2025
Бидний амьдралын үнэн
2025 оны 8-р сар


“Бидний амьдралын үнэн,” Лиахона, 2025 оны 8-р сар

Лиахона сэтгүүлийн сар тутмын захиас, 2025 оны 8-р сар

Бидний амьдралын үнэн

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг өнгөрсөн, одоо, ирээдүйн талаарх үнэнийг, түүний дотор бүх бэлгээс хамгийн агуу бэлгийг хэрхэн хүлээн авах тухай илчилсэн билээ.

Н.К.Витни & Ко. дэлгүүр

1833 оны 1-р сарын 22-ны өдөр Охайо мужийн Көртланд хотод Н.К.Витнигийн дэлгүүрийн дээд давхрын жижигхэн, давчуу өрөөнд Сүмийн ахлагчид бошиглогч Иосеф Смитийн хамт цугларсан байв. Өмнөх оных нь арван хоёрдугаар сард Иосеф гол төлөв ах нарыг номлолд бэлтгэх нэгэн сургууль байгуулахыг зааварчилсан нэгэн илчлэлт хүлээн авчээ.

“Хаант улсын сургаалыг та нар бие биедээ заах болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна.

Хичээнгүйлэн заагтун та нар, мөн миний ач ивээл та нартай байх болно, та нар онолд, зарчимд, номлолд, сайн мэдээний хуульд, та нарын ойлголтод шаардлагатай Бурханы хаант улсад хамаардаг бүх зүйл илүү төгс зааварлагдаж болохын тулд; …

Та нарыг бибээр дуудсан тэрхүү дуудлагыг, би та нарт итгэмжилсэн тэрхүү үүрэг даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгүүлэхээр би та нарыг дахин илгээхэд та нар бүх зүйлд бэлтгэгдэж болохын тулд буюу” (Сургаал ба Гэрээнүүд 88:77–78, 80).

“Бошиглогчдын сургууль” хэмээн нэрлэгддэг байсан энэ сургууль гайхамшигтай гэнэтийн сүнслэг илэрхийлэлт байсан юм. Сүмийн анхны олон удирдагч тэнд суралцаж байв. Өнөөдөр дэлхий ертөнц тэс өөр болсон ч тэр үед Их Эзэний өгсөн удирдамж гайхалтай ач холбогдолтой хэвээр байна Бид “байгаа…, мөн байс[ан], мөн байх… [зүйлсийн]” (Сургаал ба Гэрээнүүд 93:24) мэдлэг хийгээд үнэнийг мөн адил эрэлхийлэх учиртай.

уншиж байгаа номоо тунгаан бодож буй эмэгтэй

Бидний үнэний эрэл

Бидний амьдарч буй энэ цаг үед мэдлэгийг урьд өмнө байгаагүйгээр чөлөөтэй олж авах боломжтой болжээ. Өмнө нь та ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл номын санд ороод хайх хэрэгтэй байв. Өнөө үед интернэтээр болон гар дээрх төхөөрөмжүүдээр дамжуулан бид бараг тэр даруй олж авах боломжтой хязгааргүй мэт мэдээлэлд нэвтэрч байна.

Өгөгдсөн эх сурвалжуудыг ухаалаг ашигласнаар бид Их Эзэний таалалд нийцдэг бөгөөд Тэр бидэнд цаг үеэс ангид дараах зөвлөгөөг өгсөн юм: “Та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биедээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судалж мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 88:118). Тэрээр биднийг хүрээлэн орших дэлхий ертөнцийн талаар суралцахад урамшуулан дэмждэг (Сургаал ба Гэрээнүүд 88:79; 93:53), гэвч бид үнэнийг эрж хайхдаа “бүх зүйлийг ухамсарладаг, мөн бүх зүйл түүний өмнө байдаг … мөн тэрбээр бүх зүйлийн дээгүүр, … мөн бүх зүйл түүгээр, мөн түүнээс” (Сургаал ба Гэрээнүүд 88:41) болох Бурхан руу харах ёстой.

Бурханы бидэнд өгсөн үнэнүүдийн дотроос дэлхий дээрх бидний амьдралын хамгийн чухал суурь үнэн нь Тэр бол бидний Тэнгэрлэг Эцэг гэдэг нь юм. Бид бол Түүний сүнсэн хөвгүүд, охид билээ. Бурхан биднийг төгс мэддэг, төгс хайрладаг. Бид Түүний сүнсэн хүүхдүүдийн хувьд бурханлаг мөн чанар, хувь тавилантай. Эдгээр мөнхийн үнэнийг ойлгож, хүлээн авах нь бидэнд хэн болохыг маань, бидний үнэ цэн хийгээд дэлхийн өмнөх амьдралд биднийг адисалж, удирдан чиглүүлж байсан зорилгыг ойлгуулдаг бөгөөд одоо ч мөн ирээдүйд ч ийм байсаар байх болно.

хөшгөөр нэвтэрч буй хүмүүс

Эхлэлд бид Эцэгтэй хамт байсан

Бид юмсын үнэнийг “байснаар” нь эрэлхийлснээр Аврагч Есүс Христээс “Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, эхлэлд би Эцэгтэй хамт байсан билээ, мөн би Ууган Хүү нь болой,” мөн “эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт [байсан]” (Сургаал ба Гэрээнүүд; 93:21, 23) гэсэн үгсийг олж мэддэг.

Бид дэлхий дээр амьдрахынхаа өмнө тэнгэрт нэгэн хуралд оролцсон бөгөөд тэнд Тэнгэрлэг Эцэг аз жаргалын агуу төлөвлөгөөгөө танилцуулсан. Бурханы Өөрийнх нь төлөвлөгөөний зорилго бол “[Өөртэй нь] адилхан болж хөгжих [мөн] … түүнтэй хамт өргөмжлөгдөх … боломжийг” олгох явдал гэж бошиглогч Иосеф Смит бидэнд заасан. Түүний ажил, алдар суу нь “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” явдал юм (Moсe 1:39).

Бид сонгох эрхээ ашиглан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахыг сонгосон. Бид сонгох эрхээ үргэлжлүүлэн ашиглах, мөнх бус амьдралдаа туршлагахуримтлуулах, суралцах, түүнчлэн мөнх амьдралд хүрэхийн тулд өсөж хөгжих боломжийг олгосон энэ амьдралаар адислагдсан.

Мөнх бус аяныхаа турш бид саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах болно. Гэхдээ бид амьдралын саад тотгортой ганцаар нүүр тулгарах шаардлагагүй. “Ертөнцийн Аугаа Эцэг хүн төрөлхтнийг бүхэлд нь эцгийн ёсоор халамжилж, санаа тавин харж байдаг” хэмээн Иосеф Смит заасан.

Тэнгэрлэг Эцэг маань болох “өршөөлийн Эцэг бөгөөд бүх тайвшралын Бурхан” биднийг адисалж, өргөн дэмжиж, “Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруул[на]” (2 Коринт 1:3–4). Энэ төлөвлөгөөнийх нь нэгэн чухал хэсэг бол Тэнгэрлэг Эцэг биднийг Өөр лүү нь буцаж очих арга замаар хангасан явдал юм.

Израил, Гетсеманийн цэцэрлэг

Бидний Эцэгт хүрэх зам

“Үнэхээр [байгаа зүйлүүдийн тухай]” (Иаков 4:13) үнэн нь тодорхой. Бид дан ганц Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд өөрсдийн бүрэн чадавхад хүрч чадахгүй. Эцэгийн сүнсэн Ууган Хүү Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч байх гэрээг байгуулсан.

Есүс Христ бол “Мөн маханбодод ирж мөн оршиж байсан мөн бидний дунд оршин байсан, ач ивээл болон үнэнээр, бүр үнэний Сүнсээр дүүрэн, Эцэгийн Төрсөн Ганц[] …” (Сургаал ба Гэрээнүүд 93:11) билээ. Аврагч бидэнд энэ амьдралд төдийгүй үүрд мөнхөд аз жаргал, утга учир, баяр баясгаланг олох замыг харуулахаар ирсэн билээ.

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөнх амьтай болох юм.

Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ” (Иохан 3:16–17).

Аврагчийн энэ дэлхий дээр туулсан зүйлс нь чухал. Тэр “эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин ач ивээлийн хариуд ач ивээлийг хүлээн авс[ан]” (Сургаал ба Гэрээнүүд 93:12). Тэр “Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг” мөн “тэнгэр ба газар, аль алин дээрх бүх хүчийг” хүлээн авах хүртлээ өсөн хөгжсөн “бөгөөд Эцэгийн сүр жавхлан түүнтэй хамт байв, учир нь тэрээр түүнд оршиж байлаа” (Сургаал ба Гэрээнүүд 93:16–17). Аврагч:

“Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдварыг би та нарт өгч байна.

Учир нь хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, та нар түүний бүрэн байдлаас хүлээн авч, мөн би Эцэгт алдаршдаг адил надаар алдарших болно; тиймийн тул, би та нарт хэлж байна, та нар ач ивээлийн хариуд ач ивээлийг хүлээж авах болно” (Сургаал ба Гэрээнүүд 93:19–20).

Гетсеманийн цэцэрлэгт болон загалмай дээр Есүс Христ дэлхийнхний нүглийг өөртөө авч; өвдөлт, уй гашуу “бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг” (Алма 7:11) амссан. Энэ нь “[Түүнийг] … өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн” (Сургаал ба Гэрээнүүд 19:18) юм. Зөвхөн Есүс Христээр мөн Түүний Цагаатгал ба Амилалтаар дамжуулан аврал, өргөмжлөл боломжтой билээ.

Аврагчийн ач ивээл болон цагаатгагч золиослолоор дамжуулан бид бүрэн байдлыг хүлээн авч, хэзээ нэгэн өдөр төгс байдалд аваачигдах хүртлээ өсөн хөгжиж чадна. Хэрэв бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, зарлигуудыг нь сахих аваас Тэрээр биднийг Тэнгэр дэх Эцэгийн алдар суут оршихуйд эргэж очих зам дээр удирдан чиглүүлэх болно.

Иерусалим орох замаар алхаж буй Христийн зураг

Христ Иерусалим орох зам дээр, Майкл Коулмэн, хуулбарлахыг хориглоно.

Та түүний бэлгийг хүлээн авах уу?

“Үнэхээр [байх зүйлүүдийн тухай]” (Иаков 4:13) үнэнүүд дундаас бидний мөнх оршихуйн амьдрал Есүс Христийг дагаж, Түүний санал болгодог бэлгүүдийг хүлээн авах сонголтоор маань тодорхойлогдох болно гэдгийг бид мэдэж авдаг. Судрууд бидэнд “хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ [бид] эдлэх” болно хэмээн заадаг. Харамсалтай нь зарим хүн “хүлээн авч болох байсан [зүйлээ] эдлэхэд бэлэн бай[даггүй]” (Сургаал ба Гэрээнүүд 88:32) аж.

Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилж байсан миний номлолын ерөнхийлөгч, ахлагч Марион Д.Хэнкс (1921–2011) номлогчдодоо бид хүлээн авч, баяр баяслыг эдлэхэд бэлэн байгаа зүйлээ асуух нь сүнслэг аян замынхаа хаана байгаагаа дүгнэх нэг арга зам мөн хэмээн заасан. “Учир нь хэрэв хүмүүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь түүнд ямар ашиг тус авчрах билээ?” Бид Аврагчийн бэлгийг хичээнгүйлэн эрэлхийлэн хүлээн авч, Түүнийг дагах юм бол мөнх амьдралд болон “уг бэлгийг өгөгч болох түүнд” (Сургаал ба Гэрээнүүд 88:33) найдах найдварт баясах болно. Хайраар өгсөн энэхүү бэлэг нь “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу бэлэг” (Сургаал ба Гэрээнүүд 14:7) юм.

Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг. Тэр биднийг мэддэг бөгөөд бидэнд хайртай. Үнэнийг хайхдаа бид Түүнд хандсанаар оюун билигтэй нэгдэн, мэргэн ухааныг хүлээн авч, үнэнээс зууран, ариун журмыг хайрлан, Түүнээс ирдэг гэрэлтэй нэгдэн нийлж чадна (Сургаал ба Гэрээнүүд 88:40-ийг үзнэ үү). Тэгээд “[бид] түүнд мөн түүгээр амьдруулагдсан учраас … бүр Бурханыг ойлгох өдөр бидэнд ирэх” (Сургаал ба Гэрээнүүд 88:49) хүртэл насан туршдаа зогсохгүй.

Энэ нь хамгийн сүр жавхлант, хамгийн баяр баясгалантай өдөр байх болно.