2024
Багануур салбарын гишүүдийн залбирлын хүч
2024 оны 7-р сар


Орон нутгийн хуудсууд

Багануур салбарын гишүүдийн залбирлын хүч

2024 оны эхээр Багануур салбарын шинэ байр ашиглалтад орж, Бүсийн далын ахлагч Савстром ах онцгойлон адисалсантай холбогдуулан салбарын ерөнхийлөгч Пүрэвийн Энхзул ахын гэрчлэлийг та бүхэнтэй хуваалцъя.

П.Энхзул ахыг багын найз Тулгаа нь 2009 онд сүмд анх урьж оруулж байжээ. Баптисм хүртэж, ариун сүмд хишгээ хүртэн, гэр бүлтэйгээ лацдан холбогдож, өвөг дээдсийнхээ авралын ёслолыг гүйцэтгэсэн цаг мөч бүр үргэлж онцгой санагддаг төдийгүй тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сайн гишүүн байж, сайн санваартны жишгийг өндөрт авч явахыг эрмэлздэг.

Тэрээр Багануур салбарын ерөнхийлөгчөөр 2014 оны 3-р сарын 16-нд анх дуудагджээ. Тухайн үед их сургуулиа төгсөөд, дөнгөж Багануур дүүрэгтээ ирээд шинэ ажилд орчихсон мөн Багануур салбартаа ямар ч хамаагүй дуудлагат ажил аваад үйлчилнэ дээ гэж бодож байв. Тэр үед УБ Зүүн дүүргийн ерөнхийлөгч Ганхуяг ахтай ярилцахад шууд л салбарын ерөнхийлөгчийн дуудлагат ажлыг санал болгоход айх гайхах нь зэрэгцсэн 23 настай залуу залбирч үзээд, эхнэртэйгээ зөвлөлдсөний үндсэнд дуудлагат ажлыг хүлээж авахаар шийджээ.

“Энэхүү дуудлагат ажлыг авснаараа хувийн сүнслэг байдлаа дээшлүүлэх, бусдын төлөө үргэлж залбирах, удирдамж чиглүүлэг авах зэргээр илүү их хичээл зүтгэл, сүнсний шивнээг сонсох шаардлага нэмэгдсэн. Гишүүдтэйгээ тэдний итгэл, гэрчлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар байнга ярилцах нь энэхүү үйлчлэлийн гол цөм нь байдаг болохоор миний ч гэрчлэл өсдөг нь гайхалтай санагддаг” гэж тэр ярив. Өөрийнхөө айдас, хязгаарлалтыг даван туулах итгэлийг олж авсан талаараа тэрээр:

“Бурхан дуудсан л бол ямар ч хүнийг тэрхүү дуудлагат ажилд тэнцэхүйц болгодог гэдэг. Айдас, хязгаарлалтууд байсан ч эргэн тойронд маань гадасны ерөнхийлөгч, номлолын ерөнхийлөгч, номлогчид байсан болохоор би зоригтой байсан. Ялангуяа эхнэр Марушийн Мөнхжаргал хамгийн их дэмжиж, урам зориг өгч, хамтдаа үйлчилж байсан. Үүнээс гадна аав, ээж, хамаатан садангууд маань Сүмийн гишүүн биш хэдий ч сүсэг бишрэлийг минь үргэлж хүндэлдэг нь надад их дэмтэй байдаг. Багануур салбарын анхдагч гишүүдээс эхлүүлэн Хүүхдийн хэсгийн хөөрхөн хүүхдүүд хүртэл дэмжлэг урам зориг өгдөг” гэж хуваалцав. Энхзул ах ерөнхийлөгчийн дуудлагаасаа өнгөрсөн хугацаанд юу сурснаа ийн дүгнэн хэлсэн юм.

“Нэн тэргүүний чухал үүрэг маань өсвөр үеийнхнийг хүчирхэгжүүлэх, чиглүүлэх, тэдэнд баттай гэрчлэлтэй болж биеэ даахад нь туслах замаар хойч үеээ бэлдэх явдал байдаг. Дуудлагат ажлаа авснаас хойших хамгийн том зорилго маань өөрийн гэсэн Сүмийн байртай болох байсан. Би ч гэлтгүй салбарын бүх гишүүн, үе үеийн энд үйлчилж байсан номлогчид, гадасны удирдлагууд энэ зорилгын төлөө хичээнгүйлэн залбирдаг байлаа. Яг 10 жил хичээсний эцэст бид сайхан байртай болж, гайхалтай өргөөндөө хамтдаа шүтэн биширч сууна. Итгэмээргүй. Одоо ч шинэ байраа хараад, гайхаж талархсаар л байна. Энэ хугацаанд маш олон бэрхшээл гарч байсан ч бид үргэлжлүүлэн итгэж, залбирч, найдлага тавьсаар байсан. Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг шиг, түрээсийн хуучин байр маань өвөлдөө хүйтэн, ангиудын хүрэлцээ муу байдаг байсан ч тэнд Ариун Сүнс оршиж, санваарын эрх мэдэл доор ариун ёслол явагдаж, олон гэгээнтэн итгэл гэрчлэлээ нэмэгдүүлж, адислалуудаа хүртсээр байсан тул бид байнга талархаж явдаг.”