулах
Ярилцаж, санваарын албанд томилох зохистой гэж үзсэн ахыг дэмжүүлэхээр танилцуулдаг (Сургаал ба Гэрээ 20:65, 67-г үзнэ үү). Ахлагчаар эсвэл дээд пристээр томилогдох ах нарыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн гадасны чуулганы ерөнхий хуралдаан дээр танилцуулна (дүүргийн ерөнхийлөгчид хамаатай зааврыг 6.3-аас үзнэ үү). Дикон, багшаар эсвэл пристээр томилох ах нарыг бишопын зөвлөлийн гишүүн ариун ёслолын цуглаан дээр дэмжүүлэн батлуулахаар танилцуулдаг.
Дэмжүүлэх ажил хэргийг хөтөлж буй хүн уг ахыг босож зогсоход урина. Тэрээр уг ахад Аароны эсвэл Мелкизедек санваарыг (хэрэв шаардлагатай бол) олгож, санваарын албанд томилох санал оруулж байгаагаа зарлана. Тэр дараа нь уг саналыг дэмжихэд гишүүдийг урина. Жишээлбэл: Ахлагчийн албанд томилох ахыг танилцуулж байгаа бол тэрээр дараахтай адил үгсийг ашиглаж болно.
“Бид [уг хүний нэр]-ийг Мелкизедек санваар хүлээн авч, ахлагчийн албанд томилуулахаар санал оруулж байна. Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү. [Түр хүлээнэ] Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү. [Түр хүлээнэ]
Хэрэв зохистой гишүүн уг томилгооноос татгалзвал тэргүүлж буй удирдагч эсвэл томилогдсон санваарын удирдагч түүнтэй цуглааны дараа ганцаарчлан уулзаж ярилцана. Удирдагч тухайн гишүүний татгалзаж байгаа шалтгааныг ойлгохыг хичээнэ. Тэрээр санваарын албанд томилогдож байгаа хүнийг уг албанд тэнцэхгүй болгох ямар үйлдлийг мэдэж буй талаар уг гишүүнээс олж мэднэ.
Зарим тохиолдолд, аль нэг ахыг гадасны чуулган дээр дэмжүүлэхээс нь өмнө ахлагчаар эсвэл дээд пристээр томилох шаардлага гарч болно. Энэ тохиолдолд түүнийг тойргийнх нь ариун ёслолын цуглаан дээр танилцуулж дэмжүүлнэ. Тэгээд түүний томилгоог баталгаажуулахаар дараагийн гадасны чуулган дээр танилцуулж дэмжүүлнэ (дэмжүүлэх явцыг дээр тайлбарласнаар тааруулан өөрчилнө).
18.10.4
Хэн ёслолыг гүйцэтгэх
Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний удирдлага доорх Мелкизедек санваартан нь ахыг ахлагчийн албанд томилж болно. Номлолын ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр дүүргийн ерөнхийлөгч эсвэл түүний удирдлага доорх нэг хүн нь томилгоог гүйцэтгэж болно (6.3-ыг үзнэ үү). Зөвхөн Мелкизедек санваартнууд тойрогт зогсож болно.
Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний удирдлага доор дээд прист аливаа ахыг дээд пристийн албанд томилж болно. Зөвхөн дээд пристүүд тойрогт зогсож болно.
Аливаа ахыг Мелкизедек санваарын албанд томилж буй хүн ариун сүмд орохуйц зохистой байх ёстой. Гадасны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон хүн тэнд байх ёстой.
Прист эсвэл Мелкизедек санваартан аливаа ахыг дикон, багш, пристийн албанд томилж болно. Тэрээр бишопоос зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Бишоп эсвэл түүний томилсон хүн тэнд байх ёстой.
Аароны санваарт томилох ёслолд оролцохын тулд тухайн хүн прист эсвэл Мелкизедек санваартай байх ёстой.
Бишоп нь прист эсвэл Мелкизедек санваартай эцэг хүнийг ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч түүнд хүүгээ дикон, багш, пристийн албанд томилох зөвшөөрөл олгож болно (18.3-ыг үзнэ үү). Бишоп нь өөрсдийн хөвгүүдийг томилохоор бэлдэхэд эцгүүдийг урамшуулан дэмждэг.
18.10.5
Заавар
Санваар хүртээж, уг хүнийг санваарын албанд томилохын тулд эрх мэдэл бүхий нэг эсвэл түүнээс олон санваартан толгой дээр нь гараа зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж буй хүн зааврыг дагах ёстой. Үүнд:
-
Уг хүнийг бүтэн овог нэрээр нь дуудна.
-
Ёслол гүйцэтгэх өөрийн эрх мэдлийг хэлнэ (Аароны эсвэл Мелкизедек санваарын).
-
Өмнө нь Аароны болон Мелкизедек санваар хүртээгүй бол зохих санваарыг хүртээнэ.
-
Уг хүнийг Аарон эсвэл Мелкизедек санваарын албанд томилж, уг албаны эрх, хүч, эрх мэдлийг олгоно.
-
Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
Зохих санваарыг хүртээсэн байгаа бол уг хүнийг санваарын албанд томилохдоо томилох ёслолыг гүйцэтгэх хүн 3 дахь алхмыг алгасна.
18.10.6
Томилгооны бүртгэл ба гэрчилгээ
Тухайн ахыг Аароны санваарын албанд томилох ярилцлагын өмнө бичиг хэргийн ажилтан УБХАМС-г ашиглан Аароны санваарын томилгооны бүртгэл-ийг бэлтгэнэ. Бишоп эсвэл томилсон зөвлөх ярилцлагыг хөтлөн явуулж, зохистой байдлын бүх шаардлагыг хангаж байвал маягт дээр гарын үсгээ зурна.
Томилсных нь дараа бишоп эсвэл түүний томилсон зөвлөх маягтыг гүйцээж бөглөн, бичиг хэргийн ажилтанд өгнө. Тэрээр томилгоог УБХАМС-д бүртгэж, томилгооны гэрчилгээг бэлдэнэ.
Томилгооны бүртгэл ба гэрчилгээн дээр тухайн хүний одоогийн хууль ёсны нэрийг ашигласан байх ёстой.
18.11
Дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислах
Сүмийн ихэнх албанд дуудагдан, дэмжүүлэн батлуулсан гишүүдийг тухайн албанд нь үйлчлүүлэхээр онцгойлон адислах ёстой (Иохан 15:16; Сургаал ба Гэрээ 42:11-ийг мөн энэ гарын авлагын 3.4.3.1-ийг үзнэ үү). Онцгойлон адислах үеэр тухайн хүнд (1) дуудлагад үйлчлэх эрх мэдэл өгч мөн (2) Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлдэг.
Гадасны ерөнхийлөгч, бишоп, чуулгын ерөнхийлөгчид онцгойлон адислагдахдаа ерөнхийлөгчийн зөвлөлийн түлхүүрүүдийг хүлээн авдаг (3.4.1.1-ийг үзнэ үү). Гэхдээ ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх гэх мэт бусад дуудлагад үйлчлүүлэхээр гишүүдийг онцгойлон адислахдаа түлхүүр гэсэн үгийг ашиглах ёсгүй.
18.11.1
Хэн онцгойлон адислах
Онцгойлон адислах ёслолыг Мелкизедек санваартан гүйцэтгэнэ. Тэрээр санваарын зохих түлхүүрийг атгадаг удирдагчаас зөвшөөрөл авсан байх ёстой. Хэн онцгойлон адислах ёслолыг гүйцэтгэх эрх мэдэлтэй талаар 30.8-д харуулсан. Тухайн хүнийг дээд прист болоход шаардагдах дуудлагад онцгойлон адислах үед ахлагч тойрогт зогсох юм уу адислалыг хэлэх ёсгүй.
Тэргүүлж буй удирдагчийн удирдлага доор онцгойлон адислах ёслолд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан оролцож болно. Ерөнхийлөгчийг зөвлөхүүдээс нь түрүүлж онцгойлон адисалдаг.
Тэргүүлж буй удирдагч Мелкизедек санваартай нөхөр эсвэл эцгийг ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байсан ч эхнэр, хүүхдүүдийг нь онцгойлон адислах үеэр тойрогт зогсох зөвшөөрлийг түүнд олгож болно (18.3-ыг үзнэ үү).
18.11.2
Заавар
Зөвшөөрөл авсан нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа дуу хоолой болж буй хүн дараах зааврыг дагах ёстой.
-
Уг хүнийг овог нэрээр нь дуудна.
-
Тэрээр Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Уг хүнийг гадас, тойрог, чуулга эсвэл ангийн дуудлагад онцгойлон адисална.
-
Хэрэв тухайн хүн түлхүүр хүлээн авах ёстой бол түлхүүрүүдийг өгнө.
-
Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.12
Тосыг ариулан адислах
Мелкизедек санваартан чидун жимсний тосыг өвчтэй, зовж шаналсан хүмүүсийг тослохоор хэрэглэхийнхээ өмнө ариулан адислах ёстой (Иаков 5:14-ийг үзнэ үү). Өөр тос ашиглаж болохгүй.
Ариулан адисалсан тосыг гишүүд уух эсвэл биеийн гэмтэж бэртсэн хэсгүүд дээр түрхэх ёсгүй.
18.12.1
Хэн ёслолыг гүйцэтгэх
Нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан тосыг ариулан адисалж болно. Тэд ийн үйлдэхдээ санваарын удирдагчаас зөвшөөрөл авах хэрэггүй.
18.12.2
Заавар
Тосыг ариулан адислахын тулд Мелкизедек санваартан:
-
Чидун жимсний тосны онгойлгосон савыг гартаа барина.
-
Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.
-
Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Тосыг ариулан (савыг нь биш), өвдсөн, зовж шаналсан хүмүүст түрхэж, адислахаар онцгойлон адисална.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.13
Өвчтөнийг адислах
“Гар тавилтаар” өвчтөнийг адислах нь тослох, түрхсэн тосоо адислалаар лацдах гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хэрэв ариулан адисалсан тос байхгүй бол тослохгүйгээр, Мелкизедек санваарын эрх мэдлээр адисалж болно.
18.13.1
Хэн адислал өгөх
Зөвхөн зохистой Мелкизедек санваартан өвчтэй эсвэл зовж шаналсан хүмүүсийг адисалж болно. Тэд ийн үйлдэхдээ санваарын удирдагчаас зөвшөөрөл авах хэрэггүй. Боломжтой бол Мелкизедек санваартай эцэг хүн гэр бүлийнхээ өвчтэй гишүүдийг адисална.
Ерөнхийдөө хоёр эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан өвчтэй хүнийг адисалдаг. Хэдий тийм ч нэг санваартан тослох, лацдахын аль алиныг гүйцэтгэж болно.
18.13.2
Заавар
Нэг Мелкизедек санваартан тосолно. Тэрээр:
-
Тухайн хүний толгой дээр ариулан адисалсан тос дусаана.
-
Толгой дээр нь гараа зөөлөн тавьж, бүтэн овог нэрээр нь дуудна.
-
Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Өвдсөн, зовж шаналсан хүнийг тосолж, адислахад зориулан ариулан адисалсан тосоор тосолж байгаагаа хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
Түрхсэн тосоо лацдахын тулд нэг эсвэл түүнээс олон Мелкизедек санваартан уг хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа тосыг лацдаж байгаа хүн:
-
Тухайн хүнийг бүтэн овог нэрээр нь дуудна.
-
Мелкизедек санваарын эрх мэдлээр уг түрхсэн тосыг лацдаж байгаагаа хэлнэ.
-
Сүнсний удирдамжийн дагуу адислан үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.14
Эцгийн адислал ба тайтгарал, зөвлөгөө өгөх адислал
18.14.1
Хэн адислалыг өгөх
Мелкизедек санваартан өөрийн гэр бүлийн гишүүдэд, түүнчлэн хүссэн бусад хүнд тайтгарлын болон зөвлөгөө өгөх адислал өгч болно.
Мелкизедек санваартай эцэг хүүхдүүддээ эцгийн адислал өгч болно. Хэрэгтэй үедээ эцгээсээ адислал авахыг хүсэхэд эцэг эхчүүд хүүхдүүдээ урамшуулан дэмжинэ. Эцгийн адислалыг хувийн хэрэглээндээ зориулан бичлэг хийн авч болно.
Мелкизедек санваартан тайтгарлын болон зөвлөгөө өгөх эсвэл эцгийн адислал өгөхдөө санваарын удирдагчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй.
18.14.2
Заавар
Тайтгарлын болон зөвлөгөө өгөх адислал эсвэл эцгийн адислал өгөхийн тулд нэг юм уу түүнээс олон Мелкизедек санваартан тухайн хүний толгой дээр гараа зөөлөн тавина. Үүний дараа адислал хэлж буй хүн дараах зааврыг дагах ёстой.
-
Уг хүнийг овог нэрээр нь дуудна.
-
Уг адислалыг Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Сүнсний удирдамжийн дагуу адислал, тайтгарал, зөвлөгөөний үг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.15
Гэр орныг онцгойлон адислах
Сүмийн гишүүд гэр орноо Мелкизедек санваарын эрх мэдлээр онцгойлон адисалж болно.
18.15.2
Заавар
Гэр орныг онцгойлон адислахын тулд Мелкизедек санваартан:
-
Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.
-
Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Гэр орныг Ариун Сүнс оршиж болох ариун газар болгон онцгойлон адисалж, Сүнсний удирдамжийн дагуу өөр бусад үгийг хэлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
18.16
Булшийг онцгойлон адислах
18.16.1
Хэн булшийг онцгойлон адислах
Булшийг онцгойлон адисалж буй хүн Мелкизедек санваартай байх ёстой бөгөөд уг ёслолыг хөтлөн явуулж буй санваарын удирдагчаас зөвшөөрөл авсан байна.
18.16.2
Заавар
Булшийг онцгойлон адислахын тулд Мелкизедек санваартан:
-
Тэнгэрлэг Эцэгт хандаж залбирна.
-
Мелкизедек санваарын эрх мэдлээр үйлдэж байгаагаа хэлнэ.
-
Булшийг нас барсан хүний биеийг тавих газар байхаар зориулан, ариутган адисална.
-
Тухайн газар ариусгагдаж, Амилуулалт болох хүртэл хамгаалагдахын (хэлэхэд зохимжтой бол) төлөө залбирна.
-
Тэнгэрлэг Эцэгээс гэр бүлийг нь тайтгаруулахыг хүсэж, Сүнсний удирдамжийн дагуу бодлоо илэрхийлнэ.
-
Есүс Христийн нэрээр төгсгөнө.
Хэрэв Сүмийн гишүүний цогцсыг чандарлаж байгаа бол чандар хадгалах газрыг адислах эсэхийг тэргүүлж буй удирдагч шийднэ.
18.17
Патриархын адислал
Баптисм хүртсэн, зохистой гишүүн бүр патриархын адислал авах эрхтэй. Энэ адислалд Тэнгэрлэг Эцэг сүнслэг удирдамжаар хангадаг (Эхлэл 48:14–16; 49; 2 Нифай 4:3–11-ийг үзнэ үү).
Бишоп эсвэл томилогдсон зөвлөх патриархын адислал авахыг хүссэн гишүүдтэй ярилцлага хийнэ. Хэрэв гишүүн зохистой бол ярилцлага хийсэн хүн Патриархын адислалын зөвшөөрлийн бичгийг бэлдэнэ. Тэр уг бичгийг ChurchofJesusChrist.org дээрх Patriarchal Blessing System-ээр дамжуулан оруулна.
Гишүүн нь патриархын адислалын ач холбогдол, ариун нандин чанарыг ойлгох хэмжээнд төлөвшсөн байх ёстойг Патриархын адислалын зөвшөөрлийн бичиг олгож байгаа хүн анхаарна.
18.17.1
Патриархын адислал авах
Гишүүн зөвшөөрлийн бичгээ авсныхаа дараа патриархтай холбоо барьж, патриархын адислал авах цагаа товлоно. Товлосон өдрөө гишүүн патриарх руу очихдоо, залбирч байгаад мөн ням гарагт өмсдөг хувцсаа өмсөн очих ёстой.
Патриархын адислал бүр ариун нандин, нууц, хувийн шинж чанартай. Иймээс үүнийг гэр бүлийн тодорхой тооны гишүүдийг байлцуулахаас бусад тохиолдолд ганцаарчлан өгдөг.
Патриархын адислал авах хүн адислалын үгсийг нандигнаж, тэдгээрийг тунгаан бодож, амласан адислалуудыг энэ болон мөнх амьдралд хүлээн авахаар зохистой амьдрах ёстой.
Сүмийн гишүүд адислалуудыг хооронд нь харьцуулах ёсгүй мөн гэр бүлийнхээ ойр дотны гишүүдээс бусад хүнтэй хуваалцах ёсгүй. Патриархын адислалыг Сүмийн цуглаан дээр болон олон хүн цугласан бусад газарт унших ёсгүй.