Лиахона
Бидний хайрт Аврагчийн ялалт
2026 оны 4-р сар Лиахона


“Бидний хайрт Аврагчийн ялалт,” Лиахона, 2026 оны 4-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2026 оны 4-р сар

Бидний хайрт Аврагчийн ялалт

Есүс Христийн үнэт бэлгийн цар хүрээг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үүнийг өөр хэнээс ч шаардахгүй. Тэр “бүгдийн төлөө нэгмөсөн“ зовсон.

хоосон бунхан

Он жилийн турш би бидний Аврагч Есүс Христийн үнэлж баршгүй бэлэг болох Цагаатгалын талаар бодож, судлах тусам улам дарууссан бөгөөд үүнээс асар их тайтгарлыг авсан билээ. Гетсеманид, загалмай дээр, бунханд болсон үйл явдлаас болж хүн төрөлхтний хувь заяа хэрхэн орвонгоороо өөрчлөгдсөнийг хүний оюун ухаан ойлгож чадахгүй.

Бид бүгдэд уй гашуу, зовлон тохиолддог

Төлөөлөгчийн дуудлагынхаа хүрээнд би олон газраар явж, дэлхийн олон оронд хүүхэд, залуус, насанд хүрэгчидтэй уулзах боломжтой байсан. Амьдралд гайхалтай баяр баясгалантай мөчүүд байдаг ч, аз жаргал, баяр баясгалангаас гадна сэтгэл шаналгасан, зовлон зүдгүүртэй мөчүүд хүртэл байдгийг би өөрийн нүдээр харж мөн зүрх сэтгэлдээ мэдэрсэн.

Гэртээ унтаж байх үед нь орон гэрт нь халдаж, эцэг эхийнх нь амь насыг харгисаар бүрэлгэснээс болж өнчирч хоцорсон дөрвөн бяцхан хүүхдийн хажууд сууж байснаа, багадаа итгэдэг байсан хамаатандаа хүчиндүүлсэн эмэгтэйтэй уулзаж ярилцсанаа, дугуйнаас унаж тархиндаа гэмтэл аваад удалгүй нас барах гэж байсан бяцхан охины орны дэргэд сууж байснаа эсвэл нөхөр нь өөрийг нь олон жилийн турш хуурч, сүмийн гэрээгээ зөрчсөн тухайгаа уйлан ярих эмэгтэйг сонсож байснаа би хэзээ ч мартахгүй.

Насанд хүрсэн хүүхэд нь сайн мэдээний үнэнд итгэхээ больж, гэр бүлийн бусад гишүүүний итгэлийг сулруулахыг оролдож байсан хосын сэтгэлийн зовлонг би мэдэрсэн. Гайхалтай ирээдүйтэй байсан залуу амиа хорлосны дараа түүний уй гашууд автсан эцэг эх, найзуудтай би уулзаж байсан. Үйлдсэн нүглээ үнэн сэтгэлээсээ наманчлахыг хүссэн хүмүүсийн бурханлаг харууслыг, мөн тэрхүү нүглийн улмаас хохирсон хүмүүсийн шаналлыг би мэдэрсэн.

Би сэтгэцийн өвчний улмаас зовж буй хүн болон түүнд тусалж чадахгүйдээ чимээгүйхэн шаналж буй ойр дотнын хүмүүсийн аль алиных нь сэтгэлийн шаналлыг харж байсан. Би хувь хүмүүст байгалийн гамшиг, үер, шуурга, гал түймэр, газар хөдлөлтийн улмаас асар их хохирол учрахыг харсан. Би улс орнуудад улс төрийн зөрчилдөөн, дайн, сүйрлээс үүдэн үймээн самуун гарахыг болон зөвийг хийхийг эрмэлзэж буй гэм зэмгүй хүмүүст гэнэтийн зовлон шаналал учрахыг харсан.

Аврагч хэн нэгний гараас барьж байгаа нь

Эдгээгч мутар, Колби Ларсэны бүтээл, хуулбарлаж болохгүй

Аврагч бидэнд тусалдаг

Есүс Христийн Цагаатгалын тухайд, Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) хэлэхдээ: “Шаналсан хүмүүс сорилтуудаа даван туулахын тулд чадах бүхнээ хийх ёстой бөгөөд Аврагч ‘өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу … халамжлах’ [Алма 7:12] болно” гэсэн. Тэр бидэнд ачаагаа үүрэхэд тусална. Зарим шарх маш их өвтгөдөг, гүн тул дээд хүчний тусламж болон дараагийн амьдрал дахь төгс шударга ёс, нөхөн төлөөсний найдваргүйгээр эдгэх боломжгүй байдаг. … Тэр бидний өвдөлтийг ойлгож, хамгийн харанхуй цаг мөчид ч бидэнтэй хамт алхах болно.”

Би Аврагчийн хайр болон Есүс Христийн Цагаатгалаар бидэнд амлагдсан хязгааргүй адислалд улам бүр татагдаж байгаагаа мэдэрч байна. Тэр биднийг хэмжээлшгүй өвдөлт авчирдаг амьдралын хүнд туршлагуудаас хамгаалаагүй боловч, мөнхөд зовж шаналахаас мөн Тэнгэрлэг Эцэгээс холдохоос хамгаалсан. Түүний бүхнийг хамарсан зовлонгоор дамжуулан бид Бурханы оршихуйд төгс баяр баясал ба мөнхийн аз жаргалтай байх боломжтой болсон юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидэнд ийн сануулсан: “Бүх тусламжийн дундаас Бурханы мөнх бус амьдралд үзүүлсэн хамгийн жинтэй тусламж бол наманчилсан нүглийн төлөөсийг төлж, өршөөл үзүүлэхээр зовж шаналах Аврагч Есүс Христийг бидэнд өгсөн явдал байв. Тэрхүү нигүүлсэнгүй, алдар суут Цагаатгал яагаад Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл нь сайн мэдээний анхны зарчим байдгийг тайлбарладаг. Түүний Цагаатгал ‘нас барагсдын амилуулалтыг улируулан тохиолгодог’ (Алма 42:23) бөгөөд энэ нь ‘дэлхийнхний нүглийг цагаатга[ж]’ (Алма 34:8), наманчилсан бүх нүглийг маань арчиж, мөнх бус сул дорой байдалд маань туслах хүчийг бидний Аврагчид өгдөг.”

Аврагч Гетсеманид

“Гетсемани дахь залбирал”-Дэл Парсоны бүтээлээс хэсэгчилж авав. Зөвхөн Сүмийн хэрэглээнд зориулан хуулбарлаж болно

Мөнх оршихуйн чухал үйл явдал

Би дэлхий дээр амьдарч байсан эсвэл амьдрах бүх хүнийхтэй харьцуулахад хэтэрхий өчүүхэн зовлонг хувьдаа амссан тухайгаа бодох үедээ бүх хүн төрөлхтний нүгэл, өвдөлтийн төлөө бүхнийг хамарсан ариун золиосын зовлонт мөчид Аврагчийн зүрх сэтгэл, оюун ухаан, бие махбод, сүнсэнд юу тохиолдсоныг би ямар ч үгээр илэрхийлж чадахгүй.

Мөнх оршихуйн хамгийн чухал үйл явдал нь Есүс Иерусалим хотын хананы гадна орших Чидун уулан дээрх “Гетсемани гэдэг газар” (Матай 26:36) руу явснаар эхэлсэн. Тэрээр шавь нартаа “Сэтгэл минь үхтлээ зовж байна” (Maтай 26:38) хэмээн хэлсэн.

Тэрээр “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирав” (Матай 26:39). Тэрээр шавь нартаа буцаж ирээд тэднийг унтаж байгааг олж хараад, дахин явж, хоёр дахь удаагаа залбирсан. “Эцэг минь, Би үүнийг уухаас нааш энэ нь өнгөрөхгүй юм бол Таны хүсэл биелэг гэлээ. Тэр … гурав дахь удаагаа залбирч, нөгөө үгээ л хэлжээ” (Матай 26:42, 44).

Есүс гашуун аяганаас ууж, цэцэрлэгт болон загалмайн дээр хүмүүн бидний төсөөлж чадахааргүй их зовлонг эдэлсэн. Өөрөө нүгэлгүй атлаа, Тэр бидний бүх нүглийг Өөр дээрээ авсан бөгөөд бид Түүнд очиж наманчилбал, бидний нүгэл болон ачаа биднээс авагддаг (2 Коринт 5:21-ийг үзнэ үү).

Есүсийн зовлон, үхэл болон цагаатгагч золиосыг эртнээс хүлээж байсан. Есүсийг төрөхөөс 700 жилийн өмнө Исаиа “Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов” хэмээн бошиглосон (Исаиа 53:6). Есүс Өөрийн амьдралаа Өөрт нь итгэж, нүглээ наманчилсан бүх хүний "гэм нүглийн уучлалын тулд" (Матай 26:28) “золиос” (Матай 20:28; мөн 1 Тимот 2:6-г үзнэ үү) болгон өгсөн гэж хэлсэн. Петр Тэр “ [бидний] нүглийн төлөөнөөс үхэж” (1 Петр 3:18), Түүний шархаар бид эдгээгддэг гэж тайлбарласан ( 1 Петр 2:24-ийг үзнэ үү). Тэр бидэнд Эцэгийн оршихуйд эргэн очих боломж олгохын тулд өөр хэн ч хийж чадахгүй зүйлийг хийсэн. “Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай” (Исаиа 53:5).

Гетсеманид зовсны дараа Түүний шаналал үргэлжилсэн. Түүнтэй хамт явсан нэгэн нь Түүнээс урваж, шударга бус захирагчдын өмнө доромжлуулж, Түүний бие махбод ташуурдуулан өвдөж, харгис өршөөлгүй цэргүүд Түүний толгой дээр өргөст титмээр дарж (Иохан 18:2–3, 12–14; Марк 15:15–20-ийг үзнэ үү), урагдсан нуруун дээрээ загалмайн хүнд модыг үүрэн явсан юм (Иохан 19:16–17-г үзнэ үү).

Загалмай дээр байхдаа Гетсеманид мэдэрсэн асар их зовлонг хүн тэсэж чадахааргүй хурц өвдөлттэйгөөр дахин мэдэрсэн. Бурханы Хүү Есүс Христ Эцэгийнхээ өгсөн бурханлаг даалгаврыг ганцаараа үүрч, Өөрийн амиа өргөсөн юм. Цэрэг, захирагчид Түүнээс амийг нь авч чадаагүй (Иохан 10:18-ыг үзнэ үү). Есүс хүндэтгэл, даруу байдлаар тэргүүнээ гудайлган, “Гүйцэлдлээ” гэж хэлсэн (Иохан 19:30).

Түүний мөнх бус амьдралын эцсийн мөч өнгөрөв. Түүний үнэт бэлгийн цар хүрээг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үүнийг өөр хүнээс хэзээ ч шаардахгүй. Есүс Христ “бүгдийн төлөө нэгмөсөн” зовсон (Еврей 10:10).

Тэр амилсан!

Бурханлаг даалгавраа биелүүлсэн Тэрээр бүх хүн төрөлхтний түүхэнд анх удаа булшнаас амилж, мөнх амьдралд хүрсэн юм (1 Коринт 15:21–23-ыг үзнэ үү).

Булш руу ирсэн эмэгтэйчүүдэд тэнгэр элчүүд ийн хэлсэн:

“Та нар юунд үхэгсдийн дунд амьд Нэгэнийг хайна вэ?

“Тэр энд байхгүй, Тэр амилсан” (Лук 24:5–6).

Тэрээр төлөөлөгчдөдөө “Миний гар, Миний хөлийг хараач. Энэ чинь Би Өөрөө байна” (Лук 24:39) гэж хэлсэн. Дараа нь “Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн” (1 Коринт 15:6). Гэрчүүд амилсан Аврагчийг харсан. Тэр үхээгүй. Тэр амьд байсан.

Есүс Христ дэлхий дээр амьдарч байсан эсвэл амьдрах хүн бүрийн үхлийн мөнхийн боолчлолын гинжийг тасалсан (1 Коринт 15:22-ыг үзнэ үү). Тэр бид бүгдийн дайсан болох үхлийг үүрд ялсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон (1924-2025) ийн хэлсэн: “Есүс Христ таны нүглийг, таны өвчнийг, таны зовлонг, таны сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Та тэр бүхнийг ганцаараа үүрэх шаардлагагүй! Таныг наманчлах үед Тэр уучилна. Тэр мөн хэрэгтэй бүхнээр тань адисалж, эмтэрсэн зүрхийг тань анагаах болно. Түүний буулгыг үүрснээр ачаа тань хөнгөрнө. Хэрэв та Есүс Христийг дагах гэрээ байгуулж, гэрээгээ сахих юм бол амьдралын тань зовлон зүдүүр зуурдынх гэдгийг олж мэдэх болно. Зовлон зүдүүр тань “Христийн баясалд автагд[ана]” [Алма 31:38].”

Түүний томилогдсон төлөөлөгчдийн нэгний хувьд би Тэр амьд гэсэн баттай гэрчлэлийг надад авчирсан сүнслэг болон хувийн мөчүүдийг мэдэрсэн. Энэхүү Христийн амилсны баярын улиралд бидний дууллын дараах үгс оюун санаа, зүрхэнд маань орших болтугай: “Цусаа урсган, амиа өгснийг мөнхөд санаж явъя би.” Мөн бид дараах үгсийг дуулан баярлацгаана:

Христ амилсан! Христ амилсан …

Үхлийг ялж, хүнийг чөлөөлж,

Христ тийн ялалт байгууллаа.