2018
Шавар шавхайнаас аварсан нь
2018 оны 12-р сар


Шавар шавхайнаас аварсан нь

“Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43).

Saved from the Mud

Манай гэр бүл Бразилын Сан Паулод амьдардаг байлаа. Гудамжны нөгөө талд мангро модны ой байдаг байв. Мангро модны ойн дундуур гол урсан өнгөрдөг байлаа. Хөрс нь их намгархаг байдаг байв.

Олон хүн тэр намгархаг хөрсөн дээр байшин барьцгаасан. Тэд намагт маш том гуалингууд тавиад, дээр нь байшингуудаа барьцгаасан юм. Харин бороо ороход гол үерлэж, ус байшин руу нь орох үед хүмүүс шөнөдөө унтах газаргүй болдог байв.

Ийм зүйл тохиолдоход аав тэднийг бүгдийг нь гэртээ урьдаг байлаа. Заримдаа манайд бүр 15-аас ч олон хүн байдаг байв! Аав тэднийг зочны өрөөндөө оруулаад, хөнжил өгч, ээж тэдэнд ямар нэг идэх зүйл хийж өгдөг байсан юм. Дараа нь тэд дараагийн өдөр хүртэл манай байшинд унтдаг байв.

Ийм тохиолдол дор хаяж гурваас дөрвөн удаа болж билээ. “Гадны хүмүүсийг гэртээ оруулдаг хүн ч цөөхөн дөө” гэж боддог байснаа би санадаг. Аав маань зүс таних төдий хүмүүсийг байшиндаа оруулан хонуулдаг байсан гээч! Гэвч би “тэдэнд өөр очих газар байхгүй шүү дээ” гэж боддог байв.

Эцэг эх маань хүмүүст ямар нэг зүйлээр үргэлж тусалдаг байв. Гэхдээ тэдний үйлчлэл зүгээр нэг тусалж мөн өгөхөөс илүү зүйл байсан юм. Энэ нь хөрш маань сайн танихгүй хүн байсан ч гэсэн хөршөө хэрхэн хайрлахыг харуулдаг байв.

Бид тусламж хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгах ёстой. Бид тэдэнд чадах чинээгээрээ туслах хэрэгтэй. Хүмүүст туслахын тулд хийж болох зүйлдээ бид хязгаар тавих ёсгүй. Бид орогнох байр болон нөөц боломжоосоо хуваалцаж болно. Бид мөн цаг заваа хуваалцаж болно. Эцэст нь бид Христийн мэндэлсний энэ баярын үеэр, ялангуяа Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн талаарх өөрсдийн мэдлэгийг хуваалцаж болно.