Бурханд найд
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2025 оны 2 дугаар сарын 2
Хайрт ах, эгч нар аа, залуу найзууд аа, дэлхий даяар байгаа та бүгдийг би зүрх сэтгэлдээ мэдрэн харж байна. Та нар үнэхээр сайхан харагдаж байна. Та нар үзэсгэлэнтэй. Та нарын хүн нэг бүрийг чанга тэврэх боломж байсан ч болоосой.
Та нартай хамт байгаа минь үнэхээр сайхан хэрэг. Мөн би дуртай төлөөлөгчтэйгөө хамт байгаадаа баяртай байна. Бид аль нэг төлөөлөгчийг онцгойлон авч үзэх ёсгүй л дээ, гэхдээ миний хувьд зүгээр байх гэж бодож байна. Би түүнтэй гэрлэчихсэн юм чинь.
Саяхан бид гэрлэсний 62 дахь жилийн ойгоо тэмдэглэсэн. Бид одоо ч хоёр биедээ хайртай хэвээрээ!
Сайн мэдээний үр жимс агуу шүү! Бид ойн баярын хайраар дүүрэн мэндчилгээг ач зээ, гуч нараасаа хүлээн авахдаа Есүс Христийн сайн мэдээ, Сүмийн гишүүн байхаас ирдэг адислалууд ямар эрхэм нандин болохыг мэдэрдэг.
Та нарын дунд байгаа ганц бие, салсан эсвэл гэр бүлийн хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хүмүүст хандан хэлэхэд, Бурхан та нарыг мэддэг, хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Та нар гэрээнүүддээ итгэлтэй, үнэнч хэвээр байх юм бол гэр бүлийн амьдралын баяр баясгалан дуусахгүй бөгөөд та нарт өгөгдөх болно. Би энэхүү амлалт яг хэрхэн биелэхийг мэдэхгүй ч Их Эзэний ач ивээл, нигүүлсэл, хайр бид бүгдэд хүртээлтэй гэдгийг мэднэ. Тэрээр Өөрийн арга замаар, Өөрийн товлосон цагт энэ амлалтаа биелүүлэх болно.
Та нарыг хараад, та нарын сайн сайхан, хүч чадлын гайхалтай гэрлийг мэдрэхдээ, би Дийтрийн хамт Германы Франкфурт дахь нэг салбарт өсөж байсан онцгой үеийг дурслаа.
Тэр намайг шохоорхдог гэдгийг би мэддэг ч түүнийг нэг их тоодоггүй байлаа. Тэр сайн залуу байсан ч бид зүгээр л Сүмийн найзууд байв. Бид Сүмийн үйл ажиллагаанууд дээр хамт бүжиглэж сурсан. Тэр үед фокстрот, бүги-вүги, рок-н-ролл ид дэлгэрч байлаа.
Түүнийг байлдааны нисгэгч болохоор цэргийн нисэх хүчинд элссэний дараа би түүнийг бараг хоёр жил хараагүй юм. Үнэнийг хэлэхэд, түүнийг Франкфуртад эргэн ирэхэд анх төрсөн сэтгэгдэл маань тийм ч эерэг байгаагүй. Тэр Шилдэг нисгэгч кинонд гардаг хамраа сөхсөн нисгэгч залуустай төстэй харагдаж байсан юм.
Гэхдээ тэр надтай ярилцахдаа намайг гайхшируулсан. Тэр энэ хоёр жилийн хугацаанд эрийн цээнд хүрсэн байлаа. Тэр амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа мэдэж байсан. Бас сайн мэдээний дагуу тууштай амьдарч байсан. Тэр болзохдоо их шийдэмгий, бүтээлч байсан. Хэдэн сарын дараа бид гэрлэсэн.
Залуу найзууд аа, Би тэрхүү эргэлзээтэй анхны сэтгэгдлээ үл хайхран түүний талаар анхааралтай гэгч бодолцож үзсэндээ хэзээ ч харамсдаггүй.
Дийтр бол миний хамгийн их хайртай хүн. Хүүхэд, ач зээ нарын маань маш сайн аав, өвөө нь байгаа юм.
Одоо та нартай хуваалцахыг хүссэн сэдэв рүүгээ оръё.
Аав минь намайг 12 настай байхад хорт хавдрын улмаас нас барсан. Түүнийг өнгөрсний дараа бидний гэр орон уй гашуу, шаналалд автан, найдвар үгүй орон зай болсон юм.
Ээжийг минь болон хүүхдүүд биднийг юу ч, хэн ч тайтгаруулж чадахгүй мэт санагддаг байлаа. Гэхдээ энэ нь үнэн биш байв. Тэнгэрлэг Эцэг маань биднийг асар их хайрладаг учраас биднийг мартаагүй байлаа.
Аавыг нас барснаас хойш найман сарын дараа хоёр америк номлогч Франкфурт дахь гэрийн маань хаалгыг тогшив. Сүнсээр удирдуулсан тэр хоёр номлогч ээжид минь эрхэм нандин Мормоны Номыг үлдээсэн юм. Би Мормоны Номонд хэчнээн их хайртай гээч.
Энэ залуу номлогчид бидэнд Бурханы хариултыг авчирсан. Авралын төлөвлөгөө, аз жаргалын төлөвлөгөөний сайн мэдээ үнэхээр сайхан, хүчтэй байсан. Энэ нь манай гэрт итгэл найдвар, гэрлийг эргэн авчирсан. Бид сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бидний шаналал, цөхрөл, уй гашуу эдгэрсэн.
Гэрэл гэгээ, харанхуй хоёр нэг газарт зэрэг байж чадахгүй тул Есүс Христийн сайн мэдээний захиасаар манай гэр бүлд байсан цөхрөл, мухардлын харанхуй замхарсан юм.
Энэ хоёр номлогч насанд хүрсэн сайхан хоёр залуу байсан. Гэхдээ бидний хувьд тэд бол Бурханы бидэнд илгээсэн алдар суут хоёр тэнгэр элч байсан юм.
Хайрт залуу найзууд минь ээ, та нар ч бас тэдний нэгэн адил тэнгэрлэг биесээс үүссэн. Та нар энэ цаг үед хаа байгаа газраа сайн мэдээний захиасыг үг, үйлсээрээ зааж, амьдралдаа хэрэгжүүлэхээр сонгогдсон хүмүүс. Энэ зорилгоор та нар өөрсдийн хот, сургууль, ажлын газар, гэр бүлдээ оршиж байгаа билээ. Та бүхэн эргэн тойрондоо байгаа хүмүүсийн алдар суут тэнгэр элч байх боломжтой гэдгээ бүү мартаарай.
Та нар Есүс Христийн Сүмийг төлөөлдөг бөгөөд сайн мэдээний захиасыг өөрийн сайн сайхан амьдрал, эрэлхэг зоригтой гэрчлэлээр тунхаглах хүчирхэг манлайлагчид мөн.
Манлайлагч гэдэг нь бусдад зөв арга замыг харж, мэдэрч, хайж олоход нь тусалдаг нэгэн юм. Залуу найзууд минь ээ, бие биедээ зөв замыг олж, Сүмд болон сайн мэдээнд баттай суурилахад нь туслаарай.
Сайн сайхан, шударга байдал, энэрэл, нинжин сэтгэл, үйлчлэл, хайр, нигүүлслийн энгийн бөгөөд тодорхой үг, үйлдэл бүр Бурханы хаант улс дахь таны манлайлах үйлдэл болох болно. Сайн зүйлийн төлөөх өөрсдийн нөлөө, хүчийг бүү дутуу үнэл.
Би хайрт эгч нартаа зориулж хэдэн үг нэмж хэлье. Энэхүү хэцүү цаг үед та нар сайн муу хоёрын тулаанд өөрсдийн авьяас, зоригийг ашиглан оролцохоор дуудагдсан.
1979 онд ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Дэлхийн сайн эмэгтэйчүүд Сүмд нэгдэх бөгөөд үүнээс үүдэн хожмын өдрүүдэд Сүмд томоохон өсөлт гарах болно. Энэ нь Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдралд зөв шударга … байдлаа харуулж, … аз жаргалтай арга замаар явж, дэлхийн эмэгтэйчүүдээс ялгаатай, өөрөөр харагдах тэр үед энэ нь тохиолдох болно” хэмээн тунхагласан юм.
Рассэлл М.Нэлсон 2015 онд ийн хэлсэн. “[Эгч нар аа, бидэнд] та нарын хүч чадал, хөрвөлт, итгэл үнэмшил, удирдах чадвар, мэргэн ухаан, дуу хоолой хэрэгтэй. Ариун нандин гэрээ байгуулж, тэдгээрийг сахидаг, эмэгтэйчүүдгүйгээр Бурханы хаант улс бүрэн биш бөгөөд бүрэн байж чадахгүй!”
Хайрт ах, эгч нар аа, Сүм болон Их Эзэн та нарт амьдралын эдгээр зорилгоо биелүүлэхэд туслах хүчирхэг эх сурвалжуудыг санал болгодог.
Судруудыг унш, Ирээд, Намайг дага болон институтийн хөтөлбөрүүдийг дага, залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэйгээ зорилготойгоор ярилц, сүмдээ яв, мөн сайн мэдээний үнэн болон заадаг зүйлсийг амьдралдаа хэрэгжүүл. Гэрээ байгуулж, гэрээгээ сахь. Өршөөл хүртэхийн тулд наманчлалыг хэрэгжүүл. Тэнгэрлэг Эцэгтээ итгэ. Есүс Христэд итгэ. Тэд та нарыг чиглүүлэх болно. Тэд та нарт хайртай. Тэд үнэхээр байдаг.
Хайрт залуу найзууд минь ээ, намайг та нарын хүн нэг бүрд хайртай, та нарт талархдаг гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Миний залбирал, адислалууд та нартай хамт байх болно. Та нар бол дэлхийн түүхэн дэх энэ цаг үед энэхүү гайхамшигт, ариун нандин ажлын нэгэн чухал хэсэг юм шүү. Үүнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.