Залуучуудад зориулсан онцгой цугларалтын захиас
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2024 оны 11-р сарын 3-ны ням гараг
Өөрсдийнхөө сайн мэддэг бас ихэд хайртай газар болсон Айдахо дахь БЯИС-д дахин ирэхэд үнэхээр сайхан байна. Ахлагч Бэднарыг Айдахо дахь БЯИС-ийн ерөнхийлөгчөөр үйлчилж байх үед манай хүүхдүүд залуу насан дээрээ байлаа. Өнөө орой бид тэр үеийн залуучуудын хүүхдүүдтэй хамт цугласан байна! Намайг оюундаа төрсөн бодол, зүрх сэтгэлдээ хүлээн авсан мэдрэмжээ хуваалцах үед надтай мөн та нартай Ариун Сүнс хамт байгаасай хэмээн би залбирч байна.
Хэдэн жилийн өмнө ахлагч Бэднар бид хоёр залуучуудын олон төлөөлөл оролцсон асуулт хариултын нэгэн онцгой цугларалтад очсон юм. Бидэнд илгээсэн зуу зуун асуултыг би саяхан нэг бүрчлэн уншсан ба олон асуулт айдас, итгэл, найдваргүй байдал, өөрт үүсдэг бага зэрэг эргэлзээний тухай байсанд сэтгэл минь хөндүүрлэсэн. Энэ орой би тэдгээрийн зарим дээр төвлөрөн үг хэлэхээр мөн одоо ба ирээдүйд та нарын туулах амьдралын аянд тус болно гэсэн найдлагыг тээн судрын зарчмаас болон хувийн туршлагаасаа та нартай хуваалцахаар шийдэн ирлээ.
Та нарын сонсох эдгээр асуулт та нарт байдаг байж болох юм:
-
Хэрхэн би айдсаа Христийнхтэй адил хайр ба итгэлээр солих вэ?
-
Би сул дорой байдлыг мэдэрсэн үедээ хэрхэн хүчтэй байх вэ?
-
Хэрхэн би Бурханд итгэж сурах вэ?
Бид бүгдэд энэ асуултууд тулгарч байсан гэдэгт би итгэлтэй байна.
Өнөө орой би Исаиа 41:10 гэсэн судрыг хэлэх үгнийхээ үндэс болгон ашиглахыг хүсэж байна.
“Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална. Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.”
Энэ судрыг хэсэгхэн хугацаанд хамтдаа судлах үедээ та нар айдсаа Христийнхтэй адил хайр ба итгэлээр солих өдөөлтийг хүлээн авч, сул дорой байдлыг мэдэрсэн үедээ хүчтэй байх гүн гүнзгий итгэл үнэмшлээ хадгалж, Бурханд итгэж сурах үедээ өөртөө итгэх итгэлийг олж авна хэмээн найдаж байна.
Эхлээд Исаиа 41:10-ын эхний хэсгийн тухай бодоцгооё.
“Би чамтай хамт, чи битгий ай! … чи бүү эмээ!”
Есүсийн амилсан өдөр Түүний хоёр дагалдагч Иерусалимаас Еммау гэдэг тосгон руу явсан тухай Лук 24 дээрх судрын түүхийг эргэн санацгаая.
Замд нь нэгэн үл таних хүн таарч цугтаа алхангаа яагаад гунигтай байгааг нь асуудаг. Иерусалимд болсон зүйлсийн тухай түүнийг юу ч мэдэхгүй байгаад тэд гайхсан ба өнгөрсөн гурван өдөрт тохиолдсон үйл явдлуудыг түүнд ярьж өгдөг. Тэд хэрхэн Есүсийг гүтгүүлж, үхэх ялаар шийтгүүлж, цовдлуулж, гайхамшигтайгаар амилсан талаар хуваалцсан. 11 километрийг хамтдаа туулсныхаа дараа л тэд амилсан Их Эзэнтэй Өөртэй нь хамт алхаж байснаа мэддэг.
Яагаад энэ түүх чухал вэ? Яагаад гэвэл амьдралын аян замын турш Есүс та нартай бас надтай бидний мэдэхээс ч илүү хамт алхдаг гэдэгт би итгэдэг. Тэр бидэнтэй хамт байдаг. Хэрхэн би айдсаа Христийнхтэй адил хайр ба итгэлээр солих вэ? Исаиагаас дараах хэсгийг санаарай:
“Би чамтай хамт, чи битгий ай! … чи бүү эмээ!”
Одоо энэ судрын хоёр дахь хэсгийг авч үзье:
“Би чиний Бурхан, … Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална.”
Олон жилийн өмнө манайх Рэксбургт амьдардаг байхад би үеэлийнхээ нөхрийг зүрхний нээлттэй хагалгаанд орсны маргааш үеэлтэйгээ цуг байхаар Солт Лэйк рүү явсан юм. Тэр бол эмзэг цаг үе байсан ба би нөхрийг нь харсныхаа дараа л үеэлийгээ яагаад тийм их санаа зовж байсныг ойлгосон юм. Нөхрийнх нь бие сайжрахгүй байсан тул эмч нар цус сэлбэх шийдвэр гаргав.
Өмнө нь би цус сэлбэх үйл явцыг огт харж байгаагүй ба цус дусал дуслаар нийлэн нарийн хоолойгоор урсаж түүний судас руу орж байгааг хараад гайхаж билээ. Би энэ үйл явцыг харж байхдаа Аврагчийнхаа талаар мөн Тэр хэдэн дусал цусаа миний төлөө урсгасан бол гэж бодсон. Хэдэн цагийн дараа би тэрхүү цус сэлбэх үйл явцын дараах шинэ амьдрал, эрч хүч, хүч чадлын гэрч болсон юм.
Миний бүрэн ойлгож мөн ухаарч чадахгүй ямар нэг арга замаар Есүс Христийн цагаатгагч золиослол бидэнд хэцүү зүйлсийг хийхэд маань хүч чадал, тусламжийг өгдөг. Бид чадна гэж бодоогүй зүйлсээ хийж чадах адислалыг хүлээн авдаг. Би сул дорой байдлыг мэдэрсэн үедээ хэрхэн хүчтэй байх вэ? Исаиагаас дараах хэллэгийг санаарай:
“Би чиний Бурхан, … Чамайг Би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр тусална.”
Би Исаиа 41:10-ын сүүлийн хэсгийн талаарх бодлоо хуваалцъя:
“Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.”
Энэ баруун мутрыг голдуу гэрээний мутар гэж нэрлэдэг. Бид Христтэй гэрээгээр холбогдсон учир Аврагч биднийг дэмнэж, дэмжиж, бидэнд тусална гэдэгт итгэлтэй байж болно.
Энэ нь надад тэнгист завин дээр Есүсийн шавь нар салхи, давалгаанд туугдсан талаар өгүүлдэг Матай 14 дээрх түүхийг бодуулдаг. Петр Есүсийг усан дээгүүр алхахыг нь хараад, Түүнээс ир гэж өөрт нь тушаахыг хүсдэг. Есүс хүсэлтийнх нь дагуу хэлэх үед Петр усан дээгүүр Түүний өөдөөс алхаж эхэлдэг. Тэр Есүст анхаарлаа төвлөрүүлэн алхах үедээ алздаггүй. Харин Петр ширүүн салхинд сатаарах үедээ живж эхлэн Есүсээс өөрийг нь аврахыг гуйн хашхирдаг. “Есүс тэр даруй гар сунган түүнийг зуур[сан].” Тэр биднийг бас зуурах болно гэдэгт би үнэхээр итгэдэг.
Хэрхэн бид Бурханд итгэж сурах вэ? Исаиагаас дараах хэсгийг санаарай:
“Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.”
Тэнгэрлэг Эцэг биднийг мэддэг мөн хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэр бидэнтэй хамт алхдаг; биднийг хүчирхэгжүүлдэг; бидэнд тусалдаг. Бид Түүнтэй холбогдсон гэрээнүүдээ мартахгүй байснаар Тэр биднийг дэмнэж, дэмжиж, бидэнд тусална гэдэгт итгэж болно. Ариун Сүнс бол илчлэгч бөгөөд оюунд маань бодлуудыг, зүрх сэтгэлд маань мэдрэмжүүдийг өгч чиглүүлдэг гэдгийг би мэднэ. Ахлагч Бэднар Бурханаар, “бошиглолоор, гар тавилтаар” дуудагдсан гэдгийг би мэднэ. Тэр бол Их Эзэн, Есүс Христийн төлөөлөгч мөн.
Есүс Христийн нэрээр, амен.