Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээ
Түүний үлгэр жишээнүүд бид бүхний дагах ёстой тэрхүү загварыг бий болгодог.
2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс “Аврагчийн амьдралаас авдаг сургамжууд дотроос хамгийн яруу тод бөгөөд хүчтэй нь дуулгавартай байдлын үлгэр жишээ юм” хэмээн заасан. Аврагчийн үлгэр жишээ нь Тэнгэрлэг Эцэгтээ дуулгавартай байх нь яагаад чухал болохыг заагаад зогсохгүй бас бид хэрхэн дуулгавартай байж чадах талаар бидэнд заадаг. Түүний номлолын дараах жишээнүүдийг авч үзэхдээ эдгээр нь таны амьдралд дагаж болох замыг хэрхэн бий болгож чадах талаар бодож үзээрэй.
1. Есүс нүгэлгүй байсан ч “бүхий л зөв шударгыг гүйцэлдүүлэхээр” баптисм хүртсэн (Матай 3:13–17; мөн 2 Нифай 31:4–7; Иохан 3:5-ыг үзнэ үү).
2. 12 настай байхад нь Иосеф, Мариа хоёр Есүсийг ариун сүмд зааж байгааг олж харахад Тэр “тэдэнд дуулгавартай байсан” бөгөөд тэднийг дуулгавартай даган гэртээ ирэв (Лук 2:42–51-ийг үзнэ үү).
3. Тэр Өөрөөс нь аягыг өнгөрүүлэхийг гуйсан ч Гетсеманий цэцэрлэгт зовж шаналахыг тэвчсэн юм (Матай 26:36–44; Лук 22:39–54-ийг үзнэ үү).
4. Тэр хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиж, синагог дахь үйлчлэлүүдэд оролцдог байв (Лук 4:16–44-ийг үзнэ үү).
5. Эцгийн ажил ба алдар сууг тохиолгохын тулд Есүс хүмүүсийн шүүлтийг хүлцэн тэвчсэн (Исаиа 53:7; Матай 26:53; Мосе 1:39-ийг үзнэ үү).
6. Өөрийгөө цовдлохыг ёсон бус хүмүүст зөвшөөрснөөр тэр ажлаа гүйцэлдүүлсэн (Матай 27:35; Иохан 10:17–18; Галат 1:3–5-ыг үзнэ үү).
7. Есүс Эцэгтээ үргэлж дуулгавартай байж, сүнсний дэлхий рүү явж, номлолын ажлыг зохион байгуулсан (1 Петр 3:18–20; 4:6-г үзнэ үү).
8. Есүс Сатанд соригдсон ч уруу татагдаагүй юм (Матай 4:1–11; С ба Г 20:22-ыг үзнэ үү).
9. Тэрээр үргэлжлүүлэн Эцгийн хүслийг гүйцэлдүүлж, мөн Сүмийг удирдаж байна (Иосеф Смит—Түүх 1:16–17; С ба Г 19:2, 24-ийг үзнэ үү).