“Би тэднийг эдгээх болно,” Лиахона, 2025 оны 2-р сар
Сар тутмын Лиахона дээрх захиас, 2025 оны 2-р сар
“Би тэднийг эдгээх болно”
Аврагчийн эдгээх тохинуулал бол Амилуулалтаар бидний хүн нэг бүрд ирэх бие махбод, сэтгэл санааны үүрдийн эдгэрлийн тэнгэрлэг эхлэл мөн амлалт юм.
Агаарын тээврийн ахмадаар ажиллаж байхдаа хийж байсан зарим урт нислэгээ би одоо ч маш тод санадаг.
Тэдгээрийн нэг нь Германаас өглөөний 11 цагт хөөрөөд, өдрийн 1 цагт Калифорниад газардах нислэг байв. Орон нутгийн нислэгийн хөөрөх, газардах цагийг харьцуулбал Атлантын далайгаар Хойд Америк хүртэл нисэхэд хоёрхон цаг болдог мэт харагддаг. Боинг 747 хурдан ч гэсэн ингэж нисэхээр хурдан бол биш! Үнэндээ 9000 км замыг туулахад салхинаас хамааран 11 цаг орчим болдог байсан.
Баруун зүг рүү нисдэг байсан учраас нислэгийн үеэр нар огт жаргадаггүй байв. Германаас Калифорниа хүрэх замын туршид өдрийн наранд явсаар ирдэг байлаа.
Харин Герман руу буцах нислэг огт өөр байдаг байв. Бид үдээс өмнө эрт хөөрсөн ч зүүн зүг рүү нисэх үед нар ердийнхөөс хурдацтай жаргаж, агшин зуурт шөнө болдог байлаа.
Эдгээр урт нислэгийн үеэр энэ дэлхийн гоо үзэсгэлэнг болон Бурханы бүтээлийн эмх цэгцтэйг эргэцүүлэн бодож, зүрх сэтгэл минь үргэлж догдолдог байсан. Шөнийн түнэр харанхуйд нисэж байсан ч аян зам маань дуусахаас өмнө нар дахин мандаж хурцаар гийгүүлэн, шинэ өдрийг амь амьдрал, халуун дулаанаар тэтгэнэ гэдгийг би баттай мэдэж авсан. Нислэгийн маань нөхцөл байдлаас болж нар арай удаан эсвэл хурдан жаргаж байгаа мэт санагдаж байсан байж болох ч нар тэнгэрт нэг л хэвэндээ, хөдөлгөөнгүй, байх ёстой газартаа оршсоор байдаг гэдгийг би ойлгосон.
Би Бурханы талаар үүнтэй адилаар бодож явдаг. Би Бурханы мэргэн ухаанд мөн Түүний бүх бүтээлийн зорилгод гүн гүнзгий итгэдэг учраас өөрсдийн мөнх бус оршихуй дахь амьдралын тухай бодох үедээ баяр хөөр, найдвар, үүрдийн амар амгаланг мэдэрч чаддаг. Бид Бурханы хүүхдүүд. Тэр бидэнд хайртай. Тэр бидний нөхцөл байдлыг мэддэг. Тэр туслахад бэлэн байдаг. Бидний эргэн тойрны юмс тогтворгүй, тааварлашгүй байсан ч эдгээр үнэн өөрчлөгддөггүй.
Амар тайван байдалд маань заналхийлсэн харанхуй, уй гашуу, тодорхой бус байдал бид бүгдэд тулгардаг. Үнэн ба гэрлийн найдвартай, үнэн эх сурвалжид би ямар их талархдаг гээч (Сургаал ба Гэрээнүүд 88:6–11-ийг үзнэ үү). Есүс Христ бол дэлхийн гэрэл ба амь мөн. Түүний болон цагаатгагч золиослолынх нь ачаар бидэнд ирээдүйд найдах найдвар, аяллын маань бараан өдрүүдийг гэрэлтүүлэх тэнгэрлэг гэрэл, эцэст нь нүгэл, үхлийг бүрмөсөн ялах амлалт бий.
“Тэр дэлхийг хайрладаг”
Есүс Христ бол дэлхийд амьдарч байсан цорын ганц төгс төгөлдөр хүн юм. Төгс амьдралынхаа улмаас Тэрээр шударга ёсонд ямар ч өргүй байсан. Тэр бидэнд хайртай учраас үхэшгүй байдал, мөнх амьдралын үүд хаалгыг нээхээр бидний хүн нэг бүрийн болон Бурханы хүүхэд тус бүрийн төлөө Өөрийн амийг өгсөн.
Сатан бидэнд юу ч гэж итгүүлэхийг хүссэн бай, бидний хэн нь ч биднийг аврах Аврагчийн чадвараас хэтийддэггүй. Бидний хэн нь ч өршөөлийн ач ивээлээс хасагдаагүй. Бидний хүн нэг бүр “түүний хайрын мутраар мөнхөд хүрээлүүлсэн” (2 Нифай 1:15).
Бүхий л бэлгээс хамгийн агуу нь болох энэ бэлэг Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч, гэтэлгэгч хүчнээс ирдэг. Аврагч Гетсеманид болон Голготад зовж шаналсан учраас биднийг бүхий л сул дорой байдлаас маань хэрхэн аврах, тэдгээрийг даван гарахад бидэнд хэрхэн туслахаа мэддэг (Алма 7:12-ыг үзнэ үү).
“Тэрээр энэ дэлхийн төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийх авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүмүүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгсөн болой” (2 Нифай 26:24).
Есүс Христ бол бидний хүч чадал!
Тэр бидэнд тусламжийн гараа сунгадаг.
Тэр бүрэн бүтэн болгодог.
Тэр авардаг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Аврагч бүх хүн төрөлхтний төлөө [Өөрийн цагаатгах золиослолыг үйлдэхдээ] Өөрийг нь дагадаг хүмүүст Өөрийн эдгээх, хүчирхэгжүүлэх, гэтэлгэх хүчнээс хүртэх замыг нээж өгсөн” хэмээн хэлсэн.
Тэрхүү хүч яг л нар шиг, үргэлж байж байдаг. Хэзээ ч дайвалзахгүй. Аврагчийн зам мөрийг дагах нь сүүдрээс гарч, Бурханы гэрэл, халуун дулаан, хайрын адислалуудыг хүлээн авч чадах нарны гэрэл рүү очихтой адил юм. Хэзээ нэг өдөр бид эргэн хараад, Есүс Христэд болон Түүний тэнгэрлэг хайр биднийг өргөж, хүчирхэгжүүлнэ гэдэгт итгэх мөнхийн ач холбогдолтой сонголтыг хийсэндээ талархана гэдгийг би мэднэ.
“Над руу эргэн ир”
Аврагчийг цовдлуулсны дараа түнэр харанхуйд гурван өдрийг өнгөрөөсөн хүмүүсийн тухай Мормоны Номд өгүүлдэг. Тэднийг нөмөрсөн бодит харанхуй нь нүглээс болж бидэнд тулгардаг сүнслэг харанхуйг бэлгэдэж болох юм. Дараа нь хүмүүсийг харанхуйгаас Түүний гэрэлд гарч ирэхийг урьсан Христийн дуу хоолойг тэд сонссон.
“Би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” (3 Нифай 9:13).
“Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргө” (3 Нифай 9:20).
“Наманчилж мөн зүрх сэтгэлийнхээ бүрэн тэмүүллээр надад эргэж ир” (3 Нифай 10:6).
Биднийг харанхуйд төөрөх үед Аврагч өнөөдөр ч яг энэ урилгыг бидэнд өгдөг. Нар мандах бүрд шинэ өдөр эхэлдэгтэй адил, наманчлах бүрдээ бид шинэ эхлэлийг, гэгээлэг шинэхэн гарааг хүлээн авдаг.
Энэ нь амархан байна гэсэн үг биш. Наманчлах нь өөрчлөгдөх гэсэн утгатай ба өөрчлөлт хурдан байдаггүй. Баяр хөөртэй хэдий ч наманчлалд “бурханлаг гэмшил” (2 Коринт 7:10) багтдаг. Энэ нь биднээс буруугаа хүлээхийг, түүнчлэн Бурханаас болон хохироосон байж болох хүмүүсээсээ уучлал гуйхыг шаарддаг. Хамгийн гол нь энэ нь биднээс “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон … бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс хүчит Их Эзэний Сүнс[ийг]” (Мозая 5:2) эрэлхийлэхийг шаарддаг.
Энэ төрлийн өөрчлөлтөд хүрэх аян урт боловч эхний алхмаа тавьсан даруйд “та нарын авралын өдөр” эхэлж, “гэтэлгэлийн агуу их төлөвлөгөө тэр даруй та нарт үйлчлэх болно” (Алма 34:31).
Чин сэтгэлийн наманчлалаар маань дамжуулан Бурхан бидний гэм нүглийг уучилж, тэдгээрийг дахин санахгүй хэмээн амладаг. Өөрсдийн гэм нүглийг мартахад амаргүй байвал Их Эзэний уучлах амлалтад найдахыг хичээж, бусдыг болон өөрсдийгөө уучилж сурцгаая.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015): “Биднийг алдаа гаргаж, нүгэл үйлдэхэд сүнсэн бие маань гэмтдэг. “Харин бидний мөнх бус бие махбодтой харьцуулахад наманчлалын үйл явц дуусгавар болох үед Есүс Христийн Цагаатгалын ачаар ямар ч сорви үлддэггүй билээ.”
Сохор хүнийг эдгээсэн нь, Карл Хайнрих Блок
“Тэднийг нааш авчир”
Аврагч бол гарамгай Эдгээгч юм. Түүний эдгээх хүчний хамгийн гайхамшигтай нэг нотолгоо Мормоны Номд, эртний Америкт үйлдсэн Түүний хувийн тохинууллын талаарх цэдэгт байдаг.
“Та нарын дунд өвчтөнүүд байна уу?” гэж Тэр асуусан. “Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, эсвээс уяман өвчтэй, эсвээс татанги, эсвээс дүлий, эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно, учир нь та нарыг өрөвдөх сэтгэл надад буй; зүрх сэтгэл минь нигүүлслээр дүүрэв. …
Мөнхүү улиран тохиох дор түүнийг тийн ярихад, бүх цугласан олон нэгэн зэрэг, мөн өвчтэй, мөн зовж зүдэрсэн, мөн доголон, мөн хараагүй мөн хэлгүй, мөн ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн тэд бүгдтэйгээ урагшлав; мөн тэрбээр тэднийг түүнд авчрахад нэг бүрчлэн эдгээв” (3 Нифай 17:7, 9).
Амилахаасаа өмнө ч мөн дараа нь ч Аврагчийн “ямар нэгэн байдлаар зовж зүдэрсэн” хэн нэгнийг эдгээсэн мөч бүр нь Түүний бидний бодгалийг эдгээх туйлын хүч чадлыг гэрчилдэг. Гайхамшигт эдгээлт бүр нь Амилуулалтаар бидний хүн нэг бүрд ирэх бие махбод, сэтгэл санааны үүрдийн эдгэрэлтийн тэнгэрлэг бэлтгэл үе мөн амлалт бөгөөд энэ нь “Их Эзэний эдгээх төгс үйл юм.”
Энэ амьдралд эдгэрэхийн төлөө өргөсөн залбирлууд үргэлж бидний найдаж байснаар хариулагддаггүй нь үнэн боловч хэзээ ч сонсогдохгүй өнгөрдөггүй. Шөнийн харанхуй гайхалтай сайхнаар мандах наранд зайгаа тавьж өгдөг шиг эдгэрэх цаг ирэх болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр: “Бидний итгэл хэзээ ч талархалгүй үлдэхгүй. Бүхнээс цэцэн мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хэтийн төлөв биднийхээс хамаагүй өргөн цар хүрээтэйг би мэднэ. Бид мөнх бус оршихуйнхаа асуудал, зовлонг мэддэг бол Тэрбээр бидний мөнх байдлын өсөлт, чадавхыг мэддэг. Хэрэв бид Түүний тааллыг мэдэхийн тулд залбирч, үүнд нь тэвчээртэй, зоригтой захирагдах юм бол тэнгэрлэг эдгэрэлт Түүний арга зам, тогтоосон цаг хугацаанд тохиох болно.
Саяхан миний эхнэр Харриэт бид хоёр хайртай хүмүүсийнхээ төлөө онцгой найдлага тээн залбирч гуйсан юм. Тэдний эмч нарын багт өвчнийг нь эдгээх онцгой чадвар өгөгдөөсэй гэж бид залбирсан. Шууд эдгээх эсвэл эдгэрэх боломжгүй байсан ч Аврагчийн эдгээх хүч тэдэнд тайтгарал, амар амгаланг авчраасай хэмээн нэмж хэлэх мэдрэмж бидэнд төрсөн юм. Аврагчийн гэтэлгэх хүчний эдгээх нөлөө нь дэлхий ертөнцөд хүлээн авч болох аливаа эдгэрэлтээс ч илүү нөлөөг бидний сэтгэл санаа, сүнслэг байдалд, тэр ч байтугай бие махбодын эрүүл мэндэд үзүүлж магад. Есүс Христ бол энэ амьдралд төдийгүй мөнх амьдрал дахь Эдгээгч билээ.
Ах, эгч нар аа, хүндэт найзууд минь ээ, Аврагчийн маань нигүүлсэл шархыг тань эдгээж, нүглээс таныг цэвэршүүлж, учрах сорилт бэрхшээлд таныг хүчирхэгжүүлж, итгэл найдвар, мэргэн ухаан, амар амгалангаар таныг адислахад хангалттай гэдгийг би гэрчилж байна. Заримдаа бидэнд Түүний хайр, гэрэл, дулаанаас холдсон мэт санагдсан ч Түүний хүч үргэлж байрандаа хөдөлшгүй, баттай байсаар байдаг.
Бид Есүс Христийн бидний төлөө хийсэн бүхнийг үргэлж биширч, тэдгээрт гүнээ талархаж байгаасай хэмээн би залбирч байна. Таныг төгс хайрладаг гэдгийг мөн танд мөнхийн амлалтуудыг өгснийг санаарай.
“Түүний Хүү, [Есүс Христийн] баяслаар танд ачаа чинь хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай” (Алма 33:23).
© 2025, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, February 2025-ын орчуулга. Mongolian. 19609 363