“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай: ‘Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“10-р сарын 14–20. Филиппой; Колоссай,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
10-р сарын 14–20
Филиппой; Колоссай
“Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна”
Филиппой, Колоссай номнуудыг уншиж эхлэн, Их Эзэний танд заахыг хүсэж буй сургаалыг залбирч тунгаан бод. Та энэ сургаалыг заахдаа ашиглаж болох асуулт, эх сурвалжийг авч үзэхдээ Сүнсээр удирдуул.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Филиппой, Колоссай номнуудаас сурсан зүйлсээ дүгнэж нэг үг, хэллэгт багтаан самбарт бичиж мөн өөрсдийнхөө сонголтыг тайлбарлахад урь. Тэднийг тайлбарлахдаа судрын шүлгээ хуваалцахад урамшуул.
Сургаалыг заа
Филиппой 2:1–5, 14–18; 4:1–9; Колоссай 3:1–17
Есүс Христийн дагалдагчид Түүний сайн мэдээгээр амьдарснаар “шинэ” болдог.
-
Та ангийн гишүүдийг Есүс Христээр дамжуулан “хуучин хүнээ тайлах” мөн “шинэ хүнийг өмсөх” гэсэн нь юу гэсэн утгатай болохыг төсөөлөн бодоход тусалж болно (Колоссай 3:9–10). Үүнийг хийхийн тулд та хуучин нэг зүйл, шинэ нэг зүйлийг үзүүлж болно (хэт боловсорч гүйцсэн жимс, шинэхэн жимс эсвэл хуучин, шинэ хувцас гэх мэт). Бид хэрхэн Есүс Христэд итгэх итгэл болон Түүний сайн мэдээгээр амьдрах хүслээрээ дамжуулан “шинэ” болдог талаар ангийн гишүүд ярилцаж болно. Ярилцлагын үеэр та ангийн хагасыг Филиппой 2:1–5, 14–18-ыг; 4:1–9-ийг, нөгөө хагасыг Колоссай 3:1–17-г судалж, “хуучин хүн” ба “шинэ хүн”-ий зан чанаруудыг олж тогтоохыг хүсэж болно. Та бас ангийн цөөн гишүүнийг Есүс Христэд итгэлтэй байж мөн Түүний сайн мэдээгээр амьдрах нь тэдэнд шинэ хүмүүс болоход хэрхэн тусалсан талаар хуваалцахад урьж болно. Та нар Ром 6:3–7; Мозая 3:19 болон Алма 5:14, 26 гэсэн судруудыг хамтдаа судалж болно .
Филиппой 4:1–13
Бид өөрсдийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Христэд баяр баяслыг олж чадна.
-
Хэдийгээр бидний нөхцөл байдал Паулынхаас өөр ч бид түүний амьдралынхаа бүхий л нөхцөлд сэтгэл хангалуун, баяр баясгалантай байх хүсэл эрмэлзлээс суралцаж чадна. Энэ сэдвээр ярилцаж эхлэхээсээ өмнө та Паулын амссан зарим зовлон зүдгүүрийг авч үзэж болох юм (жишээ нь, 2 Коринт 11:23–28). Дараа нь та ангийн гишүүдээс зовлон зүдгүүртэй байсан ч баясгалантай байхад бидэнд туслах Паулын өгсөн зөвлөгөөг Филиппой 4:1–13-аас харахыг хүсэж болно.
Хэрэв та энэ сэдвийг цааш нь судлахыг хүсэж байгаа бол ангийн нэг гишүүнийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” хэлсэн үгнээс сүнслэг нөлөө бүхий түүх эсвэл мэдэгдлүүдийг хуваалцахыг хүсэж болно (Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75) эсвэл ангийнхан “Trial of Adversity” (LDS.org) видео бичлэгийг үзэж болно. Ерөнхийлөгч Нэлсоний хэлсэн үгэнд дурдсан хүмүүс эсвэл видео бичлэгт гарсан эмэгтэй хүн хэцүү нөхцөл байдлаасаа үл хамааран хэрхэн баяр баясгаланг олсон бэ?
-
Ангийн гишүүд сорилт бэрхшээл тулгарах үед тэдэнд тусалж болох зөвлөгөөг Филиппой 4-өөс олж чадна. Та ангийн гишүүн бүрд олж мэдсэн зүйлсээ бичих карт өгч болох юм. Үүнийг хэрэг болсон үед харагдахаар газарт байрлуулахыг тэднээс хүсэж болно.
-
Сүмийн дуулал зарим үед бидний судрын ойлголтыг нэмэгдүүлдэг. Жишээ нь, та нар Филиппой 4:7, 13-ыг уншсаны дараа, хамтдаа “Where Can I Turn for Peace?” дууллыг эсвэл “Lord, I Would Follow Thee” (Сүмийн дуулал, 129, 220-р хуудас) дууллын эхний бадгийг дуулж болно. Ангийн гишүүд эдгээр дууллын болон Филиппой 4:7, 13 дахь үгсээс ямар харилцан хамаарлыг олж харж байна вэ? Тэд “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг” мэдэрсэн эсвэл өөрөөр хийж чадахгүй байсан ямар нэг зүйлийг хийхдээ “Христээр” хүчирхэгжсэнээ мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэй Э.Жэнсэний туршлага эдгээр шүлгийн талаар ярилцахад сүнслэгээр нөлөөлж болно.
-
Өнөөгийн дэлхийд хорон муу явдал өсөн нэмэгдэж байгаа учраас Паулын юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол “тэдгээр юмсыг бодож санацгаа” (Филиппой 4:8) гэсэн зөвлөгөө ангийнханд тань тусална. Та бас ангийн гишүүн бүрд (эсвэл ангийн гишүүдийг жижиг бүлгүүд болгон) Филиппой 4:8 эсвэл Итгэлийн тунхаг 1:13 дээр жагсаасан зан чанаруудын нэгийг оноож болно. Тэд бүгдээрээ өөрсдөдөө оногдсон зан чанарын талаар судраас хайж, олж мэдсэн зүйлээ ангийнхандаа хуваалцаж болно. Тэд бас ийм зан чанар бүхий хүмүүсийн амьдралаас хуваалцаж болно. Бид “эдгээр зүйлийг хэрхэн эрэлхийлдэг вэ”?
Колоссай 1:12–23; 2:3–8
Бидний итгэл Есүс Христ дотор “үндэслэгдсэн” үед бид дэлхийн нөлөөний эсрэг хүчирхэгждэг.
-
Колоссай 1:12–23; 2:3–8 дээрх Аврагчийн талаарх Паулын гэрчлэл ангийнханд өөрсдийн итгэлийг тунгаан бодож мөн хүчирхэгжүүлэх сайхан боломжийг олгодог. Ангийн гишүүд эдгээр шүлгийг судалж, Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх зүйлсийг хайж олж болно. [Есүс Христ] дотор “үндэслэгдэн, байгуулагдана” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Колоссай 2:7). Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дээрх модны зураг болон “Spiritual Whirlwinds” (LDS.org) видео бичлэг нь энэ шүлгийн тухай ярилцахад ангийнханд тусална. (Нийл Л.Андэрсэн, “Сүнслэг шуурганууд,”Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–36.) Модны үндсийг юу бэхжүүлж эсвэл сулруулж чаддаг вэ? [Есүс Христийн] дотор “үндэслэгдэн, байгуулагдах” нь биднийг дэлхийн нөлөөний эсрэг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? (Колоссай 2:7–8-ыг үзнэ үү мөн Хиламан 5:12; Ифер 12:4-ийг үзнэ үү).
-
Ангийн тань гишүүд гүн ухаан болон хүмүүсийн уламжлалууд нь сайн мэдээний үнэнүүдтэй зөрчилдөж, сайн мэдээгээр амьдрахад илүү хэцүү болгодог учраас Христэд итгэх итгэлийг “сүйтгэж” болохыг мэддэг байж магадгуй (Колоссай 2:8). Ангийн гишүүд эдгээрийн заримыг жагсаан бичиж болно (Жишээлбэл: ариун явдлын хууль, Мэргэн ухааны үг, Сүмд очих зэрэгт хандах дэлхийн хандлага). Дараа нь та нар Есүс Христийн сургаалд үндэслэх нь Паулын “Та нар Эзэн Есүс Христийг хүлээн авсан шигээ Түүн дотор алх” (Колоссай 2:6) гэсэн зөвлөгөөг дагахад бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцаж болно. Бид ертөнцийн хуурамч уламжлалыг бус Аврагчийг дагах хүчин чармайлтдаа бие биенээ хэрхэн дэмжиж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн тань гишүүд сайн мэдээнд итгэдгээсээ болж хавчин гадуурхагдаж байсан уу? 1 ба 2 Тесалоник нь хүчтэй хавчлага дунд амьдарч байсан ч итгэлтэй хэвээр үлдсэн гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг агуулдаг гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Филиппой; Колоссай
Бүх оюун ухаанаас дээгүүрх амар тайван.
Ахлагч Жэй Э.Жэнсэн Далын гишүүнээр үйлчилж байхдаа энэ туршлагыг хуваалцжээ.
“Ач хүү Квинтон маань төрөлхийн гажигтай байсан бөгөөд нэг нас хүрэхээсээ гурван долоо хоногийн өмнө эмнэлэг, гэр хоёрын хооронд явсаар нас барсан юм. Тэр үед эхнэр бид хоёр Аргентинд амьдарч байв. Бид хүүхдүүдийнхээ хажууд байж, тэднийг тайвшруулан мөн тэднээс тайтгарал авч, хайртай ач хүүтэйгээ аль болох ойр байхыг хүсэж байлаа. Бидний хийж чадах цорын ганц зүйл маань залбирах байсан бөгөөд бид үнэхээр чин сэтгэлээсээ залбирч байлаа.
Жэнсэн эгч бид хоёрыг номлолд байх үед Квинтон маань нас барсан тухай мэдээ ирэхэд бид цуглааны байрны хонгилд зогсоод, бие биенээ тэврэн тайвшруулж байв. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар амгалан өнөөдөр ч гэсэн Ариун Сүнснээс ирдэг гэдгийг бид баттай мэдэж авсан билээ (Филиппой 4:7-г үзнэ үү). Бид тэр үед ач хүүгийн маань гэр бүлийнхэнд итгэл, амар тайван, тайтгарал өгсөн Ариун Сүнсний бэлгийг олж харсан” (“Ариун Сүнс ба илчлэлт,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 84).
Заах чадвараа сайжруулах
Дуу хөгжим ашигла. Ариун нандин дуу хөгжим нь Ариун Сүнсний нөлөөг урьдаг. Энэ нь хүндэтгэл бүхий орчныг бий болгож, амлалт болон үйлдлийг урамшуулдаг. Хэрхэн “магтуу дуу, дууллаар нэг нэгэндээ заан, сэнхрүүлэх”-ийг ангийнхаа нэг хэсэг болгож болохыг бодож үзээрэй (Колоссай 3:16 мөн Аврагчийн арга барилаар заах нь, 22-ыг үзнэ үү).