Цэгүүд хоорондоо холбогдоно
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2025 оны 2-р сарын 2
Хайрт ах эгч, найз нөхөд өө, би та бүхэнд Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн хайр, адислалыг уламжилж байна.
Та нартай хамт байж, ялангуяа эхнэрийнхээ үгийг сонсох боломж олдсонд би маш их баярлаж байна.
Харриэт бол амьдралын минь гэрэл гэгээ. Эхнэрийг минь мэддэг хүн бүр түүнийг хайрладаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг илүү сайн, аз жаргалтай болгож чаддаг. Тэр мэдээж надад ч бас тэгэж нөлөөлсөн.
Хариултаа шууд олж авч болох эрин үе
Угдорф эгчийн хэлснээр бид маш залуудаа гэрлэсэн. Одоо би нэлээн хөгширсөн ч амьдарсан он жилүүддээ, ялангуяа Харриэттэй өнгөрүүлсэн нандин цаг хугацаандаа талархдаг.
Цаг хугацаа өнгөрөх тусам ахмад үеийнхэн бидэнд та нарт байдагтай адил олон асуулт байгааг би ухаарсан. Гэхдээ та нартай харьцуулбал бид тэдгээрийг арай л олон жил тавьсаар байгаа билээ. Тухайлбал:
Би зөв зам дээр байна уу?
Бурхан намайг үнэхээр мэддэг үү? Тэр санаа тавьдаг уу?
Яагаад заримдаа надад хоосон, дааж давшгүй, ач холбогдолгүй, ганцаардсан мэт санагддаг вэ?
Яагаад Бурхан надад яаралтай хэрэгтэй гайхамшгийг өгөхгүй байгаа юм бол?
Тэр яагаад надад уй гашуу, өвчин зовлон, эмгэнэлт явдал тохиолдохыг зөвшөөрсөн бэ?
Эдгээр нь аль ч насны хүнд байдаг хэцүү асуултууд юм.
Хариултаа тэр даруй авахгүй байх тохиолдолд ийм асуултууд сэтгэлээр ихэд унахад хүргэдэг. Өнөө үед бид Google-ээс юуг ч асуугаад хэдхэн секундэд хариултаа авах боломжтой болжээ.
Хэдий тийм ч сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг, чухал, гүн гүнзгий асуултуудын маань хариулт тэр болгон хурдан ирдэггүй. Ихэвчлэн бид зүрх сэтгэлээ тэнгэрт чиглүүлэх үед компьютерын хулганын сумны дэргэд эргэлдэх хүлээх цагариг мэт санагддаг.
Бид хүлээх дургүй, тийм үү?
Хайлтын системийн илэрцийг хэдхэн хормоос илүү хүлээх хэрэг гарсан үед бид сүлжээ доголджээ гэж боддог. Цухалдсандаа бид хайхаа больж ч магад. Гэхдээ мөнхийн шинж чанартай, бодгальтай холбоотой асуултуудын тухайд хариултыг нь бид тэвчээртэй хүлээх учиртай.
Бүх хариултын үнэ цэн адилгүй. Дэлхийн мэргэн ухаан эсвэл өргөн тархсан үзэл бодлоос хариултаа авах амархан ч шинэ онол, хэв маяг гарч ирэхэд тэдгээр нь үнэ цэнээ хурдан алддаг. Тэнгэрлэг буюу мөнхийн шинж чанартай хариултууд бол үнэлж цэгнэшгүй. Хариулт олж авахын тулд ихэвчлэн хөдөлмөрлөж, золиослол гаргаж, ахин дахин залбирч асуух хэрэг ч гардаг.
Гэхдээ ийм хариултуудыг хүлээсэндээ таныг харамсахгүй гэдгийг би баталж байна.
Танд хариултаа аваагүй асуулт байгаа бол, Тэнгэр дэх Эцэг тань таныг сонсдог, хэн гэдгийг тань мэддэг төдийгүй хэзээ ч таныг орхихгүй гэдгийг би баттай гэрчилж байна. Тиймээс Түүнээс бүү холд. Түүний замыг дагахыг хичээ. Тэгэх аваас Тэр таны өсөж хөгжих, итгэлээ хэрэгжүүлэх, сонгох эрхээ ашиглах боломжийг хязгаарлахгүйгээр, хариултаа олж авах зөв зам руу тань хангалттай чиглүүлж, “та нарыг удирдах болно.”
Цэгүүдийг холбох
Apple компанийн үүсгэн байгуулагч Стийв Жобс: “Урагш харангаа цэгүүдийг холбох боломжгүй. Та эргэн харж байж, ирээдүйд цэгүүд ямар нэгэн байдлаар холбогдоно гэдэгт итгэн найдаж байж л тэдгээрийг холбох боломжтой” гэж хэлсэн удаатай.
Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Зургийн зотон дээр өнгө өнгийн жижигхэн цэг тавьсан зургуудыг та нар харж байсан байх. Ойроос харахад цэгүүд нь хоорондоо холбогдоогүй, замбараагүй мэт харагдана. Гэхдээ зургийг бүхэлд нь харахад цэгүүд олон өнгөнд уусаж, хэлбэрээ олж, уран дүрсийг бүтээж байгааг та олж хардаг. Санаанд оромгүй, тэр ч бүү хэл толгой эргүүлсэн мэт байсан зүйл утга учиртай болж эхэлнэ.
Заримдаа бидний амьдрал яг эдгээр уран зурагтай адил. Бидний амьдралын туршлагыг бүрдүүлдэг цэгүүд заримдаа хоорондоо холбогдоогүй, эмх замбараагүй мэт байна. Тэдгээрт эмх цэгцийг бид олж хардаггүй. Бид тэдгээрийг зорилготой гэж огт төсөөлдөггүй.
Гэхдээ та нар амьдралаа Есүс Христийн сайн мэдээний мөнхийн өнцгөөс харвал, уг цэгүүд хэрхэн Бурханы танд зориулсан агуу загвартай холбогдож байгааг харж эхэлдэг.
Бурханд найдаж, Түүний Хүү Есүс Христэд итгэхийг эрэлхийлбэл нэгэн өдөр эцсийн бүтээлийг олж харан, замбараагүй мэт тэдгээр цэгт зориулсан төлөвлөгөө Тэргүүн зураачид байсныг та мэдэх болно. Тэрээр таны хэзээ ч төсөөлж байгаагүй мөн өөрийн хүчээр хүрч чадахгүй байх байсан тийм гайхалтай боломж бололцоог бэлдэж байсныг та харна. Би үүнийг өөрийн амьдралаас гарцаагүй олж харсан.
Мөнх бус амьдралын маань адал явдал
Намайг бүр бага байхад гэр бүл маань хоёр ч удаа дүрвэж байсныг та нар мэдэх байх. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь шинээр нүүж очсон газрын хүмүүс биднийг өөрсдөөсөө “дорд” үзэж байгаа нь илт байсан. Үеийн хүүхдүүдийн дунд миний аялга намайг гадны хүн гэдгийг тодотгож, би гадуурхагдан, тэд намайг дооглож, шоолдог байлаа.
Эцэг эхийн маань хувьд гэр бүлээ тэжээх амаргүй байсан. Тиймээс ээж минь угаалгын бизнес эхлүүлж, үүнд нь бид бүгд тусалж байсан. Харин би хичээлийнхээ дараа унадаг дугуй, тэргээр “гэрийн хүргэлтийн мэргэжилтнээр” ажиллаж тусалдаг байлаа.
Байршил, орчноо сольсноос үүдэлтэй сэтгэлийн шарх, дарамтаас болж би хичээл сурлагаасаа ч хоцорч, нэг жилийг алдсан юм.
Зүүн Германд орос хэлийг хоёрдогч хэл болгон судалдаг байв. Хэцүү байсан ч би яаж ийгээд сурч чадсан. Харин Баруун Германд англи хэл сурах хэрэгтэй болсон юм.
Надад хэзээ ч сурч чадахгүй мэт бодогддог байв. Миний хэл ам зүгээр л англи хэлийг сурах гэж бүтээгдээгүй гэдэгт би итгэлтэй байлаа.
Өсвөр насандаа би гайхалтай, үзэсгэлэнтэй торомгор бор нүдтэй охинд дурлаж билээ. Харамсалтай нь, Харриет намайг өчүүхэн төдий ч тоохгүй байгаа мэт санагдсан. Яаж ч зүтгээд нэмэргүй мэт бодогдож байв. Та нар түүний түүхийг аль хэдийн сонссон.
За, тэгээд дайны дараах Германд амьдарч байсан, бусдаас ялгарах юмгүй, асуудал бэрхшээлд бүдчин яваа залуухан надад амьдралд амжилт олно гэдэг юу л бол гэж харагдахаар байв.
Гэхдээ надад хэдэн сайн зүйл байсан.
Гэр бүлийнхэн маань намайг хайрладаг гэдгийг би мэддэг байв. Надад сургууль дээр ч, Сүм дээр ч үргэлж өндөр зорилго тавьж, бууж өгөхгүй байхыг урамшуулан дэмждэг багш нар байсан. Залуухан америк номлогч надад “Хэрэв Бурхан [таны] талд юм бол, хэн [таныг] эсэргүүцэх вэ дээ?” “Бурханд бүх юм боломжтой” хэмээн заасныг би одоо ч санадаг.
Эдгээр шүлэг яагаад ч юм надад хүчтэй нөлөөлсөн. Хэрвээ энэ үнэн л юм бол яагаад би айх ёстой юм гэж бодогдсон.
Тиймээс би итгэсэн. Мөн Бурханд найдсан.
Хэсэг хугацаанд би дадлагажигчийн хөтөлбөрт хамрагдав. Нэг багш маань намайг механик инженерээр оройн ангид сурахад урамшуулсан. Энэ нь намайг нисэх сонирхолтой гэдгээ олж мэдэхэд тусалсан юм!
Харин нисгэгч болохын тулд англи хэлтэй байх ёстой гэж мэдээд би цочирдов. Би нисгэгч болохыг үнэхээр хүсэж байсан болохоор миний ярих чадвар гайхалтайгаар өөрчлөгдөж, англи хэлийг сурах боломжгүй мэт санагдахаа больсон юм.
Мэдээж бүх зүйл дардан байгаагүй.
Би 19 насандаа Агаарын хүчний нисгэгчийн бэлтгэлээ эхлүүлэхээр Техас мужийн Сан Антонио хотыг зорьсон. Онгоцонд би Техасын хэцүү аялгатай нэгэн эрийн хажууд суув. Өчнөөн хүч хөдөлмөр гаргаж байж сурсан англи хэл маань Техаст ярьдаг англи хэлээс өөр юм байна гэсэн аймшигт бодол надад төрсөн юм!
Нисгэгч бэлтгэх сургуульд бас л хэцүү байсан. Энэ нь маш өрсөлдөөнтэй хөтөлбөр байсан ба бүгд дээгүүр дүнтэй төгсөхийг хичээж байлаа. Ангийн маань ихэнх хүүхэд унаган англи хэлтэй тул энэ нь тийм ч хялбар байхгүй юм байна гэдгийг би тэр даруй ойлгосон.
Нислэгийн зааварлагч маань намайг сүмд хэт их цаг зарцуулж байна гэсэн өөр нэгэн сул талыг маань сэрэмжлүүлэв. Орон нутгийн гишүүд салбар, гэр орондоо намайг найрсгаар угтан авсан, тэр ч байтугай би тэнд байхдаа Техасын Биг Спринг хот дахь цуглааны байрыг барилцсан юм. Ийм үйл ажиллагаанууд ангидаа дээгүүр байранд орох боломжийг бууруулж болно хэмээн зааварлагч маань санаа зовж байлаа. Харин надад тэгж санагдаагүй. Тиймээс би Бурханд найдаж, чадлынхаа хэрээр хичээж билээ.
Эцэст нь би англи хэлийг сурч чадсан. (Одоо ч сурсаар байна.) Мөн би нисгэгчийн сургуулиа амжилттай төгсөж чадсан. Би эхлээд байлдааны онгоцны нисгэгч, дараа нь агаарын компанийн нисгэгч болсон. Харин тэр үзэсгэлэнтэй, бор нүдтэй мөрөөдлийн охин минь яасан гээч? Тэр энд, надтай хамт сууж байна.
Өчүүхэн зүйлсийг тууштай хий
Тиймээс бүрэн дүр зургийг илчилтэл амьдралын олон том, хүнд хэцүү ажил үүрэгт бүү цөхөр. Амьдрал өчүүхэн жижиг зүйлүүдийн бүрдэл гэдгийг санаж яв. Хэрэв та Бурханы биднээр хийлгэхийг хүссэн “өчүүхэн мөн энгийн зүйлсийг” хийх амлалтыг өгч, чадлынхаа хэрээр хичээнгүйлэн үйлдэх юм бол том зүйлс араас нь дагаж ирнэ.
Эдгээр “өчүүхэн мөн энгийн зүйлд” өдөр бүр зорилготойгоор залбирах, судраас судлах, Ирээд, Намайг дага, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагуудыг амьдралынхаа нэгэн хэсэг болгох, Мэргэн ухааны үгийн дагуу амьдрах, сүмдээ явах, аравны нэг болон бусад өргөлөө өгөх, хүчинтэй ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй байхад анхаарах зэрэг нь багтдаг.
Бүр хиймээргүй санагдах үед ч золиослол шаардаж байсан ч эдгээрийг хий. Золиослол эдгээрийг ариун нандин болгодог мөн “золиослол тэнгэрээс адислалуудыг авчирдаг.”
Өөрөөр хэлэхэд, таны “өчүүхэн мөн энгийн” золиослол өдөр бүр амьдралын тань шилдэг бүтээлийг бүтээдэг цэгүүд юм. Яг одоо та цэгүүд хэрхэн хоорондоо харилцан холбогддогийг олж харахгүй, хараахан мэдэх хэрэггүй байж болно. Зүгээр л амьдарч буй энэ цаг хугацаандаа хангалттай итгэлтэй бай. Бурханд найдах юм бол “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ирнэ.”
Бурханд найд
Та нарын насан дээр би амьдрал намайг хааш нь хөтлөхийг мэдэхгүй байсан. Мэдээж би цэгүүд нүдэн дээр маань холбогдож байгааг хараагүй.
Гэхдээ би Бурханд найдсан. Хэрэв би тухайн цаг хугацаанд хамгийн сайнаараа хичээх юм бол Бурхан том зургаар нь зохицуулна гэдэгт итгэж байсан.
Тэр ч хийх ажлаа хийсэн.
Төгсгөл нь ямар байхыг Тэр эхнээс нь мэдэж байсан.
Намайг ирээдүйгээ харж чадахгүй байхад Тэр харсан билээ.
Тэр байтугай хүнд хэцүү цагт, ганцаар мэт санагдах үед ч Түүний надтай хамт байсныг би одоо ойлгодог.
Сургаалт үгсээс бид “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана” гэсэн амлалтыг олж харж болно.
Алхах гишгэх бүрдээ Бурханд итгэж найдах юм бол амьдрал тань хэмжээлшгүй ихээр сайжирна гэдэгт итгээсэй гэж би та нараас хүсэж байна. Тэр та нарын мэдэх боломжгүй зүйлийг мэддэг төдийгүй та нарын төсөөлж ч байгаагүй ирээдүйг та нарт бэлдсэн байдаг. Төлөөлөгч Паул: “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” хэмээн гэрчилсэн.
Тиймээс өөрөөсөө “Би Бурханд хангалттай итгэлтэй байж чадах уу? Тэр надад хайртай, замыг маань чиглүүлэхийг хүсдэг гэдэгт би Түүнд найдаж чадах уу?” хэмээн асуух хэрэгтэй.
Хэрэв та өөрийн зүрх сэтгэлд гичийн үр төдий итгэлийн бүрдэл хэсгийг олж чадвал энэ нь зүгээр л итгэх хүсэл байсан ч тэндээс эхэл.
Бурхан өчүүхэн үрийг хэрхэн том мод болгохоо мэддэг. Өчүүхэн мөн энгийн зүйлсийг хийх юм бол Бурхан “та бүхнийг хэдэн мянга дахин сайжруулж, амласныхаа дагуу адислах болно!”
Бид Бурханы өмнө хариуцлага хүлээдэг
Өнөө үед ерөнхийдөө Бурханд итгэх итгэлийг мохоож, бидний шашныг дооглон тохуурхсан дуу хоолойг сонсохын тулд та хол явах хэрэггүй болсон.
Сошиал медиа ийм дуу хоолойг илүү хүчтэй түгээдэг.
Гэхдээ зөвхөн та нарын үеийнхний Бурханд итгэх итгэлийг сорьж, дооглон тохуурхаагүй. Энэ бол Бурханы бүх хүүхдийг мөнх бус дэлхий дээр сорьдог сорилтын нэгэн хэсэг болой.
Есүс шавь нартаа “Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг … сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг” хэмээжээ.
Аврагчийг дагахаар амласан л бол агуу хийгээд том байшинд амьдарч байгаа хүмүүс дургүйцнэ, заримдаа үүнийгээ чанга дуугаар илэрхийлнэ гэдэгтэй та нар эвлэрэх хэрэгтэй. Тэд бүр та нарыг дээрэлхэж, ичээх гэж оролдож ч магад.
Гэхдээ та нар ганцаараа биш гэдгээ бүү март. Та нар Бурханд хариулна. Та нар нэг л өдөр Түүний өмнө зогсож, амьдралаа тоочих болно.
Тэр та нараас Аврагчийг даган, хөршөө хайрлаж, шавь байх зам дээр байх мөн гэрээнүүдээ эрхэмлэн биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хичээсэн эсэхийг тань асууна.
Хайрт залуу найзууд минь, яг энэ мөчид та нар Христэд үнэнч байж, Түүний замыг дагах ёстой.
Нэгэн өдөр Бурханы хүүхдүүд өвдөг сөхрөн, Есүс бол үнэхээр Христ хийгээд Гэтэлгэгч, дэлхийн Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрнө. Түүнийг өөрсдийнх нь төлөө амиа өгснийг тэд мэдэх болно.
Тэр өдөр Түүний дуу хоолой цорын ганц хамгийн чухал дуу хоолой байсан нь тодорхой болно.
Хамаагүй зүйлс
Бурханаар амьдралаа удирдуулах тухай ярьж байгаа энэ дашрамд би нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Хэлэх гэж буй зүйл маань та нарт таалагдахгүй ч байж магад. Та нарыг Бурханаас амьдралдаа гаргах, тухайлбал хамгийн чухал шийдвэрийнхээ талаар удирдамж чиглүүлэг өгөхийг хүсэхэд Тэрээр тодорхой хариулт өгөхгүй байж ч мэднэ.
Үнэндээ Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үндсэн гэрээ, зарчмуудын хүрээнд байх л юм бол заримдаа та нарын гаргасан шийдвэр ямар байх нь Бурханд хамаагүй.
Заримдаа Бурхан та нарт дагах тодорхой замыг гаргаж өгсөн байдаг. Харин заримдаа хорт үр дагаврыг нь та нар харж чадахгүй тул Тэр зарим сонголтыг хийхгүй байхыг сэрэмжлүүлдэг. Заримдаа бүр нэг асуултад хэд хэдэн “зөв” хариулт байх ба Бурханы үнэнийг даган амьдарч л байвал алиныг нь ч сонгосон бай баяр баясгаланг олж авах боломжтой.
Иосеф Смитэд болон түүний хамтрагчдад ийм зүйл тохиолдож, Их Эзэнээс удирдамж эрэлхийлэхэд Тэрээр: “Энэ нь надад хамаагүй билээ” хэмээх сонирхолтой хариултыг өгөөд,
дараа нь “гагцхүү итгэлтэй бай” гэж нэмж хэлсэн байдаг.
Бурхан амьдралын тань аяллын дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй гэдгийг сонсоод та нарын урам хугарч магад. Гэхдээ та нар үнэхээр бүх алхмаа заалгамаар байна уу?
Та нар учрыг нь олох боломжийг өөрөө өөртөө олгохын оронд амьдралыг хуурч мэхлэх кодыг авахыг үнэхээр хүсэж байна гэж үү? Үүнийг ямар адал явдал гэж хэлэх билээ? Энэ нь өөрийн хүчээр амжилтад хүрч чадлаа гэж хэлж чадахгүй байхад хүргэхгүй гэж үү? Ийм бол та нар хэрхэн өсөж хөгжин, Их Эзэнд болон өөртөө итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлж чадах билээ?
Их Эзэний Оливер Каудерид хэлсэнчлэн, “чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой.”
Тэнгэрлэг Эцэг та нарт Өөрийн төлөвлөгөө мөн Замыг өгсөн. Тэр мөн том зургийг та нарт өгсөн. Тэр мөн та нарт оюун ухаан, зүрх сэтгэлийг өгсөн. Хэрэв та нар Түүнд найдах юм бол шийдвэр гаргахад тань тэдгээрийн аль алиныг зөв ашиглахад Тэрээр танд тусална. Тэрээр Есүс Христийг дагаснаар та нарыг хамгийн сайн шийдвэр гаргана гэдэгт итгэдэг.
Ихэнх тохиолдолд тухайн цаг үед сонгосон сонголт тань чухал биш, харин шийдвэр гаргаснаас хойш хийх зүйл тань чухал байх нь олонтоо.
Жишээлбэл: Нэгэн хос гэр бүлийн гишүүд нь тэднийг хоорондоо таарч тохирох хүмүүс биш хэмээн дургүйлхэж байсан ч гэрлэхээр шийджээ. Гэхдээ би тухайн хос шийдвэр гаргасныхаа дараа нэг нэгэндээ мөн Их Эзэнд бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа үнэнч хэвээр үлдэх юм бол бүх юм нь сайхан болно гэдэгт итгэлтэй байв. Тэд бие биеэ хайрлаж, нэгэндээ сайхан хандаж, нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөл, сүнслэг болон материаллаг хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэх буюу “өчүүхэн” зүйлсийг тууштай хийснээр нэг нэгэндээ таарсан төгс хүмүүс болно.
Эсрэгээрээ, “төгс” таарсан хүнээ сонгосон учраас бүх хүнд хэцүү зүйл ард өнгөрсөн гэж бодсон хосыг авч үзье. Хэрэв тэд нэгнээ илүү сайн ойлгож чадахгүй, харилцан ярилцахаа больж, ариун нандин гэрээгээ умартаж, амин хувиа бодсон амьдрал руу эргэн орох юм бол тухайн хос уй гашуу, харамсал руу хөтлөх зам дээр явж байна гэсэн үг.
Энэ зарчмыг ажил мэргэжлээ сонгоход ч мөн адил хэрэглэж болно. Нэр хүнд багатай мэргэжлийг сонгосон боловч чадах бүхнээ хийж, Бурханыг алдаршуулж, Түүний хүүхдүүдийг адислахын тулд ажил мэргэжлээ ашиглах арга замыг хайж буй хүмүүсийг баяр баясгалан хүлээж байгаа гэдэгт би итгэдэг.
Харин гайхалтай сайхан сонсогддог мэргэжлийг сонгосон ч замдаа бурханлаг мөн чанараа, Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчилснээр хийж болох сайн сайхан зүйлдээ анхаарлаа хандуулахаа больдог хүмүүс баяр баясгаланд хүрэх нь ховор гэдэгт бас би итгэдэг.
Бурхан та нарт төсөөлж ч үл барам мөнхийн адислалуудыг бэлдсэн байгаа. Тэдгээрийг хүлээн авахад туслахын тулд Тэрээр та нарт зарлиг, ариун нандин гэрээнүүд болон сүнслэгээр өдөөгдсөн бошиглолын зөвлөгөө, Ариун Сүнсний бэлэг, ёс суртахууны сонгох эрхийг өгсөн. Энэ нь та нарыг мөнх бус амьдралдаа аз жаргалтай байж, мөнхийн баяр баясгаланд хүргэхэд хангалттай. Нэмж хэлэхэд, заримдаа төгс бус шийдвэр гаргасандаа бүү сэтгэлээр уна. Та нар тэгж байж л суралцана. Энэ бол адал явдлын тань нэгээхэн хэсэг билээ!
Гэвч адал явдал эхнээсээ дуустал хэзээ ч дардан байдаггүй. Таны амьдралд өсөж, уруудах үе гарч ирнэ. Харин та Есүс Христэд үнэнч байж, Түүний цагаатгагч золиослолыг хайр, наманчлалын бэлэг хэмээн харах юм бол таныг аз жаргалтай төгсгөл хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.
Та үүнийг олон жил болж байж олж харж болох ч, эргэн хараад маш олон шийдвэрийг өөрөөр тань гаргуулсан байсан ч Их Эзэн хэзээ ч таныг орхиогүй гэдгийг мэдэх болно. Та цэгүүд хоорондоо холбогдож байгааг олж харна.
Санавал зохих таван зүйл
Өнөөдрийн өнгөрүүлсэн цаг мөчөөс та нарт юу үлдээсэй хэмээн би найдаж байна вэ?
Нэгдүгээрт, Та нарын хамгийн гүн гүнзгий асуултад өгөх Бурханы хариулт удаж мөн бодож байснаас тань тэс өөр арга замаар ирж болно. Бурханы хариултууд мөнхийн үнэ цэнтэй. Тэдгээрийг хүлээсэндээ харамсахгүй.
Хоёрдугаарт, шавийн замаар алхахдаа бүү цөхөр. Зүгээр л өчүүхэн зүйлсийг чадлынхаа хэрээр сайн хий. Тэгэх юм бол том зүйлс байр байрандаа орно.
Гуравдугаарт, бага ч гэсэн итгэлтэй бай. Та Бурханы хувьд чухал, Тэр таны харахгүйг хардаг гэдэгт, мөн Тэрээр зөв замаар хөтөлнө гэдэгт итгэ. Тэр та нарт хайртай. Түүнд итгэж найд.
Дөрөвдүгээрт, урам зориг мохоох дуу хоолойнд өөрийг тань итгэлтэй байлгах замаас гаргах боломжийг бүү олго. Та нар шүүмжлэгчдийнхээ өмнө биш, харин Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө хариуцлага хүлээнэ гэдгээ сана. Түүний үнэт зүйлс чухал билээ.
Тавдугаарт, Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, Түүнийг “энэ нь надад хамаагүй” гэж хэлэх үед өөрийн мэддэг үнэнд тулгуурлан хамгийн сайн шийдвэрээ гарга. Харин дараа нь “итгэлтэй бай.”
Энэ шинэ оны эхээр та нарыг би Тэнгэрлэг Эцэгээ чин сэтгэлээсээ таньж мэдэн, Есүс Христийг дагаж, гэрээнүүдийг нь эрхэмлэн дээдлэхийг хичээснээр итгэл тань нэмэгдэнэ хэмээн адисалж байна.
Аврагчаа болон Түүний сургаалыг дагахыг эрэлхийлэх тусам та нарын өөртөө итгэх итгэл өснө.
Та нар аз жаргал, баяр баясгалан, амар амгаланг Есүс Христээс, Түүний сайн мэдээ болон Сүмээс олох болно! Харин нэгэн өдөр Тэрээр таныг тэнгэрлэг хайраар тэврэн авна.
Бурхан Өөрийн биеэр, эцэс төгсгөлгүй хайр, ач ивээл, нигүүлсэнгүй сэтгэлээр үргэлж та нарыг харж хандан, адисалж, өөрт тань зориулан орших газар бэлдэж байсныг ойлгоод та нар хэмжээлшгүй ихээр талархах болно.
Би энэ бүгдийг гэрчилж, та бүхнийг адисалж байна. Есүс Христийн нэрээр, амен.