2023
Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөг
2023 оны 5-р сар


“Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөг,” Найз, 2023 оны 5-р сар, 16–17.

Ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөг

Свэтан ариун сүмд орно гэхээс маш их догдолж байлаа.

Энэ түүх АНУ-д болсон.

Ариун сүм дотор алхаж буй гэр бүл

Свэтан маш их догдолж байлаа. Түүний гэр бүл Аргентинаас АНУ руу нүүхээр болов. Ийнхүү түүний том онгоцонд суух цаг боллоо!

Онгоц хөөрөх үед Свэтан цонхоор харав. Шинэ гэр нь ямар байх бол гэж тэр бодлоо. Бүх зүйл өөр байх болно. Шинэ байшин. Шинэ унтлагын өрөө. Шинэ хөршүүд Мөн найзлах шинэ найзууд! Свэтаны сэтгэл догдолж байв.

Мөн түүний шинэ гэр нь саяхан баригдсан ариун сүмтэй ойрхон гэдгийг тэр мэдэж байлаа. Аргентинд байхдаа тэд ариун сүмээс хол байдаг байсан. Тэр үүнийг зөвхөн зургаас харж байжээ.

Свэтан ээж рүүгээ хараад “Бид ариун сүмийг агаараас харж чадна гэж та бодож байна уу?” хэмээн асуув.

Ээж нь инээмсэглээд, “Би тэгж бодохгүй байна.” Гэхдээ бид ариун сүмийг удахгүй харна” гэлээ.

Свэтан хариу инээмсэглэв. Аав, ээж хоёр нь ариун сүм хараахан нээгдээгүй байгааг хэлэв. Гэхдээ удахгүй нээлттэй хаалганы өдөрлөг болох гэж байлаа. Энэ нь ариун сүмийг онцгойлон адислахаас өмнө хүмүүс дотогш орж үзэх боломжтой гэсэн үг юм. Свэтаны гэр бүл нээлттэй хаалганы өдөрлөгт оролцохоор төлөвлөж байв! Ариун сүмийг бодитоор харахыг тэр тэсэн ядан хүлээж байлаа.

Хэдхэн цагийн дараа, Свэтан гэр бүлийнхэнтэйгээ шинэ байшиндаа нүүж ирэв. Хийх зүйл асар их байлаа. Свэтан хайрцгуудыг задалж, гэрээ тохижуулахад туслав.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн өмнөх өдөр тэд зочны өрөөндөө суугаад ярилцав.

“Ариун сүм бол Их Эзэний өргөө. Бид ариун сүмд байхдаа бишрэл хүндэтгэлтэй байх ёстой. Энэ нь юу гэсэн утгатайг чи мэдэх үү?” гэж ээж нь асуулаа.

“Бид Ариун Сүнсийг илүү сайн сонсохын тулд нам дуугаар ярина гэсэн үг үү?” гэж Свэтан асуув.

“Яг зөв. Бид ариун сүмд байхдаа маш их зүйлийг сурч мэдэж чадна.”

Свэтан толгой дохив. Тэрээр ариун сүмд Ариун Сүнсийг мэдрэхийн тулд бишрэл хүндэтгэлтэй байхыг хүсжээ.

Маргааш өглөө нь Свэтан эрт бослоо. Тэр ням гарагт өмсдөг хувцсаа өмсөв. Удалгүй явах цаг боллоо.

Свэтаны гэр бүл ариун сүмд хүрч ирэв. Хүмүүс тэдэнд гялгар уутан улавч өмсөхөд тусалжээ.

Хүүгийн гутлын гадуур гялгар уутан улавч өмсүүлж буй сайн дурын ажилтан

“Ээж ээ, тэд яагаад миний хөлд ийм улавч углаж байгаа юм бэ?” гэж Свэтан асуув.

“Яагаад гэвэл ариун сүм доторх бүх зүйл шинэ бас цэвэрхэн байдаг. Бид тэдгээрт санаа тавихыг хүсдэг” гэж ээж нь хариулав.

Нэгэн эмэгтэй тэднийг угтан авлаа. Тэр ариун сүмийн хаалган дээрх үгсийг уншив. “Ариунаас ариуныг Их Эзэнд, Их Эзэний өргөө.”

Ариун сүмийн өмнө зогсож буй эмэгтэй

Свэтан ээжийнхээ гараас атгав. Тэд дотогш оров. Бүх юм нь үзэсгэлэнтэй байлаа! Магадгүй диваажин ийм байдаг байх.

“Хараач!” гэж Свэтан шивнэв. Тэр нэгэн зураг руу заагаад “Есүс байна!” гэлээ.

Тэднийг зочилж дуусах үед Свэтан аз жаргалтай болов. Тэр ариун сүмд орж чадсандаа талархаж, том болсон хойноо дахин орохыг хүсэв.

PDF түүх

Зургийг Марк Робисон