“Баяр баясгалант гэрээний зам,” Лиахона, 2026 оны 2-р сар.
Сар тутмын Лиахона дээрх захиас, 2026 оны 2-р сар
Баяр баясгалант гэрээний зам
Эцэг, Хүү хоёрын оршихуйд хамтдаа холбогдсон гэр бүлийн гишүүдийн гайхам, сүр жавхлант байдал миний сэтгэлд бүхнээс давсан догдлол, агуу баяр баясал авчирч, намайг талархлын сүнсээр дүүргэдэг.
Ахлагч Патрик Кийрон болон түүний эхнэр Женнифэр
Израил болон Элизабэт Хайвэн Барлоу нар 1848 онд Иллинойс мужийн Наувуг орхин Солт Лэйкийн хөндий рүү явахдаа Наувугийн жижиг оршуулгын газарт бяцхан хүүгээ оршуулан үлдээжээ. Тэдний анхны хүүхэд бяцхан Жэймс Натаниэл Барлоу 1841 оны 5-р сард төрснийхөө дараахан нас баржээ.
Израил, Элизабэт нар Солт Лэйкийн хөндий рүү явахдаа хүүгийнхээ булшийг дахин харна гэж хэзээ ч төсөөлөөгүй байх. Гэвч хэдэн жилийн дараа Израил Англид номлол хийхээр дуудагдаж, зүүн зүг рүү явахдаа Наувугаар дайран өнгөрчээ. Элизабэтын хүссэнээр, тэрээр хүүгийнхээ булшийг олж, шарилыг нь хотын зүүн хэсэгт орших төв оршуулгын газар руу нүүлгэхээр саатав.
Нэг өдрийн турш үр дүнгүй хайсны дараа Израил тэндхийн харгалзагчаас тусламж хүсэв. Дараагийн өдөр нь тэд Жэймсийн үеэл Мэригийн хажууд байрлах булшийг олжээ. Харамсалтай нь, авснууд нь өмхөрч, эвдэрсэн байлаа. Израил эхнэртээ бичсэн захидалдаа, “Би санаагаа орхиж, дахин иртлээ тэднийг тэнд нь үлдээе гэж шийдсэн” гэж бичжээ.
Булшнаас нэг их холдоогүй байтал нэгэн дуу сонсогдов. Тэр энэхүү дурсамжийн талаар “Яг чихэнд дуулдаагүй ч миний оюун санаанд маш тод сонсогдсон: ‘Аав аа, намайг энд битгий үлдээгээч’ гэснийг би үгүйсгэж чадахгүй байлаа” хэмээн бичжээ. Израил эцэст нь бяцхан хүүгээ авахаар шийдэн булш руу буцаж эргэв. “Би өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй маш онцгой оюун санааны тайвшрал, амар амгаланг мэдэрсэн. … Би амьдралдаа хэзээ ч ийм гүн ухамсартайгаар үүргээ биелүүлж байгаагүй гэдгээ хэлмээр байна.”
1853 оны 9-р сарын 2-нд Израил Барлоу харгалзагчийн хамт Жэймс, Мэри хоёрын цогцсыг Наувугийн төв оршуулгын газар руу зөөж, байрлалыг нь тэмдэглэн “булшны толгой ба хөлд чулуунууд” байрлуулав.
Израил Элизабэтэд булшны дэргэд саатан байх зуураа “Анхны амилуулалтын өглөө [Жэймс]-тэй хамт гарч ирэхэд зохистой гэж тооцогдохын тулд өөрийгөө болон өөрийн гэж болох бүхнээ Их Эзэний мутарт зориулмаар байгаагаа мэдэрсэн” гэж хэлжээ.
Израилын Есүс Христийн сайн мэдээний төлөө бүхнээ зориулсан үнэнч сэтгэл болоод ариун гэрээнүүдийг хүндэтгэх хүндэтгэл нь түүнд болон түүний өвөг дээдэс болоод үр удамд нь бүх адислалуудын хамгийн агуу нь болох мөнх амьдралыг өгөх боломжийг Христэд олгож байна.
Бид бүгдийн хувьд ч мөн адил ийм байх болно.
Гэрэл зургийг Жэрри Гарнс, зөвхөн Сүмийн хэрэгцээнд зориулж хуулбарлаж болно
Ариун нандин амлалтууд
Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ бидний хүн нэг бүрийг бидний төсөөлж чадахааргүй ихээр хайрладаг. Баптисм үеэр болон Их Эзэний өргөөнд бидэнд санал болгосон гэрээнүүдтэй холбоотой амлагдсан адислалууд шиг тэдний хайр хаана ч тэгж их илэрхийлэгдэж байгаагүй.
Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсон (1924–2025) “Илчлэгдсэн шашны хамгийн чухал ойлголтуудын нэг бол ариун гэрээ юм” гэж заасан. “Хуулийн хэллэгээр гэрээ гэдэг нь ерөнхийдөө хоёр буюу түүнээс дээш талуудын хооронд байгуулсан гэрээг илэрхийлдэг. Гэхдээ шашны хүрээнд, гэрээ гэдэг нь хавьгүй илүү чухал ач холбогдолтой. Энэ бол Бурханд өгсөн ариун амлалт юм.”
Бидний хийсэн мөн сахин биелүүлдэг ариун амлалт бүхэн биднийг адисалдаг. Тэнгэрлэг Эцэг ба бидний Аврагч Есүс Христ биднийг Өөрсдөдөө улам ойртуулахыг хүсэж байна. Тэд бидэнд итгэл болон ойлголтод өсч хөгжин, суралцахад маань туслахыг хүсдэг. Тэд бидэнд тэнгэрийн хүчээр хишиг хүртээхийг хүсдэг. Тэд биднийг эдгэрэл болон амар амгалан гэх мэт адислалуудыг барьж тогтооход бэрх дэлхийд эдгээрийг олоосой хэмээн хүсдэг. Тэд биднийг энэ амьдралд болон ирэх амьдралд баяр баясгаланг мэдрээсэй гэж хүсдэг. Энэхүү төгс хайраас үүдэн Тэд бидэнд Өөрсөдтэй нь гэрээгээр холбогдох боломжийг санал болгодог. Бид долоо хоног бүр ариун ёслолын цуглааны үеэр эдгээр гэрээгээ дахин шинэчлэх боломжоор адислагддаг.
Бидэнд Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах, Түүнийг болон бидний төлөө зовж шаналан цусаа урсгаж, нас барсан Түүний Цагаатгалын бэлгээр дамжуулан үзүүлсэн хайрыг нь санах баяр баясгалант адислал байгаа тул бид ариун ёслолыг талархлын сүнсээр хүртдэг. Түүнчлэн ариун ёслол нь Түүний зарлигуудыг сахих, гэрээнүүдээ шинэчлэх, шинэ гэрээ хийхэд бэлэн байгаагаа харуулах боломжийг долоо хоног бүр бидэнд олгодог (Сургаал ба Гэрээнүүд 20:77, 79 -г үзнэ үү).
“Бид баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ шинэчлэхийн тулд ариун ёслолоос хүртдэг гэсэн хэллэгийг би ихэвчлэн сонсдог. Энэ нь хэдийгээр үнэн боловч үүнээс хамаагүй илүү зүйл юм” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон хэлжээ. “Би шинэ гэрээ байгуулсан. Та нар ч бас шинэ гэрээнүүд байгуулсан. … Үүний хариуд [Их Эзэн] Өөрийнх нь Сүнс үргэлж бидэнтэй хамт байх болно гэдгийг илэрхийлдэг. Ямар агуу адислал вэ!”
Бид наманчилж, цэвэр зүрх сэтгэлтэйгээр ариун ёслолоос хүртэх үед Ариун Сүнсийг хүлээн авч, “дахин баптисм хүртсэн мэт нүглээсээ ангижирдаг. Энэ бол Есүсийн бидний хүн нэг бүрд олгодог найдвар ба нигүүлсэл юм.”
Христийн гэтэлгэгч хайраар дамжуулан наманчилж, уучлагдах нь юутай их баяр баясгалан бэ!
Гэрэл зургийг Жэннифер Роуз Мэдди, Иллинойн Наувугийн ариун сүм
Түүний баяр баясгалангийн өргөө
Ерөнхийлөгч Нэлсон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч болсныхоо дараа Сүмийн ерөнхийлөгчийн хувиар олон нийтэд зориулсан анхны захиасаасаа эхлээд гэрээний замын талаар олон удаа ярьж байсан. Бид “наманчлал болон усаар хийгдэх баптисм[аар]” (2 Нифай 31:17) дамжуулан тэрхүү зам руу ордог бөгөөд “дараа нь бид ариун сүмд [үүнд] улам гүн ордог” хэмээн хожим нь тэрээр хэлжээ.
Ариун ёслолоос хүртэх нь бидэнд гэрээнүүдийн маань болон тэдгээрийн дагалдах адислалуудыг сануулдаг шиг ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх ажил хийх нь ч бас эдгээрийг сануулдаг. Бид нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хийж байх үедээ өгсөн ариун амлалтуудаа болон хүлээн авах амлагдсан адислалуудаа санадаг.
Гэрээний замаар дамжин бид Абрахам, Исаак, Иаков болон тэдний үр удамд амлагдсан бүх адислалын өв залгамжлагчид болдог. Эдгээр амлагдсан адислалаас үл хамааран Абрахам, Исаак, Иаков нар амар хялбар амьдралыг туулсангүй, бид ч мөн адил тэгэхгүй. Тэдний адил бид бэрхшээл, цээрлүүлэлт, гарз хохиролтой тулгарч “бүх зүйлд соригд[дог]” (Сургаал ба Гэрээнүүд 136:31; мөн 101:4–5-ыг үзнэ үү). Гэвч бошиглогчид болон эртний зөв шударга гэгээнтнүүдийн адил бид хэнд найдаж болохоо мэддэг (2 Нифай 4:19-ийг үзнэ үү).
Бидний мөнх бус амьдрал бол бидний оршихуйн хоромхон зуурын хэсэг боловч заримдаа тэр мөч маш хэцүү бөгөөд мөнхийн ач холбогдолтой байдаг. Тийм ээ, Тэнгэрлэг Эцэг маань биднийг сурч, өсч хөгжөөсэй гэж хүсдэг. Тиймээ, энэ өсөлт хөгжил нь заримдаа урам хугаралт болон зовлон зүдгүүрийг дагуулдаг. Гэвч Тэр бидний амьдралыг сайн сайхан мөн итгэл найдвараар дүүрэн байгаасай гэж хүсдэг. Энэ зорилгоор мөн Түүн рүү буцах аяллыг маань хөнгөвчлөхийн тулд Тэрээр Эцэгтэйгээ байгуулсан гэрээний маань “батлан даагч” болох Аврагчийг бидэнд өгсөн юм. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Эцэг ариун сүмд хүүхдүүддээ өгсөн амлалтаа гүйцэлдүүлдэг.
Хайр болон цагаатгагч золиосоороо дамжуулан Аврагч маань бидний амьдралд тулгарах бүх зүйлтэй нүүр тулж, эдгээсэн юм. Мөн Түүний ариун өргөө, Түүний баяр баясгалангийн өргөөний ачаар зовлон бэрхшээлийг үл харгалзан бүх зүйл сайхан байх болно. Гэрээгээ сахиснаар ирэх эдгээлт нь уй гашуу, өвчин шаналал, уйтгар гуниг, урам хугарал зэргийг арилгадаг. Бид санаа зовж айх шаардлагагүй. Харин, бидний гэтэлгэлийн үнэ төлөгдөж (1 Коринт 6:20-ийг үзнэ үү), мөнх амьдралд хүргэх гэрээний зам тавигдсанд бид баярлах хэрэгтэй.
Гэрээний зам бол үнэхээр гэтэлгэгч хайрын зам юм. Бид ариун сүмд хийсэн гэрээнүүдээ хүндэтгэснээр илүү агуу хүч, илүү их хайр, илүү их өршөөл, илүү их ойлголт, илүү их найдварын адислалуудыг хүлээн авдаг. Хайраар мөнхөд холбогдсон гэр бүлийн гишүүдийн ариун сүмийн лацдан холболтын гайхамшиг, сүр жавхлан миний сэтгэлд агуу догдлол, баяр баяслыг авчирч, би талархлын сүнсээр дүүрдэг.
“Таны амьдралд ямар нэгэн үймээн самуун тохиолдох бүрд сүнслэг байдлын хувьд хамгийн найдвартай байж болох газар бол ариун сүмийн гэрээнүүдийнхээ дотор амьдрах явдал юм!” хэмээн Ерөнхийлөгч Нэлсон зөвлөсөн. Би эдгээр үгсийн үнэнийг өөрийн амтат, зарим тохиолдолд гашуун байсан мөнх бус туршлагаараа мэдэж авсан.
Израил болон Элизабэт Барлоу хоёрын анхны хүүхэд Жэймс Натаниэл Барлоу 1841 оны 5-р сард төрснийхөө дараахан нас баржээ. Олон жилийн дараа тэрээр Ютагийн Логаны Ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх ёслолоор эцэг эхтэйгээ лацдан холбогдов.
Зургийг Аллэн Гарнс
Тэднийг гэрт нь цуглуул
Израил Барлоу бяцхан хүүтэйгээ сүүлчийн удаа салах ёс гүйцэтгэсний дараа эхнэртээ “Жэймсийн булшнаас хол, дахин хэзээ ч амьдралдаа эргэж ирэхгүйгээр явах тухай бодол надад үлдсэн хайрын сүүлчийн утсыг тас татаж, тэр утас түүний булшин дээр нулимстай хамт тасран унав” хэмээн бичжээ.
1889 оны 12-р сарын 4-нд энэ удаад илүү их нулимс буюу баяр баясгалангийн нулимс урссан гэж би төсөөлдөг. Энэ өдөр бяцхан Жэймс Натаниэл Барлоу Ютагийн Логаны ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбогдсон юм. Тэр үед Израил нас барсан байсан тул өөр хүмүүс түүнийг болон Жэймсийг төлөөлөн зогссон.
Кийрон эгч бид хоёрт Израил, Элизабэт хоёрыг үнэн сэтгэлээсээ өрөвдөн хайрлаж, ойлгох сэтгэл төрдөг. Бидний анхны хүүхэд Шон хэмээх хүү маань дөнгөж гурван долоо хоногтой байхдаа зүрхний хагалгааны үеэр нас барсан юм. Энэ бол бидний хувьд дэлхий сүйрсэн мэт гарз хохирол байлаа. Тэр үед бид давж гарч чадах болов уу хэмээн гайхаж байв. Бид түүнийг Англид сэтгэл өвтгөм жижигхэн булшинд оршуулсан. Арван таван жилийн дараа манай гэр бүлийг Их Британи дахь гэрээсээ нүүж, Сүмд бүтэн цагаар үйлчлэхийг хүсэхэд бид тэр жижигхэн булшийг орхиод явсан.
Баруун зүг рүү явган гар тэрэг түрэн аялахдаа хүүхдээ алдаж, Барлоугийнхан шиг төсөөлшгүй их зовлон зүдгүүрийг амсаагүй ч бид тэдний юу туулсан талаар ойлгож эхэлсэн юм. Манай бяцхан хүүгийн булш маш хол байгаа хэдий ч Барлоугийнхны адил, Есүс Христийн Амилалтад болон ариун холболтын ариун гэрээгээр дамжих гэр бүлийн мөнх байдалд итгэх итгэл бидэнд байдаг.
Бид бүгдэд “Намайг энд битгий орхиоч” гэж бидэнд хэлэх өвөг дээдэс болон бусад хайртай хүн булшны цаана бий. Ариун сүмийн гэрээнүүдийн улмаас хэн ч ард орхигдохгүй. Бидний дуудлага бол тэднийг хайрлаж, тэдэнд үйлчилж мөн тэдэнд гэртээ цугларахад нь туслах явдал юм.
Тэнгэрлэг Эцэг маань бидэнд, танд бас надад хайртай. Тэрээр бидэнд ариун сүмүүдийг өгсөн бөгөөд ингэснээр “дэлхий дээр юуг ч холболоо гэсэн, тэнгэрт холбогдох болно” (Сургаал ба Гэрээнүүд 128:8; мөн Матай 18:18-ыг үзнэ үү). Тэрбээр Өөрийн Хүүгээ үхлийн хүлээсийг тасалж, үүрд мөнхийн холбоос болон гэр бүлүүдийн мөнхөд нэгтгэгдэх замыг засахын тулд илгээсэн.
Тийм учраас бидэнд хууль бүхий ёслолууд байдаг. Тийм учраас бид гэрээ байгуулдаг. Тийм учраас бид ариун сүм барьдаг. Тийм учраас бид Бурханы ажил болон алдар сууд өөрсдийгөө зориулдаг (Мосе 1:39-ийг үзнэ үү). Тийм учраас мөнхийн нэгдэл Эцэг, Хүү хоёрын оршихуйд биднийг болон бидний хайртай хүмүүсийг хүлээж буйг мэдэн бид баярын нулимс унагадаг.
Бид гэрээгээ сахиж, Их Эзэнтэй болон Түүний гайхамшигт авралын ажилд нэгдэхдээ баяр баясгалан, амар амгаланг олох болтугай.
© 2026, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, February 2026-ын орчуулга.Mongolian. 19933 363