“Есүс Христ дэх эв нэгдлийн загвар,” Лиахона, 2024 оны 10-р сар
Сар тутмын Лиахона сэтгүүлийн захиас, 2024 оны 10-р сар
Есүс Христ дэх эв нэгдлийн загвар
Бид Есүс Христ дотор 4 Нифай дахь хүмүүсийн адил нэгдсэнээр нэг байх хүсэл маань бидний ялгааг орлож, аз жаргал руу хөтөлдөг.
Дэлхий даяар хүчтэй маргаан, зөрчилдөөн газар авч байгаа цаг үед бид амьдарч байна. Зүрх сэтгэл нь хөрж хатуурсан хүмүүсийн нөлөө хийгээд технологиор дамжуулан хагарал үүсгэгч эдгээр хүч бидний зүрх сэтгэлийг жигшил зэвүүцлээр дүүргэж, харилцааг маань зөрчилдөөнөөр хордуулах аюул заналхийлж байна. Олон нийтийн холбоо тасарч байна. Дайн дэгдэж байна.
Энэ хүрээнд Есүс Христийн жинхэнэ дагалдагчид энэхүү нөхцөл байдлыг эсэргүүцэн, амар амгаланг хүсэж, Есүс Христийн сургаал дээр суурилсан өөр төрлийн нийгмийг байгуулахыг идэвхтэйгээр эрэлхийлдэг. Иймээс Их Эзэн бидэнд “Нэг байгтун; мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн үүрэг өгсөн. Чухамдаа эв нэгдэл бол Есүс Христийн үнэн Сүмийн онцлог шинж мөн.
Бид хагарал, зөрчилдөөний хүчний эсрэг хэрхэн ажилладаг вэ? Бид яаж эв нэгдэлд хүрэх вэ?
Аз болоход, Мормоны Ном дахь 4 Нифай бүлэг бидэнд нэгэн жишээг үзүүлсэн юм. Энэ бүлэгт хүмүүс Аврагчийг айлчилж, тэдэнд зааж, Өөрийн Сүмийг тэдний дунд байгуулсны дараа хэрхэн амьдарсан тухай товч өгүүлдэг. Энэ түүх нь тэд хэрхэн аз жаргалтай, амар тайван эв нэгдэлд хүрснийг харуулдаг бөгөөд бидэнд тэрхүү эв нэгдлийг олж авах загварыг үзүүлдэг.
Хөрвөлт
4 Нифай 1:1-ээс бид: “Есүсийн шавь нар Христийн сүмийг эргэн тойрны бүх нутагт байгуулав. Мөн [хүмүүс] тэдэн дээр ир[ж], мөн нүглүүдээсээ үнэнээр наманчилсан” гэж уншдаг.
Бид Их Эзэн, Аврагч Есүс Христийн эргэн тойронд нэгддэг. Есүс Христийн тухай, мөн Түүний сайн мэдээ болон Сүмийн талаар суралцах хүн бүрд Ариун Сүнс зүрх сэтгэлд нь үнэнийг гэрчилдэг. Тэгээд бид Түүнд итгэж, наманчилснаар Түүнийг дага гэсэн Аврагчийн урилгыг хүлээн авч чадна.
Ийнхүү хувь хүний хөрвөлтийн аян аминч бөгөөд нүгэлт хүслээс хол байж, Аврагч руу эхэлдэг. Тэр бидний итгэлийн суурь юм. Бидний хүн нэг бүр санаа бодол бүрдээ Түүн рүү харах үед (Сургаал ба Гэрээ 6:36-г үзнэ үү) Тэр бидний амьдралд нэгдмэл хүч нөлөө болдог.
Гэрээ
4 Нифай дахь цэдэг цааш Сүмд ирж, нүглүүдээсээ наманчилсан болгон нь “Есүсийн нэрээр баптисм хүртэв; мөн тэд түүнчлэн Ариун Сүнсийг хүлээн авав” (4 Нифай 1:1) гэж өгүүлдэг. Тэд Бурхантай онцгой, хүчин төгөлдөр харилцаатай болсон.
Бид гэрээнүүдийг байгуулж, сахиснаар хувь хүний хувьд Их Эзэний нэрийг өөрсөд дээрээ авдаг. Түүнчлэн бид нийтээрээ Түүний нэрийг хүлээн авдаг. Гэрээ хийж, тэдгээрийг сахихыг хичээдэг бүх хүн Их Эзэний хүмүүс, Түүний үнэт өмч болдог(Гэтлэл 19:5-ыг үзнэ үү). Иймээс бид гэрээний замаар ганцаараа мөн хамтдаа аялцгаадаг. Бурхантай тогтоосон гэрээт харьцаа нь нийтлэг шалтгаан, нийтлэг шинж чанарыг бидэнд өгдөг. Бид өөрсдийгөө Их Эзэнтэй холбох үед Тэр бидэнд “зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнийхээ зүг хандсан хайранд нэгтгэ[хэд]” (Moзая 18:21) тусалдаг.
Шударга, тэгш байдал ба ядууст туслах нь
4 Нифай дахь цэдэг цааш үргэлжлүүлэн: “Тэдний дунд зөрчилдөөн мөн арцалдаан байсангүй, мөн хүмүүн бүр нэг нэгэнтэйгээ шударгаар харьцаж байлаа.
Мөн тэд өөрсдийн дунд бүх зүйлийг нийтээр эзэмшиж байв; тиймийн тул баян ба ядуу, боол ба чөлөөт гэж байсангүй, харин тэд бүгдээр эрх чөлөөтэй, мөн тэнгэрлэг бэлгээс хүртэгсэд болгогдов” (4 Нифай 1:2–3).
Их Эзэн биднээс энэ амьдралд бие биедээ шударга хандаж, бие биеэ залилан мэхлэлгүй, ашиг хонжоо хайж ашиглалгүй амьдраасай гэж хүсдэг (1 Тесалоник 4:6-г үзнэ үү). Бид Их Эзэнд ойртох тусам “бие биеэ гэмтээх биш, харин амар амгалангаар амьдрах, мөн хүн бүрд зохих хэмжээгээр өгөх хүсэл та нарт бий болно” (Мозая 4:13).
Их Эзэн мөн ядуусыг болон тусламж хэрэгтэй хүмүүсийг анхаарч халамжлахыг бидэнд зарлигласан. Бид тэднийг шүүхгүйгээр өөрсдийн чадварын дагуу тэдэнд туслахын тулд “[өөрсдийн] хөрөнгөнөөс хуваалцах” (Moзая 4:21–27-г үзнэ үү) ёстой.
Бидний хүн нэг бүр “ах дүүсээ өөр шигээ хүндлэх” (Сургаал ба Гэрээ 38:24) ёстой. Хэрэв бид Их Эзэний хүмүүс болж, нэгдмэл байхыг хүсвэл, нэг нэгэндээ адил тэгш хандахаас гадна, бие биеэ эрх тэгш гэж үзэн, зүрх сэтгэлдээ бид Бурханы өмнө эрх тэгш, адил үнэ цэнтэй, адил тэгш чадавхтай гэдгээ мэдрэх ёстой.
Дуулгавартай байдал
4 Нифайгаас сурсан дараагийн сургамж нь: “Тэд Өөрсдийн Их Эзэн мөн өөрсдийн Бурханаас хүлээн авсан зарлигуудын дагуу алхсан” (4 Нифай 1:12) гэсэн энгийн хэллэг байдаг.
Их Эзэн энэ хүмүүст Өөрийн сургаалыг зааж, зарлигуудыг өгч, тэднийг адислах үйлчлэгчдийг дуудсан юм. Үүнийг хийх Түүний нэг зорилго бол тэдний дунд маргаан гарахгүй байхад анхаарах явдал байв (3 Нифай 11:28–29; 18:34-ийг үзнэ үү).
Их Эзэний болон Түүний үйлчлэгчдийн сургаалд дуулгавартай байх нь нэгдмэл байхад маань нэн чухал юм. Үүнд, бид бүтэлгүйтэх бүрдээ наманчлах зарлигийг дуулгавартай дагаж, өдөр бүр илүү сайн, улам сайн байхыг хичээхдээ бие биедээ туслах амлалт багтдаг.
Хамт уулзалдах
Дараа нь 4 Нифай дахь хүмүүс “залбирч мөн Их Эзэний үгийг сонсохоор хамтдаа ойр ойрхон цугларахаа, мөн мацаг барилт мөн залбирлыг үргэлжлүүл[сэн]” (4 Нифай 1:12) гэдгийг бид мэдэж авдаг.
Бид хамтдаа цуглах хэрэгтэй. Долоо хоног бүр болдог шүтэн бишрэх цуглаанууд нь бидний хувьд хүч чадлыг хувьдаа болон хамтдаа олж авах чухал боломж юм. Бид ариун ёслолоос хүртэж, суралцаж, залбирч, хамтдаа дуулж, нэг нэгнээ дэмждэг. Бусад цугларалт нь бас харьяалал, нөхөрлөл, нийтлэг зорилгыг хөгжүүлэхэд тусалдаг.
Хайрлах
4 Нифай дахь цэдэг энэ бүгдийн хамгийн агуу түлхүүр нь буюу жинхэнэ эв нэгдэлд юу хүргэдгийг бидэнд ийн заадаг. “Хүмүүсийн зүрх сэтгэлд орших Бурханы хайрын учир, уг нутагт зөрчилдөөн огт байсангүй” (4 Нифай 1:15).
Бид даруухан хүлцэнгүй байдлаар Бурханыг чин сэтгэлээсээ хайрласнаар хувийн амар амгаланд хүрдэг. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Бурханыг өөр хэнээс ч, юунаас ч илүүтэй хайрласнаар жинхэнэ амар амгалан, тайтгарал, итгэл, баяр баясгалан авчрах нөхцөл бүрдэнэ. Бид Бурханыг болон Есүс Христийг хайрлах хайрыг хөгжүүлснээр гэр бүл, хөршөө хайрлах хайр аяндаа бий болно.
Бурханыг болон Түүний бүх хүүхдийг хайрлах хайраар дүүрэн байх нь бидний мэдэрч болох хамгийн агуу баяр баясгалан юм.
Христийн цэвэр хайр болох энэрэл нь зөрчилдөөний эсрэг ерөндөг болдог. Энэ нь Есүс Христийн жинхэнэ дагалдагчийн гол зан чанар юм. Бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаж, зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирвал Тэрээр бидэнд энэрлийг өгнө (Моронай 7:48).
Бид бүгд зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг хүлээн авахыг эрэлхийлэх үед эв нэгдлийн гайхамшиг бидэнд ердийн зүйл мэт санагдах болно.
Бурханлаг мөн чанар
Эцэст нь 4 Нифай дахь хүмүүс бидний анхаарлыг татахуйц нэгдмэл байдлын тэмдгийг үзүүлсэн юм: “Дээрэмчид ч, алуурчингууд ч, бас леменчүүд ч, бас ямар ч -чууд байсангүй; харин тэд Христийн хүүхдүүд, мөн Бурханы хаант улсын өв залгамжлагчид гэгдэн нэг болсон байв” (4 Нифай 1:17).
Хүмүүсийг олон зуун жилийн турш хагалан бутаргаж байсан ялгаатай байдал нь илүү үүрдийн, эрхэмсэг шинж чанарын өмнө нуран унасан. Тэд өөрсдийгөө болон бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааныхаа дагуу хардаг байв.
Олон янзын байдал, ялгаа нь бидэнд сайн бөгөөд чухал ач холбогдолтой байж болно. Гэхдээ бидний хамгийн чухал шинж чанарууд бол бурханлаг гарал үүсэл, зорилготой маань холбоотой шинж чанарууд юм.
Юуны түрүүнд бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд билээ. Хоёрдугаарт, Сүмийн гишүүний хувьд бидний хүн нэг бүр гэрээний хүүхэд. Гуравдугаарт, бидний хүн нэг бүр Есүс Христийн шавь юм. Би та бүхнийг өөр ямар ч тодорхойлолтоор “энэ гурван үүрд үргэлжлэх нэр томьёог орлуулахгүй, солихгүй эсвэл хойшлуулахгүй” байхыг уриалж байна.
Нэгдмэл бай
Бурхан бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд урьдаг. Хүн бүрд багтах орон зай бий. Бид соёл, улс төр, яс үндэс, сонирхол гэх мэт олон талаараа ялгаатай байж болох юм. Гэвч бид Есүс Христ дотор нэгдэх үед эдгээр ялгаа нь ач холбогдлоо алдаж, Түүнийх байж болохын тулд нэг байх гэсэн бидний нэн тэргүүний хүсэл тэмүүллээр солигддог.
4 Нифайд заасан сургамжуудыг зүрх сэтгэлээрээ хүлээн ав. Бидний хүн нэг бүр эдгээр чухал эв нэгдлийн бүрэлдэхүүн хэсгийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх үед тэдний нэгэн адил бидний тухай “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүний дунд илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй” (4 Нифай 1:16) хэмээн ярих буй за.
© 2024, Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/19. Орчуулгын зөвшөөрөл: 6/19. Monthly Liahona Message, October 2024-ийн орчуулга. Mongolian. 19359 363