“Есүс Христ бол ‘Амьд,’ ‘Сайн’, ‘Илүү онцгой найдварын’ эх булаг юм” Лиахона, 2024 оны 12-р сар.
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2024 оны 12-р сар
Есүс Христ бол “Амьд”, “Сайн”, “Илүү онцгой найдварын” эх булаг юм
Бетлехемд нэгэн бяцхан хүү мэндэлснийг тэмдэглэн өнгөрүүлдэг уг онцгой баяраар бид Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч болж энэ ертөнцөд ирсэн гэдгийг үргэлж санах болтугай.
Христийн төрөлт, Шарлотт Андрус
Төлөөлөгч Петр болон Мормоны Номын бошиглогч Иаков, Моронай нар Христэд найдах найдварын сүнслэг бэлгийг ижил сонирхолтой арга замаар онцолсон.
Жишээ нь, Петр “Эзэн Есүс Христийн маань Бурхан ба Эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан Өөрийн агуу өршөөлөөр, үхэгсдээс амилсан Есүс Христийн амиллаар биднийг амьд найдвар өөд” (1 Петр 1:3; тодотгол нэмсэн) гэж тунхагласан. “Амьд” гэсэн үгээр “найдвар”-ыг тодорхойлсон байгааг анхаарна уу.
Иаков “Иймийн тул, хайрт ах дүү нар минь, түүний Төрсөн Ганц Хүү, Христийн цагаатгалаар түүнд нийцсэн бай, тэгвэл Христэд байх амилуулалтын хүчээр та нар амилуулалтыг олж болно, мөн итгэлтэй байж, мөн түүнийг бие махбодид өөрийгөө үзүүлэхээс өмнө түүний сүр жавхлангийн сайн найдлагыг олж, мөн Бурханд Христийн анхны үр жимс хэмээн танилцуулагдах бөлгөө” (Иаков 4:11; тодотгол нэмсэн) гэж тунхаглажээ. “Сайн” гэсэн үгээр “найдвар”-ыг тодорхойлсон байгааг анхаарна уу.
Мөн Моронай “Мөн түүнчлэн та хүмүүнд нэгэн өргөөг, тийм ээ, хүмүүн илүү онцгой найдвар тавьж болох түүнийг, бүр Эцэгийнхээ ордонгуудын дунд бэлтгэсэн хэмээн таны хэлснийг би санаж байна; иймийн тул хүмүүн найдах ёстой, эс бөгөөс тэрээр таны бэлтгэсэн уг байранд өв хүртэж чадахгүй” (Ифер 12:32; тодотгол нэмсэн) гэж хэлсэн. “Илүү онцгой” гэсэн үгээр “найдвар”-ыг тодорхойлсон байгааг анхаарна уу.
Христэд найдах найдвар гэж юу вэ?
Христэд найдах найдварын сүнслэг бэлэг гэдэг бол “Ариун Мессиагийн гавьяа, нигүүлсэл, мөн ач ивээлээр” (2 Нифай 2:8) дамжуулан мөнх амьдралыг баяртайгаар хүсэн хүлээх явдал бөгөөд зөв шударга байдлын амлагдсан адислалуудыг хүсэх хүчтэй хүсэл юм. Эдгээр шүлэг дэх “амьд”, “сайн”, “илүү онцгой” гэсэн үгс нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан амилуулалт болон мөнх амьдралын тухай улам бүр нэмэгдэх, хүчтэй баталгааг өгдөг.
Бошиглогч Мормон ийн тайлбарласан:
“Мөн тэрчлэн, хайрт ах дүүс минь, би та нарт найдварын талаар яримаар байна. Та нар найдваргүйгээр, яахан итгэлийг олж чадах билээ?
Мөн та нар юуны төлөө найдах билээ? Болгоогтун та нар Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдахыг би та нарт хэлье, мөн энэ нь амлалтын дагуу түүнд итгэлтэйн тань учир болой.
Иймийн тул, хүмүүн итгэлтэй аваас түүнд найдвар байх нь гарцаагүй; учир нь итгэлгүйгээр ямар ч найдвар байж чадахгүй” (Моронай 7:40–42).
Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө
Христэд найдах амьд, сайн, илүү онцгой найдвар нь Бурхан Мөнхийн Эцэгийн амьд гэдэг мэдлэгээс эхэлдэг. Тэр бол бидний Эцэг бөгөөд бид бол Түүний сүнсэн хүүхдүүд мөн. Бид шууд утгаараа Бурханы сүнсэн хөвгүүд, охид бөгөөд Түүнээс бурханлаг чанаруудыг өвлөн авсан билээ.
Эцэг бол аз жаргалын төлөвлөгөөний зохиогч юм ( Абрахам 3:22–28-ыг үзнэ үү). Бурханы сүнсэн охид, хөвгүүдийн хувьд бид “мөнх амьдралыг өвлөн авах тэнгэрлэг хувь заяагаа бүрэн дүүрэн ухааран ойлгож, төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбодтой болж, энэ дэлхийд амьдрах тухай Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн”. Бид судруудаас “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх махан болон ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө” (Сургаал ба Гэрээ 130:22) гэж суралцдаг. Иймээс бие махбодыг олж авах нь бурханлаг хувь заяа руугаа урагшлах үйл явцад нэн чухал юм.
Бид хоёр биеэс бүрдсэн. Бидний мөнхийн хэсэг болох бидний сүнс мөнх бус амьдралын хүслүүд болон дур хүслийн эрхшээлд байдаг бие махбодоор хувцаслагдсан байдаг. Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө хүүхдүүдэд нь удирдамж чиглэл өгч, амилсан, өргөмжлөгдсөн биестэйгээр гэртээ аюулгүй харихад нь мөн мөнхийн баяр баясал, аз жаргалын адислалуудыг хүлээн авахад нь туслах зорилготой юм.
Христ Хүү, Шарлотт Андрус
Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн гэтэлгэх үүрэг
Есүс Христ бол Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү юм. Тэр Эцэгийнхээ хүслийг биелүүлэхээр дэлхийд ирсэн (3 Нифай 27:13-ыг үзнэ үү). Есүс Христ бол хүн төрөлхтний авралтай холбоотой бүх зүйлд Эцэгийг төлөөлөхөөр Түүгээр тослуулсан Нэгэн юм. Тэр үхэл, гэм нүглийг аль алийг нь ялсан учир бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч билээ.
Алма Мессиагийн авралын ажлын талаар Гидеоны хүмүүст ийн бошиглосон байдаг:
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.
Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд бөлгөө; мөн түүний зүрх сэтгэл бие махбодийн дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.
Эдүгээ Сүнс бүх зүйлийг мэддэг; гэсэн хэдий ч Бурханы Хүү өөрийн хүмүүсийн нүглүүдийг өөр дээрээ авч болохын тулд, тэрээр өөрийн чөлөөлөлтийн хүчний дагуу тэдний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бие мах бодийн дагуу зовох болно” (Алма 7:11–13).
Сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн. Жинхэнэ итгэл нь Аврагчид төвлөрдөг бөгөөд биднийг Түүнд итгэж найдахад мөн үхлээс аварч, нүглээс цэвэршүүлж, өөрсдийн маань хүч чадлаас хэтэрсэн хүч чадлаар адислах Түүний хүчинд бүрэн итгэх боломжийг бидэнд олгодог.
Моронай “Мөн Есүс Христээр ирсэн хүмүүний гэтэлгэлийн улмаас, тэд Их Эзэний өмнө буцаан хүргэгдэнэ; тийм ээ, бүхий л хүмүүн гэтэлгэгдэх нь үүгээр ирэх болно, учир нь нэгэн эцэсгүй нойрноос гэтэлгэлийг улируулан тохиолгох тэр амилуулалтыг Христийн үхэл улируулан тохиолгодог, мөн бүрээ дуугарахад бүх хүмүүн Бурханы хүчээр тэрхүү нойрноос сэрээгдэх болно; мөн бага мөн агуу аль аль нь болох тэд гарч ирж, мөн биеийн үхэл болох тэрхүү үхлийн мөнхийн хүлээснээс гэтэлгэгдэн мөн алдуурагдсан учир, бүгдээрээ түүний тавцангийн өмнө зогсох болно” (Моронай 9:13) хэмээн гэрчилсэн.
Аврагч үхлийн хүлээсийг тасчсан гэдгийг би гэрчилж байна. Тэр амилсан бөгөөд Тэр амьд, сайн, илүү онцгой найдварын цорын ганц эх булаг юм.
Сэтгэлийн зангуу
Бошиглогч Ифер “Иймийн тул, Бурханд итгэдэг хэн боловч, илүү сайн дэлхийд, тийм ээ, Бурханы баруун гар талд байх нэгэн байрны төлөө лавтайяа найдаж болох, уг найдвар нь итгэлээр ирж, хүмүүсийн бодгальд зангуу болдог, тэр нь тэднийг тууштай мөн хөдөлшгүй сайн үйлээр үргэлж дүүрэн, бас Бурханыг алдаршуулахад удирдагдах болгодог” (Ифер 12:4; тодотгол нэмсэн) хэмээн гэрчилсэн.
Бетлехемд нэгэн бяцхан хүү мэндэлснийг тэмдэглэн өнгөрүүлдэг уг онцгой цаг үеэр бид Есүс Христ бидний Аврагч, Гэтэлгэгч болохоор энэ ертөнцөд ирсэн гэдгийг үргэлж санах болтугай. Тэрээр бидэнд амьдрал, гэрэл, шинэчлэл, хайр, амар амгалан, харах өнцөг, баяр баясгалан, найдварын үнэлж баршгүй сүнслэг бэлгүүдийг санал болгодог.
Би та бүхнийг Түүний цагаатгагч золиослол болон бодит амилалтын талаарх эртний болон орчин үеийн бошиглогчдын сургаал мөн гэрчлэлүүдийг судалснаар Аврагчид найдах найдварын сүнслэг бэлгийг зүй зохистой эрэлхийлэхэд урьж байна. Та нар үүнийг хийх юм бол Гэтэлгэгчийн бурханлаг чанарын тухай гэрчлэл тань хүчирхэгжиж, Түүнд илүү гүнзгий хөрвөгдөж, Түүний тухай зоригтой гэрчлэгч болох хүсэл, шийдэмгий байдал тань өсөн нэмэгдэж, бодгаль тань зангуугаар— бүр амьд, сайн, илүү онцгой найдвараар адислагдах болно гэдгийг би амлаж байна.
Олон үеийн туршид Түүний тухай гэрчилж байсан төлөөлөгчидтэй хамт би Есүс Христ бол амьд Бурханы амьд Хүү мөн гэдэг гэрчлэлээ баяртайгаар тунхаглаж байна. Тэр бол өргөмжлөгдсөн, мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй, бидний амилсан Гэтэлгэгч юм. Их Эзэний бүх хүн төрөлхтөнд боломжтой болгосон Гэтэлгэл, Бурхантай эвлэрэх боломж байгаа учир бид “Христ дотор бүгд амьд байх болно” (1 Коринт 15:22) гэсэн сүнслэг баталгаа болон амьд, сайн, илүү онцгой найдварыг хүлээн авч чадна.
© 2024, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, December 2023-ын орчуулга. Mongolian. 19296 363