“71-р хичээл—Сургаал ба Гэрээнүүд 58:26–29: ‘Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээнүүд 58:26–29,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
71-р хичээл: Сургаал ба Гэрээнүүд 58–59
Сургаал ба Гэрээнүүд 58:26–29
“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориул”
Нью-Йоркийн Колесвиллын бүлгийнхэн гээд олон гэгээнтэн Миссурийн Жаксон гүнлэгээс дөнгөж ирээд удаагүй байв. Тэд Аврагчид Сионыг байгуулахад нь туслахыг хүсэж байсан ч юу хийхээ мэдэхгүй байв. Их Эзэн тэднээс тусалж, үйлчлэх арга замаа олохын тулд сонгох эрхээ ашиглахыг хүсэж байгаагаа тайлбарлав. Энэ хичээл суралцагчдад сайныг үйлдэж явахдаа Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагахаа ойлгоход тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Христтэй адил арга замаар үйлчилдэг өөрсдийн таньдаг хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урь. Энэ хүний жишээнээс Аврагчийн зан чанарын тухай юу сурч болох талаар тунгаан бодохыг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христийн амьдралын нэг өдөр
Хичээлийн өмнө Тэд сайныг үйлдэж явав гэж самбарт бич. Амьдралаа энэ тодорхойлолттой нийцүүлдэг гэж мэддэг хүнийхээ нэрийг хуваалцахыг суралцагч бүрээс хүс. Хэдэн суралцагч энэ үг хэллэг яагаад тэдний сонгосон хүнийг тэдэнд сануулж байгаа тухай сайн дураараа хуваалцаж болох юм.
Үйлс 10 бол Петрийн Кайсари дахь номлолын цэдэг билээ. Тэднээр Үйлс 10:38-ыг нээлгүүлж, Петр хэний нэрийг самбарт бичүүлэх байсныг хараарай.
Есүс өнөө үед төрж, танай хороололд амьдарч эсвэл танай сургуульд явж байсан бол ямар байх байсныг төсөөл.
-
Та Түүнийг “сайныг үйлдэн [явж]” гэж тодорхойлж болохуйц юу хийж байгаагаар төсөөлж байна вэ?
Аврагчийн үлгэр жишээг дагах хүсэлтэй болоход нь туслахын тулд суралцагчдад дараах өдөөлтийн талаар судлах тэмдэглэлдээ санаа бодлоо бичих цаг гаргаж өгөхийг бод.
Хэрэв та Есүстэй хамт сайныг үйлдэн бүхэл өдрийг өнгөрүүлсэн бол ямар санагдах байсныг төсөөлөн бодохыг хичээгээрэй. Түүнтэй хамт байгаагүй ч гэсэн цагаа хэрхэн өнгөрүүлэхийг сонгоход энэ туршлага хэрхэн нөлөөлж болох вэ?
Сайныг үйлдэхээр сонгох
Сургаал ба Гэрээнүүд 58-ыг хүлээн авахдаа Иосеф Смит болон Сүмийн хэдэн ахлагч Миссурид ирээд удаагүй байв. Тэд Сүмийг хэрхэн байгуулж мөн Сионыг тэр бүсэд хэрхэн байгуулах талаар заавар авахыг хүсэж байсан. Аврагч Өөрийнх нь ажлыг хийхэд сонгох эрхээ хэрхэн ашиглахыг тэдэнд заав.
Сургаал ба Гэрээнүүд 58:26–29-ийг уншаад, Аврагч сонгох эрхээ ашиглах талаар гэгээнтнүүдэд юу гэж заасныг олж мэд. Дараах хүснэгтийн зохих хэсгээс олсон үг, хэллэгээ бич. (Жич: “Тохирохгүй бөлгөө” гэдэг нь шаардлагагүй эсвэл хүсдэггүй гэсэн үг юм.)
Дараах хүснэгтийг самбарт бичихийг эсвэл суралцагчдад хувилж өгөхийг бод. Хэрэв суралцагчдаас үүнийг хамтрагчтайгаа хийхийг хүсвэл энэ үйл ажиллагаанд илүү олон хүн оролцох боломжтой болох юм.
… болохын тулд сонгох эрхээ ашиглах
|
Есүстэй илүү адилхан |
Есүстэй адилгүй |
|---|---|
Суралцагчдыг хийж дуусахад олсон үг хэллэгийнхээ утгыг эргэцүүлэн бодож, ойлгоход нь туслах хэдэн асуулт тавихыг бод. Жишээлбэл:
-
“Санаа сэтгэлээ зориулах” эсвэл “сайныг үйлдэхийг идэвхтэй эрэлхийлэх” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?
-
Бид яагаад сайныг үйлдэхэд албадуулж эсвэл шахуулахаас зайлсхийх ёстой гэж та бодож байна вэ?
-
Яагаад сайныг үйлдэхэд өдөөх нь чухал гэж та нар боддог вэ?
Эдгээр шүлгээс Аврагчид чухал гэж хэлж болохоор нэг, хоёр үнэнийг судлах тэмдэглэл юм уу судар дээрээ өөрийн үгээр бичиж тэмдэглэ.
Суралцагчдаас тэмдэглэсэн үнэнүүдээ хуваалцах эсвэл самбарт бичихийг хүс. Тэдний илэрхийлж болох нэг үнэн бол Бурхан зөв шударга байдлыг улируулан авчрахаар эрэлхийлэгч хүмүүсийг шагнадаг гэдэг үнэн юм.
Бурханд болон бусдад санаачилгатай үйлчлэх арга замуудыг хэр ойрхон идэвхтэй эрэлхийлдгээ тунгаан бодох эсвэл бичиж тэмдэглэхийг хүс. Үргэлжлүүлэн судлах үедээ сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулахын тулд хичээж болох арга замууд дээрээ анхаарлаа хандуулахад тэднийг урь.
-
Эдгээр шүлэг дээрх Аврагчийн сургаалаар хэн нэгэн амьдарсан ямар жишээг та судраас бодож олж чадах вэ?
-
Аврагч сайныг үйлдэх боломжуудыг анзаарч, үйлдэхийн тулд сонгох эрхээ ашигласан ямар жишээнүүд байдаг вэ?
Та ChurchofJesusChrist.org“ дээрээс Jesus Christ Has Compassion and Heals the People” (6:32) видеог суралцагчдад үзүүлж болно. Энд Аврагч нифайчуудад үйлчилж, тэднийг эдгээхийн тулд тэдний дунд илүү удаан хугацаагаар үлдэхийг сонгож байгааг харуулдаг.
Эсвэл та ChurchofJesusChrist.org“ дээрх Widow of Nain” (2:22) видеог үзүүлж болно. Энд Аврагч гашуудаж буй нэгэн эх хүнийг анзаарч, түр саатан, түүнийг тайтгаруулж, хүүг нь эдгээхийг сонгож байгааг харуулдаг.
Бидний амьдрал дахь Аврагчийн сургаал
26–29-р шүлэг дээрх Аврагчийн сургаал бодит амьдралын нөхцөл байдал дээр ямархуу харагдаж болохыг олж мэдэхэд суралцагчдад тусал. Та дараах нөхцөл байдлуудаас заримыг эсвэл танай суралцагчидтай илүү холбоотой хэдэн нөхцөл байдлыг ашиглаж болно.
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, нөхцөл байдал бүр дээр аль шүлэг эсвэл үг хэллэг илүү тохирч байгаа талаар ярилц. Хүн бүр сайн үйлсэд оролцохын тулд сонгох эрхээ ашиглаж болох олон арга замыг бодож үзэхийг суралцагчдаас хүс.
Дараа нь өсвөр үеийнхэн 58-р хэсэг дээрх Аврагчийн сургаалыг хэрэгжүүлж болох өөрсдийн жишээг зохиосноор бүлэг бүрээс энэ үйл ажиллагааг давтахыг хүс.
-
Жүлиэт хэзээ ч уулзаж байгаагүй гэр бүлдээ тохинуулахаар саяхан томилогджээ. Тэр яаж эхлэхээ ч мэдэхгүй байгаа.
-
Аннын Ням гаргийн ангийн багш сайн хүн боловч туршлагагүй. Ангиас нь олон хүүхэд хичээлдээ сонирхолгүй, хичээлд оролцох хүсэлгүй болсон мэт санагджээ.
-
Жасмин ээжийгээ ердийнхөөс илүү ядрангуй байгааг анзаарав.
-
Хавиэр өөр нэг суралцагч сошиал медиа дээр муухай пост нийтэлснийг олж мэдэв.
-
Жарэд үдээс хойш юу хийх, хаашаа явахаа мэдэхгүй ч завтай байна.
Эцэст нь суралцагчдаас энэ хичээл дээр сурсан зарчмаа баталгаажуулсан сүмийн дууллыг дуулах юм уу сонсохыг хүсэх талаар бодож үз. Санал болгох нэг дуу бол Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү? (Дуулал, д. 118) юм. Тэднээс дууны үг нь хэрхэн 58-р хэсэгт заасан Аврагчийн зарчмуудтай нийцэж байгааг тунгаан бодохыг хүс. Нэг юм уу хоёр суралцагчаар Аврагч тэднээс өнөөдрийн сурсан зүйлээсээ юуг санаасай гэж хүсэж байгаа тухай мэдрэмжийг нь ангийнхантай хуваалцуул. Үүнээс өмнө тэдэнд бодлоо бичих хэдэн минут гаргаж өгөх хэрэгтэй байж болох юм.
Та суралцагчдад дараагийн семинарын хичээлээс өмнө сурсан зүйлсээ үйлдэх боломжийг эрж хайхыг санал болгож болно. Та бэлэн болсон суралцагчдаар ангийнхантай туршлагаас нь хуваалцуулаарай.
Суралцах туршлагыг өргөжүүлэх: Өмнөх урилга нь суралцах туршлагыг ангиас гадуур өргөжүүлэхэд суралцагчдад туслах жишээ юм. Teacher Development Skills дээрх “Invite learners to live what they are learning” гарчигтай сургалтаас хэрхэн ийн үйлдэх талаар илүү ихийг олж үзнэ үү. “Өмнөх хичээл дээр өгсөн урилгуудыг эргэн шалгаж, суралцагчдаар сурсан зүйлийнхээ дагуу амьдарснаар мэдэрч буй зүйлсээ хуваалцахад урь” гэсэн чадвараар дадлага хий.