2025
Гэрээнүүд, хүч ба амлалтууд
2025 оны 10-р сарын Лиахона


"Гэрээнүүд, хүч ба амлалтууд," Лиахона, 2025 оны 10-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2025 оны 10-р сар

Гэрээнүүд, хүч ба амлалтууд

Ариун сүм нь Их Эзэн Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө итгэлтэй хүмүүст амлагдсан хүч ба хамгаалалтын төвд байдаг.

Иосеф Смит Көртландын ариун сүмийн өмнө зогсож байгаа зураг

Иосеф Смитийн зураг, Дан Бурр

1833 оны 5-р сард миний дөрөвдүгээр үеийн хуланц эцэг Асаел Пэрри хэдэн найзынхаа хамт хойд Нью-Йоркоос Огайогийн Көртланд уруу аялжээ. Тэд шинээр сэргээгдсэн Сүмийн гишүүд биш ч бошиглогч Иосеф Смиттэй уулзахыг хүсэж байлаа. Тэд Көртландын ариун сүмийг барих талаар хэлэлцэх анхны зөвлөгөөнд оролцохоор яг цагтаа ирсэн байна.

Зөвлөгөөн эхэлсний дараа бошиглогч ариун сүм барих ажлын төлөвлөгөөг танилцуулав. Дараа нь тэрээр ийм өргөн цар хүрээтэй ажил өрнөж байгаа талаар санал бодлоо илэрхийлэхийг тэнд оролцсон хүмүүст уриалав. Ихэнх нь Сүмд ийм ажлыг хийх хөрөнгө мөнгө байхгүй гэж хариулсан байна. Тэд жижиг, хямд барилга барихыг санал болгожээ.

Дараа нь Пэрри өвөө найзуудын хамт цугларан, мөнгөө гаргаж ирээд, хувь нэмэр оруулж эхлэв. Тэдэнд буцах замын зардал мөн ариун сүмийн барилгад хувь нэмрээ оруулах хангалттай мөнгө байсан уу? Хэдэн минутын дараа өвөө маань Иосеф Смит рүү дөхөж очин, таван долларын алтан зоос гаргаж ирээд, бошиглогчид гардуулав. (Ийм зоос өнөөдрийн хэдэн зуун доллартай тэнцэх байсан!)

Иосеф зөвлөлийн өмнө зогсож, зоосыг өргөв. Дараа нь тэр урам зоригтой ярьж, "ажил эхэллээ. Их Эзэн Есүс Христийн танилцуулсан загварын дагуу [Их Эзэний] өргөө баригдах болно" хэмээн хэлсэн юм.

Пэрригийн гэр бүл удалгүй Көртландад Сүмд нэгдэн, хэдэн жилийн дараа Наувугийн ариун сүмд ариун сүмийн адислалуудаа хүлээн авч, хожим нь Ютагийн хээр талыг туулжээ.

1836 онд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах үед онцгойлон адислах ёслолд оролцох хүсэлтэй бүх хожмын үеийн гэгээнтэн багтахааргүй жижигхэн байжээ. Сүм өргөжин тэлэхийн хэрээр гадаа болдог цуглаануудад оролцдог гэгээнтнүүдийн тоо ч өссөн байна. Намайг залуу байхад гадасны ерөнхийлөгч, 2007 онд Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахад Ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байсан ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) Сүмийн хоёр дахь ариун сүмийн талаар дараах зүйлийг ажигласан юм:

"1846 онд Наувугийн ариун сүм баригдаж дуусахаас өмнө гэгээнтнүүд Иосеф болон Сүмийн бусад удирдагчийн үгийг сонсохын тулд гадаа цугладаг байв. Заримдаа олон мянган хүн цуглаанд ирдэг байв." Цаг агаар муудсан үед ч цугладаг байв.

"[Ахлагч] Жорж А.Смит хөгжилтэйгөөр ‘Бошиглогч Иосефын өдрүүдэд … [Сүм] гадаа хамгийн сайн цэцэглэн хөгжиж байсан’" гэжээ.

Өнөө үед дэлхий даяар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гадна болон дотор аль аль талд цэцэглэн хөгжиж байгаад бид талархалтай байдаг. Энэхүү цэцэглэлт хөгжил нь адислал, өргөл, итгэл, золиослолын загвар буюу "танилцуулсан загварын дагуу" урьд өмнө байгаагүй хурдаар ариун сүмүүдийг барьж байгааг багтааж байна.

Көртландын ариун сүмийн зураг

Цог жавхлант гэрэл-Көртландын ариун сүм, Глэн С.Хопкинсон, хуулбарлаж болохгүй.

Яагаад ийм олон ариун сүм байдаг вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) хэдэн арван жилийн өмнө "ариун сүмүүд Хойд, Өмнөд Америк, Номхон далайн арлууд, Европ болон бусад газарт тархах болно хэмээн бидний өвөг дээдэс бошиглосоор ирсэн" хэмээн хэлжээ. "Гэтэлгэлийн ажлыг төлөвлөсөн цар хүрээнд нь хийх ёстой бол хэдэн зуун ариун сүм барих хэрэгтэй болно."

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон "Их Эзэн бидэнд ийн үйлдэхийг зааварласан учраас [бид урьд өмнө байгаагүй хурдацтайгаар ариун сүмүүдийг барьж байна]. Ариун сүмийн адислалууд хөшигний хоёр талд Израилыг цуглуулахад тусалдаг. Эдгээр адислал нь мөн Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах хүмүүсийг бэлдэхэд тусалдаг!"

Иосеф Смит Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралдаа "Их Эзэний өргөөний хатавчаар орж ирэх бүх хүн таны сүр хүчийг мэдэрч болохын тулд. …

Мөн Ариун Эцэг минь, таны үйлчлэгчид энэ өргөөнөөс таны сүр хүчээр зэвсэглэн урагш одож болохын тулд мөн таны нэр тэдэн дээр байж болохын тулд мөн таны алдар суу тэдний эргэн тойронд байж болохын тулд мөн таны тэнгэр элчүүд тэдний дээр захирч байхын тулд бид танаас гуйж байна” (Сургаал ба Гэрээнүүд 109:13, 22; тодотгол нэмэгдсэн мөн 23-р шүлгийг үзнэ үү) гэж залбирсан юм.

Би эдгээр шүлгийг уншихдаа хожмын өдрүүдийн талаарх Нифайн үзэгдлийн тухай боддог. Адил төстэй үг хэллэгүүдийг анзаараарай: “Мөнхүү улиран тохиох дор, Нифай би, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн дэлхийн гадаргуугаар тархсан байсан Их Эзэний гэрээт хүмүүс дээр Бурханы Хурганы хүч буусныг болгоов; мөн тэд ялгуусан сүр жавхланд зөв шударга байдлаар болон Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” (1 Нифай 14:14; тодотгол нэмэгдсэн).

Хожмын үеийн ариун сүмүүд Нифайн бошиглолын биелэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Хоёр дахь ирэлтийн өмнө итгэлтэй хүмүүст амлагдсан хүч болон хамгаалалтын төвд байдаг гэдэгт би итгэдэг.

Хэдэн жилийн өмнө намайг их сургуулийн тойрогт бишопоор үйлчилж байхад манай тойргийн нэгэн залуу эмэгтэй надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр одоо ч намайг гайхшруулдаг. Та нар мэднэ дээ. Тэр бол Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Эмили Бэлл Фрийман юм шүү дээ. Саяхан болсон Ерөнхий чуулган дээр тэрээр Есүс Христ биднийг ариун сүмээр дамжуулан илүү дээд сүнслэг түвшинд өргөдөг тухай заасан.

"Би Түүний өргөөний босгыг давах бүрдээ Түүнтэй илүү гүн гүнзгий гэрээний харилцаанд ордог" гэж ерөнхийлөгч Фрийман хэлсэн юм. “Би Түүний Сүнсээр ариусгагдаж, Түүний хүчийг хүртэж, Түүний хаант улсыг байгуулахаар онцгойлон адислагддаг.”

Амлагдсан хүч

Ерөнхийлөгч Нэлсон ариун сүмийн гэрээнүүдээр дамжуулан боломжтой болох Есүс Христийн хүчний талаар олонтоо ярьдаг байсан. “Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг” гэж тэр хэлжээ. Ерөнхийлөгч Нэлсон бас ийн заасан.

"Бид ариун сүмийн гэрээгээ сахиснаар Их Эзэний хүчирхэгжүүлэгч хүчийг илүү их хүлээн авдаг. Ариун сүмд бид дэлхийн сорилт бэрхшээлээс хамгаалалт хүлээн авдаг."

[Аврагчийн] амин чухал ёслолууд ариун санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч."

"Яг одоо болон ирэх өдрүүдэд манай хүмүүст хэрэгтэй байгаа ёс суртахуун, сүнсний хүч бол Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн хүч юм. Бид Тэдэнтэй гэрээ хийж, сахиснаар Тэдний хүчийг хүлээн авах боломжтой болдог."

Ах эгч нар аа, бид ёс бус дэлхийд амьдарч байгаа учраас тэнгэрлэг хүч маш чухал. Тэрхүү хүчгүйгээр бид "Түүний ирэх өдрийг тэсвэрлэж," "Түүнийг үзэгдэхэд зогсож" (Maлахи 3:2) чадахгүй. Тэр өдөр хэзээ болохыг бид мэдэхгүй ч Түүний элч Түүнийг ирэхэд "замыг бэлт[гэхээр]" (Малахи 3:1) илгээгдсэн билээ. Дэлхий тэр өдөр рүү тайван амгалан замнахгүй байна.

Бидэнд туслах итгэлтнүүдэд амлагдсан хүч хэрэгтэй. Үүнд:

  • Бурханыг амьдралдаа ялуулах

  • Наманчилж, Их Эзэнд илүү ойртох

  • Адислал, тайтгарал, удирдамж, тохинуулал

  • "Сорилт, уруу таталт, зүрхний шаналлаа илүү сайн тэсвэрлэх"(Мозая 3:19-ийг үзнэ үү).

  • Гэрээний замаар алхахдаа Христ доторх амар амгалан, баяр баяслыг олох.

  • “Шатаалтын өдөрт” мөн “ёс бусыг үйлдэгчдийн өгөх гай түйтгэр”-ийн эсрэг бэлтгэх (Сургаал ба Гэрээнүүд 109:46).

  • Их Эзэний ажлыг Хоёр дахь ирэлтээс өмнө дуусгах.

Аризонагийн Тусон ариун сүм

Аризонагийн Тусон ариун сүмийн бөмбөрцгийн зураг, Жэймс Витни Янг

Авралын харуулууд

Тэнгэрлэг Эцэгийн ажил, алдар суу бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал юм. Ариун сүм бүр нь Бурханы авралын төлөвлөгөөний дэлхий дээрх харуул болон зогсох бөгөөд энэхүү ажил болон алдар суу дахь Аврагчийн гол үүрэг рүү чиглүүлдэг.

Ариун сүмийн гэрээнүүдээ итгэлтэй сахидаг, гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн бүр Түүний хүчээр зэвсэглэн, энэ болон ирэх амьдралд адислагдах болно.

Ерөнхийлөгч Нэлсон “Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлаар хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбуулж, ариун сүмд хийсэн гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд хийдэг таны гэрээнүүд амьдрал, гэрлэлт, гэр бүл болон дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд юм. Ариун сүм дэх шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөө хийдэг үйлчлэл тань та нарын хувийн илчлэлт, амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх та нарын хүслийг хүчирхэгжүүлнэ" хэмээн амласан.

Би Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд эдгээр зүйл үнэн гэдгийг гэрчилж байна.