2025
Бид Есүс Христийн ажилд нэгдсэнээр Түүнийг дагадаг
2025 оны 6-р сар


“Бид Есүс Христийн ажилд нэгдсэнээр Түүнийг дагадаг,” Лиахона, 2025 оны 6-р сар

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2025 оны 6-р сар

Бид Есүс Христийн ажилд нэгдсэнээр Түүнийг дагадаг

Бид Аврагчийн зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, Түүний зарлигуудыг сахин, бие биеэ хайрласнаар Түүний ажилд оролцдог.

Христ ба баян залуу захирагч

Христ ба баян залуу захирагч зургийн хэсгээс, Хайнрих Хофманн

Бид баптисм хүртсэнээр Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах үйл явцыг эхлүүлдэг. Энэхүү үйл явцын нэг хэсэг нь бид Аврагчийн ажилд Түүнтэй нэгдэх явдал юм. Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Христийн нэрийг өөрсөд дээрээ авах гэдэг үгийн хамгийн чухал утгуудын нэг [нь] Аврагчийн ажил болон Түүний хаант улсыг өөрсөд дээрээ авахад бэлэн мөн шийдвэр төгс байх явдал юм” гэж бичжээ.

“Хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь” Аврагчийн ажил билээ (Moсe 1:39). Үхэшгүй байдал бол амилалтаараа дамжуулан Есүс Христийн аль хэдийн баталгаажуулсан ямар ч болзол шаардаагүй бэлэг юм. Гэвч мөнх амьдрал нь үхэшгүй байдлаас өөр зүйл аж. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд өгч чадах хамгийн агуу бэлэг билээ (Сургаал ба Гэрээнүүд 14:7-г үзнэ үү). Энэ нь Түүний оршихуйд гэр бүлээрээ үүрд амьдрах явдал мөн. Мөнх амьдралыг хүлээн авахын тулд бид Есүс Христийн үнэнч шавь нар болох ёстой. Энэ нь бид Аврагч болон Түүний Цагаатгалд итгэлтэй байж, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж сахин, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авна гэсэн үг юм. Эцсээ хүртэл тэвчихийн тулд Аврагчийн ажилд Түүнтэй нэгдэх хэрэгтэй.

Санаа сэтгэлээ бүрэн зориулах нь

Бид Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн итгэлтэй шавь нар болоход нь тусалснаар Аврагчийн ажилд оролцдог. Үүнд Түүний сайн мэдээг хуваалцаж, тараагдсан Израилыг цуглуулан, Аврагчийн Сүм дэх үүрэг хариуцлагаа биелүүлж, Түүнтэй адил болохыг хичээн чармайх зэрэг ордог. Бидний “амжилт бусад хүн [биднийг] болон [бидний] урилгыг мөн сэтгэлийнхээ угаас үзүүлсэн үйлчлэлийг [маань] хэрхэн хүлээж авснаас шалтгаалахгүй.” Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш нэг алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм” хэмээн мэдэгдсэн.

Бид Аврагчийн ажлыг өөрсдийн ажил болгохын тулд Түүний зорилгод анхаарлаа төвлөрүүлэн, зарлигуудыг нь сахин, бие биеэ хайрладаг. Бид Түүний ажлыг Түүний арга замаар хийж байхдаа (Сургаал ба Гэрээнүүд 51:2-ыг үзнэ үү) зарим зүйлийг өөрсдийн зүтгэлээр ойлгож авах хэрэгтэй байдаг. Аврагч Миссурийн Жаксон гүнлэгт цугларсан гэгээнтнүүдэд хандан:

“Учир нь болгоогтун, бүх зүйлд би зарлиглах нь тохирохгүй бөлгөө; учир нь бүх зүйлд албадуулдаг тэр нь залхуу бөгөөд ухаалаг биш үйлчлэгч юм; иймийн тул, тэрээр шагнал хүлээж авах нь үгүй.

Үнэнээр би хэлнэ, хүмүүс зөв байр суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах ёстой;

Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй” (Сургаал ба Гэрээнүүд 58:26–28) гэж хэлсэн.

Бид Аврагчийг дагаж, Түүний ажилд нэгдэн, бусдад Түүний итгэлтэй шавь болоход нь тусалснаар Түүний заах байсан зүйлсийг заадаг билээ. Бидэнд өөр зүйл заах эрх мэдэл байхгүй учраас (Сургаал ба Гэрээнүүд 52:9, 36-г үзнэ үү) бид Түүний сургаалд эргэлзэлгүй анхаарлаа төвлөрүүлдэг (Сургаал ба Гэрээнүүд 68:25-ыг үзнэ үү). Түүнээс гадна бид ядуу, тусламж хэрэгтэй болон эмзэг хүмүүст онцгой анхаарал хандуулдаг (Сургаал ба Гэрээнүүд 52:40-ийг үзнэ үү). Назар дахь синагогт Аврагч үүний талаар Исаиагаас эш татан:

“Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналагсдыг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн сацуу,

“Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой” (Лук 4:18–19; мөн Исаиа 61:1–2-ыг үзнэ үү) гэж тодорхой хэлсэн.

Их Эзэний тааламжит жил гэж Бурханы гэрээний бүх адислал Түүний хүмүүс дээр цутгах тэр цаг хугацааг хэлдэг. Бид бусдыг Бурхантай гэрээнүүд байгуулж, сахиснаар ирэх адислалыг хүлээн авахад урьснаар мөн ядуус болон өөр тусламж хэрэгтэй байгаа хүмүүст анхаарал халамж тавьснаар Есүс Христийг дагадаг.

Түүний ажлууд, төлөвлөгөөнүүд, зорилгууд “цуцлагдахгүй, мөн тэдгээр нь үр дүнгүй болохгүй” (Сургаал ба Гэрээнүүд 3:1) учраас Есүс Христийн ажилд нэгдэх нь сэтгэл догдлом зүйл юм. Их Эзэн сэтгэлээр унасан хүмүүст: “Иймийн тул, сайныг үйлдэхэд шантрамтгай бүү бай, учир нь та нар агуу ажлын суурийг тавьж байна. Мөн өчүүхэн зүйлсээс агуу их болох тэрхүү зүйл гарч ирдэг” (Сургаал ба Гэрээнүүд 64:33) гэж зөвлөсөн. Бид зүгээр л өөрсдийн үүргийг биелүүлж, харин ургацад санаа зовох ажлыг Их Эзэнд үлдээдэг.

Зүрх сэтгэл ба дагахад бэлэн оюун

Бид Их Эзэний ажилд ер бусын авьяас, ур чадвар гаргах шаардлагагүй учраас өөрсдийн үүргийг биелүүлэх нь бидний төсөөлснөөс ч илүү энгийн зүйл юм. Түүний шаарддаг зүйл бол ердөө л шийдвэр төгс байдал, хүсэл эрмэлзэл юм. Их Эзэн Огайогийн Көртланд дахь гэгээнтнүүдэд, “Болгоогтун, Их Эзэн зүрх сэтгэл болон дагахад бэлэн оюуныг шаарддаг билээ” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээнүүд 64:34). Их Эзэн хүсэлтэй нэгнийг чадавхжуулж чадах ч чадвартай хэдий ч хүсэлгүй нэгнийг хүсэлтэй болгодоггүй буюу болгож чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрэв бид шийдвэр төгс мөн хүсэлтэй байх аваас Тэр биднээр дамжуулан ажиллаж чадна. Гэхдээ бид хэчнээн авьяас чадвартай байлаа ч Түүний ажилд бие сэтгэлээ зориулж, Түүнд туслах хүсэлгүй бол Тэр биднээр дамжуулан ажиллахгүй.

Самуэл Койвисто, Анна-Мариа Койвисто хоёр шийдвэр төгс байдал болон хүсэл эрмэлзлээ харуулсан юм. Тэд гэрлэснийхээ дараахан ажил мэргэжлээ хөөн Финляндын Ювяскюлягаас Шведийн Гетборг руу нүүжээ. Койвисто ахыг ирснийх нь дараа Шведийн Гетборг гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхийлөгч Лэйф Г.Маттссон уулзахаар урьжээ. Самуэл швед хэл мэдэхгүй учир ярилцлагыг англиар явуулав.

Ерөнхийлөгч Маттссон түүнтэй товчхон уулзсаныхаа дараа Самуэлээс Утби тойрогт тойргийн номлолын удирдагчаар үйлчлэхийг хүсжээ. Самуэл: “Би шведээр ярьдаггүй” гэж гол асуудлаа хэлэв.

Ерөнхийлөгч Маттссон ширээн дээрээ түүн рүү бөхийснөө, “Би таныг шведээр ярьж чадах уу гэж асуусан бил үү эсвэл Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байна уу гэж асуусан бил үү?” гэж зориуд асуув.

Самуэл хариуд нь “Та надаас Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байгаа эсэхийг маань асуусан. Би хүсэлтэй байна” гэв.

Самуэл дуудлагыг хүлээн авлаа. Анна-Мариа ч дуудлагатай болов. Тэд хоёул итгэлтэйгээр үйлчилж, яваандаа шведээр сайн ярьж сурчээ.

Их Эзэнд үйлчлэх шийдвэр төгс байдал, хүсэл эрмэлзэл нь Самуэл, Анна-Мариа хоёрын амьдралыг онцгой болгосон. Тэд бол Сүм доторх эгэл баатрууд юм. Тэд өөрсдөөс нь хүсэх болгонд итгэлтэйгээр үйлчилсээр ирсэн. Бид үйлчлэх үедээ өөрт байгаа авьяасуудаа ашигладаг (Сургаал ба Гэрээнүүд 60:13-ыг үзнэ үү) мөн Их Эзэн Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхэд бидэнд тусалдаг гэдгийг тэд надад заасан.

Бид үйлчлэх хүсэлтэй үедээ өөрсдийн үйлчлэлийг ямар нэгэн байдлаар бүтэлгүйтүүлэхийг хүсдэггүй учраас гомдоллох буюу бувтнахгүй байхыг хичээдэг. Гомдоллох нь амлалтдаа эргэлзэж байгаагийн эсвэл Аврагчийг хайрлах бидний хайр байх ёстой шигээ биш байгаагийн илрэл байж болно. Хайхрахгүй орхивол бувтнал нь Их Эзэний эсрэг илт эсэргүүцэлд хөтлөх боломжтой. Ийм тохиолдол Миссурид номлогчоор дуудагдсан, Огайо дахь Сүмийн анхны хөрвөгчдийн нэг болох Эзра Бүүфийн амьдралаас харагддаг.

1831 оны 6-р сард Огайог орхин зуны аагим халуунд номлох замдаа Эзра зарим номлогч морин тэргээр явж байсанд сэтгэл нь тавгүйтсэн аж. Тэр бувтнав. Тэр Миссурид ирээд сэтгэлээр унажээ. Миссури түүний бодсон шиг байсангүй. Тэр эргэн тойрноо ажиглаж хартал “ирээдүй бага зэрэг баргар харагдаж байлаа”.

Эзра улам бүр эрээ цээргүй, ёжломтгой, шүүмжлэгч болов. Тэрээр Миссуригээс яваад, хүлээн авсан үүрэг болох номлолоо хийхийн оронд Огайо руу чадахаараа түргэн буцжээ. Тэрээр эхлээд бувтнаж, улмаар эргэлзэж, эцэстээ өмнөх сүнслэг туршлагууддаа итгэх итгэлээ алдсан юм. Удалгүй Эзра Сүмийг орхиж, “эцэст нь ‘Христэд итгэхээ больж, үл итгэгч болжээ.’”

Хэрэв бид болгоомжтой байхгүй бол бидэнд ч гэсэн ижил зүйл тохиолдож болно. Хэрэв бид энэ ажил хэнийх болохыг өөрсдөдөө сануулж, мөнхийн харах өнцөгтэй байхгүй бол гомдоллон, эргэлзэж, эцэст нь итгэлээ алдах болно.

Бид Есүс Христийн ажилд нэгдсэнээр Түүнийг дагах сонголтыг хийхийн төлөө би залбирч байна. Бид үүнийг хийснээр “үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудыг” хүлээн авдаг (2 Петр 1:4). Эдгээр адислалд нүглийн өршөөл (Сургаал ба Гэрээнүүд 60:7; 61:2, 34; 62:3; 64:3-ыг үзнэ үү), аврал (Сургаал ба Гэрээнүүд 6:13; 56:2-ыг үзнэ үү), өргөмжлөл (Сургаал ба Гэрээнүүд 58:3–11; 59:23-ыг үзнэ үү) ордог. Өөрийн өгч чадах хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг Бурхан бидэнд өгнө хэмээн амласан.