2024 оны онцгой цугларалтууд
Тэдгээр зүйлийг байгаагаар нь 2.0


35:48

Тэдгээр зүйлийг байгаагаар нь 2.0

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2024 оны 11-р сарын 3-ны ням гараг

Сюзан бид хоёр та нартай хамт шүтэн биширч, суралцах энэ боломжид талархаж байна. Бид та нарт хайртай! Дэлхийн хаана ч байсан та нартаа бид хайртай!

Бид сонсох хэрэгтэй зүйлээ сонсож, харах хэрэгтэй зүйлээ олж харахад маань Ариун Сүнс бидний хүн нэг бүрийг адислахын төлөө бид чин сэтгэлээсээ залбирч байна. Тэгснээр бид Аврагчийг дагаж, Түүнд үйлчлэх илүү их хүсэлтэйгээр, итгэлтэйгээр урагш тэмүүлж чадна.

Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе

Бид сайн мэдээний сүүлийн эрин үеийн гайхамшиг болсон цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдрахаар адислагдсан. Өөрсдийн амьдарч буй онцгой өдрүүдийн талаар сурч мэдэн, үнэ цэнийг нь илүү бүрэн дүүрэн ойлгож авахад ариун судрууд болон бошиглолын мэдэгдлүүд бидэнд тусалдаг.

Бошиглогч Иосеф Смит: “Сионыг байгуулах нь эрин зуун бүхэнд Бурханы хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн зорилго юм. Энэ бол бошиглогч, санваартнууд болон хаад онцгой баяртайгаар сэтгэл зүрхэндээ тээж ирсэн сэдэв мөн. Тэд өдгөө бидний амьдарч байгаа үеийг баяртайгаар хүсэн хүлээж, тэнгэрээс сүнсээр нөлөөлөгдөн, манай өнөө үеийн тухай дуулж, бошиглож байсан билээ. Гэвч тэд энэ үеийг үзэлгүйгээр хорвоог орхисон. … Бид хожмын үеийн алдар сууг нүдээр харж, үүнд оролцон, урагш ахиулахад тусалж байгаагаа мэдэрдэг билээ” хэмээн тунхагласан.

Өөр нэг тохиолдолд бошиглогч: “Дээрх агуу зорилгуудыг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэрийн санваар[ыг атгагчид] газрынхтай нэгдэх болно; … Бурхан болон тэнгэр элчүүд баяр баясгалантайгаар бясалган бодож байсан, эртний патриархууд хийгээд бошиглогчдын бодгальд сүнслэгээр нөлөөлсөн өнгөрсөн үеийнхний ажил; харанхуйн хүчнүүдийн устгалыг тохиолгон авчрах хувь тохиолтой ажил, газар дэлхийн шинэчлэл, Бурханы алдар суу болон хүн төрөлхтний гэр бүлийн авралыг тохиолгох ажлыг буюу” хэмээн илчилсэн.

Хожмын өдрүүдийн сүнслэг ач холбогдол нь олон зууны туршид бошиглогчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Мөн бидний амьдарч байгаа онцгой үе одоо үргэлжилсээр байгаа бөгөөд гайхам сүнслэг өсөлт болон үйл явдлуудаар дүүрэн байсаар байх болно.

Дэлхий ертөнцийн энэхүү онцгой үед технологийн гүйцэтгэж буй үүрэг

Өнөөдөр бидэнд байгаа бүрэн дүүрэн байдлын нэг чухал хэсэг бол Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг боломжтой болгож хурдасгасан шинэ санаачилга, зохион бүтээх ахиц дэвшлийн гайхамшгууд юм. Галт тэрэг, телеграф, радио, автомашин, нисэх онгоц, утас, хагас дамжуулагч төхөөрөмж, зурагт, компьютер, хиймэл дагуулын сүлжээ, интернэт, хиймэл оюун ухаан гэх зэрэг бидний амьдралыг адисалдаг тоо томшгүй олон технологийн жагсаалт бий. Эдгээр бүх хөгжил дэвшил бол Их Эзэн хожмын өдрүүдэд ажлаа хурдасгаж байгаагийн нэг хэлбэр юм.

1862 онд Бригам Янг: “Хүн төрөлхтөнд ашиг тустай, шинжлэх ухаан болон урлагийн нээлт болгон Бурханаас шууд илчлэлээр ирсэн бөгөөд зөвхөн цөөн хүн л үүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь үнэн эцсийн эцэст ялан дийлж болохын тулд мөн нүглийн хүч болон Сатанаас дэлхийг гэтэлгэх арга замыг бэлтгэх зорилготойгоор өгөгдсөн юм. Бид эдгээр бүх шинэ нээлт, олон үеийн турш цогцолсон мэргэн ухааныг өөрсдийн тусын тулд ашиглан, үр хүүхдүүддээ ашиг тустай мэдлэгийн тал бүрийг өгч, агуу ажилд өөрсдийн үүргээ үр дүнтэйгээр биелүүлж эхлэхэд нь тэднийг бэлтгэх ёстой” хэмээн тунхагласан.

1966 онд ерөнхийлөгч Дэвид О.Маккэй “бодол санааг гайхшируулах” шинжлэх ухааны нээлтүүд нь ястан, хэлтэн мөн ард түмэн болгонд сайн мэдээг номлох боломжийг олгоно” гэж бошиглосон. Мөн үргэлжлүүлэн, “Тийм их хүч нөлөөтэй нээлтүүд нь нэг бол хүмүүнийг адисална, эс бөгөөс сүйрүүлнэ. Тэдгээрийг удирдах нь хүмүүний гарт өгөгдсөн хамгийн агуу үүрэг хариуцлага байх болно. … Энэ цаг үе хэмжээлшгүй аюул, хэлж барамгүй боломжуудаар дүүрэн юм” гэж хэлсэн.

Тэдгээр зүйлийг байгаагаар нь

15 жилийн өмнө залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтын үеэр би Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөний талаар ярьсан юм. Би Эцэгийн төлөвлөгөөнд бидний бие махбод ямар ач холбогдолтой талаар, Люсифер хэрхэн биднийг биеэ буруугаар ашиглаж, эрхэмлэхгүй байхад уруу татдаг талаар онцлон ярьсан бөгөөд мөн дижитал технологи бидний бодгальд болон бусад хүнтэй харилцах харилцаа холбоонд маань хор хөнөөлтэй үр дүн үзүүлж болох талаар сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөсөн.

Дижитал нээлт, бас үүний хурдан түргэн хувьсал нь зөвхөн сайн эсвэл муу зүйл биш гэдгийг онцлон хэлсэн. Харин, шинэ нээлт болон өөрчлөлтийг аз жаргалын мөнхийн төлөвлөгөөний хүрээнд ойлгох нь жинхэнэ бэрхшээл гэдгийг мөн анхааруулсан. Би та нарт эдгээр технологийг зөв ашиглах тухай “хувьдаа тунгаан, залбиралтайгаар судлах хоёр асуултыг“ санал болгож байна:

  1. “Олон янзын техник технологи, мэдээллийн хэрэгслийг ашиглах нь таны амьдралд Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг урьдаг уу эсвэл үүнд саад болдог уу?

  2. Олон янзын техник технологи болон мэдээллийн хэрэгсэл ашиглахад зарцуулж байгаа цаг миний ухаалгаар амьдрах, хайрлуулах, үйлчлэх чадваруудыг өсгөж байна уу эсвэл хязгаарлаж байна уу?“

2009 оны миний захиас “Тэдгээр зүйлийг байгаагаар нь” гэдэг нэртэй байсан. Энэ нь тэр үеийн талаар байсан.

Өнөөдөр миний захиас “Тэдгээр зүйлийг байгаагаар нь 2.0” гэдэг нэртэй. Энэ нь одоо үеийн талаар юм.

Мэргэн байгтун

Энэ жилийн 1-р сард Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үгийнхээ төгсгөлд би өнөөдрийн энэ захиасныхаа анхны хувилбарыг хуваалцсан.

“Та нар Есүс Христийн сайн мэдээг сурч мэдэхээр мөн хийх ёстой ажлаа биелүүлэхээр хичээх үедээ орчин цагийн технологи бүхий хэрэгслүүдийг ашиглах тал дээр мэргэн байхыг би онцлон ухуулж байна. Хиймэл оюун ухаан гэх мэт шинэ нээлт нь чамд (1) гайхалтай адислалуудыг хүлээн авахад тусалж, бас (2) ёс суртахууны сонгох эрхийг чинь хясаж, боомилж [чадна]. Амьдралд чинь хэрэгтэй адислалуудыг урьдаг зөв шударга үйлсээс зайлсхийж, үүнийг тойрч гарахад уруу татах боломжийг орчин үеийн технологийн нарийвчлал, хурд, амар хялбар байдалд бүү олгоорой. Хайрт ах эгч нар минь, сүнслэг байдалд түргэн очих зам, амархан өөрчлөлт гэж байдаггүй.”

Би өмнө нь өгсөн мэдэгдэлдээ онцолсон гурван сэдэв дээр буюу хиймэл оюун ухаан, ёс суртахууны сонгох эрх, зөв шударга үйлс гэсэн гурван сэдэв дээр одоо төвлөрье.

Хиймэл оюун ухаан

AI гэж олонтоо нэрлэгддэг хиймэл оюун ухаан нь хүний оюун ухаан болон асуудал шийдвэрлэх чадварыг дуурайх боломжийг компьютер, төхөөрөмжүүдэд олгодог технологи юм. Сүүлийн жилүүдэд, хиймэл оюун ухааны технологийн хөгжил болон үүний ашиглалт нь маш хурдацтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд хүний амьдралын бараг бүх талбарт буюу эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсрол, уран барилга, барилга байгууламж, харилцаа холбоо, эдийн засаг, жижиглэн худалдаа, үйлдвэрлэлд болон өөр олон талбарт нөлөөлж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ ийн өргөн тархах энэ үед ерөнхийлөгч Маккэйн бошиглосноор хэмжээлшгүй аюул, хэлж барамгүй боломжууд илүү ихээр тодрон гарч ирж байна.

Энэ гайхалтай технологи нь амьдралын чанарыг сайжруулж, харилцаа холбоог хялбаршуулж, хувиараа сурч хөгжих боломжийг нэмэгдүүлж, бүтээлч байдал, шинэлэг санааг тэтгэснээр мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломжийг санал болгож байна.

Түүнчлэн хиймэл оюун ухаан нь хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд болох бидний мөн чанарыг бүдгэрүүлж, сүнслэг өсөлт хөгжилд шаардлагатай мөнхийн үнэн, зөв шударга үйлсээс биднийг сатааруулан, бардамнал руу хөтөлж, Бурханаас хамааралтай гэсэн мэдлэгийг маань бууруулж, хүмүүсийн хоорондын утга учиртай харилцааг гажуудуулж эсвэл ямар нэг зүйлээр орлуулж чадна.

“Тэд мэдлэгтэй болоод өөрсдийгөө ухаантай хэмээн боддог, мөн тэд Бурханы зөвлөмжийг эс анхаардаг, учир нь тэд үл ойшоож, тэд өөрсдөө мэднэ гэж боддог, иймийн тул, тэдний мэргэн ухаан нь тэнэглэл байж мөн энэ нь тэдэнд ашгийг эс өгнө. Мөн тэд мөхөх болно.

Гэвч хэрэв тэд Бурханы зөвлөмжийг анхааран сонсох аваас мэдлэгтэй байх нь сайн хэрэг.”

Дараах аюулт жишээг тунгаан бодоорой. Хиймэл оюун ухааныг ашиглан бий болгосон найз охин эсвэл найз залуу нь “сэтгэл санааны болон нийгмийн өргөн хүрээний хэрэгцээг хангахаар сэтгэл татам, донтуулагч мэдрэмжүүдийг [өгөх зорилготойгоор] нарийн зохион бүтээгдэж болно.”

“Хүний хэрэгцээнд тулгуурласан байдал нь холбоо харилцаа үүсгэж, ойлголцож байгаа [мэдрэмжийг] төрүүлдэг бөгөөд эдгээр үүсгэмэл хамтрагчтай харилцах харилцааг ихэд хүсэмжит болгодог. Тэдгээрийг хэзээд ашиглах боломж болон бодит хүмүүсийн хоорондын харилцаанд байдаг дутагдалтай чанаруудын улмаас энэ ер бусын хүсэл өсөн нэмэгдсээр байна. [Чухал] он сар өдрийг санахаас авхуулаад байнга ойлгомжтой байдлаар хариулдаг эдгээр хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн [хамтрагчид] нь мөрөөдлийн хамтрагчийн үүргийг [гүйцэлдүүлэхээр] программчлагдсан байдаг нь тэдэнд татагдахад хүргэж,” хүмүүсийн хоорондын харилцааны “зүйлсийг байгаагаар нь” хүлээн авах байдлыг гажуудуулдаг.

Түүнээс гадна, хүний сэтгэл санааны хэрэгцээг даган өөрчлөгдөж, хөгжихөөр бүтээгдсэн үүсгэмэл хамтрагч нь өмнө нь аюулгүй байсан харилцааг сүйтгэж болох юм. Энэ төрлийн виртуал харилцаа нь нүүрстөрөгчийн дутуу исэл адил жинхэнэ бодит холбоо харилцааны “үл үзэгдэгч алуурчин” болж болно. Сэтгэл санааны хуурмаг дотносол нь хоёр хүнийг хооронд нь холбодог жинхэнэ амьдрал дээрх сэтгэл санааны дотнослыг орлож болзошгүй. Хүн эхнэр, нөхөр хоорондын нэгнээсээ шалтгаалах харилцааг сэвтээх замаар үүсгэмэл хамтрагчаас тайтгарал, тайвшралыг олж болох юм. Мөн үүсгэмэл хамтрагч бол “бодит” бус бөгөөд хүн биш тул зарим хүн гагцхүү эхнэр, нөхөртөө өгсөн амлалтаа зөрчиж буй гэдгээ ойлголгүйгээр энэ хавханд унаж болно.

AI буюу хиймэл оюун ухааны үүсгэсэн хамтрагч нь зөвхөн математикийн алгоритм гэдгийг үргэлж сана. Энэ нь чамд дуртай биш. Энэ нь чамд санаа тавьдаггүй. Энэ нь чиний үнэхээр байдаг эсэхийг ч мэдэхгүй. Дахин хэлэхэд, хэрвээ чи боломжийг нь олговол энэ бол өөрийг чинь үйлдүүлэх амьгүй биеттэй адилтган үзэх компьютерын тэгшитгэл юм шүү. Энэ технологид чамайг амьгүй биет болгон ашиглахыг бүү зөвшөөр.

Энэ жишээ бол хиймэл оюун ухааныг дагалдан гарч болзошгүй сая сая ноцтой аюулын нэг юм.

Би хиймэл оюун ухааныг угаасаа муу гэж хэлэх гээгүй юм шүү. Энэ нь тийм биш. Түүнчлэн би суралцах, мэдээлэл солилцох, бусдын амьдралыг өргөж, гэрэл гэгээтэй болгох, Сүмийг бэхжүүлэн, хүчирхэгжүүлэхэд хиймэл оюун ухааны олон чадавхыг зохих байдлаар хэрэглэх ёсгүй гэж хэлж байгаа юм биш. Бид энэ чадавхыг нь ашиглах нь зүйтэй юм. Бид хиймэл оюун ухаанаас айж, нуугдахыг оролдох шаардлагагүй. Харин бид энэхүү гайхамшигтай технологийн ноцтой аюулыг мэдэж, үүнээс хамгаалж байгаа цагт ёс суртахууны хувьд зөвт боломжуудыг нь бүрэн ойлгож чадна.

Сүнслэг байдал болон технологийн амаргүй зохицлыг тэнцвэртэй байлгахын тулд Хожмын үеийн гэгээнтнүүд (1) хиймэл оюун ухааныг ашиглахад удирдамж болох сайн мэдээний зарчмуудыг даруухнаар, залбиралтайгаар танин мэдэж, (2) Ариун Сүнсний нөхөрлөлийн болон илчлэлийн сүнслэг бэлгийг хүлээн авахын төлөө чин сэтгэлээсээ хичээх хэрэгтэй.

Энэ жилийн эхээр Сүмээс боловсруулан гаргасан, AI удирдах зарчим-ыг уншиж, судлахад би та бүхнийг урьж байна. Эдгээр зарчим нь Сүм хиймэл оюун ухааныг хэрхэн ашигладаг талаарх удирдамжаар хангаж, технологийг зүй бусаар ашиглах аюулаас өөрийгөө хамгаалах хамгаалалтыг бий болгох баттай үндэс сууриар хангах болно.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр дуудагдсаны дараах анхныхаа Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон амьдралдаа хувийн гэрчлэл авахын ач холбогдлыг тодотгон дурдсан. Тэрээр: “Бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын энэ дэлхийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна. Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн хэлсэн.

Бурхан минь, бид бошиглогч байгаад талархаж байна. Бид ерөнхийлөгч Дэвид О.Маккэй болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сэрэмжлүүлэгт талархаж байна.

Ёс суртахууны сонгох эрх

Хиймэл оюун ухаан нь ёс суртахууны сонгох эрхийг хясаж, боомилох чадвартай гэж би өмнө нь дурдсан. Энэ мэдэгдэл ямар утгатай вэ, бас ийм зүйл хэрхэн тохиолдож болох вэ?

Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөний хамгийн гол зорилго бол Өөрийн хүүхдүүдэд бие махбодыг хүлээн авч, мөнх бус амьдралын туршлагаар дамжуулан “сайныг муугаас” ялган сурч, сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, мөнхөд өсөж хөгжих боломжуудыг олгох явдал юм. Ёс суртахууны сонгох эрх нь Өөрийнхөө охид, хөвгүүдэд үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах Бурханы төлөвлөгөөний гол бүрдэл хэсэг юм.

Ёс суртахууны сонгох эрх гэдэг хэллэг нь сургамжит утгыг агуулдаг. Ёс суртахуун гэдэг үгтэй адил утгатай үгсэд “сайн,” “шударга,” “ёс зүйтэй,” “хүндэтгэл хүлээсэн” гэдэг үгс багтаж болно. Сонгох эрх гэдэг үгтэй адил утгатай үгсэд “үйлдэл,” “үйл ажиллагаа,” “үйлс” гэдэг үгс багтаж болно. Иймээс, ёс суртахууны сонгох эрх гэдгийг сайн, зөв шударга, ёс зүйтэй, хүндэтгэл хүлээсэн арга замаар өөрсдийн төлөө сонгож, үйлдэх чадвар болон онцгой эрх гэж ойлгож болох юм.

Бурханы бүтээлд “үйлдэх зүйлс болон үйлдүүлэх зүйлс” аль аль нь багтдаг билээ. Ёс суртахууны сонгох эрх нь тэнгэрлэг арга замаар бий болсон “бие даан үйлдэх хүч” бөгөөд энэ нь бидэнд Бурханы хүүхдүүдийн хувьд үйлдүүлэх амьгүй биет адил бус харин үйлдэх нэгэн болох хүчийг өгдөг.

Их Эзэн сургаалын энэхүү тодорхой ойлголтын талаар Енохт заасан юм.

“Өөрийн эдгээр ах дүүсийг болгоогтун; тэд бол миний мутрын бүтээл билээ, мөн би тэднийг бүтээсэн тэр өдөр тэдний мэдлэгийг би тэдэнд өгсөн бөлгөө; мөн би Едений цэцэрлэгт хүнд сонгох эрхийг нь өгсөн билээ;

Мөн тэд бие биеэ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстойг би чиний ах дүүст хэлж, мөн тэрчлэн зарлиг өгсөн билээ.”

Сонгох эрхийг хэрэгжүүлэхийн үндсэн гол зорилго бол нэг нэгнээ хайрлаж, Бурханыг сонгох явдал гэдгийг санаарай. Бидэнд ийн үйлдэхийг сэрэмжлүүлж, яаруулж, зөвлөөгүй бөгөөд харин өөрсдийн сонгох эрхийг үйлдэл болгон ашиглаж, нэг нэгнээ хайрлан, Бурханыг сонгоход ашиглахыг зарлигласан.

Бидний мэдэх “Зөвийг сонго” гэдэг дууллыг ингэж нэрлэсэн нь учир шалтгаантай. Биднийг дуртай цагтаа хүссэнээ хий гэж ёс суртахууны сонгох эрхээр адислаагүй юм. Харин бид Эцэгийн төлөвлөгөөний дагуу мөнхийн үнэнийг эрж хайн, үүний дагуу үйлдэхээр ёс суртахууны сонгох эрхийг хүлээн авсан билээ. Бид “[өөрсдийнхөө] төлөө сонгогчид” учраас сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, “чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах” ёстой.

Ёс суртахууны сонгох эрхийн амин чухал ач холбогдлыг мөнх бус амьдралын өмнөх оршихуй дахь зөвлөгөөний тухай өгүүлэх судрын бичвэрт онцолсон байдаг. Люсифер Эцэгийн төлөвлөгөөг илт эсэргүүцсэн бөгөөд түүний илэрхий эсэргүүцэл нь ёс суртахууны сонгох эрхийн зарчим дээр шууд төвлөрсөн байсан.

“Иймийн тул, Сатан миний эсрэг бослого гарган … хүмүүнд өгсөн сонгох эрхийг устгахаар эрэлхийлсэн учир би … түүнийг доош хаягдахаар болгосон бөлгөө.”

Дайсны хувиа бодсон төлөвлөгөө нь Бурханы охид, хөвгүүдээс зөв шударгаар үйлдэн “өөрсдийнхөө төлөө сонгогчид” болох бэлгийг нь үгүй болгох явдал байв. Түүний зорилго нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг зөвхөн үйлдүүлэх амьгүй биет адил болгох явдал байсан.

“Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг” тэд хийх нь үү гэдгийг харахын тулд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг шалгах газар болгохоор дэлхийг бүтээсэн билээ. Бүтээлт болон бидний мөнх бус оршихуйн гол зорилго бол Их Эзэний та биднийг болоосой хэмээн урьж байгаа тэр нэгэн болгох сонголтыг хийж, үйлдэх эсэхийг харах явдал юм. Ерөнхийлөгч Нэлсоны тунхагласнаар, “Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд та нарыг Өөр дээр нь, гэртээ ирээсэй хэмээн хүсдэг. Түүний мөнхийн хөгжил дэвшлийн төлөвлөгөө төвөгтэй зүйл биш бөгөөд энэ нь таны сонгох эрхийг хүндэтгэдэг.”

Тэнгэрлэг Эцэг, мөн Түүний хайрт Хүү, Их Эзэн, Есүс Христийн оршихуйд гэр бүлтэйгээ селестиел сүр жавхланд амьдрах нь бидний найдвар, хүсэл тэмүүлэл билээ. Энэ болон бусад олон шалтгааны улмаас, ерөнхийлөгч Нэлсон биднийг “селестиел ухаанаар бодохыг” урьсан.

Болгоомжтой бай. Хиймэл оюун ухааны онцлог чанар болсон хялбар хэрэглээ, ойлгомжтой нарийвчлал, шуурхай хариу үйлдэл нь ёс суртахууны сонгох эрхээ ашиглах үед биднийг төөрөгдүүлж, донтуулж, боомилох боломжтой. Хиймэл оюун ухаан нь өнгөн дээрээ шинжлэх ухааны хөгжлийн олон амлалт өгөхийн хажуугаар найдвартайд тооцогдох болсон учир биднийг ёс суртахууны үнэт сонгох эрхээ зөвхөн “телестиел ухаанаар бодох” технологиор гэнэдэн солиход уруу татаж болох юм. Ингэснээр бид үйлдэгчээс зөвхөн үйлдүүлэгч амьгүй биет адил болж аажмаар өөрчлөгдөж болох юм. Мөн бид мөнх бус байдлын өмнөх амьдралд гүйцэлдүүлж чадаагүй зүйлээ энэ дэлхийд гүйцэлдүүлэхэд нь Люсиферт санаандгүй тусалж ч болох юм.

Үнэн гэдэг бол юмсын бодит байдлын тухай мэдлэг юм. Хиймэл оюун ухаан нь бидний амьдрал дахь Ариун Сүнсний нөлөөг дуурайж, хуулбарлаж эсвэл орлож чадахгүй. Хиймэл оюун ухааны технологи эцэстээ хэчнээн ухаалаг, сэтгэл татам болсон ч хэзээ ч Эцэг, Хүүгийн талаар гэрчилж, бүх зүйлийн үнэнийг илчлэн, наманчлан, баптисм хүртсэн тэднийг цэвэршүүлж чадахгүй.

Үнэн гэдэг бол ирээдүйд юмс ямар байх тухай мэдлэг юм. Бид өөрсдийн ёс суртахууны сонгох эрхийг Бурханыг хайрлахад, ах эгч нартаа үйлчлэхэд, Ариун Сүнсийг өөрсдийн хөтөч байлгахын тулд хамгаалж, ашиглаж чадахуйц ухаалаг мэргэн байснаар бид худал хуурмагаас зайлсхийж, өөрсдийн амьдарч буй бэрхшээлтэй хийгээд адислагдсан энэхүү цаг үед сүнслэг байдлын хувьд өсөн хөгжиж чадна.

Зөв шударга үйлс

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаар ойлгох нь сүнслэг байдлын ахиц дэвшилд зөв шударга үйлс шаардлагатай гэдгийг ухаарахад бидэнд тусалдаг.

Бурханы охид, хөвгүүдийн хувьд “[бидний нэг] бүр бурханлаг мөн чанар, хувь тавилантай” бөгөөд Түүнээс сүнслэг чадавхыг өвлөн авсан билээ. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний хайрт Хүү хоёр бол бүтээгчид бөгөөд бүтээх хүчнийхээ нэг хэсгийг мөнх бус амьдралд бидэнд даатган өгсөн. Бидний хөдөлмөрлөх, бүтээх өвөрмөц чадвар бол сүнслэг байдлын хувьд маш чухал юм. Учир нь энэ нь Бурханы төлөвлөгөөний гол хэсэг ба бидний бурханлаг чадавхыг бүрдүүлдэг хамгийн чухал шинж чанаруудын нэг юм.

Ерөнхийлөгч Томас С.Монсон ийн тайлбарласан: “Бурхан [эрэгтэй, эмэгтэйчүүдийг] чадвараар нь хөдөлмөрлүүлэхийн тулд энэ дэлхийг бүтээхдээ дуусгалгүй үлдээсэн. Тэрээр үүлэнд цахилгаан, газарт тос үлдээсэн. Тэрээр голыг гүүргүйгээр, дэлхийг дүүрэн ой модгүйгээр, хотуудыг барилгүйгээр үлдээсэн. Бурхан [бидэнд] боловсруулсан амар хялбар зүйлсийг биш түүхий эдүүдийг боловсруулж ашиглах сорилыг өгсөн. Тэрээр зургийг будаггүйгээр, хөгжмийг дуугүйгээр, асуудлыг шийдэлгүйгээр үлдээсэн учир [бид] бүтээхийн баяр хөөр, сүр жавхланг ойлгож болох буюу.”

Ёс суртахууны сонгох эрх, өөрсдөө сонгогч байх, зөв шударга үйлс нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд үнэхээр хүчтэй арга замаар холбогдсон байдаг. Жишээлбэл: Lectures on Faith номд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн тодорхойлсон талаар бодоод үзээрэй.

“[Христэд] итгэх итгэл бол илчлэгдсэн шашны анхдагч зарчим бөгөөд бүх зөв шударгын үндэс суурь юм. Түүнчлэн энэ нь оюун ухаантай бүх оршихуйн үйлдэл хийх зарчим билээ.”

Христэд итгэх итгэлийн сүнслэг бэлэг нь үйлдэл гарган, Түүнийг дагаж, Түүний сургаалын дагуу амьдарч, Түүний зарлигуудыг сахин, гэрээнүүдээр дамжуулан өөрсдийгөө Түүнтэй холбон, Түүний амлалтуудад итгэж найдан, бидний амьдрал дахь Түүний хүсэл, цаг хугацааг даруухнаар хүлээн зөвшөөрөх ёс суртахууны сонгох эрхийг хэрэгжүүлэхийг багтаадаг. Гэтэлгэгчийн тунхагласан сургаал болон зөв зарчмуудын дагуу үйлдэх нь чухал. Учир нь “үйлсгүй итгэл нь ашиггүй” юм.

Түүнчлэн Lectures on Faith дээрээс бид “итгэл нь үйлдлийн зарчим төдийгүй, түүнчлэн … тэнгэр болон газар дэлхий дээрх хүчний зарчим юм” гэдгийг сурдаг. Есүс Христэд итгэх итгэл бидний сүнслэг чадавх, хүчийг нэмэгдүүлэх зөв шударга үйлдэлд хөтөлдөг.

Тиймийн тул, Христийн итгэлтэй шавь нар бол санаа сэтгэлээ бүрэн зориулдаг хөдөлмөрлөгчид юм. Яагаад гэвэл “хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм.” Үнэнч шавь нар өөрсдийн хувийн чадавх хийгээд нөхцөл байдлын дагуу, амьдралдаа мөн бусдад үзүүлэх үйлчлэлдээ материаллаг болон сүнслэг байдлын хувьд аль алинд нь ухамсарт сонгогчийн хувиар байнга үйлддэг.

Аврагчид итгэх итгэл бол үйлдэл мөн хүч чадлын зарчим гэдгийг ойлгох нь Түүнд итгэх итгэл, найдварын суурь илэрхийлэл болсон зөв шударга үйлсийн тасралтгүй үргэлжлэх загвар хийгээд суралцаж, өсөн хөгжих эх сурвалж руу чиглүүлдэг. Эдгээр чухал шалтгааны улмаас үйлс нь бидний сүнслэг ахиц дэвшилд нэн чухал юм.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон: “Бидний сайн мэдээ Христийн жинхэнэ хайрын сүнсэнд бусдад хүрдэг, аминч бус, утга учиртай үйлсийг агуулдаг. Зөвхөн ингэж байж л бид бурханлаг чанаруудаа хөгжүүлэх боломжтой. Зөвхөн ингэж байж л бид Их Эзэний мутар дахь зохистой зэмсэг болох боломжтой” хэмээн заасан.

Миний зовнилыг маш ихээр төрүүлдэг зүйлсийн нэг бол хиймэл оюун ухааны технологид хэт их тулгуурласнаар бид сүнслэг байдлын хувьд залхуу, хайхрамжгүй болж, мөн зөв шударга ажлаар дамжин ирэх адислалуудыг алдах явдал юм.

Миний гайхширлыг төрүүлж буй зүйл бол дараагийн ням гарагт ариун ёслолын цуглаанд өгөх хэдэн захиасыг мөн ням гаргийн ангийн, санваарын, Халамжийн нийгэмлэгийн хэдэн хичээлийг хиймэл оюун ухааныг ашиглан гаргасан байх бол? Дижитал хэрэгсэлдээ хэдхэн үг хэлээд л, цөөн хэдэн секунд, минут хүлээхэд та хэрэгтэй зүйлээ олж авч байна. Гэхдээ үнэндээ та хэрэгтэй зүйлээ үнэхээр авч чаддаг уу?

Хиймэл оюун ухаан нь мэдээлэл цуглуулж, бидний бодлыг шүүмжилж, бидний бичих хэв маягийг үнэлж, “шат шатаар, дүрэм дүрмээр” дэс дараалалтай сурах үйл явцыг хурдасгахад тусалж чаддаг гэж би боддог. Гэхдээ бүтээж, ажиллах тэнгэрлэг чадавх нь Бурханы охид, хөвгүүдийн хувьд бидний нэг бүрд онцгой өвөрмөц байдлаар илэрдэг. Бид хиймэл оюун ухааныг ашиглан ариун ёслолын цуглаанд зориулан гайхалтай агуулгатай яриаг бэлтгэж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэхдээ сэтгэл хөдөлгөм агуулгыг зүгээр нэг бий болгож, ярих биш, харин Бурханы биднийг болоосой хэмээн хүсэж, тэмүүлж байгаа нэгэн болохын төлөө хөдөлмөрлөж, болох нь гол зорилго юм.

Би хувьдаа өөрийн хэлэх үг, нийтлэл, өөр бусад төсөл дэх агуулгаа бэлдэж, бичихдээ энэхүү технологийг ашигладаггүй. Энэ бол миний хичээнгүй зүтгэл, бүтээлч ажил, мөн хамгийн чухал нь Ариун Сүнснээс ирэх өдөөлтөд нээлттэй байхыг зорих зүтгэл маань юм.

Би өөрийн ажлыг үнэлж цэгнэхийн тулд энэ технологийг ашигладаг. Жишээлбэл: Миний одоо та нарт хэлж байгаа энэ захиасыг бичиж дууссаныхаа дараа би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхийн даяарх залуу гишүүдэд зориулсан энэхүү үгийн өнгө аясыг шинжлэн, дүгнэхийг Хиймэл оюун ухааны аппликэйшнаас хүссэн юм. Энэ бол миний хүлээж авсан үнэлгээ:

“Зохиогч сүнслэг байдлын бодит мөн чанарыг амьдралын төөрөгдлөөс ялган таних ач холбогдлын талаар заахын тулд судрын эшлэлийг болон хувийн туршлагаасаа хуваалцсан ба энэ үг нь чин сэтгэлийн бөгөөд сургамжит өнгө аястай байна. Зохиогч залуучуудыг өдөр тутмын амьдралдаа илчлэлийг эрэлхийлж, Аврагчийн жишээг дагахад урьж байгаа нь энэ үг түүнчлэн найдвар ба урам өгөхүйц аястай байна. Энэ үг нь сонсогчдод итгэлтэй байхыг мөн үйлдэхийг өдөөж, Сатаны худал үгсэд хууртагдах аюулаас сэрэмжлүүлж байна.”

Энэ үнэлгээ дээр үндэслэн би энэ захиасыг маань ерөнхийд нь сайжруулсан гэж найдан хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн.

Хайрт ах эгч нар аа, бид “бүтээлтийн баяр баясгалан, алдар сууг [танин] мэдэ[х]” сүнслэг өвийг өвлөх эрхээ асуудлаар дүүрэн технологийн “шөл[өөр]” наймаалах ёсгүй гэдгээ үргэлж санах хэрэгтэй.

“Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл хүн юу тарьснаа л хурааж авдаг.

Учир нь махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Харин Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна.”

Ургац хураалтын хууль нь өчигдөр ч, өнөөдөр ч мөн мөнхөд үнэн юм.

Их Эзэнд хөрвөгдсөөр байх нь анхаарал, цуцашгүй чанар, зөв шударга үйлсийг шаарддаг. Бид Аврагчид итгэх итгэлээ ашиглан үйлдэж, үйлдүүлэх зүгээр нэг амьгүй биет бус харин үүнээс зайлсхийдэг сонгогчид болохын төлөө хичээх ёстой.

Үнэнч шавь болох нь анхаарал, цуцашгүй чанар, зөв шударга үйлсийг шаарддаг гэдгийг үргэлж санаж яваарай. Бид Аврагчид итгэх итгэлээ ашиглан үйлдэж, үйлдүүлэх зүгээр нэг амьгүй биет бус харин үүнээс зайлсхийдэг сонгогчид болохын төлөө хичээх ёстой.

Хувийн илчлэл нь анхаарал, цуцашгүй чанар, зөв шударга үйлсийг шаарддаг. Бид Аврагчид итгэх итгэлээ ашиглан үйлдэж, үйлдүүлэх зүгээр нэг амьгүй биет бус харин үүнээс зайлсхийдэг сонгогчид болохын төлөө хичээх ёстой.

Сүнсний бэлгүүдийг зөв зохистойгоор эрэлхийлэх нь анхаарал, цуцашгүй чанар, зөв шударга үйлсийг шаарддаг. Бид Аврагчид итгэх итгэлээ ашиглан үйлдэж, үйлдүүлэх зүгээр нэг амьгүй биет бус харин үүнээс зайлсхийдэг сонгогчид болохын төлөө хичээх ёстой.

Тодруулж хэлэхэд, бид зөвхөн өөрсдийн үйлсээр дамжуулан Бурханы адислалуудыг олж авах шаардлагыг хангадаггүй. Бурханы хүсэл болон цаг хугацаа нь бид Түүний нигүүлслийг хэрхэн, хэзээ хүлээн авахыг шийддэг. Гэхдээ та бидэнд хөдөлмөрлөх, бүтээх, өөрсдийнхөө төлөө сурч мэдэх сүнслэг үүрэг хариуцлага бий.

Амлалт ба гэрчлэл

Одоо бидний ярьж буй технологийн аюул ба боломжууд 2009 онд дөнгөж гарч ирж байх үед би сэрэмжлүүлгийн дуу хоолойг чин сэтгэлээсээ, тодорхой байдлаар, аминчлан хүргэж байсан. Энэ нь тэр үед байсан.

Өнөөдөр бидний ярьж буй технологийн аюул ба боломжууд одоо хаа сайгүй байгаа учир би сэрэмжлүүлгийн дуу хоолойг илүү чин сэтгэлээсээ, тодорхой байдлаар, аминчлан хүргэж байна. Энэ нь одоо тохиож байна.

Ариун Сүнс нь үнэнийг гэрчилдэг. Бидний арга барил болон агуулгын хувьд хэлж, хуваалцаж байгаа бүх зүйлийн үнэнийг болон жинхэнэ бодит байдлыг Ариун Сүнс үргэлж нотолж байгаад анхаарах үүрэг хариуцлага та бидэнд бий. Бид технологийг Ариун Сүнсний хүчээр ирдэг удирдамж, хамгаалалт, сэрэмжлүүлгийн тусламжтайгаар зөв зохистой ашиглаж сурна гэдэг нь бид бүгдэд ирсэн амлалт юм.

Бид “бодол болгондоо [Аврагчид] ханда[н]” мөн Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлэх үедээ Их Эзэний сүнсний номхон даруу байдалд алхаж, Түүгээр дамжин амар амгаланг авахаар адислагдах болно хэмээн би амлаж байна. Бид “эргэлз[эж], ай[лгүйгээр],” бүх зүйлийн үнэнийг, бүр “тэдгээр зүйлийг байгаагаар” нь ялган таних болно.

Тэнгэрлэг Эцэг маань амьд бөгөөд авралын агуу төлөвлөгөөний зохиогч гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол Эцэгийн хайртай Төрсөн Ганц Хүү гэдгийг би гэрчилж байна. Тэр амилсан гэдгийг би гэрчилж байна. Тэр амьд. Тэр бол бидний Гэтэлгэгч бөгөөд Аврагч юм. Бид цаг хугацааны бүрэн байдлын гайхамшигтай эрин үед амьдрахаар адислагдсан гэдгийг би гэрчилж байна. Би эдгээр үнэний тухай гэрчлэлээ Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр баяр хөөртэйгөөр хуваалцлаа, амен.

Тайлбар

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2011], 581.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 514–515.

  3. Бригам Янг, Journal of Discourses, 9:369.

  4. David O. McKay, in Conference Report, Oct. 1966, 4.

  5. (David A. Bednar, “Things as They Really Are,” Ensign, June 2010, 21)

  6. Иаков 6:12-ыг үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээнүүд 101:78-ыг үзнэ үү.

  8. David A. Bednar, “‘Consider the Wondrous Works of God’ (Job 37:14)” (Brigham Young University devotional, Jan. 23, 2024), 6; тодотгол нэмсэн.

  9. 2 Нифай 9:28–29

  10. Daniel Martin, “7 Best AI Girlfriends Apps & Websites (November 2024),” Oct. 31, 2024, unite.ai.

  11. Daniel Martin, “7 Best AI Girlfriends Apps & Websites (November 2024),” Oct. 31, 2024, unite.ai.

  12. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 117, тодотгол нэмсэн.

  13. 2 Нифай 2:5.

  14. Мосе 1:39-ийг үзнэ үү.

  15. Merriam-Webster.com Thesaurus, “moral”-ыг үзнэ үү.

  16. Oxford English Dictionary, Historical Thesaurus, “agency,” www.oed.com-ыг үзнэ үү.

  17. Судруудын удирдамж, “Сонгох эрх,” Gospel Library-ыг үзнэ үү.

  18. 2 Нифай 2:14; мөн 13-р шүлгийг үзнэ үү.

  19. Дэвид О.Маккэй, Conference Report, Apr. 1950, 33. Мөн David O. McKay, “Free Agency … A Divine Gift,” Improvement Era, May 1950, 366-г үзнэ үү.

  20. Мосе 7:32–33

  21. Сургаал ба Гэрээнүүд 58:28

  22. Сургаал ба Гэрээ 58:27

  23. Мосе 4:3; тодотгол нэмсэн.

  24. Абрахам 3:25; тодотгол нэмсэн.

  25. Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона 2021 оны 10-р сар, 96, тодотголыг арилгасан.

  26. Рассэлл M.Нэлсон, “Селестиел ухаанаар бодогтун!,” Лиахона, 2023 оны 11-р сар, 118.

  27. 1 Коринт 12:3; 3 Нифай 28:11; Ифер 12:41-ийг үзнэ үү.

  28. Иохан 14:26; 16:13; Моронай 10:5; Сургаал ба Гэрээнүүд 39:6-г үзнэ үү.

  29. Иохан 3:5; 3 Нифай 27:20; Мосе 6:64–68-ыг үзнэ үү.

  30. Сургаал ба Гэрээ 45:57-г үзнэ үү.

  31. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library.

  32. Томас С.Монсон, “In Quest of the Abundant Life,” Ensign, Mar. 1988, 2.

  33. Lectures on Faith (1985), 1.

  34. Дэвид А.Бэднар, “Чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун,” Лиахона, 2023 оны 5-р сар, 123–126.

  35. Иаков 2:20

  36. Lectures on Faith (1985), 3.

  37. Иаков 2:14–26; Алма 7:24; 26:22; Ифер 12:4-ийг үзнэ үү.

  38. Сургаал ба Гэрээ 58:27–28-ыг үзнэ үү.

  39. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 266–267.

  40. 2 Нифай 28:30.

  41. Text generated by Microsoft Copilot, copilot.microsoft.com.

  42. Томас С.Монсон, “In Quest of the Abundant Life,” Ensign, Mar. 1988, 2.

  43. Эхлэл 25:19–34-ийг үзнэ үү.

  44. Галат 6:7–8

  45. 2 Нифай 2:13–14-ийг үзнэ үү.

  46. 2 Нифай 2:13–14-ийг үзнэ үү.

  47. 2 Нифай 2:13–14-ийг үзнэ үү.

  48. 2 Нифай 2:13–14-ийг үзнэ үү.

  49. Gerrit W. Gong, “Guiding Principles for the Church of Jesus Christ’s Use of Artificial Intelligence” (Leadership Enrichment meeting with Church workforce, Mar. 13, 2024); “Artificial Intelligence—Opportunities, Cautions, Church Guiding Principles” (general conference leadership meeting, Apr. 5, 2024)-ийг үзнэ үү.

  50. Сургаал ба Гэрээнүүд 6:36

  51. Сургаал ба Гэрээнүүд 19:23-ыг үзнэ үү.

  52. Сургаал ба Гэрээнүүд 6:36

  53. Сургаал ба Гэрээнүүд 93:26-г үзнэ үү.

  54. Иаков 4:13