Эцэг эх байх
9. Та санваарын түлхүүр, эрх мэдлээр адислагдсан


Тэнгэр элч нар Көртландын ариун сүмд санваарын түлхүүрүүдийг сэргээж байна

9.

Та санваарын түлхүүр, эрх мэдлээр адислагдсан

Матай 16:18–19

Есүс Петрт санваарын эрх мэдлийн талаар зааж байхдаа түлхүүрүүдийн тухай ярьсан. Түлхүүрийг юм онгойлгоход ашигладаг. Санваарын түлхүүр таны амьдралд Бурханы хүч, бэлэг, адислалыг нээж өгч чадна.

Мөнхийн үнэн

Санваарын бүх түлхүүр, эрх мэдэл Есүс Христээр дамжин ирдэг. Бүх санваар атгагчийн эрх мэдэл Түүнээс эхтэй. Аврагч хэн энэхүү эрх мэдлийг авч, хэн санваарын түлхүүр хүлээн авахыг шийддэг. Бид Түүний төгс мэдлэгт итгэдэг.

Есүс Христ манай эрин үед санваараа сэргээсэн. Тэрээр санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлдэг. Түүхийн туршид Адам, Мосе, Петр болон бусад бошиглогч санваарын түлхүүр хүлээн авч байсан. Манай эрин үед Иосеф Смит Баптисч Иохан, Петр, Мосе, Елиас, Елиа нараас болон бусдаас санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан. Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүд эдүгээ дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг атгадаг. Түүнчлэн орон нутгийн санваарын удирдагчид болон чуулгын ерөнхийлөгчид өөрсдийн дуудлагад санваарын түлхүүрийг атгадаг. Санваарын түлхүүрүүдээр Бурханы ажлыг удирддаг. Тэд эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэрхүү ажилд туслах эрх мэдлийг олгож, боломжтой болгодог.

Санваарын эрх мэдэл Бурханы бүх хүүхдийг адисалдаг. Санваар сэргээгдсэн учраас та ёслол хүлээн авах, Бурхантай гэрээ байгуулах боломжтой. Та эрх мэдэлтэй хүнээс даалгавар эсвэл дуудлага хүлээн авах үедээ Бурханы нэрээр үйлдэж болно.

Урилга

Сүмийн дуудлагыг хүлээн авч, үнэнч үйлчил. Та Сүмийн дуудлага авах үедээ тэрхүү үүрэгт үйлчлэхийн тулд Бурханы эрх мэдлээр онцгойлон адислагддаг. Та мөн үйлчлэхийн тулд Бурханаас удирдамж хүлээн авах боломжтой. Та үйлчилж байхдаа Есүс Христийг төлөөлдөг. Түүнд хамгийн сайнаа өг.

Бурханы үйлчлүүлэхээр дуудсан хүмүүсийг дэмж. Дэмжин батлах гэдэг нь Сүмийн цуглаан дээр нэр уншихад гараа өргөх төдийхнөөс хавьгүй илүү зүйл юм. Энэ нь дэмжих, туслах гэсэн утгатай. Есүс Христийн Сүмд үйлчлэхээр Есүс Христийн дуудсан хүмүүсийг дэмжиж буйгаа харуулах арга замыг хай.

Чуулгынхаа болон ангийнхаа ерөнхийлөгчийн зөвлөлийг оролцуулан Сүмийн удирдагчдынхаа даалгаврыг биелүүл. Тэд Бурханаас эрх мэдэл хүлээн авсан бөгөөд тэрхүү даалгаврынхаа хүрээнд энэ эрх мэдлийг танд даатгаж өгдөг. Та хэн нэгэнд тохинуулах үүрэг хүлээн авсан байж магадгүй. Хүмүүсийг ариун ёслолд хүрэлцэн ирэхэд нь угтан авах эсвэл ямар нэгэн үйл ажиллагаанд туслах үүрэгтэй байж болно. Ямар ч даалгавар байсан үүнийг Есүс Христийн шавь болох, Бурханы хүүхдүүдэд үйлчлэх боломж гэж үзээрэй.

Баптисч Иохан Иордан голд Есүс Христэд баптисм хүртээж байна

Амлагдсан адислал

Та хүлээн авсан ёслолуудыг тань Есүс Христ зөвшөөрсөн гэдэгт итгэж болно. Энэ бол Есүс Христийн Сүмийг өвөрмөц болгодог зүйлсийн нэг. Санваарын ёслолоор дамжуулан Бурханы хүч илэрдэг.

Та Их Эзэний мутар дахь зэмсэг болно. Таныг Их Эзэнд Түүний эрх мэдлээр болон санваарын түлхүүр атгадаг Түүний үйлчлэгчдийн удирдлаган доор үйлчлэх үед Тэрээр Түүний ажилд бусдад хэрхэн үйлчлэхээ мэдэхэд тань туслах болно. Есүс Христ бол таны хүч чадал. Таны үйлчлэл таныг Түүнд илүү ойртуулж, танд баяр баясгалан авчирна.

Асуулт, хариулт

Манай тойрогт хэн санваарын түлхүүр атгадаг вэ? Бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, багш болон диконы чуулга санваарын түлхүүрийг атгадаг. Энэ нь Их Эзэн тэднийг тойрогтоо бусдад үйлчлэх, бусдыг адислахад хэрхэн санваараа ашиглах талаар нь чиглүүлэхийн тулд тэдэнд үүрэг өгсөн гэсэн үг.

Санваарын түлхүүр хэрхэн намайг адисалдаг вэ? Баптисм, ариун ёслол зэрэг ёслолууд санваарын түлхүүрээр зөвшөөрөгддөг. Та Сүмд дуудлага авах үедээ түлхүүр атгадаг хэн нэгний удирдлаган доор онцгойлон адислагддаг. Ийнхүү таныг тэрхүү дуудлагад үйлчлэх эрх мэдлээр адисалдаг. Танд үйлчилдэг Сүмийн удирдагчид, багш нар мөн түлхүүрээр дамжуулан санваарын эрх мэдэл хүлээн авсан.

Эрэгтэй, эмэгтэйчүүд хэрхэн санваарын эрх мэдлээр үйлчилдэг вэ? Зохистой эрэгтэйчүүдэд санваар хүртээдэг бөгөөд дикон, багш, прист, ахлагч зэрэг санваарын албанд томилдог. Дуудлагад үйлчлэхээр онцгойлон адислагдсан эмэгтэй, эрэгтэйн аль аль нь тэрхүү дуудлагад үйлчлэхийн тулд зохих санваарын эрх мэдлийг Бурханаас хүлээн авдаг. Энэ нь Сүмийн удирдагчаас даалгавар хүлээн авсан эмэгтэй, эрэгтэйчүүдэд ч мөн адил юм.

Сургаал ба Гэрээнүүд 35:24–27 (Сүмийг Их Эзэний өгсөн түлхүүрээр удирддаг); 107:18–20 (Мелкизедек санваар, Аароны санваарын түлхүүрүүд); 110:11–16 (Мосе, Элиас, Элиа нар түлхүүрүүдийг сэргээсэн) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?

  • Та Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээн дэмжин баталдаг уу?

  • Та Сүмийн бусад ерөнхий эрх мэдэлтнийг болон орон нутгийн удирдагчдыг дэмжин баталдаг уу?