2025
Бурханы жинхэнэ мөн чанар
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2025 оны 8-р сар


Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сар тутмын захиас, 2025 оны 8-р сар

Бурханы жинхэнэ мөн чанар

Бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай таван үнэн

Бид Бурханы мөн чанарыг ойлгох үедээ Түүний хэн болох талаар олон зүйлийг мэдэж авч чадна.

будаг ба багс

Зургийг Камила Грэй

Сэргээлтийн хамгийн том адислалуудын нэг нь Бурхан хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хувьд Өөрийгөө болон зан чанараа дахин илчилсэн явдал юм. Гэвч заримдаа бидэнд Бурханы тухай ердөө үнэн биш бодол санаа төрж байдаг. Ийм зүйл тохиолдоход бид Бурханы мөн чанарыг ойлгосноор Түүнийг хэн болох талаар олон зүйлийг мэдэж авч чадна.

Бурхан бол алс холын хаан сэнтийд заларч буй үл таних нэгэн биш юм.

Тэр бол бидний Эцэг ба таны төсөөлж чадах дэлхийн хамгийн сайн эцгээс ч илүү гайхамшигтай Эцэг билээ. Хэдийгээр бид Түүнтэй хамт байсан мөнх бус амьдралаа санадаггүй ч Тэр биднийг хувь хүн талаас нь төгс мэддэг. Түүнд мах, яснаас бүрдсэн төгс бие махбод байдаг бөгөөд бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн билээ.

Хэрэв та Бурхан ямархуу болохыг төсөөлж чадахгүй байгаа бол төгс жишээ нь Түүний Хүү Есүс Христ юм. Христ: “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй. Та нар Намайг мэдсэн бол Эцэгийг минь ч мөн мэдэх болно” (John 14:6–7) хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэв бид Тэнгэрлэг Эцэг ямархуу болохыг мэдэхийг хүсвэл Есүс Христ ямархуу байдаг талаар суралцах хэрэгтэй! Тэд төгс нэгдмэл бөгөөд нэг зорилготой.

Бурхан танд завгүй гэж хэлэх нэгэн биш.

Үнэндээ мөнх амьдралтай болоход танд туслах нь Түүний ажил бөгөөд алдар суу юм. Та Түүний анхаарлын төвд байдаг! Тэр бидэн шиг цаг хугацаанд баригддаггүй. Түүнтэй хэзээ ч хамаагүй залбирлаар ярьж болно. Тэгээд Түүнээс хариулт ирэх олон арга замыг сонс.

Бурхан таныг Өөрийг нь дагахыг албаддаг нэгэн биш.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд: “Тэнгэрлэг Эцэгийн маань хүмүүжүүлэх зорилго нь Өөрийнхөө хүүхдүүдээр зөв зүйлийг хийлгэх явдал биш, харин хүүхдүүд нь зөв зүйлийг хийхээр сонгож, улмаар Өөртэй нь адилхан болох явдал юм” гэж заасан байдаг. Тэрээр таныг урьж, тантай зөвлөлдөж, танд үнэнийг заах боловч Өөрийгөө дагахад хүчлэх байдлаар сонгох эрхийг тань үгүй болгохгүй.

Бурхан бол таныг шийтгэхийн тулд буруу зүйл хийж байхад чинь барихыг завдах нэгэн биш юм.

Харин Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Патрик Кийрон “Бурхан таныг эргүүлэн авчрахыг эцэж цуцалтгүйгээр эрэлхийлдэг” гэж хэлсэн нь Тэрээр танд Өөрт нь буцаж ирэхэд туслахаа хэзээ ч болихгүй гэсэн утгатай юм. Бид бүгд алдаа гаргавал угаасаа хэцүү зүйлстэй зайлшгүй тулгарна гэдгийг Бурхан мэддэг. Тиймээс Тэрээр биднийг нүглээс цэвэршиж, Түүний Хүүгийн Цагаатгалаар дамжуулан хүч чадал олж авах арга замаар хангадаг.

Бурхан таныг хайрлахынхаа өмнө “хангалттай” эсвэл “төгс” болохыг хүлээж буй нэгэн биш юм.

Таныг гэх Түүний хайр төгс юм. Төгс бус таныг Тэр одоо ч хайрладаг! Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд энэхүү үнэний талаар маш тодорхой тайлбар өгсөн: “‘Байгаагаараа л хүрээд ир’ хэмээн хайрт Эцэг минь биднийг дууддаг. Гэхдээ ‘байгаагаараа үлдэж болохгүй’ хэмээн нэмж хэлдэг. Бид инээмсэглэн, Бурхан биднийг боддогоос маань илүү болгохоор шийдсэн гэдгийг санадаг.‘ Тэнгэрлэг Эцэг төгс хайр, урам зоригийг мэдрүүлснээр биднийг Өөртэй нь адилхан болж, Өөрт нь байгаа бүхнийг хүлээн авахад алхам алхмаар туслахыг хичээж байдаг.

Бурханы хэн болох тухай

Тэнгэрлэг Эцэгээ мэдэх хамгийн сайн арга зам бол Түүнтэй холбоотой туршлагуудыг үргэлжлүүлэн мэдрэх явдал юм. Яаж? Түүний болон Түүний Хүүгийн тухай судрууд, амьд бошиглогчдын үгсээс суралц. Түүнд хандан залбир. Түүний зарлигуудыг дага. Сүм дээр, ариун сүмд болон бусад ариун газарт Түүнийг шүтэн бишрэх нам гүм орчин, цаг хугацааг өөртөө гарга. Их Эзэнтэй гэрээ байгуулж, гэрээнүүдээ сахь. Тэр танд Өөрийг нь хэн болохыг мөн таны талаар юу бодож байгааг нь мэдэхэд туслах болно.