2024
Улаанбаатар Баруун Гадасны Семинарын Багш Нарын Гэрчлэл
2024 оны 7-р сар


Орон нутгийн хуудсууд

Улаанбаатар Баруун Гадасны Семинарын Багш Нарын Гэрчлэл

Миний нэрийг Бадарчийн Уугантуяа гэдэг. Би семинарын хичээл заагаад 4 жил болж байна. Одоогоос 3 сарын өмнө би семинарын багш нарт зориулсан “Явж гайхамшиг үзье” гэдэг сургалтанд суусан юм. Тэр өдөр би завгүй байсан учир сургалтандаа очихгүй гэж бодож байсан. Одгэрэл ах надруу тусгайлан залгаад энэ сургалт нь яг чамд зориулсан сургалт шүү гэж анхааруулсан. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад энэ сургалтанд суухаар шийдсэн.

Би өмнө нь семинарын хичээлээ гоё л заачихад хүүхдүүд өөрсдөө дуртай болоод ирнэ гэж боддог байсан. Одгэрэл ах бидний хамгийн эхний үүрэг бол Израилыг цуглуулах гэж тэр сургалтан дээр хэлсэн юм. Уг сургалтын дараа өвдөг сөгдөөд семинарын сурагчдынхаа төлөө залбирч мөн үйлдэл хийж эхэлсэн.

Манай анги анх эхлэхдээ ердөө 5 сурагчтай эхэлсэн бөгөөд сүүлийн 3 сарын дотор хүүхдүүдийн маань тоо 25 болж нэмэгдсэн. Өдөр болгон 25-лаа ирээсэй гэж залбираад тэдэнтэйгээ холбоо барьж байгаа. Моронай 7:33 дээр хэлсэнчлэн Их Эзэн бидэнд үйлдэх хүчийг өгдөг гэдэг гэрчлэлтэй болсондоо маш их баяртай байна.

Би Ховд салбарын семинарын багш Эрдэнэчулууны Мишээл байна. Долоо хоног бүр ордог Канвас сургалтаасаа би энэ оны 1-р сард хэрхэн хүүхдүүддээ итгэлтэй мөн хайртай байх талаар сурсан юм. Гэсэн хэдий ч би хүүхдүүддээ тэр бүр итгэдэггүй бас өөрийн бодлоороо тэднийг шүүдэг байсан. Энэ хүүхэд суралцах хүсэлгүй, энэ хүүхэд итгэл султай гэх мэтээр боддог байлаа. Гурван сарын өмнө семинарын багш нарын сургалтаас “Хэрэв бид итгэлтэй байх юм бол Их Эзэн бидэнд бүхнийг хийх хүчийг өгөх болно” гэдэг зарчим сурсан ба үүнийгээ хэрэгжүүлэхээр шийдсэн.

Манай ангид Амаржаргалын Хосбаяр гэдэг хүү байдаг. Тэр өглөөний семинар дээр унтдаг бөгөөд итгэл султай сурагч мэт санагддаг байлаа. Би семинарын сурагчдаа найз нараа урьж Бурханы сайн мэдээнээс суралцахад нь туслах уриалгыг өгч үүнийхээ талаар залбирах болсон. Гэтэл Хосбар ангийнхаа хөл бөмбөгийн багт байдаг найз нараа урьснаар тэдний багийн долоон хүүхэд семинарын ангид ирдэг болсон. Хоёр нь сүмийн гишүүн болсон бөгөөд тав нь сонирхогч хэвээр байгаа.

Тэд сарын өмнө хөл бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хот явцгаасан бөгөөд надруу утсаар ярьж ZOOM-р семинарынхаа ангид суумаар байгаагаа илэрхийлсэн. Би маш их баярласан бөгөөд тэдэнд сарын туршид ZOOM-р хичээл заасан.

Хэрэв бид итгэлтэй байх аваас Их Эзэн бидэнд бүхнийг хийх хүчийг өгдөг гэсэн гэрчлэлтэй болсондоо их баяртай байдаг. Би мөн Ням гарагийн ангийн багш учир энэ гэрчлэлээ салбарын гишүүддээ бас заахыг хүсч байгаа.