“Бурханы өнхийн гэр бүлд зориулсан төлөвлөгөө,” Лиахона, 2025 оны арванхоёрдугаар сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2025 оны 12-р сар
Бурханы мөнхийн гэр бүлд зориулсан төлөвлөгөө
Бурханы төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Аврагчийн хайрласан шиг хайрлаж, гэрээнүүдээ хүндэтгэдэг гэр бүлүүд нэг өдөр “мөнх амьдралын адислалууд, баяр баясгалангийн бүрэн байдлыг” өвлөн авах болно.
Бүрэн цагийн номлолоо дуусгах дөхөж байхдаа би Бразилийн Сан Паулогийн ариун сүмд эцэг эхтэйгээ лацдан холбогдож, хувийн хишгээ хүртэх үедээ маш их баяртай байлаа.
Миний аав Аппарэсидо, ээж Мэрсэдэс нар өөр өөр итгэл бишрэлтэй байсан ч тэдний амьдралын туршлага тэднийг сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэсэн юм.
Миний аав сайн гэр бүлд өссөн ч шашин шүтлэггүй байв. Гэсэн хэдий ч тэрээр залуу эрэгтэй байхдаа шашныг их сонирхдог байв. Тэрээр Библи уншиж, Библийн хичээлд сууж, Есүс Христийн амьдралын тухай судалдаг байв. Түүний судалгаа нь Аврагчийн сайн мэдээ болон гэр бүлд хоёуланд нь ихээхэн сонирхолтой болгож, өөртэйгөө адил үзэл бодолтой хүнтэй гэрлэх хүслийг төрүүлсэн юм.
Харин эсрэгээрээ миний ээж гүн гүнзгий итгэл бишрэлтэй гэр бүлээс гаралтай байв. Тэд сайн мэдээний зарчмуудыг дагаж, сүмийн үйл ажиллагаанд оролцож, сүсэг бишрэлдээ үнэнч байв. Тэр орчинд өссөнөөрөө ээж маань сүмийн цуглааныг хэзээ ч тасалдаггүй хүн болсон юм.
Тэгээд ээж аав маань гэрлэж, би болон гурван ах маань төрсний дараа, тэд биднийг өөрсдийн сайн мэдээний зарчмуудын мэдлэгийн гэрэлд өсгөхөөр хамгийн сайнаараа хичээсэн юм. Нэг өдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн идэвхгүй гишүүн байсан авга эгч маань манай аавд “Чи дөрвөн хүүтэй шүү, хонгор минь. Хэрвээ чи үнэхээр Христэд төвлөрсөн гэр бүлийг бий болгож, гэр бүлдээ Бурханыг байлгахыг хүсвэл манай сүмд очих хэрэгтэй.”
Аав минь түүний үгийг сонссон ч, бүрэн цагийн номлогчид манай хороололд ирж, хаалгыг маань тогшиж, зааж эхлэх хүртэл аав маань ямар ч үйлдэл хийгээгүй юм. Тэдгээр хүмүүс нь авга эгчийн маань аавыг сонирхож үзээрэй гэж урьсан тэрхүү Сүмийн төлөөлөгчид болохыг аав маань тэр даруй ойлгосон юм.
Гэрэл ба үнэн
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний анх ээж аавын маань сонирхлыг татсан зүйл бол Сүмийн гэр бүлд чухал ач холбогдол өгдөг байдал, “Бурханы аврал, өргөмжлөлийн ажлын ихэнх нь гэр бүлээр дамжуулан биелдэг” гэсэн сургаал байв. Тэд баптисм хүртэхээсээ өмнө суралцаж мэдэж авсан зүйлүүддээ маш их сэтгэл хангалуун байсан бөгөөд тэр ч байтугай хөршүүдээ хүртэл номлогчийн хичээлд суухыг урьдаг байв.
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний анх эцэг эхийн маань сонирхлыг татсан зүйл бол Сүм гэр бүлд чухал ач холбогдол өгдөг явдал байв.
Аав ээж маань номлогчидтой уулзаж, баптисм хүртсэний дараа сайн мэдээг үргэлжлүүлэн судлах явцдаа “хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэх“ болон сүнслэг байдлаар хэрхэн “өөрсдийн гэр орноо цэгцлэх” (Сургаал ба Гэрээнүүд 93:40, 43) аргуудыг сурсан.
Тэд “гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг” бөгөөд “Их Эзэн Есүс Христийн сургаалд суурилсан гэр бүл аз жаргалд хүрнэ” гэдгийг ойлгосон.
“Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр, өрөвч нинжин сэтгэл, ажил хөдөлмөр, үр бүтээлтэй мөн эерэг үйл ажиллагааны зарчмууд дээр үндэслэгдэж, оршин тогтнодог” гэдгийг тэд бас суралцсан юм.
Тэд гэр бүлүүд мөнхөд байж болохыг ойлгосон бөгөөд “энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно, харин энэ нь мөнхийн сүр жавхлантай хамтран нэгдэх болно” (Сургаал ба Гэрээнүүд 130:2) гэдгийг мэдэж авсан.
Тэд “Сүм дэх бүх сургаал, үйл ажиллагааны эцсийн зорилго нь эцэг эх болон тэдний хүүхдүүдийг гэртээ аз жаргалтай байж, мөнхийн гэрлэлтээ лацдан холбуулж, өөрийн үр удамтай холбогдох” гэдгийг ойлгосон.
Үүнийг мэдсэнээр тэд гэр бүлээ мөнхөд лацдан холбуулахыг хүссэн юм.
Үүрд мөнх рүү чиглэсэн харц
Эцэг эх маань баптисм хүртсэний дараа тэд сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж, дэлхийгээс сайн мэдээний хаант улс руу шилжсэн юм. Тэд гэр бүлээ нэгтгэхийн тулд гэр бүлийн үдэш хийж, хамтдаа судраас судалж, сүмийн цуглаанд итгэлтэйгээр оролцож мөн гэр бүлийн түүхийн ажил хийдэг байв. Тэрхүү нэгдмэл байдлын төлөөх хичээл зүтгэлээр тэд авралын төлөвлөгөөнд төвлөрсөн, мөнхийн амьдрал руу харцаа чиглүүлсэн гэр бүлтэй болно хэмээн найдаж байлаа.
Эцэг эхийг маань баптисм хүртсэн жил болох 1965 онд Бразилийн Сан Паулод хамгийн ойр байрлах ариун сүм бараг 9,650 км зайд Аризона мужийн Меса хотод байрлаж байв. Тийшээ аялах нь манай гэр бүлийн хувьд хэтэрхий үнэтэй байсан тул ээж аав маань ариун сүмийн ёслолуудаа хүлээн авч ладцан холбогдохын тулд Бразилын Сан Паулогийн ариун сүм 1978 онд онцгойлон адислагдахыг хүлээсэн юм. Тэр үед би Рио-де-Жанейрод номлолд үйлчилж байв.
1980 оны хоёрдугаар сард номлолын ажил маань дуусахаас хоёр сарын өмнө номлолын ерөнхийлөгч маань хамтрагч бид хоёрт Рио-де-Жанейрогоос Сан Паулогийн ариун сүм рүү гадасны гишүүдтэй хамт шөнийн турш аялаж, эцэг эхтэйгээ лацдан холбуулж, хувийн хишгээ хүлээн авахад маань зөвшөөрөл олгосон юм. Эцэг эхийнхээ адил би ариун сүмийн ёслол, гэрээний амлагдсан адислалуудыг олон жил хүлээсэн.
Тэрхүү туршлага миний ирээдүйн талаарх алсын харааг санааг өөрчилж, Ерөнхийлөгч Рассэл М.Нэлсоны саяхан хэлсэн: “Ариун сүмд байх хугацаа нь таньд селестиел ухаанаар бодож өөрийгөө хэн болох, хэн болох боломжтой, мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална” гэсэн үгийн үнэнийг зухас харахад тусалсан юм.
Тэр үед ариун сүмд өнгөрүүлсэн богинохон цаг хугацаа маань миний номлолын үлдсэн хугацаанд гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Тэрхүү ариун сүм болон гэр бүлд зориулсан Бурханы төлөвлөгөөний ач холбогдлыг гэрчилсэн алсын хараа нь миний амьдралд цаашид удаан хугацаанд нөлөөлсөн юм.
Би номлолоосоо буугаад хоёр жилийн дараа эхнэр Розанатайгаа гэрлэсэн бөгөөд бид өөрсдийн мөнхийн гэр бүлийг бий болгох алсын хараатайгаар ариун сүмд лацдан холбогдсон юм. Үүний тулд Аврагч, Түүний сургаал болон орчин үеийн бошиглогчдын сургаал дээр төвлөрсөн, эцэг эх маань заасантай адил гэр бүлийн уламжлалыг бий болгохын төлөө бид хамтдаа хөдөлмөрлөсөн юм.
Өнөөдөр манай хүүхдүүд ач зээ нарыг маань тэрхүү аз жаргалын сайн мэдээний зарчмуудаар өсгөж байна. Бидний хувьд гэр бүл бол бүх зүйл, учир нь бид гэр бүл нь Бурханы төлөвлөгөөний төв гэдгийг ойлгодог.
Ерөнхий эрх мэдэлтний хувьд би гурван хүүхдээ эхнэр,нөхөртэй нь лацдан холбох боломжоор адислагдсан юм. Ариун сүмийн тахилын ширээний өмнө өвдөг сөгдөх үед тэдний нүд рүү харах нь гайхалтай мөч байсан юм. Эцэг эхийн маань болон мөн Розана бид хоёрын заасан сайн мэдээний зарчмуудаар дамжуулан үр хүүхдүүд маань адислагдаж байгааг би харсан. Тэдгээр адислал нь ирээдүйн үр удамд маань үргэлжилж байгааг би харж байна. Тэгээд энэ бүхнийг бидэнд боломжтой болгож өгсөн хүнийг би дурсан санадаг.
Христийн мэндэлсний баярын сануулга
Гэр бүл нь Бурханы аз жаргалын төлөвлөгөөний төв хэсэг бөгөөд Аврагч Есүс Христгүйгээр энэ төлөвлөгөө боломжгүй байх байсан. Түүний Цагаатгал болон сайн мэдээний гэрээ болон ёслолууд нь өргөмжлөлийн амлалтуудыг хүртэх боломжийг бидэнд олгосон.
Ерөнхийлөгч Нэлсон: “Өргөмжлөл бол гэр бүлийн ажил хэрэг. Зөвхөн Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолуудаар дамжуулан гэр бүлүүд өргөмжлөгдөх боломжтой. Бидний хичээж тэмүүлж буй эцсийн зорилго бол хувийн хишгээ хүртэн, лацдан холбуулж, Бурханы оршихуй дахь мөнх амьдралд бэлтгэгдсэн аз жаргалтай гэр бүлтэй байх явдал юм” хэмээн тунхагласан.
Би өмнө нь очиж байгаагүй газруудад зочлохдоо Розана бид хоёрт Аврагчийн тухай санагдуулах Христийн төрөлтийг харуулсан жижиг баримлыг олохыг хичээдэг. Миний цуглуулга нэлээд их болж байгаа.
Тэдгээр эгэл даруу Христийн төрөлтийг харуулсан баримлуудыг бодож байхдаа эхнэр бид хоёр нэг удаа “Бидний амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?” гэж бодлогоширсон. Хариулт нь мэдээж Аврагч, Түүний сайн мэдээ болон гэр бүл маань юм. Өөрсдөдөө Тэнгэрлэг Эцгийнхээ бидэнд зориулсан хайрыг сануулж мөн Аврагчийн ачаар мөнхийн гэр бүлийн адислалууд нь боломжтой болсон гэдгийг сануулахын тулд хэдэн жилийн өмнө Христийн мэндэлсний баярын өмнө бид бүх Христийн төрөлтийг харуулсан баримлын цуглуулгаа хоёр том тавиур дээр тавьж, Христийн мэндэлсний баярын дараа ч хураалгүй тэнд нь үлдээсэн юм. Энэ уламжлал нь бидэнд жилийн турш гэртээ Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг хадгалахад тусалдаг.
Өдөр бүр бид тэдгээр Христийн төрөлтийг харуулсан баримлыг харахдаа тэдгээр нь Аврагч бидний амьдралд ямар чухал вэ гэдгийг сануулдаг. Тэд бидэнд одоо энэ дэлхий дээрх амар амгалан (Лук 2:14-г үзнэ үү) болон ирэх дэлхий дэхь мөнхийн аз жаргал нь Аврагч болон бид Түүнтэй хийсэн гэрээгээ хэрхэн сахихаас хамаардаг гэдгийг сануулдаг. “Тэрбээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийнхний нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн гэдгийг бөлгөө;
Эцэгийн, түүний хүчинд өгч мөн түүгээр хийгдсэн бүгд, түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болно гэдгийг бөлгөө” (Сургаал ба Гэрээнүүд 76:41–42) гэдгийг бидэнд сануулдаг.
Бид эцэг эхээсээ эдгээр үнэнүүдийг сурсан шиг, Розана бид хоёр хүүхдүүддээ эдгээрийг дамжуулахын төлөө зүтгэсэн. Одоо манай хүүхдүүд хүүхдүүддээ эдгээр үнэнийг зааж байна. 60 жилийн өмнө Бразил дахь жижигхэн гэрт эцэг эхийн минь зүрхэнд тарьсан үр цэцэглэн “хамгийн эрхэм, амтат бүхнээс дээгүүр амтат, мөн цагаан бүхнээс цагаан түүнийг, тийм ээ, цэвэр бүхнээс цэвэр“ (Алма 32:42) жимс өгсөн.
Би Бурханы гэр бүлийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, Аврагчийн хайрласан шиг хайрлаж, гэрээнүүдээ хүндэлдэг хүмүүс ирээдүйд хайртай хүмүүстэйгээ болон Эцэг, Хүүтэй хамт “мөнх амьдралын адислалууд, баяр баясгалангийн бүрэн дүүрэн байдлыг” өвлөх болно гэдгийг гэрчилж байна.
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, December 2023-ын орчуулга. Mongolian. 19614 363