2024
Христийн төрөлт
2024 оны 12-р сар


Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2024 оны 12-р сар

Христийн төрөлт

Христийн мэндэлсний баярын талаар бидний мэдэх үйл явдал болон энэ нь бидэнд Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хэрхэн тусалдаг талаар суралц.

Бетлехем

Зургийг Каролин Виббэрт

Бетлехем

Бетлехем гэдэг нь еврей хэлээр “талхны өргөө” гэсэн утгатай. Энэ нь заримдаа Давидын хот гэж нэрлэгддэг бөгөөд түүний удам угсаа болох Мессиа ирэх болно хэмээн бошиглогдсон байдаг (Иеремиа 23:5; Иохан 7:42-ыг үзнэ үү). Самуел Давид хааныг Бетлехемд тосолжээ (1 Самуел 16:1–13-ыг үзнэ үү). Тэнд Мессиа төрөх болно хэмээн бошиглогдсон юм (Мика 5:2-ыг үзнэ үү).

дэн буудал

дэн буудал

Дэн буудал гэдэг грек үг нь зочны өрөө гэх мэтийн түр хоноглох байр гэсэн утгатай байж болох юм. Мариа “[Христ Хүүг] тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:7). (Иосеф Смитийн Орчуулгад “дэн буудал” гэж байдаг.) “Өрөө байгаагүй” гэдэг нь тэднийг буцаасан эсвэл очсон аль ч газарт нь хүүхэд төрүүлэх зай байгаагүй гэсэн үг байж болох юм. Аль нь ч байлаа гэсэн тэд тэжээлийн тэвш байсан газар очжээ.

Христийн мэндэлсэн үйл явдал

Малын тэвш

Тэжээлийн тэвш гэдэг нь амьтдад зориулсан хоол хүнс бүхий газраас хөндийрүүлсэн хайрцаг эсвэл сав юм. Эртний Иудейд тэвшийг ихэнхдээ чулуугаар хийдэг байв. Дэн буудлууд гол хэсэгтээ тэжээлийн тэвш бүхий малын хашаатай байжээ. Түүнчлэн айлууд малаа хонуулах зорилгоор гол том өрөөндөө малын тэвштэй байв.

Даавуугаар өлгийдөх

Эхчүүд дөнгөж төрсөн нярай хүүхдийг олон мянган жилийн турш өлгийдсөөр (хөнжил эсвэл даавуунд ороож) ирсэн. Энэ нь хүүхдүүдийг хэвлийгээс гарч ирсний дараах цочролоос тайвшруулж, тайтгаруулдаг. Мариагийн хэрэглэсэн даавуун дээр гэр бүлийнх нь онцлог шинж бүхий тэмдэг байсан байж болох юм.

Мариа, Иосеф хоёр

Тэд сайн, зөв шударга хүмүүс байсан бөгөөд хоёулаа Давидын үр удам байв. Аврагчийн төрөлтөд бэлтгэхээр тэнгэр элч хүн бүр дээр ирсэн байв (Maтай 1:18–25-ыг; Лук 1:26–38-ыг үзнэ үү). Тэд Бетлехем рүү очихдоо 100–140 км замыг туулжээ. Мариа замдаа жирэмсэн байв.

хоньчид

Хоньчид

Бетлехемийн ойролцоо хоньчид сүргээ хариулж байлаа. Зарим судлаачийн үзэж байгаагаар зөвхөн ариун сүмийн тахилд зориулсан хоньдыг хотын ойролцоо өсгөн хариулдаг байжээ. Тиймээс эдгээр хоньчин бидний төлөөх Есүс Христийн золиослолыг төлөөлөх хоньдыг хариулж байсан байж магадгүй юм (Moсе 5:6–7-г үзнэ үү). Тэд амьтнаар тахил өргөх зан үйлийг цагаатгагч золиослолоор халах Мессиаг харахаар сүргээ орхин явсан.

Христ Хүү

Есүс Христ бол Христийн төрөлтийн үйл явдал мөн бидний амьдралын төв юм.

Эх сурвалж

  1. Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:7 (Лук 2:7 дахь зүүлт тайлбар b).

  2. Andy Mickelson, “An Improbable Inn: Texts and Tradition Surrounding Luke 2:7,” Studia Antiqua vol. 14, no. 1 (May 2015)-г үзнэ үү.

  3. Andy Mickelson, “An Improbable Inn”-ыг үзнэ үү.

  4. Рассэл М.Нэлсон, “Аврагч амьд гэдгийг мэдсэнээс ирдэг амар амгалан ба баяр баясал,” Лиахона, 2011 оны 12-р сар,19–20.

  5. Alfred Edersheim, The Life and Times of Jesus the Messiah, 8th ed. (1907), 1:186-г үзнэ үү.