2025
Есүс Христ: Христийн амилсны баярын найдвар ба амлалт
2025 оны 4-р сар


“Есүс Христ: Христийн амилсны баярын найдвар ба амлалт,” Лиахона, 2025 оны 4-р сар.

Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2025 оны 4-р сар

Есүс Христ: Христийн амилсны баярын найдвар ба амлалт

Христийн амилсны баярын найдвар, амлалтаар дамжуулан Есүс Христ бидний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж, бодгалийн маань асуултуудад хариулдаг.

Үржил шимгүй модны мөчир

Зураг чимэглэлийг Майкл Данфорд

Энэхүү захиасыг уншихдаа, сүнсийг мэдрэх ариун газарт байж, нам гүм мөчийг бий болгоно уу.

Бидний дэлхий ихэнхдээ чимээ шуугиантай, дүр эсгэсэн байдал, бардамналаар дүүрэн. Гэхдээ биднийг өөрсдөдөө болон Бурханд нээлттэй, үнэнч шударга, мэдрэмтгий хандах үед Есүс Христ доторх Христийн амилсны баярын найдвар, амлалт бодитой болдог. Ийм цаг үед бид дараах байдлаар гуйдаг.

“Би гэр бүлийн гишүүн, найз, хайртай хүнтэйгээ хэрхэн дахин уулзах вэ?”

“‘Зөвхөн би’ гэх харилцаатай дэлхий дээр би эргэн тойрныхоо хүмүүстэй, өөртэйгөө болон Бурхантай харилцах харилцаа (Сургаал ба Гэрээнүүд 107:19-ийг үзнэ үү), амар амгалан, итгэл найдварыг хаанаас олж, мэдрэх вэ?”

“Миний хайрлаж чадах мөн намайг үнэхээр хайрлах хүн байгаа болов уу? Гэрээний харилцаа нь үлгэр домог шиг биш харин үхлийн хүлээснээс ч илүү бат бөх бэхжиж, жинхэнэ аз жаргалтай, үүрд мөнхөд үргэлжилж чадах уу?”

“Өвчин шаналал, зовлон зүдгүүр, шударга бус явдал их байгаа газарт би Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээн дэх мөн Сүм дэх амар амгалан, эв нэгдэл, ойлголцолд хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ?”

Христийн амилсны баярын үеийг тохиолдуулан би Есүс Христийн тухай, Түүний амлалт, найдварын тухай гэрчлэлээ хуваалцаж байна.

Гэрээнд харьяалагдах амлалт ба зорилго

Бурхан, бидний Тэнгэр дэх Мөнхийн Эцэг; Түүний хайрт хүү Есүс Христ болон Ариун Сүнс бидний хүн нэг бүртэй ойр байдаг. Тэдний хязгааргүй хийгээд мөнхийн гэрэл, нинжин сэтгэл, гэтэлгэгч хайр нь бүтээлтийн бүрэлдэхүүн хэсгүүд болон бидний оршихуйн зорилготой нягт холбоотой байдаг (Алма 30:44; Мосе 6:62–63-ыг үзнэ үү).

Мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх зөвлөгөөн дээр “өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хүү [мөн охин] баярлалдан уухайлсан” (Иов 38:7). Бид сонгох боломжийг сонгосон. Одоо бид итгэлээр алхаж байна. Мөнх бус амьдралын тодорхой бус байдал, урам хугарал, сорилт бэрхшээлүүдийн дунд Бурханы амласан сайн сайхан, тодорхой байдал, баяр баясгалан, зорилго зэргийг бид өөрсдийн туршлагаар олж авдаг.

Бид оршихуйн тодорхой бус байдалд ганцаардан хэрэн тэнүүчлэх ёсгүй. Бид тэнгэртэй харилцаж; гэр бүл, гэр орон, Сүмийн хүрээлэл дотроо итгэлээ хөгжүүлж; нэг хэсэг нь болж; Бурханы зарлигуудад баяр баясгалантайгаар, өөрсдийн хүслээр дуулгавартай байснаар хамгийн үнэнч, хамгийн эрх чөлөөтэй, хамгийн өөрийнхөөрөө, баяр баясгалантай хүмүүс болж чадна. Есүс Христ дотор, Түүгээр дамжин гүйцэлдсэн Цагаатгал буюу Христийн адил болох нь уг гэрээнд харьяалагдахуйц болгодог.

Цэцэглэж буй нахиатай модны мөчир

Есүс Христийн амьдрал, номлолоос ирэх найдвар

Христийн амилсны баярын найдвар, амлалтад мөнх бус амьдралынхаа төгс тохинууллын үеэр Есүс Христийн хуваалцсан сургаал, адислалууд багтдаг. Есүс Христ эхлэлд урьдаас томилогдсон бөгөөд Бурханы Төрсөн Ганц Хүү болж мэндэлсэн (Иаков 4:5; Алма 12:33–34; Мосе 5:7, 9-ийг үзнэ үү). Түүний мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан ба Тэрээр Бурханы хийгээд хүмүүсийн тааллыг олсон (Лук 2:52-ыг үзнэ үү). Есүс Христ зөвхөн Өөрийн Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлж, нүглийг өршөөж, сул доройг эдгээж, үхэгсдийг амилуулж мөн өвчтэй болон ганцаардсан хүмүүсийг тайтгаруулж байсан.

40 өдөр мацаг барьсныхаа дараа Тэрээр: “Над дээр Эзэний Сүнс байна. Учир нь ядууст сайн мэдээг хүргэхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь зовж шаналсныг эдгээх, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгсдыг чөлөөлөхийн тулд юм” хэмээн гэрчилжээ (Лук 4:18; мөн Исаиа 61:1-ийг үзнэ үү).

Бидний хүн нэг бүр энэ бүхнийг мэдэрч байсан.

Есүс Христ сүүлчийн зоогийн үеэр шавь нарынхаа хөлийг угаасан (Иохан 13:4–8-ыг үзнэ үү). Хуучин болон Шинэ ертөнцийн аль алинд “амийн ус” ба “амийн талх” болох Тэр Өөрөө ариун ёслолыг тогтоосон билээ. Ариун ёслолын үеэр бид Эцэгийг дуудаж, Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгахын тулд Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авч, үргэлж Түүнийг санаж, зарлигуудыг нь сахихаар гэрээнд нэгддэг (Лук 22:19–20; 3 Нифай 18:7, 10–11-ийг үзнэ үү).

Гетсеманийн цэцэрлэгт Есүс биднийг гэтэлгэж, цагаатгахын тулд хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчсэн. Сүв бүрээс нь цус шүүрчээ. Хэрэв бид наманчилбал, биднийг зовохгүй байж болохын тулд Тэрээр бүхний төлөө эдгээр шаналлыг тэвчсэн билээ (Сургаал ба Гэрээнүүд 18:11; 19:16-г үзнэ үү).

Хууртагдаж, хилсээр буруутгагдсан Есүс Христ доромжлуулж, ташуурдуулж, даруухан тэргүүн дээрээ өргөст титэм тавиулсан юм (Maтай 27:26, 29; Марк 15:15, 17, 20, 31; Лук 22:63; Иохан 19:1–2-ыг үзнэ үү). “Гэмт үйлдлийн маань улмаас … шархаар нь бид эдгэрчээ” (Исаиа 53:5). Тэрээр биднийг Өөртөө татахаар “загалмай дээр өргөгдсөн” (3 Нифай 27:14–15-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч Есүс Христ загалмай дээр байхдаа ч уучилж байсан юм (Лук 23:34-ийг үзнэ үү). Тэр Иоханаас ээжийгээ халамжлахыг хүссэн (Иохан 19:26–27-г үзнэ үү). Түүнд орхигдсон мэт мэдрэмж төрж байсан (Матай 27:46; Марк 15:34-ийг үзнэ үү). Судрын хэсэг гүйцэлдэж болохын тулд Тэрээр би цангаж байна гэж хэлжээ (Иохан 19:28-ыг үзнэ үү). Тэрээр бүх зүйлийг гүйцэлдүүлээд “сүнсээ даатга[сан]” (Лук 23:46; мөн Иохан 10:17–18-ыг үзнэ үү).

Есүс Христ биднийг өвчин шаналал, сул дорой байдал, ганцаардал, бусдаас холдсон болон зовлон бэрхшээлийн үед хэрхэн халамжлахаа мэддэг (Алма 7:12-ыг үзнэ үү). Иймэрхүү зовлон зүдгүүр нь ихэнхдээ бусдын сонголтын үр дагавар болж ирдэг. Тэр бас баярлах, талархах үед маань хэрхэн бидэнтэй хамт баясахыг, биднийг баяр хөөрөөр дүүрэн үед хэрхэн хамт баярын нулимс унагахаа мэддэг. Тэрээр биднийг Өөрийн нэрээр, Өөрийн дуу хоолойгоор сүрэгтээ хайрлан дууддаг. Тэрбээр газар газрын хүн бүрийг дууддаг. Тэрээр биднийг мөнх бус амьдралыг мөнхийн талаас нь харж, ойлгоход урьдаг. Биднийг цэх шулуун алхаж, гэрээнүүдээ сахих юм бол бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно хэмээн Тэрээр амласан билээ (Сургаал ба Гэрээнүүд 90:24; Ром 8:28-ыг үзнэ үү).

Түүний цаг хугацаа, арга замаар юмс ямар байснаасаа гадна ямар болох боломжтой тэр хэлбэрээр сэргэдэг. Үнэндээ Есүс Христ биднийг боолчлол болон нүглээс, үхэл болон тамаас чөлөөлж; итгэл, наманчлалаар дамжуулан, төсөөлж байснаасаа ч илүүгээр тэнгэрлэг мөн чанараа гүйцэлдүүлэхэд бидэнд тусалж чадна.

Чөлөөлөлтийн амлалт

Есүс Христийн ачаар үхэл төгсгөл байхаа больсон юм. Христийн амилсны баяраар бид ийн тунхагладаг.

Үхлийг ялж, хүнийг чөлөөлж,

Христ тийн ялалт байгууллаа.

Есүс Эцэгийнхээ зарлиг болон хүчээр амиа өгч, үүнийгээ буцааж авч чадсан билээ (Иохан 10:17-г үзнэ үү). Түүний бие булшинд байхад Есүс Христ “өөрсдийг нь үхлийн хүлээснээс гэтэлгэснийг” (Сургаал ба Гэрээнүүд 138:16) тунхаглан, сүнсний дэлхий дээр тохинуулж, удирдан чиглүүлсэн юм.

Гурав дахь өдрийн өглөө Тэрээр булшнаас босож ирэв. Тэрээр Мариатай ярьсан. Тэрээр Еммау руу явж байсан хоёр шавьдаа, төлөөлөгчдөдөө бас бусад хүнд үзэгджээ. (Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20-ийг үзнэ үү.)

Тэрээр өмнөх шигээ гэрчлэн, шавь нараа завины нөгөө талд тороо хаяхад урьдаг. Тор дахин загасаар дүүрсэн ч задарсангүй (Иохан 21:6–11; Лук 5:3–7-г үзнэ үү). Тэр шавь нараа хооллож, Өөрийнх нь хонь, хургануудыг тэжээхийг Петрээс гурвантаа гуйв (Иохан 21:12–17-г үзнэ үү). Тэрээр тэнгэр өөд одсон бөгөөд одох үедээ Түүний шавь нар харин өнөө үед бид бүгдээрээ Христийн амилсны баярын алдар суут мэдээг болон Түүний сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хүмүүнтэй хуваалцах ёстой хэмээн тунхагласан юм (Maтай 28:19–20; Марк 16:15-ыг үзнэ үү).

Есүс Христ бол бидний Сайн хоньчин бөгөөд Бурханы Хурга. Тэр хоньдынхоо төлөө Өөрийнхөө амьдралыг зориулж, Өөрийн амийг өгсөн. Тэрээр цэцэрлэгт болон загалмай дээр дааж давшгүй зүйлсийг амсаж мөн биднийг цагаатгасан билээ. Энэ амьдралд болон үүрд мөнхөд “үүрд мөнхийн амьдралын замыг үхэл нээдэг” гэдгийг Тэрээр бидэнд үлгэр жишээгээрээ үзүүлдэг.

Бие махбод амилуулагдах үед Христийн Цагаатгал болон Амилалтын хүчээр бидний бие болон сүнс дахин нэгдэх болно. Бидний төрх болон бие, үе мөч бүхэн сэргэж, бид алдар сууг хүлээн авах болно. Бидний толгой дээрх үс хүртэл эргэн сэргэх болно. Бид мөнх бус цаг зуурын зовуурь, өвчин эмгэг, бие махбодын бэртэл болон оюун санааны хязгаарлагдмал байдлаас чөлөөлөгдөнө. Христийн Цагаатгал биднийг сүнсний тусгаарлалт, сүнсний үхлийг даван туулуулахын тулд адисалдаг. Наманчлах нөхцөлтэйгөөр бид аливаа нүгэл, уй гашуугаас чөлөөлөгдөж, бидэнд хайр, баяр баясгалангийн мөнхийн бүрэн дүүрэн байдал нээлттэй болно. Бид цэвэр, ариун, эрх чөлөөт байдлаар хамгийн эрхэм гэр бүлийн харилцаагаа хадгалан Бурхан Эцэг, Есүс Христ хоёрын алдар суут селестиел оршихуйд эргэн очих боломжтой.

Бид хайртай хүмүүстэйгээ дахин уулзах болно. Бид хайртай хүмүүстэйгээ дахин нэгдсэн үедээ мөнхийн талаас нь буюу илүү агуу хайр, ойлголт, нинжин сэтгэлээр нэг нэгнээ харах болно. Есүс Христийн Цагаатгал бидэнд юу чухал гэдгийг санахад төдийгүй чухал биш зүйлийг мартахад тусалж чадна. Аврагчаа мөн түүнтэй харилцах харилцаагаа илүү их итгэл, талархалтайгаар харах нь амар амгаланг авчирч, ачаа дарамтыг хөнгөлж, зүрх сэтгэлийг эвлэрүүлж, гэр бүлүүдийг энэ амьдралд болон үүрд мөнхөд нэгтгэдэг.

Цэцэглэсэн модны мөчир

Элбэг дэлбэг, баяр баясгалангийн найдвар

Есүс Христийн амилсны баяраар тэнгэрийн цонх нээгдэж, усан үзмийн модны жимс арвижиж, газар нутгууд үзэсгэлэнт сайхан болох болно. Есүс Христийн амилсны баярт бэлэвсэн, өнчин өрөөсөн, өлсгөлөн болон сул дорой, айсан, хүчирхийлэлд өртсөн, бусдын үйлдлээс болж аюулд өртсөн тэднийг тайтгаруулж, халамжлах нь багтдаг. Есүс Христ хүн нэг бүрийг анхааран, тэдэнд Өөртэй нь адил хайр, нинжин сэтгэлээр харж, тохинуулахад биднийг урьдаг.

Есүс Христ бүх сайн сайхан зүйлийг элбэг дэлбэгээр сэргээв (Иохан 10:10; Алма 40:20–24-ийг үзнэ үү). Тэрээр: “дэлхий дүүрэн байна, мөн тэнд хангалттай мөн илүүдэл буй” (Сургаал ба Гэрээнүүд 104:17) хэмээн амласан. Бүх зүйлийн сэргээлтэд Түүний сайн мэдээний бүрэн байдал, Түүний санваарын эрх мэдэл, хүч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэмээх Түүний нэрээр нэрлэгддэг Сүмийн ариун нандин ёслол, гэрээнүүд орно.

Есүс Христийн амилсны баяраар Их Эзэний ариун өргөөнүүд олон газарт Бурханы хүүхдүүдэд ойртон ирж, “Сион уулан дээрх аврагчдын” (Обадиа 1:21-ийг үзнэ үү) сургаалыг бидний зүрх сэтгэлд авчирна. Их Эзэн нас барсан хайртай хүмүүсийн маань өөрсдөө олж авах боломжгүй мөнх амьдралын хэрэгцээ, хүслийг дэлхий дээр гүйцэлдүүлэх ариусгагч, өгөөмөр арга замыг бидэнд өгдөг.

Энэ бол миний найдвар, амлалт, гэрчлэл юм. Бурхан бидний Эцэг; бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христ болон Ариун Сүнс байдаг гэдгийг би гэрчилж байна. Бид Христийн амилсны баяраар болон өдөр бүр мөнх бус байдлаас үхэшгүй байдал болон мөнх амьдралд хувирах тэнгэрлэг өөрчлөлтийн гэрээний зам бүхий Бурханы аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөөн дэх мөнхийн итгэл найдвар, амлалтыг олох болтугай. Өдөр бүр Есүс Христийн Цагаатгалын тодорхой байдал бидний ачааг хөнгөлж, бусдад уй гашуу тохиолдсон үед тэднийг тайтгаруулахад бидэнд тусалж, Түүний бүрэн дүүрэн баяр баясгаланг хүлээн авахад бодгалийг маань чөлөөлөх болтугай.

Христийн амилсны баярын найдвар, амлалтаар дамжуулан Есүс Христ бидний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж, бодгалийн маань асуултуудад хариулдаг.